| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06794/И |
| Дугаар | 102/ШШ2016/05128 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2016/05128
2016 оны 09 сарын 19 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05128
| Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбай-3, Голомт банкны төв байранд байрлах Голомт банк ХХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 1 дүгээр гудамж, 11 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Батсайханы Баатарцогт /РД:АЮ90123071/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10.462.083 төгрөг 99 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.Баатарцогт нь 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Голомт банктай ЗГ2705087762 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-г байгуулан 9.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Талуудын хооронд байгуулсан ЗГ2705087762 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-ний хугацаа дуусгавар болсон. Иймд зээлдэгч Б.Баатарцогтоос үндсэн зээлийн үлдэгдэл 7.142.660 төгрөг, үндсэн хүү 3.283.423.99 төгрөг нийт 10.462.083 төгрөг 99 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Төлбөрийн үлдэгдэл болох 10.462.083 төгрөг 99 мөнгийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл сар бүр 200.000 төгрөг төлж, үлдэх 8.462.083 төгрөг 99 мөнгийг 2018 оны 6 дугаар сарын дотор бүрэн төлж барагдуулах саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн саналыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Б.Баатарцогтоос зээлийн гэрээний үүрэгт 10.462.083 төгрөг 99 мөнгө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Баатарцогт нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 10.462.083 төгрөг 99 мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл сар бүр 200.000 төгрөг төлж, үлдэх 8.462.083 төгрөг 99 мөнгийг 2018 оны 6 дугаар сарын дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181.767 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Баатарцогтод холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10.462.083 төгрөг 99 мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл сар бүр 200.000 төгрөг төлж, үлдэх 8.462.083 төгрөг 99 мөнгийг 2018 оны 6 дугаар сарын дотор бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181.767 төгрөгийн 50 хувь буюу 90.883 төгрөг 50 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, үлдэх 50 хувь буюу 90.883 төгрөг 50 мөнгийг хариуцагч Б.Баатарцогтоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ