Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,                            

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Д.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-т холбогдох эрүүгийн 1906 02021 1439 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.Э, 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хувиараа дугуй засварын газар ажиллуулдаг, ам бүл 3 ээж, дүүгийн хамт, Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 03 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул Олон Улсын худалдааны төвийн орчим иргэн Б.Сайнбаярыг нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр таксигаар үйлчлүүлээд 2000 төгрөг өгөөд 500 төгрөгийг нь ажлаасаа аваад өгье гэтэл хэл амаар доромжлоод маргаан болсон” гэв.

Хохирогч Б.Сайнбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад эрэгтэй нь элдэв үгээр хэл амаар доромжлоод байхаар нь зогсоод машинаасаа буулгах гэтэл буухгүй байсан. Эхлээд эмэгтэй нь буусан ба араас нь эрэгтэй нь бууж намайг цохихыг оролдсон тухайн үед би бултаж цохиулаагүй. Гэтэл миний нүүрэн хэсэгт нэг удаа цохисон ба хэсэг манарч байтал газар унасан. Унасан байхад нүүрэн дээр дөрвөн удаа хөлөөрөө өшиглөсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 71/,

Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...би таксины залуугийн 1 хөлийг хамаж газар унагаад нүүр лүү нь нэг удаа тохойгоороо цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

  Гэрч С.Төмөрбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...тухайн өдөр Б.Сайнбаяр нь ажилдаа ирсэн. Тэгэхэд Б.Сайбаярын биед ямар нэгэн шарх, гэмтэл байгаагүй. Харин 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ ирэхэд магнай нь шалбарсан байдалтай ирсэн ба 2019 оны 03 дугаар сарын 23-ны орой хүнд зодуулсан гэж ярьж байсан... " гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

  Шинжээч эмч Г.Ханхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...үзүүлэгч Б.Сайнбаярын биед учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4100 дугаартай дүгнэлт:

  1. Б.Сайнбаярын биед хамар ясны хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлнө.” гэх дүгнэлт /хх-ийн 14/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 03 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул Олон Улсын худалдааны төвийн орчим иргэн Б.Сайнбаярыг нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.Сайнбаярын: " ... Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад эрэгтэй нь элдэв үгээр хэл амаар доромжлоод байхаар нь зогсоод машинаасаа буулгах гэтэл буухгүй байсан. Эхлээд эмэгтэй нь буусан ба араас нь эрэгтэй нь бууж намайг цохихыг оролдсон тухайн үед би бултаж цохиулаагүй. Гэтэл миний нүүрэн хэсэгт нэг удаа цохисон ба хэсэг манарч байтал газар унасан. Унасан байхад нүүрэн дээр дөрвөн удаа хөлөөрөө өшиглөсөн....” гэсэн мэдүүлэг,

шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Сайнбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэрэгт хохирол төлбөрийн талаар нотлох баримт гаргаж өгөөгүй тул тэрээр гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч Д.Э-т хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Эрдэнэхуягийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Э нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Б.Сайнбаяр нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ШИНЭБАЯР