Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00392

 

 *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 101/ШШ2024/05670 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, *******байрны ******* тоот хаягт байршилтай, 125.3 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, *******-ын 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 23/04/343 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: ******* миний бие *******-аас зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд 2021 оны 01 сарын 24-ний өдөр оролцож, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, *******байрны ******* тоот хаягт байршилтай, 125.43 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны ялагч болсон. Төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол гаргаж, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. *******-ын 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 19261195/164 тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-оор уг эд хөрөнгийг надад шилжүүлэхээр тогтоосон ч ажиллагааг заасан хугацаандаа явуулахгүй байсаар 2023 оны 03 сарын 20-ны өдөр албадан чөлөөлөх ажиллагаа явуулахаар хугацаа товлосон. Гэвч товлосон өдөр төлбөр авагч *******наас хүсэлт ирүүлсэн шалтгаанаар ажиллагааг явуулаагүй. Миний бие мөн өдөр дуудлага худалдаанаас татгалзахгүй хуулийн дагуу ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтээ бичгээр *******т гаргасан боловч ажиллагааг дуусгавар болгосон талаар 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 381 тоот хариу мэдэгдэл ирүүлж, миний мөнгийг буцаан над руу шилжүүлсэн. 2022 оны 11 сараас хойш миний бие *******т гаргасан тогтоолоо хэрэгжүүлж, хөрөнгийг хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийг шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэх талаар удаа дараа хүсэлт гаргаж, хүлээцтэй хандаж ирсэн. *******-ын шийдвэр болон процессыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хянуулахаар 2023 оны 04 сарын 06-ны өдөр цахимаар өргөдөл гаргасан. Гэтэл уг өргөдлийн хариуг ерөнхий газраас бус *******-аас 2023 оны 05 сарын 01-ний өдөр 4-164/532 тоотоор ирүүлсэн. 2023 оны 05 сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өргөдлөө цахимаар гаргасан боловч хариу ирүүлээгүй тул өөрийн биеэр 2023 оны 06 сарын 15-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Буянбадрахтай уулзаж, дахин өргөдөл гарган 2023 оны 06 сарын 26-ны өдөр 03/1763 тоот хариуг хүлээн авсан.

Иймд, намайг Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, *******байрны ******* тоот хаягт байршилтай 125.43 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, *******-ын 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 23/04/343 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг хүчингүй болгож, 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 19261195/164 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-ыг хэрэгжүүлэх боломжит хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 21-ний өдрийн 3538 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 110,200,118 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 05 сарын 22-ны өдөр үүсгэн, тус газрын 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 4/531 дугаар албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. *******, ******* нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол Энхтайван өргөн чөлөө, *******байрны ******* тоотод байрлах эрхийн улсын ******* дугаарт бүртгэлтэй 125.13 м.кв талбайтай орон сууцыг 2019 оны 08 сарын 20-ны өдрийн 19261195/3 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 19261195/5 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч нар үл хөдлөх эд хөрөнгийг 312,500,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчид танилцуулахад шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 49 тоот тогтоолоор "*******" ХХК-ийг шинжээчээр томилон, барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгоход 242,900,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Төлбөр төлөгчийн хөрөнгийн үнэлгээтэй холбоотой шүүхэд гаргасан нэхэмжлэлийг анхан, давах, хяналтын шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 2021 оны 11 сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 170,030,000 төгрөгөөр оруулах 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 12/58 дугаар тогтоол, 2021 оны 11 сарын 11-ний өдрийн 4-164/21799 дүгээр мэдэгдлийг *******, ******* нарт гардуулан өгсөн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй тул 2021 оны 12 сарын 07-ны өдөр үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 121,450,000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 125,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон боловч 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 101/ШЗ2022/00274 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгчийн хөрөнгийн үнэлгээтэй холбоотой шүүхэд дахин гаргасан нэхэмжлэлийг анхан, давах, хяналтын шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 19261195/164 тогтоолоор дуудлага худалдааны ялагч *******д шилжүүлсэн. Уг тогтоол гарснаар төлбөр төлөгчид хөрөнгийг сайн дураар чөлөөлөх мэдэгдэл гардуулах, чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлж, хөрөнгийн өмчлөх эрхийг эрх бүхий байгууллагад хандан шилжүүлэх ажиллагааг явуулах үндэслэл үүсдэг боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн барагдуулсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг төлбөр авагч ******* ХХК 2023 оны 03 сарын 20-ны өдрийн 5/2693 дугаар албан бичгээр ирүүлсэн. Шүүхийн шийдвэр биелэгдсэн үйл баримт тогтоогдсон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 23/01/343 дугаар тогтоолоор дуусгавар болгож, хөрөнгийн үнэ 125,000,000 төгрөгийг 2023 оны 03 сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн ******* дахь ******* тоот дансанд буцаан шилжүүлсэн.

Иймд, *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн мөнгийг нь буцаан шилжүүлсэн гэж ойлгосон. Бид нар амьдарч буй байраа авч үлдэх гэж ах дүү нартайгаа нийлж байгаад төлбөрийг төлсөн. Бид нарыг уучлаарай гэж хоёр талаас хүсэж байна. Бидний өмчийг хамгаалж өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, нийслэлийн Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, *******байрны ******* тоот хаягт байрлах 125.3 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, *******-ын 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 23/04/343 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах, 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 19261195/164 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-ыг хэрэгжүүлэх боломжит хугацааг тогтоолгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан асуудлуудыг бүрэн үнэлээгүй, шүүх хуралдааны явцад шинжлүүлсэн зарим баримтыг үнэлж үзээгүй буруу шийдвэр гаргасныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1. Нэхэмжлэлийн үндэслэл 2-т заасны дагуу холбогдох бичиг баримтууд хүчинтэй байгааг би шүүхийн мэтгэлцэн дээр нотолсон. Гэвч шүүгч уг баримтыг үнэлээгүй.

5.2. Нэхэмжлэлийн үндэслэл 4-т заасны дагуу холбогдох шийдвэрүүд нь захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн талаар шүүхийн хэлэлцүүлэг дээр мэтгэлцсэнийг шүүгч үнэлээгүй.

5.3. Нэхэмжлэлийн үндэслэл 5, 6-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ялгавартай хандаж, гүйцэтгэх ажиллагааг зориуд 4 cap явуулаагүй талаар шүүхийн мэтгэлцээн дээр би мэдэгдэл, төлбөр төлөгч талд гардуулсан уулзалтын тэмдэглэл зэргээр нотолж мэтгэлцсэнийг үнэлээгүй.

5.4. Нэхэмжлэлийн үндэслэл 7-д шийдвэр гүйцэтгэлийн хуульд нарийвчлан зохицуулсан хуулийн хугацааг дурдсан бөгөөд дээрх хугацаанд төлбөр төлөгч тал төлбөрөө барагдуулаагүй. Гэтэл миний бие дуудлага худалдааны дэнчинг 2021 оны 12 сарын 23-ны өдөр, үлдэгдлийг 2022 оны 11 сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байршуулсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах боломжтой бүтэн 4 сарын хугацаа байсныг мэтгэлцээнээр нотолсон. Гэтэл шүүгч үүнийг харгалзаж үзээгүй.

5.5. Нэхэмжлэлдээ өөрийн зүгээс шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж байсан өргөдөл гомдлын хуулбараа хавсаргасан. Гэвч шүүгч эдгээрийг нотлох баримтаар үнэлж үзээгүй.

5.6. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 13, 18, 21-д шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон гол нотлох баримтаар төлбөр хүлээн авагч *******ны 2023 оны 03 сарын 20-ны өдрийн 5/2693 тоот албан бичгийг үндэслэсэн. Гэтэл үүнээс сарын өмнө уг төлбөр авагч талаас шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2022 оны 12 сарын 26-ны өдөр 5/12883 тоотоор хүсэлт гаргахад хариу өгөөгүй, ажиллагааг 4 сарын хугацаанд явуулахгүй байгааг шүүхийн мэтгэлцээн дээр ярилцсан. Гэтэл шүүгч энэ нотлох баримтыг үнэлээгүй.

5.7. Шүүх хуралд миний бие тухайн эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан мөртлөө яагаад албадан чөлөөлж ажиллагаа явуулахгүй, удаа дараа мэдэгдэл өгөөд, удаашруулаад 4 cap болсон талаар мэтгэлцсэн. Хариуцагч тал мэдэгдлийг хэдэн удаа гардуулж болно, хуулийн дагуу ажиллагаа явуулсан гэснээс өөр тайлбар өгөөгүй. Энэ нь илтэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг зориуд буруугаар ашиглаж, төлбөр авагч талыг залхааж, төлбөр төлөгч талд 6 удаа мэдэгдэл гардуулаад, төлбөр төлөх боломжит хугацааг өөрсдөө санаатайгаар олгож, өөрсдийн хариуцсан ажлаа хийхгүй, төлбөр авагч болон төлөгч талууд өөрсдөө хоорондоо учраа ололцох нөхцөлийг бүрдүүлж, албадан дуудлага худалдаа явагдаад, мөнгө нь дансанд нь 4 cap болсон байхад, миний эрх ашгийг харгалзаж үзээгүйд би гомдолтой байгаа. Үүнийг шүүгч огт үнэлээгүй.

5.8. Миний бие шүүх хуралд хариуцагчаар *******тай маргаж байгаа. Гэтэл шүүх хурлын явцад шүүгч нэхэмжлэгч надаас төлбөр төлөгч талын нөхцөл байдлыг харгалзан үзэж, ярилцаж ойлголцож болохгүй юу? Та юу гэж бодож байна? гэж асуусан. Энэ нь шүүх хурлын зарчимд нийцэж буй эсэхэд эргэлзэж байна.

5.9. Өмнө нь миний бие уг нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 07 сард гаргасан боловч ******* шүүгч нь 2023 оны 08 сарын 28-ны өдрийн 101/Ш32023/19895 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүнээс болж би дахин Сүхбаатар дүүргийн шүүх, Улсын дээд шүүхэд тус тус хандаж байж эргээд харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн шүүхэд энэ гомдлоо гаргасан. Гэвч ******* шүүгч нь дахин миний нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэнд миний бие эргэлзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, хүчингүй болгон миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Улсын дээд шүүхийн тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор өмчлөх эрхийг шилжүүлэх тухай тогтоол гараад, төлбөр төлөгч нарт тухайн орон сууцыг суллан чөлөөлөх тухай мэдэгдлийг удаа дараа гардуулах явцад төлбөр төлөгч нар *******-д төлбөрөө төлсөн. Төлбөр төлөгч төлбөрөө төлбөр авагч руу төлж, төлбөр авагч баримт, хүсэлтээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу ирүүлсэн тохиолдолд үүнийг үндэслээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу дуусгавар болгох үндэслэлтэй. Мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д заасан учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол нь хуульд нийцэж гарсан. Нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн гаргасан тайлбарын агуулга: Албадан чөлөөлөх сүүлийн өдөр 20-ны өдөр байсан. Бид нар мөнгөө 17-ны өдөр төлсөн. Шийдвэр гүйцэтгэх газарт очиход шийдвэр гүйцэтгэгч гадуур ажиллагаанд явсан, *******анд мөнгө тушааж болно гэсэн. 20-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан тоот явуулсан. *******д 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан гэж албан тоот явуулж, мэдэгдсэн гэжээ. 

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, *******байрны ******* тоот хаягт байршилтай, 125.3 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, *******-ын 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 23/04/343 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Гуравдагч этгээд *******, ******* нар хариуцагч талын байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

3. Нэхэмжлэгчийн тодорхойлсон 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 19261195/164 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хэрэгжүүлэх боломжит хугацааг тогтоолгох... гэсэн шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс хасна.

Учир нь, шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацааг тогтоохгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмаар тодорхойлогдоно.  

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/03538 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 110,200,118 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, Энхтайваны өргөн чөлөө, *******байрны ******* тоот хаягт байршилтай 125.13 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг албадан худалдахыг *******т даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр ******* нь 2019 оны 05 сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

5.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх байгууллагаас явуулсан эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, эд хөрөнгийг үнэлүүлэх, анхны албадан дуудлага худалдааг явуулах зэрэг ажиллагаатай хамааралгүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

6. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

6.1. *******-аас 2021 оны 12 сарын 24-ний өдөр явуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд нэхэмжлэгч ******* оролцож, улмаар Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, *******байрны ******* тоот хаягт байршилтай, 125.3 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 125,000,000 төгрөгөөр худалдан авах санал гаргаж, ялагчаар тодорсон;

6.2. ******* нь дуудлага худалдааны дэнчин 12,150,000 төгрөгийг 2021 оны 12 сарын 23-ны өдөр, үлдэгдэл төлбөр 112,850,000 төгрөгийг 2022 оны 01 сарын 07-ны өдөр тус тус шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байршуулсан;

6.3.  Төлбөр төлөгч ******* нь анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, хөрөнгийн үнэлгээг дахин хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/00937 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 210/МА2022/00818 дугаар магадлалаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч талын хяналтын гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 сарын 30-ны өдрийн 001/ШХТ2022/00948 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзсан;

6.4. Улмаар, *******-ын 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 19261195/164 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-оор маргаан бүхий орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оролцогч *******д шилжүүлэхээр шийдвэрлэсэн;

6.5. *******-аас 2022 оны 11 сарын 14, 11 сарын 25, 12 сарын 15, 2023 оны 01 сарын 24, 03 сарын 16-ны өдрүүдэд маргаан бүхий орон сууцыг чөлөөлөхийг төлбөр төлөгч *******, ******* нарт тус тус мэдэгдсэн;

6.6. Орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагааны явцад 2023 оны 03 сарын 20-ны өдөр төлбөр авагч ******* ХХК-аас ...зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул төлбөр төлөгч *******, ******* нарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү... гэсэн агуулгатай хүсэлтийг *******т гаргасан;

6.7. Үүний дагуу, ******* нь 2023 оны 03 сарын 30-ны өдөр 23/04/343 дугаартай тогтоолоор *******, ******* нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, хоёр дахь албадан дуудлага худалдааны ялагч *******д дэнчин, орон сууцны үнэд төлсөн 125,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн.

7. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч ******* нь 2021 оны 12 сарын 24-ний өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд оролцож, ялагчаар тодорч, улмаар *******-аас 2022 оны 11 сарын 25-ны өдөр маргаан бүхий орон сууцыг *******д шилжүүлэхээр шийдвэрлэснээс хойших хугацаанд төлбөр төлөгч *******ийн гаргасан хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолтой холбоотой маргааныг шүүх 2022 оны 09 сарын 30-ны өдөр эцэслэн шийдвэрлэсэн, энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байсан, улмаар орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагааны явцад төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байх тул хариуцагч *******-ыг буруутгах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэж заасан үндэслэлээр дуусгавар болсон байх тул ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосон... гэсэн агуулгатай нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, *******-ын 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 19261195/164 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-д гомдол гаргах эрхийг дурдаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т заасан үндэслэлээр худалдан авагч *******г орон сууцны өмчлөгч гэж тооцох боломжгүйг дурдах нь зүйтэй.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн зохицуулалтыг оновчгүй баримталсан байх тул энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулна. 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 101/ШШ2024/05670 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар хариуцагч *******т холбогдох, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, *******байрны ******* тоот хаягт байршилтай, 125.3 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, *******-ын 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 23/04/343 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2025 оны 01 сарын 22-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2025 оны 02 сарын 21-ний өдөр төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР