Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/628

 

2019      6           26                                     2019/ШЦТ/628                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                       Хэргийн индекс: 185/2019/0623/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

Улсын яллагч: П.Ганбаатар,

Нарийн бичгийн дарга: С.Уранбилэг,         

Иргэний нэхэмжлэгч Э.Энхзориг,

Шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.У-д холбогдох эрүүгийн 1809024370662 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр,  2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Бага тойруу гудамж 43 дугаар байрны 42 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх А.У /РД: /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.У нь 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 43 дугаар байрны орчим иргэн Ц.Энхсайханы өмчлөлийн 07-70 УБЕ улсын дугаартай “Тоёота Ланд Крузер-200 маркийн авто машины урд талын зорчигч талын цонх руу баруун гараараа 4 удаа цохиж шил өргөгчийг устгаж 225.000 төгрөгийн, баруун хөлөөрөө хаалга руу нь1 удаа өшиглөн гэмтээж 180.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Э.Энхзоригийн Айфоне-7 маркийн гар утсыг нь цохиж газар унагаж, дэлгэцийг нь хагалж 70.000 төгрөгийн хохирол, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийн улмаас бусдад нийт 475.000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.У-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тухайн өдөр ээж болон хүүхдүүдтэйгээ гэр рүүгээ орох гээд явж байсан. Манай байранд нэг эгнээтэй зогсоол байдаг. Миний машин руу хохирогч машинаараа ухарсан тул би сигнал дарахад бууж ирээд намайг “хөдөөний янхан минь машин барьж чадахгүй бол битгий машин жолоод” гэж хэлсэн. Биднийг маргалдахад намайг хэл амаар доромжилж гар утсаараа бичлэг хийгээд байсан. Нүдэнд даралт ихэссэнтэй холбоотой гэмтэл үүссэн зүйл байхгүй. Би машин руу цохиж эвдэлсэн зүйл байхгүй. Таван богдоос нэхэмжлэх гарсан болохоос баримт байхгүй. Би нүдэнд гэмтэл авсан явдалд маш их гомдолтой байгаа. Би утсыг нь албаар цохиж унагаагүй, ноцолдож байхад унасан байгаа. Тухайн үед манай байрны хүмүүс болсон явдлыг харж байсан. Намайг их хэл амаар доромжилсон” гэх мэдүүлэг;

Иргэний нэхэмжлэгч Э.Энхзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хэргийн газрын бичлэгийг би аваагүй, цагдаагийн албан хаагч өгсөн байгаа. Бичлэг дээр бүх зүйл тодорхой харагдаж байгаа. Би Iphad дээр бичлэгийг гар утсандаа хураан авсан байгаа. Автомашиныг бол аав маань надад бэлэглэсэн. Энэ автомашин бол миний эзэмшлийнх. Би автомашинд болон гар утсанд учирсан 475 000 төгрөгийн хохирлыг гаргуулан авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг;

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ц.Энхсайханы мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Энхзоригийн мэдүүлэг, гэрч Т.Эрдэнэчимэг, Д.Даариймаа, Н.Энхцолмон нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураан авсан хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр үзэхэд шүүгдэгч Алтанхуягийн А.У нь 2018.05.22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 43 дугаар байрны орчим иргэний нэхэмжлэгч Энхсайханы Энхзоригтой “зорчих замыг нь хаалаа” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний эзэмшлийн 07-70 УБЕ улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн авто машины урд талын зорчигч талын цонхны шил өргөгчийг олон удаа цохиж эвдлэн гэмтээж 225.000 төгрөгийн, автомашины хаалга руу нь  өшиглөн гэмтээж 180.000 төгрөгийн, гартаа барьж байсан Ай фоне-7 маркийн гар утсыг нь цохиж газар унаган дэлгэцийг нь хагалж гэмтээн 70.000 төгрөгийн, нийт 475.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ц.Энхсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...07-70 УБЕ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-200” маркийн авто машиныг 2016 оны 5 дугаар сард өөрийн төрсөн хүү Э.Энхзоригт худалдаж авч өгсөн юм. Уг машиныг Э.Энхзориг унаж хэрэглэдэг. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэг эмэгтэй хүнтэй маргалдаад миний машиныг эвдчихсэн, засуулах гээд “Таван богд” ХХК дээр явж байна гэж ярьж байсан. Үүнээс өөр болсон асуудлыг мэдэхгүй. Машинд учирсан хохирлын асуудлыг Э.Энхзориг сайн мэднэ. Энэ машин эвдэлсэн хүнээс автомашинд учирсан хохирлыг хурдан барагдуулж өгөөч...” гэх мэдүүлэг / хх-ийн 184 тал/

Иргэний нэхэмжлэгч Э.Энхзоригийн “... Би 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Спортын төв ордны зүүн талын зам дагуу миний эзэмшлийн 07-70 УБЕ улсын дугаартай “Тоёота Ландкруйзер-200” маркийн тээврийн хэрэгслийг зогсоол дээр байршуулах гээд зогсоол хайж яваад нэг урсгалтай зам руу орон урдаас ирж байсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөн тээврийн хэрэгслээ замаас холдуулан зогсож байтал ард үл таних тээврийн хэрэгсэл тулан зогсож дуут дохио өгөөд байсан. Би тээврийн хэрэгслээсээ буугаад ард тулж зогссон тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэйд “чи ухрахгүй бол би багтахгүй, гарч чадахгүй байна” гэж хэлэхэд тэр эмэгтэй “би гэр рүүгээ ормоор байна, наадахаар чинь би багтахгүй байна гэхээр нь би машиндаа суусан. Тэгтэл уг эмэгтэй миний тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын цонх онгорхой байсан бөгөөд суудал дээр байсан пиджакийг над руу шидэхээр нь би айсандаа цонхоо хаасан чинь миний автомашины цонхыг 2-3 удаа гараараа цохисон. Цохихоор нь би хаалганы цоожийг түгжтэл уг эмэгтэй нь хаалга онгойлгох гэж үзээд болохгүй болохоор нь хаалга руу өшиглөсөн. Тэгээд миний тээврийн хэрэгслийг шалтгаангүйгээр цохихоор нь би буугаад утасны камерыг асаагаад эхлэнгүүт камер хараад “чи өөрөө эхэлж цохисон биздээ” гэж орилж эхэлсэн. Тэгээд бичлэг хийж байсан миний эзэмшлийн Ай фоне-7 маркийн гар утас руу цохин газар унагаасан бөгөөд утасны дэлгэц хагалсан. ...Уг асуудлын улмаас аав Ц.Энхсайханд эд зүйлийн үнэлгээгээр 405,000 төгрөгийн, надад гар утасны дэлгэц хагарсан хохирол болох 70,000 төгрөгийн хохирол тус тус учирсан. Хохирлоо барагдуулж авмаар байна. Би тэр эмэгтэйг цохиж зодсон асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 186-188 тал/,

Хохирогч Э.Энхзоригоос хураан авч, үзлэг хийж, эд мөрийн баримтаар хураан авсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 43 дугаар байрны хяналтын камерын бичлэг /хх-ийн 7-10 тал/,

Гэрч Н.Энхцолмонгийн “...нүдний алимны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн болон даралт ихэссэнээс болж үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

Хохирогч Ц.Энхсайханы авто машинд, иргэний нэхэмжлэгч  Э.Энхзоригийн эд хөрөнгөд учирсан хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ гаргасан “Дамно” ХХК-ийн “... Шил өргөгч 2016 оны Ланд Круйзер-200 маркийн автомашин солих 225,000, 2016 оны Ланд Круйзер-200 маркийн автомашин хаалга засах 180,000, Айфоне-7 маркийн гар утасны дэлгэц засах 70,000 нийт 475,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 61-62 тал/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.У-гийн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Харин прокуророос шүүгдэгч А.У-гийн үйлдлийг бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг гэж зүйлчилж ирүүлсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нараас өгч буй мэдүүлгүүд, камерын бичлэг зэргээс үзэхэд шүүгдэгчийн үйлдэлд бусдын эд хөрөнгийг устгасан байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч А.У-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

Шүүгдэгч А.У нь Э.Энхзоригийн автомашинд хүрээгүй, цонх, хаалгыг нь гэмтээгээгүй гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй ч энэ нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч А.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд хүмүүс хоорондын харьцаа, ёс суртахууны наад захын хэм хэмжээ, хүндлэл, хүлээцтэй байдал, харилцааны соёл дутагдсан байдал нь шууд нөлөөлсөн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нь тус тээврийн хэрэгсэл нь Ц.Энхсайханы нэр дээр байдаг тул тухайн хэрэгт тогтоогдсон иргэний нэхэмжлэгч Э. Энхзориг нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох үндэслэлгүй гэж өмгөөлөл явуулсан бөгөөд иргэний нэхэмжлэгч Э.Энхзориг нь тус автомашины эзэмшигч болох нь түүний өөрийн мэдүүлэг болон хохирогч Ц.Энхсайханы мөрдөн байцаалтанд өгсөн “...07-70 УБЕ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн авто машиныг 2016 оны 5 дугаар сард өөрийн төрсөн хүү Э.Энхзоригт худалдаж авч өгсөн юм. Уг машиныг Э.Энхзориг унаж хэрэглэдэг юм...” гэх мэдүүлгээр эцэг Ц.Энхсайханы зүгээс хүү Э.Энхзоригт автомашиныг бэлэглэсэн байдал нотлогдон тогтоогдож байх ба энэ тохиолдолд 07-70 УБЕ улсын дугаартай Тоёота Ландкруйзер-200 маркийн авто машины хууль ёсны эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй хүн нь иргэний нэхэмжлэгч Э.Энхзориг мөн  байна.

Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.У-с автомашинд болон эд хөрөнгөнд нь учирсан 475.000 төгрөгийн хохирлыг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Энхзоригт олгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 43 дугаар байрны хяналтын камерын бичлэг бүхий цэнхэр өнгийн “Тайгер нэртэй” флашийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч А.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.У-г бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Алтанхуягийн А.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.У-с 475.000 /дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Энхзоригт олгосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 43 дугаар байрны хяналтын камерын бичлэг бүхий цэнхэр өнгийн “Тайгер нэртэй” флашийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэндэх хүртэл шүүгдэгч А.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.БОЛДБААТАР