| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0643/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/648 |
| Огноо | 2019-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2019/ШЦТ/648
2019 7 02 2019/ШЦТ/648
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2019/0643/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранбилэг,
улсын яллагч Ж.Энх-Амгалан
шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.О-д холбогдох эрүүгийн 1909007040536 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд худалдагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 16-214 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Э.О /РД: / гэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.О нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 17-р байрны 6 тоотод байрлах өөрийн гэртээ нөхөр Р.А-тай маргалдсаны улмаас хутгалж эрүүл мэндэд нь баруун бугалганы дээд 1/3 хэсгээр нэвт хатгагдаж, цээжний баруун талд 2-3-р хавирганы түвшинд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О-н өгсөн: “Би тухайн үед согтуу байсан тул нөхөртэйгөө маргалдаж уурандаа энэ хэргийг үйлдсэн. Дахин ийм хэрэг хийхгүй, миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Р.А-н мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 354 тоот дүгнэлт, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр шүүгдэгч Эрдэнэбатын Э.О нь 2019.02.07-ны өдөр согтуугаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 17-р байрны 6 тоотод байрлах өөрийн гэртээ нөхөр Раашийн Азжаргалтай гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн шинжтэй зөрчилт байдлын улмаас маргалдан түүнийг хутгалж биед нь баруун бугалганы дээд 1/3 хэсгээр нэвт хатгагдаж, цээжний баруун талд 2-3-р хавирганы түвшинд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Р.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гэтэл үдээс хойш 15 цагийн үед Э.О гэртээ шал согтуу, энгэр заам нь задгай, бага хүүхдээ унагаачих шахаад том хүүхдээ хөтлөөд орж ирсэн. ...өөрийн эрхгүй миний уур хүрч бага хүүхдээ гар дээрээ аваад “манайхаас зайл” гээд Э.О-г хоолой руу нь түлхсэн. Намайг хүүхдийнхээ хувцсыг тайлаад зогсож байтал Э.О гал тогооны өрөөнөөс “энэ юу юм бэ” гээд пицца аваад шидсэн. Би очоод хоолой руу нь түлхтэл Э.О хутга авсан. Би арай дүрчихгүй байх гэж бодсон чинь миний баруун гарын булчинд хутгаар дүрсэн. Э.О их айсан, согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №354 тоот: Р.А-н биед баруун бугалганы дээд 1/3 хэсгээр нэвт хатгагдаж, цээжний баруун талд 2-3-р хавирганы түвшинд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд амьдралын бэрхшээлт байдал, эхнэр, нөхрийн хоорондох харилцааны үл ойлголцол, хохирогчийн зүгээс гэр бүлийн хүчирхийллийг үзүүлдэг зүй бус байдлын улмаас архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, гэр бүлийн асуудлаар хурц ширүүн маргасан нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн байна.
Хэдийгээр гэр бүлийн дотор маргаан зөрчил байгаа боловч шүүгдэгч Э.О-н хувьд бага балчир насны үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх, тэдэнд зөв үлгэр дуурайлал үзүүлэх, эх хүний хувьд хүүхдүүдээ хайр халамжаар дутаахгүй байх, элдэв замбараагүй үг яриа, үйлдэл хийхгүй, хариуцлагатай байх ёстой хүн мөн болно.
Шүүгдэгч Э.О нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.О-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хохирогч Р.А нь гомдол санал байхгүй гэж хавтаст хэргийн 13-р талд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Э.О нь бусдад төлөх төлбөргүй, урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Э.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР