Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 477

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээд Б.Б нарыг оролцуулан, “Е. б”-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Бүртгэж авсныг мэдэгдэх тухай” 2/962 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.З шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч С******* бүрэн дунд сургууль нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Бүртгэж авсныг мэдэгдэх тухай” 2/962 тоот албан бичгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан 2/962  тоот албан бичигт заасан жагсаал цуглаан хийх хугацаа, тодруулбал 2017 оны 05 дугаар сарын 22-24-ний өдөр өнгөрсөн байна. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж заасан байна.

Ийнхүү хариуцагчийн гаргасан 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Бүртгэж авсныг мэдэгдэх тухай” 2/962 тоот захиргааны акт нь бодит байдал дээр ач холбогдлоо алдсан, хуулийн дагуу хүчин төгөлдөр бус захиргааны акт болсон байх тул нэхэмжлэгч С******* бүрэн дунд сургууль нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...”, 66.4-т “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж тус тус заасан байна. 

Нэхэмжлэгч “Ерөнхий боловсролын с******* сургууль”-ийн захирал Д.З нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буйгаа шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзсанаас гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Бүртгэж авсныг мэдэгдэх тухай” 2/962 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Ерөнхий боловсролын с******* сургууль”-ийн захирал Д.З татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчид улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.МӨНХЗУЛ