| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/05850/И |
| Дугаар | 102/ШШ2016/05084 |
| Огноо | 2016-09-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2016/05084
2016 оны 9 сарын 12 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05084
| Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн Үндэсний гудамж, МТ байранд байрлах МТ петролиум ХХК /5043913/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Дилав Хутагт Жамсранжавын гудамж, 51 дүгээр байр, 103 тоот хаягт байрлах Соёмбо транс ХХК /РД: 6019188/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 210.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Соёмбо транс ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 05/16 тоот гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу төлбөрийг барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 200.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд Соёмбо транс ХХК-иас үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 200.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 10 хоногийн алданги болох 10.000.000 төгрөг, нийт 210.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, барьцааны гэрээгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 210.000.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МТ петролиум ХХК нь хариуцагч Соёмбо транс ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 210.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлжээ. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50 хувийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. МТ петролиум ХХК-ийн нэхэмжлэлтэй Соёмбо транс ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч Соёмбо транс ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.207.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, түүний 50 хувь болох 603.975 төгрөгийг хариуцагч Соёмбо транс ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ