Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/627

 

   2019         6             26                                     2019/ШЦТ/627                                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2019/0418/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранбилэг,

улсын яллагч П.Даваасүрэн,

Хохирогч О.О, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал,

Шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Ж.Давааням нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.С-д холбогдох эрүүгийн 19090021580357 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн.  30 настай, эрэгтэй дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, "Эн Ди Пи" ХХК-д тогооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Хос-Өргөө 29а-21 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, С.С /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.С нь 2019 оны 01 сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуульд иргэн О.Отай зааланд сагсан бөмбөг тоглож байх үедээ "бохир хамгааллаа" гэж нүүрэн хэсэгт нь цохиж хамар ясны хугарал, зүүн зовхины цус хуралт гэмтэл учруулан биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С-ийн өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгууллагаараа заал авах болсон. О.О нь намайг орой 100.000 төгрөгийн бооцоотой сагс тоглоё гэж санал тавихаар нь “би хэрэггүй ээ ахын дүү” гэж хэлээд татгалзаад явсан. Тухайн өдрийн орой би ажлынхаа хамт олонтой зааланд тоглосон. Хохирогч намайг тоглож байхад хэд хэдэн удаа дуудаад 100.000 төгрөгийн бооцоотой тоглоё гэж асууж байсан. Эхлээд намайг хэд дуудахад нь би үгүй гэж хэлээд явсан. Олон удаа асууж, шалаад байсан болохоор нь бид бооцоотой тоглож эхэлсэн. О.О нь  тоглоод хожигдоод эхлэхээрээ уурлаад намайг нүүрээрээ мөргөөд, тохойгоороо тохойлдоод нуруу руу ёдроод байсан. Би тухайн үед ахын дүү цэвэрхэн тоглооч гэж хэлсэн боловч за ахаа гэж хэлчихээд ахиад уурлаад байсан. Тэгэхээр нь би уурлаад барьж байсан бөмбөгөө газар тавиад, гарын алга хэсгээр хохирогчийг цохьсон. Намайг эргэж хараад тухайн газраас явахад араас “хамар хугарчихлаа” гэж дуудсан. Энэ талаар сонсоод би буцаж очоод “ахыгаа уучлаарай” гэж хэлээд эмнэлэг дагуулж явсан. Би эмнэлэгт очоод тархины зураг гэх мэт бүх шаардлагатай тусламжийг үзүүлэн, эмнэлэгт үзүүлэхэд хамт явсан байгаа. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хамрын яс хугарсан байсан. Би нэхэмжилж байгаа бүх мөнгийг нь өгсөн байгаа. Одоогоор хохирогчид 4 400 000 төгрөг өгсөн байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.О-н өгсөн: “Би 18 настай. Би энэ ахаас бооцоотой тоглоё гэж хүндлэлгүйгээр асуусан зүйл байхгүй. Шүүгдэгч худал мэдүүлэг өгч байна. Би.. тоглож байгаад гарыг нь цохьсон. Би ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Намайг гарыг нь цохиход шүд рүү мөргөөд 4 удаа хацар руу цохьсон. Би яагаад намайг ингэж байгаа юм бэ? гэж асуусан. Ажлын хүмүүс намайг зодуулж байхад биднийг салгаагүй. Би шүүгдэгчид зодуулснаас болоод шөнө унтаж чадахгүй шоконд орсон байсан. Намайг цохьсоныхоо дараа чи надаас хэдэн төгрөг авмаар байна, би чамд шууд өгчихье гэж хэлж байсан. Намайг босоод зугтаахад “чи яасан бэ” гэх зэргээр хэлж байсан. Би тухайн үед ах руугаа ярьсан болохоо хэлсэн. Би          1 дүгээр сард хацраа эмчлүүлсэн, саяхан хамарны хагалгаанд орсон. Би өдөр бүр хамраа хувийн эмнэлэгт очиж цэвэрлүүлдэг. Би энэ жил Швед улсад явж сургуульд сурах гэж байсан. Би 5 сар ажил хийгээд тухайн мөнгөөрөө гадаад улс руу явах төлөвлөгөөтэй байсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.О /хх-ийн 5/, гэрч Я.Эрхэмбаяр /хх-ийн 7/, яллагдагч С.С /хх-ийн 16-17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №1136 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9/, шүүгдэгч С.С-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр үзэхэд шүүгдэгч С.С нь 2019.01.06-ны өдөр хохирогч О.О-той зааланд сагсан бөмбөг мөрий тавьж тоглож байхдаа хоорондоо маргалдан "бохир тоглолоо" гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт нь цохиж хамар ясны хугарал, зүүн зовхины цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч О.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2019 оны 01 дүгээр сарын 06-нд ажлын газрынхантайгаа заал авсан юм. Ажлын гззрын тогооч ах надтай тоглож байгаад намайг бохир хамгааллаа гээд намайг зодсон эмчид үзүүлэхэд хамар хугарсан, нүд гэмтсэн байна гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 5 тал/

Гэрч Я.Эрхэмбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2019 оны 01 дүгзэр сарын 06-наас 07-нд шилжих шөнө манай байгууллага спорт зааланд тоглосон. Тэгээд бүгд тоглож байгаад С.С, О.О нар хоорондоо мөрийтэй тоглохоор болсон. Би тухайн үед спорт заалны голд гар бөмбөгийн тор татаад зогсож байтал С.С, О.О нар тоглож байгаад маргалдаад байсан. Тэгээд С.С гартаа байсан бөмбөгөө хаяад гараа саваад О.О-г цохих шиг болсон. Тэгээд би гүйж очоод салгатал О.О-н хамар гэмтсэн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №1136 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. О.О-н биед зүүн хоншоорын хөндийн өмнөд хана, зүүн ухархайн доод хана, хамар ясны хугарал, зүүн зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар зрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 9 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2019.5.31-ний №705 дугаартай:

1. О.О-н баруун, зүүн дээд үүдэн 1-р шүднүүдийн сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 105-106 тал/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг звзхдаа Зрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч хэн алиных нь хувьд хүмүүс хоорондын харьцаа, ёс суртахууны наад захын хэм хэмжээ, хүндлэл, хүлээцтэй байдал, харилцааны соёл дутагдсан байдал шууд нөлөөлсөн байгаа хэдий ч  өөрөөсөө олон дүү хүнд үлгэр жишээ үзүүлэх байтал догшин хэрцгий авирлаж хохирогчийг зодож цохиж биед нь гэмтэл учруулж байгаа шүүгдэгч С. С-ийн ухвар мөчид зан байдал нь илүүтэй нөлөөлсөн байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч С.С-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хуульд заасан торгох ял оногдуулж, уг ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч С.С нь өнөөдрийг хүртэлх хугацаанд хохирогчид 4 531 773 төгрөгийг эмчилгээ, хагалгааны төлбөрт өгсөн гэж мэдүүлж байгаа ч хохирогч талаас эмчилгээний зардалд 4.020.573 төгрөгийг шүүгдэгчээс хүлээн авсан талаараа мэдүүлж байна.

Шүүгдэгч С.С нь хохирол төлбөрт нийт 4.020.573 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 40-45, 79-80 дугаар талд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 Шүүх хуралдаан дээр хохирогч О.О нь  Лос-Анжелес ресторанд  зөөгчийн ажил хийгээд 2019.01.06-ны өдрөөс 2019.05.31-ний өдрийг хүртэлх хугацаанд авах ёстой байсан цалин хөлстэй дүйцэх хэмжээний төлбөр 2.925.000 төгрөг, эмчилгээний зардалд 1.542.150 төгрөг, шүүгдэгчээс нийт 4.467.150 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хохирогчийн зүгээс ажилгүй байсан 5 сар орчмын хугацааны цалин сарын       600 000 төгрөгөөр тооцож 2.925.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирогч О.О нь “Эн Ди Пи” ХХК-ийн “Лос Анжелес” ресторанд зөөгчөөр ажиллаж байсан гэх тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэ тодорхойлолтонд О.Оыг сард чухам хэдэн төгрөгийн цалин хөлс авч байсан болох нь тусгагдаагүй, ажил олгогчоос болон О.О-с хэдэн хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт авагдаагүй байх тул дээрх хохирлыг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин хохирогчоос өмгөөлөл хууль зүйн туслалцаа авсан хөлсөнд төлсөн      620 000 төгрөг, шинжилгээний хураамжинд төлсөн 8 050 төгрөг, эмчилгээнд төлсөн 25 000 төгрөг, шүдний шинжилгээ хийлгэсэн төлбөр 180 000 төгрөг, мэдрэлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 709 100 төгрөг нийт 1.542.150 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангасан, хохирогчоос бие эрүүл мэндээ эмчлүүлж, шинжлүүлэхэд гарсан бодит зардлууд байна.

Иймд хохирогчоос нэхэмжилсэн 4.467.150 төгрөгийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангасан 1.542.150 төгрөгийг шүүгдэгч С.С-с гаргуулж, үлдэх 2.925.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Хэрэгт шинжээчийн дүгнэлтэнд хавсарган ирүүлсэн хохирогч О.Оын компьютер томографийн гэрэл зураг 3 ширхэг, СD 2 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч О.О-д буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний холбогдолтой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.С-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.С-с 1.542.150 /нэг сая таван зуун дөчин хоёр мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч О.О-д олгож, үлдэх 2.925.000 /хоёр сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

6. Хохирогч О.О нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт шинжээчийн дүгнэлтэнд хавсарган ирүүлсэн хохирогч О.О-н компьютер томографийн гэрэл зураг 3 ширхэг, СD 2 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч О.О-д буцаан олгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч С.С-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.БОЛДБААТАР