Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/00360

 

 *******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/04856 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 75.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч ******* нь эхнэр *******ын хамт 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүрэг, Зайсангийн аманд баригдаж буй барилгаас 134.9 м.кв талбай бүхий орон сууцыг авахаар орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ******* хороо, *******байрны ******* тоот ******* улсын бүртгэлийн дугаартай 75.2 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн ******* хороо, *******хороолол, ******* тоот ******* улсын бүртгэлийн дугаартай 96.2 м.кв 3 өрөө орон сууц, зогсоолын хамт шилжүүлэн өгсөн болно. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 885 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн 318 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолоор *******, ******* нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Баянзүрх дүүргийн ******* хороо, *******байрны ******* тоот ******* дугаартай 75.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, ******* дугаартай 96.2 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр хохирогч *******, ******* нарыг тогтоож, шүүхээс эцэслэн шийдвэрлэж дуусгавар болсон. ******* нь өмчлөлийн орон сууцыг залилах гэмт хэрэг үйлдэж өөртөө шилжүүлж авсан орон сууцаа ******* ХХК-д барьцаалсан байдаг. ******* ХХК улмаар зээлийг төлөөгүй учраас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн талаар нэхэмжлэл гаргахад ******* нь би хүлээн зөвшөөрч байна гээд залилж авсан орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрч шийдвэрлэсэн. 2013 онд бусдад залилуулж гэмт хэрэгтэнд орон сууцаа алдсан хохирлоос 10 жилийн хугацаанд хөөцөлдөж, эрүүгийн журмаар шийдвэрлүүлсэн боловч одоог хүртэл шилжүүлж аваагүй байгаа. Эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэж дуусаад, өмчлөх эрхийг сэргээхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахад барьцааны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн хариуг өгсөн. Эрүүгийн хэрэг дээр хөрөнгийн өмчлөлийн асуудал, гэмт хэрэг үйлдэгдэж олж авсныг тогтоосон байхад ******* ХХК үргэлжлүүлэн хохирогч нарыг чирэгдүүлж байна.

Иймд, Баянзүрх дүүргийн ******* хороо, *******байрны ******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 75.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2.  Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн ******* хороо, *******байрны ******* тоот 75.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц ******* ХХК-ийн барьцаанд байгаа. Зээлдэгч ******* нь 2014 оны 12 сарын 31-ний өдөр 14/293 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж ******* ХХК-аас 100,000,000 төгрөгийг зээлэхдээ дээрх өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан. Зээлийн барьцаанд уг байрыг 145,000,000 төгрөгт тохиролцож 100,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Зээлийн барьцаанд тавихын өмнө энэ хүний өөрийн өмчлөлд байсан учраас хуульд заасны дагуу гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч нь зээлээ төлөхгүй удааширсны улмаас 2016 оны 03 сарын 25-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн талуудын эвлэрлийг баталгаажуулах захирамжаар иргэн ******* нь ******* ХХК-д 122,547,656 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Уг захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаад *******д бусдын залилж мэхэлсэн үйлдэлд эрүүгийн хэрэг шалгаснаас хойш түдгэлзсэн байгаа. Эрүүгийн шийдвэр гарахаас өмнө иргэний шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгийг барьцаалагч буюу банк үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад банк 10 жилийн хугацаанд төлбөрөө авч чадахгүй байгаа. Банканд барьцаалах үед эрүүгийн гэмт хэрэг шалгагдаад эхэлсэн байсан гэж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Иймд, Банк үүргийн гүйцэтгэлийг хангуулаад, илүү төлбөрийг өмчлөгч нар шийдүүлэх замаар банкны үүргийн гүйцэтгэлийг хангуулсан 122,547,656 төгрөгийг нэмж *******аас гаргуулах нь хуульд нийцнэ гэсэн саналтай байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* /*******/-д холбогдох *******, ******* нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн ******* хороо, *******байрны ******* тоот ******* дугаартай 75.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Хэргийн баримтаар ******* нь гэмт хэрэг үйлдэж *******, ******* нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн ******* хороо, *******байрны ******* тоот ******* дугаартай 75.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан, тухайн орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсны дараа ******* ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, барьцаанд бариулсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж хуулийг буруу хэрэглэн өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Нэхэмжлэгч тал мэтгэлцэх болон нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ хууль зөрчиж гэрээ байгуулсан нь эрүүгийн хэргийн шинжтэй гэм буруутай үйлдэл байсныг хүчин төгөлдөр шүүхийн тогтоолоор шийдвэрлэн өмчлөх эрхийг сэргээсэн гэж марган, өмчлөх эрх сэргэх буюу Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээс хамгаалуулахаар шүүхэд хандсан байхад барьцааны эрх дуусгавар болох талаар дүгнэлт хийсэн нь буруу. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл хийгдсэн болох нь эрүүгийн гэм буруугийн талаарх хүчин төгөлдөр шүүхийн тогтоолоор тогтоогдсон буюу ******* ХХК, ******* нарын хооронд 2014 оны 12 сарын 31-ний өдөр байгуулагдсан 14/293 дугаар зээлийн барьцааны зүйлийг олж авсан арга нь хууран мэхэлж хийсэн хэлцэл буюу залилан мэхлэх гэм буруутай тогтоогдсоор байхад үр дагаврыг арилгаагүй, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэх үндэслэлээр Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасан хуульд заасан бусад үндэслэлд хамааруулан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4.3. *******д холбогдуулан гэрээгээр халхавчилсан залилан мэхлэх үйлдлийг эрх бүхий байгууллага 2014 оноос эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлэж байх явцад талуудын эвлэрч байна гэх хүсэл зоригийн дагуу буюу нотлох баримтыг шалгах, цуглуулах, дүгнэлт хийх үүрэг хүлээгээгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар гэрээний маргааныг шийдвэрлүүлсэн цаг хугацаа дарааллыг ч харгалзан үзсэнгүй.

Иймд, шүүхийн шийдвэрийг хянаж, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 75.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ ...эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр *******, ******* нарыг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг сэргээж, *******ыг гэмт хэрэг үйлдэж маргаан бүхий орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан болохыг тогтоосон... гэсэн агуулгаар, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр ******* бүртгэлтэй байсан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа... гэсэн агуулгаар тус тус тайлбарлажээ.

4. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

4.1. 2013 оны 10 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч *******, ******* нар *******тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 1******* хороо, Зайсангийн аманд баригдаж буй барилгаас 134.9 м.кв талбайтай орон сууцыг худалдан авч, маргаан бүхий 75.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон 96.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 18 м.кв талбайтай авто зогсоол зэргийг нийт 522,150,000 төгрөгт тооцон *******ын өмчлөлд шилжүүлэн өгсөн. (Маргаан бүхий орон сууц 2014 оны 10 сарын 30-ны өдөр *******ын өмчлөлд бүртгэгдсэн);

4.2. 2014 оны 12 сарын 31-ний өдөр ******* нь ******* ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, барьцаалбар үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлж, 100,000,000 төгрөгийг зээлдэн авч, зээлийн барьцаанд маргаан бүхий 75.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан;

4.3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 сарын 25-ны өдрийн 101/ШЗ2016/12347 дугаар захирамжаар ******* ХХК-ийн нэхэмжилсэн 122,547,656 төгрөгийг ******* нь 2016 оны 03 сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулах, ийнхүү төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох маргаан бүхий 75.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талуудын эвлэрсэн Эвлэрлийн гэрээ-г баталгаажуулсан;

4.4. Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 2016 оны 05 сарын 09-ний өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн;

4.5. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/885 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн 2023/ДШМ/318 дугаар магадлалаар шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Баянзүрх дүүргийн ******* хороо, *******байрны ******* тоот ******* дугаартай 75.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хохирогч *******, ******* нарт олгож, өмчлөх эрхийг сэргээхийг даалгаж шийдвэрлэсэн; (Тус шийтгэх тогтоолд маргаан бүхий 75.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны ******* дугаарыг ******* гэж алдаатай бичсэн байдаг).

5. Хэдийгээр эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч *******, ******* нарыг маргаан бүхий 75.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг сэргээж, *******ыг бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болохыг нь тогтоож шийдвэрлэсэн байх боловч энэ нь барьцаалагч буюу ******* ХХК-ийн барьцааны эрхийг хөндөх үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Учир нь:

5.1. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зохицуулсан бөгөөд хариуцагч ******* ХХК нь *******тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед буюу 2014 оны 12 сарын 31-ний өдөр маргаан бүхий 75.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь *******ын өмчлөлд бүртгэлтэй байсан.

Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь маргаан бүхий 75.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг *******ын өмчлөлд бүртгэсэн 2014 оны 10 сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн түүнтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байна.

5.2. Нэхэмжлэгч *******, ******* нар бусдад залилуулж, хохирсон үйл явдалд хариуцагч ******* ХХК-ийг буруутай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******, ******* нар *******тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, маргаан бүхий 75.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг *******ын өмчлөлд шилжүүлэн өгсөн нь ******* ХХК-ийн зүгээс *******тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үндэслэл болсон байна.

5.3. Өмнө дурдсанчлан, маргаан бүхий 75.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь маргаан бүхий 75.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг тогтоож, өмчлөх эрхийг нь сэргээсэн эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээс цаг хугацааны хувьд өмнө гарсан байна.

Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн шүүхийн шийдвэр 2016 оны 03 сарын 25-ны өдөр гарсан бол эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр 2022 оны 11 сарын 25-ны өдөр гарчээ.

6. Иймд, анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэргийн баримтад үндэслэн зөв тогтоож, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, улмаар ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

7. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй, хариуцагчийн хуулийн этгээдийн хэлбэрийг тусгаагүй орхигдуулсан, маргаан бүхий 75.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны Ү дугаарыг алдаатай бичсэн зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/04856 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдох, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 75.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай, нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...7.1.1... гэснийг ...7.1.2... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР