| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2023/00631/И |
| Дугаар | 210/МА2025/00359 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/00359
******* ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/04634 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ЗГБХН-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 21,860,000 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Манай компани нь 2022 оны 05 сарын 18-ны өдөр ******* ЗБН-тай Эрдэнэт хотод баригдаж буй барилгын талбай дээр QTZ 31.5 маркийн кран угсарч буулгах ажлыг 6,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээт ажлыг гүйцэтгэгч тал нь ажлын долоо хоногт гүйцэтгэхээр тохиролцож, ажил гүйцэтгүүлэгч тал урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөгийг нэхэмжлэхийн дагуу шилжүүлсэн. Тус компанийн кран угсрах ажилчид барилгын талбай дээр 2022 оны 05 сарын 19-ний өдрөөс 23-ны өдөр хүртэлх хугацаанд Эрдэнэт хотод байсан. Дээрх өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ажлаа гүйцэтгэхгүй байсан тул бидний зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан шаардлага тавьж барилгын талбай руу нэвтрүүлээгүй. Тус компани гэрээт ажлаас зөвхөн цутгамал төмөр бетон сууринд хэрээсэн суурийг угсарч бэхлэх ажлыг хийсэн, өөр юу ч хийгээгүй. Гүйцэтгэгч компанийн захирал *******т удаа дараа ажилчдын байгаа байдал болон ажлыг хугацаандаа хүлээлгэж өгөхийг мэдэгдсэн боловч үүрэгт ажлаа хийж гүйцэтгээгүй. Барилгын ажил нь улирлын чанартай тул цаг хугацаа алдахгүйн тулд иргэн *******тай 2022 оны 06 сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан кранаа угсруулан ажиллуулсан. Тус компани гэрээт ажлаа хийгээгүй хоног тутамд мөн бидэнтэй гэрээ байгуулсан *******ыг кран угсрах ажлаа хийж дуустал 2022 оны 05 сарын 18-ны өдрөөс эхлэн барилга дээр кранаар хийх ёстой бүх ажлыг цагаар болон өдрөөр ажиллуулсан.
Иймд, урьдчилгаанд өгсөн 4,000,000 төгрөг, кран цагаар болон өдрөөр ажиллуулсан төлбөр 17,860,000 төгрөг, нийт 21,860,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: ******* ЗГБХН болон *******ХХК-ийн хооронд кран угсарч буулгах гэрээ буюу ажил гүйцэтгэх гэрээ огт байгуулагдаагүй. Талуудын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. 2022 оны 05 сарын 18-ны өдрийн Кран угсарч буулгах гэрээ-ний талаар мэдээгүй, гэрээнд зурагдсан гарын үсэг хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээдийн гарын үсэг биш. Гэрээний дагуу 4,000,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч тус *******ны ******* тоот данс нь байгууллага, эсхүл төлөөлөх эрхтэй этгээдийн бус, харин *******ын эзэмшдэг данс байна. ******* нь манай байгууллагад хэсэг зуур ажиллаж байсан бөгөөд дээрх гэрээг байгуулагдахаас өмнө ажлаасаа гарсан болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ******* ЗГБХН нь нэхэмжлэгч *******ХХК-ийн өмнө гэрээгээр ямар нэг үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ЗБН-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 17,860,000 төгрөг, нийт 21,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Шүүх хуралдаанд ******* ЗГБХН-ийн захирал ******* өөрийн биеэр оролцохдоо би энэ гэрээг байгуулахыг *******ыг гуйхад зөвшөөрсөн нь үнэн гэж мэдүүлсэн нь гэрч *******гийн мэдүүлэгтэй зөрж байна.
4.2. Мөн захирал ******* нь ЗГБХН-ийн тамга, гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг өгч явуулсан тул манай зүгээс кран угсрагч *******, нягтлан бодогч ******* нарт итгэж гэрээ байгуулсан.
4.3. Олон жил ажилласан угсрагч *******, нягтлан бодогч ******* нар захирал *******ын өмнөөс гэрээ хийсэн гэх нь бидний гаргасан гомдолд хамаагүй. Тус байгууллага нь энэ асуудлаа дотооддоо шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа дууссан талаар шүүгч болон шүүгчийн туслахын зүгээс удаа дараа сануулсан. Хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралдаанд оролцуулах боломжгүй тул ажиглагчаар оролцуулсан. Тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд хуучин ажиллаж байсан хүний гуйлтаар ******* гэх хүний өмнөөс компанийн тусгай зөвшөөрлийг ашиглуулах зорилгоор нууцаар гэрээнд гарын үсэг зурсан болохыг гэрч мэдүүлдэг. *******ХХК-ийн шилжүүлсэн 4,000,000 төгрөг ******* гэх хүний данс руу орсон. Талуудын хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй тул талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч ******* ЗГБХН-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт өгсөн 4,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 17,860,000 төгрөг, нийт 21,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаанд ороогүй, нэхэмжлэгчийн шилжүүлсэн гэх 4,000,000 төгрөг тус нөхөрлөлийн данс руу ороогүй, ******* гэдэг хүний данс руу орсон... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
3.1. Хэргийн 8-9-р талд *******ХХК болон ******* ЗГБХН-ийн хооронд байгуулагдсан гэх 2022 оны 05 сарын 18-ны өдрийн Кран угсарч буулгах гэрээ авагдсан, уг гэрээнд талуудын тамга дарагдсан, гарын үсэг зурагдсан.
3.2. Дээрх гэрээг байгуулсан гэх ******* нь ...эдний компанийн бичиг баримтыг ашиглан ******* ХХК-тай гэрээ байгуулсан..., ...*******ын компанийн баримт бичгийн дагуу би кран угсардаг..., ...4,000,000 төгрөгийг би өөрийн дансаараа авсан... гэсэн агуулгатай гэрчийн мэдүүлгийг, ******* нь ...******* нь ******* ЗГБХН-д олон жил ажилласан..., ...Тэгээд *******ХХК-тай гэрээ байгуулдаг өглөө над руу ярьсан..., ...Тэгээд хувь хүнтэй гэрээ хийхгүй гээд байна. Чи ******* ЗГБХН-өөр гэрээ хийгээд өгөөч, ах нь ******* захиралд хэлчихсэн байгаа гэсэн... гэсэн агуулгатай гэрчийн мэдүүлгийг тус тус шүүхэд өгчээ.
4. Иймд, ******* ЗГБХН нь тамга, тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээгээ өгч явуулан өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг *******т өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс ******* нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон *******ХХК-тай 2022 оны 05 сарын 18-ны өдөр Кран угсарч буулгах гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасны дагуу өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн ******* ЗГБХН нь *******ын бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан ...ЗГБХН-ийн тамга, гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг өгч явуулсан тул манай зүгээс кран угсрагч *******, нягтлан бодогч ******* нарт итгэж гэрээ байгуулсан... гэсэн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй.
5. *******ХХК нь ******* ХХК-ийн тамга бүхий нэхэмжлэх-д дурдсан ******* дахь ******* тоот данс руу 2022 оны 05 сарын 18-ны өдөр 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул хариуцагч талын гаргасан ...нэхэмжлэгчийн шилжүүлсэн гэх 4,000,000 төгрөг тус нөхөрлөлийн данс руу ороогүй, ******* гэдэг хүний данс руу орсон... гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй.
6. Ажил гүйцэтгэгч ******* ЗГБХН нь 2022 оны 05 сарын 18-ны өдрийн Кран угсарч буулгах гэрээ-ний дагуу ажлын 7 хоногийн дотор QTZ-31.5 маркийн краныг угсрах ажлыг хийж гүйцэтгээгүй тул захиалагч *******ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлэн өгч хохирсон 4,000,000 төгрөгийг хохирлыг ажил гүйцэтгэгч ******* ЗГБХН-өөс шаардах эрхтэй.
Иймд, хариуцагч ******* ЗГБХН-өөс 4,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
7. Харин зохигчдын хооронд байгуулагдсан Кран угсарч буулгах гэрээ нь краныг угсарч, буулгах харилцааг зохицуулсан буюу кранаар ажил гүйцэтгүүлэх харилцааг зохицуулаагүй тул краныг цаг, өдрөөр хөлсөлж ажил гүйцэтгүүлсэн гэх 17,860,000 төгрөгийг хохиролд тооцох боломжгүй, улмаар холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгч *******ХХК нь иргэн *******аар гүйцэтгүүлсэн гэх ажил, үйлчилгээний үр шимийг өөрөө хүртсэн буюу тухайн ажил, үйлчилгээний үр шим түүнд үлдсэн болохыг дурдах нь зүйтэй.
8. Нэхэмжлэгч *******ХХК-аас 2023 оны 01 сарын 19-ний өдөр *******д олгосон итгэмжлэлийн хугацаа 2024 оны 01 сарын 19-ний өдөр дууссан, энэ талаар шүүхийн зүгээс 2024 оны 10 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч талд сануулсан байхад нэхэмжлэгч уг алдааг залруулаагүй тул анхан шатны шүүх 2024 оны 11 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн *******г оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгахгүй.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/04634 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч ******* ЗГБХН-өөс 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож, үлдэх 17,860,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч ******* ЗГБХН-өөс улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 267,160 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.НЯМБАЗАР