Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/00358

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/04516 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 200,640,000 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэлийн агуулга: Манай компани нь ******* чиглэлийн авто замыг *******ын 2019 оны 07 сарын 01-ний өдрийн 227 дугаартай эзэмших эрх олгох тушаалаар эзэмших эрхийг түр шилжүүлэн авсан. Мөн өдөр 23/19 дугаартай ******* чиглэлийн хатуу хучилттай авто замын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг *******ны төрийн нарийн бичгийн дарга баталж өгсөн. Ажлын даалгаврын дагуу замын ажлын нарийвчилсан зураг төслийг 2019 оны 02-р улиралд багтаан хийж гүйцэтгэхээр заасан тул манай компани уг зураг төслийн ажлыг 1,554,200,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй ******* ХХК-тай 2019 оны 08 сарын 06-ны өдөр ******* чиглэлийн 409 км хатуу хучилттай авто замын урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл болон инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан. Бид ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу эхний шатны санхүүжилт болох 200,640,000 төгрөгийг төлснөөр авто замын ТЭЗҮ болон геологийн судалгааны ажлын урьдчилсан дүгнэлт, авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийн ажил хийгдсэн боловч дараагийн шатны санхүүжилт хийгээгүй үндэслэлээр ******* ХХК бидэнд хийсэн ажлынхаа эх хувийг өгөөгүй хуулбар хувийг гаргаж өгсөн. Харин ******* болон ******* нь ******* ХХК-ийн гэрээний дагуу хийгдсэн бух баримт бичгийг эх хувиар нь авсан. Гэтэл биднийг *******ны төрийн нарийн бичгийн даргын баталсан ажлын даалгаврын дагуу ажлаа хийж байтал ******* бидэнд мэдэгдэлгүй 2020 оны 04 сарын 22-ны өдөр А/82 дугаартай тушаал цуцлах тухай тушаал, 2021 оны 10 сарын 06-ны өдөр дахин А/158 дугаартай тушаал цуцлах тухай тушаалыг тус тус гаргаж манай компанид олгосон зам эзэмших эрхийг хүчингүй болгосон. Манай компани уг авто замд нийт 8.6 тэрбум орчим төгрөгийн бодит хөрөнгө оруулалтыг хийж хуулийн дагуу авто зам эзэмшиж байсан бөгөөд бидэнд олгосон эрхийг ******* 2 удаа цуцлахдаа бидэнд мэдэгдэлгүй шийдвэр гаргаж улмаар манай компанийн хөрөнгө гаргаж засаж сайжруулан янзалсан авто замаар шүүхийн маргаантай байх хугацаанд мөн бидний зөвшөөрөлгүй ******* ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан уг авто замд ******* тээвэр төслийг хэрэгжүүлэн тээвэрлэлт хийлгэж авто замыг сүйтгэж хууль бус үйл ажиллагаа явуулсаар ирсэн. *******ын манай компанид олгосон эрх цуцлах шийдвэрийг бид эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган 4 жил гаруй хугацаанд шүүхийн маргаан үргэлжилж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 221/МА2023/0126 дугаартай магадлалаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар *******ын 2019 оны 07 сарын 01-ний өдрийн 227 дугаар тушаалаар авто замыг түр эзэмшүүлэх эрх олгосон нь буруу байсан гэж дүгнэж хүчингүй болгосноор манай компанид ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу авто замын ТЭЗҮ болон геологийн судалгааны ажлын урьдчилсан дүгнэлт, авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийн ажил хийлгэсэн гэрээний төлбөрт урьдчилан төлсөн 200,640,000 төгрөгийн хохирол үүсээд байна.

Иймд *******ын хууль бус шийдвэрийн улмаас манай компанид учирсан хохирол 200,640,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: *******ын 2019 оны 07 дугаар 01-ний өдрийн Эзэмших эрх олгох тухай 227-р тушаалаар маргаан бүхий авто замыг ******* ХХК-д түр хугацаагаар эзэмшүүлэх эрхийг олгосон. Дээрх тушаалаар нэхэмжлэгчид авто зам эзэмших эрх олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д заасны дагуу эерэг нөлөөлөл үзүүлэхээр байхад энэ тушаалаас болж хохирол учирсан гэж дурдсан нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа буруу, хууль зүйн үндэслэлгүй гаргасан байгааг нотолж байна. Мөн нэхэмжлэгч Авто замын тухай хуульд заасан авто зам эзэмшигчийн үүргээ биелүүлээгүйн улмаас олон салаа зам гаргаж нүүрс тээвэрлэлт хийснээр тухайн орон нутгуудад мал дайрах, малчдын өвөлжөө, хаваржаа, хашаа хороо, айлын хаягаар өнгөрч иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирох, хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдал үүссэн тул Улсын байцаагчийн 2020 оны 04 р сарын 16-ны өдрийн 38-07-002-067/66 болон 2021 оны 09 сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дүгнэлтүүдийг үндэслэн *******ын 2019 оны 04 сарын 22-ны өдрийн А/82 дугаар тушаал, 2019 оны 10 сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаалаар авто зам эзэмших эрхийг хүчингүй болгосон. Дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар ******* ХХК-аас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2020 оны 11 сарын 04-ний өдрийн 128/ШШ2022/0809 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 221/МА2023/0126 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь *******ын 2019 оны 07 сарын 01-ний өдрийн Эзэмших эрх олгох тухай 227-р тушаалыг хууль зөрчөөгүйг нотолж байна. Мөн нэхэмжлэгч ******* ХХК нь ******* чиглэлийн хатуу хучилттай авто замын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг хэрэгжүүлээгүй, зураг төсөл батлагдаагүй байхад дур мэдэн ямар ч зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэсэн нь Авто замын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.4, 20 дугаар зүйлийн 20.4-д заасныг тус тус зөрчсөн. Мөн нэхэмжлэгч 8.6 тэрбум төгрөгөөр авто замын ажил гүйцэтгэсэн гэх нотлох баримт байхгүй бөгөөд *******ын 2018 оны 49-р тушаалаар батлагдсан Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах журмын 2.1-д заасныг ноцтой зөрчсөн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 221/МА2023/0126 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2022 оны 809 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт *******ын 2019 оны 07 сарын 01-ний өдрийн 227 дугаар тушаалаар авто замыг түр эзэмшүүлэх эрх олгосон нь буруу байсан гэж дүгнээгүй байтал хуулийн этгээдүүд хооронд байгуулсан гэрээний асуудлыг тус яаманд хамааруулж хохирол нэхэмжилж байгаа нь ажил гүйцэтгэх гэрээний талуудын гаргах шаардлагад хамаарахгүй байх тул ******* дээрх гэрээний асуудалд үүрэг хүлээх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Төрийн байгууллагаас аж ахуйн нэгжийн гаргасан авто зам тавих хүсэлтийг зөвшөөрч, өөрийн нэр дээр эзэмшүүлэн зам тавих зөвшөөрөл олгоход ярьж тохирсон ажлаа хийгээгүй, мөн компанийн эзэмшилд өгсөн боломжийг орлого олох хэрэгсэл болгож, эмх замбараагүй тээвэрлэлт хийж, ард иргэдийн гомдлын дагуу аргагүй цуцалсан байна. Тиймээс нэхэмжлэгч тал буруутай болов уу гэж дүгнэж байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч *******наас 200,640,000 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,161,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т ...хууль зүйн туслалцаа авах ... эрхтэй гэснийг, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно гэснийг тус тус зөрчсөн.

5.2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй гэснийг зөрчсөн. Мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх боломжийг олгоогүй, мэтгэлцүүлээгүй.

5.3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах... , эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэснийг зөрчиж шүүх хуралдааны явцад төлбөр төлсөн баримт хэрэгт авагдаагүй нь уг баримт байгаа эсэх, хэрэв байгаа бол уг баримтыг гаргуулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь илэрхий буюу уг баримт зайлшгүй шаардлагатай байхад уг нөхцөлийг хуулийн хүрээнд дүгнэлгүй хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахгүй хэргийг шийдвэрлэсэн.

5.4. Анхан шатны шүүх гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн ерөнхий зохицуулалтыг баримтлан шийдвэрлэсэн.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******анд холбогдуулан гэм хорын хохиролд 200,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь нэхэмжлэгчид олгосон авто зам эзэмших эрхийг хүчингүй болгосон, үүний улмаас нэхэмжлэгч нь зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний үнэд төлсөн 200,640,000 төгрөгөөр хохирсон... гэсэн агуулгаар, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь улсын чанартай авто замыг эзэмшиж ашигласны улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирох, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахгүй нөхцөл байдал үүссэн тул авто зам эзэмших эрхийг тушаалаар цуцалсан, уг тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн... гэсэн агуулгаар тус тус тайлбарласан байна.

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. *******ын 2019 оны 07 сарын 01-ний өдрийн 227 дугаар тушаалаар ******* чиглэлийн 407 км улсын чанартай авто замыг ******* ХХК-д түр хугацаагаар эзэмшүүлсэн;

3.2. Дээрх тушаалыг *******ын 2020 оны 04 сарын 22-ны өдрийн А/82 дугаар тушаалаар цуцалсан;

3.3. Мөн *******ын 2021 оны 10 сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаалаар өмнө дурдсан 2019 оны 07 сарын 01-ний өдрийн 227 дугаар тушаалыг цуцалсан;

3.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 04-ний өдрийн 128/ШШ2022/0809 дугаар шийдвэрээр ******* ХХК-ийн гаргасан *******ын 2021 оны 10 сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаал, *******ны Улсын байцаагчийн 2021 оны 09 сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн;

3.5. Дээрх шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 221/МА2023/0126 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Түүнчлэн, анхан шатны шүүх ...авто замыг түр хугацаагаар эзэмшүүлэх эрхийг цуцалсан тушаал гаргасан хариуцагчийн үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 200,640,000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан гэх шалтгаант холбоо тогтоогдоогүй..., ...нэхэмжлэгч нь 200,640,000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдаагүй... гэсэн дүгнэлтийг хийж, улмаар хариуцагч *******анд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлд 2023 оны 06 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх үндсэн болон нэмэлт хугацаа өнгөрсний дараа буюу 2024 оны 11 сарын 13-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талд ...хууль зүйн туслалцаа авах... эрхээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа байжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх ...хууль зүйн туслалцаа авах... эрхээ эдлэх боломжийг нэхэмжлэгч талд олгож 2024 оны 10 сарын 23-ны өдрийн шүүх хуралдааныг 21 хоногоор хойшлуулж байжээ.

Иймд ...анхан шатны шүүх хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлээгүй... гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

5.2. Анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* оролцож тайлбар гаргаж оролцсон байна.

Иймд ...анхан шатны шүүх мэтгэлцэх боломжийг олгоогүй, мэтгэлцүүлээгүй... гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг нь нэхэмжлэгчийн хүлээх үүрэг юм.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрх нь анхан шатны шүүхийн эдлэх эрх тул уг зохицуулалтыг хэрэглээгүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй.

Иймд ...анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан зохицуулалтыг хэрэглээгүй... гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

5.4.  Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ...хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол... гэж тодорхойлсон тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан маргааныг шийдвэрлэснийг буруутгахгүй.

Иймд, ...анхан шатны шүүх гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн ерөнхий зохицуулалтыг баримтлан шийдвэрлэсэн... гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/04516 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 1,161,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР