| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 184/2024/00659/И |
| Дугаар | 210/МА2025/00391 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00391
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/06196 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: автомашины үнэ 22,000,000 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: ******* нь *******улсын дугаартай Toyota Sai маркийн автомашинаа зах зээлийн үнээр заруулах талаар хүргэн *******т анх хэлсэн. ******* нь автомашины ченжээр заруулах талаар *******т хэлсэн. Үүний дагуу ******* нь 2022 оны 05 сарын 19-ний өдөр нотариат орж автомашиныг заруулахаар *******д итгэмжлэл хийж өгсөн. *******т автомашины мөнгө орж ирээгүй. *******тай уулзахад мөнгийг хүргэн *******ийн дансанд хийсэн, надад хамаагүй гэж хэлсэн. Анх 2019 онд тухайн автомашиныг 22,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч худалдан авсан. Мөн 2022 оны 05 сарын 19-ний өдөр худалдан борлуулахад тухайн автомашины зах зээлийн үнийг амаар тохиролцсон учир 22,000,000 төгрөгийг шаардаж байгаа. Хариуцагч ******* нь *******ийн автомашины мөнгийг өөрийн дансанд авч, дур мэдэн захиран зарцуулсан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна.
Иймд, автомашины үнэ 22,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Талууд гэр бүлийн хамааралтай хүмүүс. Нэхэмжлэгч нь *******улсын дугаартай, Toyota Sai маркийн автомашиныг худалдаж, өөрийн охин ******* болон ******* нарт ахуй амьжиргааг нь дээшлүүлэх үүднээс мөнгийг нь бэлэглэсэн. ******* нь автомашины зах дээр очоод автомашины үнэлгээ 16,500,000 төгрөг юм байна, зарах уу гэхэд нэхэмжлэгч зөвшөөрсөн. Нэхэмжлэгч ******* нь өөрийнхөө хүсэл зоригийн үндсэн дээр нотариат орж итгэмжлэл хийж өгсөн. Үүний маргааш буюу 2022 оны 05 сарын 20-ны өдөр ******* нь ******* гэх хүнд 16,000,000 төгрөг төлөөд, ******* ХХК-аас 49,000,000 төгрөг зээлэн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Нэхэмжлэгчийн охин ******* болон ******* нар хамт худалдаж авсан Toyota RX-450 маркийн автомашиныг 1 жил 8 сарын хугацаанд эзэмшиж, ашигласан. Хариуцагч ******* гадагшаа ажлаар явахдаа эхнэр *******д уг тээврийн хэрэгслийг үлдээсэн. ******* нь автомашиныг эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа дангаар 33,903,000 төгрөг төлсөн. *******ийг гадаадад байх хугацаанд ******* ХХК нь төлөлт хийгдээгүй учир *******гаас машиныг хурааж авсан байсан.
Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан эрх зүйн харилцаа үүссэн тул нэхэмжлэгч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шаардах эрхгүй гэж үзэж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 8,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 146,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
4.1. Анхан шатны шүүх ******* нь бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсныг зөв дүгнэсэн хэдий ч үүргийн тал хувийг *******ээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. ******* нь уг автомашиныг захиран зарцуулж, Toyota RX-450 маркийн автомашин авч, гэр бүл дундаа эзэмшиж байсан гэдэг утгаар автомашины үнийг таллаж гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
4.2. Анхан шатны шүүх *******ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийг дүгнэж шийдвэр гаргах, харин *******, ******* нарын гэр бүлийн харилцан хамаарлыг дүгнэх ёсгүй байсан. Яагаад гэвэл тэдний хооронд гэр бүлийн дундын хөрөнгийн маргааныг шийдвэрлүүлэхээр хандаагүйг үнэлж үзэх үндэслэлтэй байсан. ******* нь ******* нар гэр бүлийн хэрэгцээтэй эд хөрөнгийг өөрсдөө бий болгох үүрэгтэй. *******ийн хууль зөрчсөн үйлдлийг шүүхээс зөвтгөн шийдвэрлэсэн нь харамсалтай.
4.3. Анхан шатны шүүх *******ийг автомашин зарсан мөнгөө өгсөнгүй гэж цагдаад хандаж байсан эсэхийг тодруулаад "...тайлбар зэргээс үзэхэд тэд төлбөрийг буюу үүргийг гэр бүлийн гишүүний хувьд хамтран хариуцахаар байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй гэж үзэж гомдолтой байна.
4.4. ******* нь *******ийн автомашины мөнгийг дур мэдэн өөрийн дансандаа авч, дураараа захиран зарцуулсан тул ******* нь *******ийн автомашины мөнгийг хариуцан төлөх үүрэгтэй байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 2022 оны 05 сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу нэхэмжлэгчийн охин ******* болон хүргэн ******* нарт ахуй амьжиргааг нь дээшлүүлэх үүднээс тухайн автомашиныг зарж, автомашинаа томруулж хэрэгцээндээ ашиглаарай гэж итгэмжлэл хийж, 16,500,000 төгрөгөөр зарсан. ББСБ-аас 49,000,000 төгрөгийн зээл авч, Toyota RX-450 маркийн автомашиныг нэхэмжлэгч охинтойгоо хамт 1 жил, 8 сар ашигласан. Үүнийг нэхэмжлэгч огт мэдэхгүй мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой дурдсан. Хамтран өмчлөх гэр бүлийн дундын хөрөнгө мөн гэж үзсэн. ******* ганцаараа 33,900,000 төгрөгийн өр төлбөрийг төлчхөөд, дахиад зээлийн гэрээний үлдэгдэл 45,000,000 төгрөгийг төлөх үүрэг ногдчхоод байна. Дээрээс нь нэхэмжлэгчийн шаардаж байгаа 22,000,000 төгрөгийг өгөх нөхцөл байдал үүсээд байна. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх хамтран өмчлөх дундын өмч гэж үзсэн дүгнэлт байгаа учраас энэ дээр өр авлагын асуудал бас хуваагдах ёстой. Гэхдээ энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй.
Иймд, гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчилж, шийдлийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан автомашины үнэ 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгч нь охин *******, хүргэн ******* нарт ахуй амьдралаа дээшлүүл гэж автомашин худалдсан үнийг бэлэглэсэн... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. 2022 оны 05 сарын 19-ний өдөр ******* нь итгэмжлэл үйлдэж, түүний өмчлөлийн *******улсын дугаартай, Toyota Sai маркийн автомашиныг бусдад худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх зэрэг бүрэн эрхийг *******д олгосон;
3.2. 2022 оны 05 сарын 19-ний өдөр ******* нь дээрх итгэмжлэлийн дагуу *******улсын дугаартай, Toyota Sai маркийн автомашиныг бусдад худалдаж, үнэ 16,500,000 төгрөгийг *******т шилжүүлэн өгсөн;
3.3. 2022 оны 05 сарын 20-ны өдөр ******* нь ******* ХХК-тай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, 49,000,000 төгрөгийг зээлдэн авч, өмнө дурдсан 16,500,000 төгрөгийг нэмж, ******* улсын дугаартай, Toyota RX-450 маркийн автомашиныг худалдан авч, зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн;
3.4. 2024 оны 01 сард ******* ХХК нь ******* улсын дугаартай, Toyota RX-450 маркийн автомашиныг бодитоор нь гаргуулан авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан.
4. Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй, харин хариуцагч ******* нь 16,500,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх нь маргааны зүйл болжээ.
5. Магадлалын хянавал хэсгийн 3.1-3.4-т дурдагдсан үйл баримтыг тухайн үед хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн охин *******тай эхнэр, нөхрийн харилцаатай байсан, үүнтэй холбоотойгоор тэр худалдан авсан ******* улсын дугаартай, Toyota RX-450 маркийн автомашиныг эхнэр *******гийн хамтаар гэр бүлийн хэрэгцээнд эзэмшиж, ашиглаж байсан, нэхэмжлэгч ******* нь *******улсын дугаартай, Toyota Sai автомашинаа бусдад худалдсан 2022 оны 05 сарын 19-ний өдрөөс хойш 1 жил 8 сарын хугацаанд үнийг нь шаардаагүй, харин *******, ******* нар тусдаа амьдрах болсон, мөн ******* ХХК-аас ******* улсын дугаартай, Toyota RX-450 маркийн автомашиныг бодитоор нь гаргуулан авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг нөхцөл байдалтай харьцуулан дүгнэхэд ...нэхэмжлэгч нь охин *******, хүргэн ******* нарт ахуй амьдралаа дээшлүүл гэж автомашин худалдсан үнийг бэлэглэсэн... гэсэн хариуцагч талын тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзэхээр байна.
6. Иймд, хариуцагч *******ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч ******* нь түүнээс автомашины зах зээлийн үнэ гэх 22,000,000 төгрөгийг шаардах эрхгүй.
7. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон атлаа зохигчдын хооронд үүссэн маргааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх боловч хариуцагч *******ээс 8,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдол гаргаагүй тул давж заалдах гомдол гаргасан талын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс уг шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/06196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 150,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР