Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 182

 

М.Баатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирваань, Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 284 дүгээр магадлалтай, 201526012340 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирваань, Ж.Гантулга нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тогооч тайж овогт Мөнхтуяагийн Баатар нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Баатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Мөнхтуяагагийн Баатарыг” гэснийг “Мөнхтуяагийн Баатар” гэж, 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар М.Баатарт 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар М.Баатарт 3 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Б.Бат-Эрдэнийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Д.Очирваань, Ж.Гантулга нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Баатарын өмгөөлөгч Д.Очирваань хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн тогтоогоогүй, мөн хуулийн 318 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахдаа хэт нэг талыг барьж, М.Баатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хохирогч Л.Цогбадрахын “...Стандарт нэртэй 0.75 гр нэг шил архи аваад, манайд байсан Ерөөл нэртэй 0.75 гр архийг Үүрцайх, Мөнхбат, Баатар нарт гаргаж өгсөн. Стандарт, Ерөөл зэрэг архи уусан, өөр архи уугаагүй” гэсэн, гэрч Д.Мөнхбатын “...Стандарт, Ерөөл нэртэй архи хувааж уусан” гэсэн, М.Баатарын “...Стандарт нэртэй архи уусан, Үүрцайх удалгүй нэрийг нь мэдэхгүй 0.75 гр архи авчирсан” гэсэн мэдүүлгүүдээс харахад 0.75 литрийн Шим гэх архины шилийг зэвсгийн чанартай зүйл болгон ашигласан эсэх нь эргэлзээтэй, бүрэн нотлогдоогүй байдаг. Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 63 хоногийн дараа хэргийн газар нөхөн үзлэг хийсний дараагаар Шим гэх нэртэй архины шил гарч ирдэг боловч хэргийн газарт үзлэг хийгдэхээс өмнө шүүгдэгчийн төрсөн эгч цэвэрлэгээ хийсэн талаараа мэдүүлсэн зэрэг хэргийн нөхцөл байдал бодит байдалд нийцэхгүй байхад миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгээр ял халдааж байгаад гомдолтой байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, М.Баатарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.Баатарын өмгөөлөгч Ж.Гантулга хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Хандсүрэнгээс дахин мэдүүлэг авахдаа биеийн байцаалт хэсэгт Төрболд гэж бичин Хандсүрэнгээр байцаалтад гарын үсэг зуруулж мэдүүлэг авсан нь хэнээс мэдүүлэг авсан нь тодорхойгүй байна. Мөн гэрч Мөнгөнтүвшингээс мэдүүлэг авахдаа биеийн байцаалт хэсэгт Мөнгөндөш гэж бичин мэдүүлэг авсан. Сэжигтэн М.Баатараас дахин мэдүүлэг авахдаа Алтанчимэгийн Зоригтбаатараас гэж мэдүүлэг авч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1 дэх хэсэгт заасан байцаалт явуулах нийтлэг журмыг зөрчсөн. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн хэм хэмжээ туйлын тодорхой, заавал биелэгдэх шинжтэй байх хуулийн энэ шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд дагаж мөрдөөгүй, байцаан шийтгэх ажиллагааг зөрчсөн байна. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх магадлалдаа “...Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас авсан мэдүүлгүүд нь үг үсгийн алдаа ихтэй, хүний овог нэрийг зөрүүтэй бичсэн зөрчил ихээр гаргасан байх боловч энэ нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж дүгнэж хууль зөрчсөн. Гэрч, сэжигтэн нарын хэрэг үйл явдлын талаар зөрүүтэй өгсөн мэдүүлэг хэрэгт нотлох баримтаар авагдаж энэ мэдүүлгүүдийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж дүгнэн, хууль зүйн үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасан байхад давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийлгүй магадлал гаргасан. Шүүгдэгч М.Баатар, хохирогч Л.Цогбадрах, гэрч Д.Мөнхбат нар тухайн өдөр 0.75 литрийн хэмжээтэй Стандарт, Ерөөл архи уусан талаараа тогтвортой мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх М.Баатарыг Шим нэртэй архины шил хэрэглэн хохирогчийн биед гэмтэл учруулан танхайрсан үйлдэл нь бүрэн тогтоогдсон гэж гэм буруутайд тооцон ял оногдуулсан. Хохирогч Л.Цогбадрах нь “...эгч Мядагмаа манай гэрт очоод цус болсон ор, шалыг угаасан байсан, хэргийн газрын үзлэг хийлгэмээр байна” гэж мэдүүлэг өгч хэргийн газрын нөхөн үзлэг хийгдсэн. Хэрэг болсноос хойш 65 хоногийн дараа хэргийн бодит байдал өөрчлөгдсөн нөхцөлд хэргийн газрын нөхөн үзлэгийг хийж, Шим нэртэй архины шилийг нотлох баримтаар хураан авч бэхжүүлсэн ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92, 93 дугаар зүйлийг зөрчиж хийгдсэн байна. Уг хэрэгт хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоогоогүй, байцаан шийтгэх ажиллагааг хуулийг ноцтой зөрчиж явуулсан тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч М.Баатар нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын биед санаатай хөнгөн зэргийн гэмтэл учруулж, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогддог. Хохирогч шүүгдэгчийг архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэдгийг хөдөлбөргүйгээр тогтвортой мэдүүлдэг. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч М.Баатар нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 30 дугаар гудамжны 33 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Л.Цогбадрахыг унтаж байхад нь архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэн толгойн тус газар нь шалтаг шалтгаангүйгээр цохин биед нь хөнгөн гэмтэл учруулж, танхайрсан үйл баримт шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Л.Мөнгөнтүвшинг байцаахдаа биеийн байцаалтын хэсэгт Л.Мөнгөндөш гэж, мөн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр сэжигтэн М.Баатарыг байцаахдаа биеийн байцаалтын хэсэгт А.Зоригтбаатар гэж тус тус буруу бичсэн байх боловч шүүх гэрч Л.Мөнгөнтүвшин болон сэжигтэн М.Баатар нарын мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй байна. Харин 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрч Б.Хандсүрэнг байцаахдаа Б.Төрбаяр гэж биеийн байцаалтын хэсэгт нэрийг буруу бичиж мэдүүлэг авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн үйлдэл тул Б.Хандсүрэнгийн дээрх мэдүүлгийг нотлох баримтаас хасах нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс М.Баатарыг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь М.Баатарын гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирваань, Ж.Гантулга нарын “...шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 284 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирваань, Ж.Гантулга нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Б.БАТ-ЭРДЭНЭ