Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/644

 

  2019      7           02                                     2019/ШЦТ/644 

                                 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Хэргийн индекс: 185/2019/0637/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

Улсын яллагч: Г.Ганбагана,

Нарийн бичгийн дарга: Б.Бумчимэг,

Шүүгдэгч Ж.О /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.О-д холбогдох эрүүгийн 1809032830723 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ өглөө 23б байрны 61 тоотод оршин суух хаягтай, “Очир Оптикал” ХХК-ийн захирал ажилтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ж.О /РД: /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.О нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас Л.Ганзоригийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.О: Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн гэв.                                                                                                                          

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Ганзоригийн өгсөн мэдүүлэг, гэрч Г.Чойжамцын мэдүүлэг, гэрч М.Мөнхнасангийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №9009 дугаартай дүгнэлт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Жамъянсүрэнгийн Ж.О нь 2018.07.21-ний өдөр согтуугаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шарга морьтын зуслан орчим өөрийн нагац ах Лхагва-очирын Ганзоригийг хувийн таарамжгүй харьцааны улмаас үг сөрж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Л.Ганзоригийн: “...2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өөрийн нагац Ж.Отэй архи уусан. Тэгээд согтоод хоорондоо маргаад Ж.О намайг зодсон. Ж.О намайг зодоод байхаар нь би гэнэт ухаан ороод намайг зодохоо боль миний дүү гэж хэлж байсан. Миний биений хаана, яаж цохьсоныг би сайн мэдэхгүй байна. Миний хамар, нүд хоёрт гэмтэл учирсан байсан. Ж.О бид хоёртой хамт дуудлагын жолооч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

Гэрч М.Мөнхнасангийн: “...Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 21-ний шөнө караокены гадаа байж байтал гар утасны дугаарыг нь сайн санахгүй байна, над руу залгаад машин бариулах гэсэн юм гэхээр нь очтол 5599 буюу 9955 гэсэн дугаарын Ланд маркийн машин жолоодож явна гэхээр нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт очтол намайг Ж.О гэдэг гээд танилцуулаад энэ миний ах гэж хэлээд нэг хүнийг танилцуулж байсан. Тэр хүний нүүр, ам нь цус болчихсон байсан. Тэгээд би машин барьж яваад Батсүмбэр рүү тэр хоёрыг хүргэж өгсөн юм. Батсүмбэр рүү явах хугацаанд тэр хоёр зодолдоогүй, хэрүүл маргаан хийгээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №9009 дугаартай:

Л.Ганзоригийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хугаралт, хамрын нуруунд язарсан шарх, цус хуралт, дагзны хуйхны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний урд дээд хэсэг язарсан шарх, зулгаралт, дээд уруулын дотор салстын зүүн хэсгийн язарсан шарх, зүүн хацрын доод хэсэг, зүүн шанаа, доод уруулын дотор болон гадна салстын баруун хэсэг, зүүн эгэмний гадна хэсэг, зүүн бугалганы дотор доод хэсэг, цээжний баруун дээд хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.О-н зүгээс архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, өөрөөсөө ах зах хүнийг хүндлэх ёсыг умартсан, дээрэнгүй зан байдал нь шууд нөлөөлсөн байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ж.О-н  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Ж.О-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Хохирогч Л.Ганзориг нь “...нагац дүү Ж.Од гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 72 дугаар талд гаргасан байх тул шүүгдэгч Ж.Ог бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.О-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж, хохирол төлбөргүй байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Ж.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ж.О-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ж.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР