Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00417

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/05723 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөрт төлсөн 16,335,200 төгрөгийг буцаан гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэлийн агуулга: ******* нь ******* ХХК-тай 2019 оны 09 сарын 06-ны өдөр 01/19 тоот Нийслэл худалдаа үйлчилгээний төвд павилон ажиллуулах түрээсийн гэрээ-г байгуулсан. Уг гэрээний дагуу 1 давхрын 19 тоот 58.34 м.кв талбай бүхий гоо сайхан, гэр ахуй, гоёл чимэглэл, бичиг хэрэг, гар утасны дагалдах хэрэгслийн зориулалтаар бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах зорилгоор 16,335,200 төгрөгийг 2019 оны 09 сарын 06-ны өдөр эхнэрийн дүү *******ын *******ны ******* тоот данснаас шилжүүлсэн. Гэтэл гэрээ байгуулснаас хойш түрээслүүлэгч тал тухайн талбайг түрээслэгч талд хүлээлгэж өгөөгүй, ашиглалтад орохгүй удаж 2 жилийн хугацаа өнгөрсөн. Гэрээний хугацаа дууссан талаар ******* удаа дараа мэдэгдэж, төлбөрөө буцаан авахаар хүсэлт гаргасан боловч өгнө, хүлээж бай гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн.

Иймд түрээслэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан тул 16,335,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: ******* нь түрээсийн гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан талбайг түрээслэн ажилласан бөгөөд түрээсэлсэн хугацааны түрээсийн төлбөр 3,555,165 төгрөг, ашиглалтын зардал 1,260,467 төгрөгийг тус тус төлөөгүй тул түрээсийн төлбөр 16,335,200 төгрөгөөс хасаж тооцуулна гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас 16,335,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239,626 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэж буй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил төдийгүй хариуцагчийн эрхийг хязгаарлаж буй үйлдэл юм.

4.2. Анхан шатны шүүх хэргийг зөвхөн нэхэмжлэгч талын гаргасан баримтын хүрээнд шийдвэрлэсэн. Тодруулбал, хариуцагч талаас нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээн дээр маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч нараас мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасан байхад шүүхээс нотлох баримт бүрлүүлэх ажиллагааг явуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь шүүхээс дуудсан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Уг нөхцөл байдлын улмаас анхан шатны шүүхээс хариуцагчийг албадан ирүүлсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж авснаас хойш хариу тайлбар гаргах хугацаандаа тайлбараа гаргаагүй. Мөн хариуцагч нь анхны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Анхан шатны шүүхээс хариуцагчийг биечлэн оролцуулахын тулд тухайн шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Хоёр дахь шүүх хуралдаанд хариуцагч нь ирээгүй атлаа шүүх хуралдааныг хойшлуулахын тулд хүсэлт гаргасан. Гэвч тухайн хүсэлтэд хавсаргасан акт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан учраас нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргаж өгөх боломжтой байсан. Мөн хэргийн оролцогчид маргааны үйл баримтыг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй боловч хариуцагч нь уг үүргээ биелүүлээгүй. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан саналыг харгалзан үзэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.  

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт төлсөн 16,335,200 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагч тал 2024 оны 12 сарын 02-ны өдрийн хүсэлтдээ нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр 3,555,165 төгрөг, ашиглалтын зардал 1,260,467 төгрөгийг тус тус төлөөгүй тул түрээсийн төлбөр 16,335,200 төгрөгөөс хасаж тооцуулна гэсэн агуулгыг илэрхийлсэн байхад анхан шатны шүүх хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй гэж дүгнэж, улмаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагч талын гаргасан татгалзлыг тусгаагүй орхигдуулжээ.

4. Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 12 сарын 02-ны өдөр ирүүлсэн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүсэлтэд хавсаргасан баримт нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр хангахаас татгалзаж, улмаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасан шүүх хуралдаанд биечлэн оролцож үг хэлэх, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн байна.

Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээр дурдсан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтдээ 2024 оны 11 сарын 22-ны өдрөөс 12 сарын 02-ны өдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа тухай дурдаж, хүсэлтэд холбогдох эмнэлгийн магадлагааг хавсаргасан байна.

Тус хүсэлт, магадлагааг хариуцагч тал шүүхэд цахимаар хүргүүлсэн гэж тайлбарлаж байх тул анхан шатны шүүхийн хийсэн хүсэлтэд хавсаргасан баримт нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 44 дүгээр зүйлийн 44.5-д заасантай нийцээгүй байна.

5. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаатай холбоотойгоор зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, хэргийн үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/05723 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 239,626 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР