Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00418

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/05789 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: орон сууц чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 13,000,000 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: ******* нь 2021 оны 08 сард өөрийн ач хүү *******т *******ХХК-аас 2 өрөө орон сууц захиалж, уг орон сууц 2022 оны 10 сард ашиглалтад орсон. Тухайн үед ******* нь эцэг, эх, эмээгийн хамт Баянзүрх дүүрэг, ******* хороо, *******гудамж, ******* тоот хаягт оршин суудаг байсан тул өмчлөх эрхийн гэрчилгээ гарахаар байрандаа нүүж очихоор төлөвлөсөн байсан. Гэтэл түүний төрсөн эцэг *******ын төрсөн дүү******* нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гартал би эхнэр хүүхэдтэйгээ байранд чинь амьдарч байя гэж гуйхаар нь зөвшөөрсөн. Ингээд 2023 оны 03 сард үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан тул байрыг суллаж өгөхийг шаардахад*******ын хамтран амьдрагч ******* нь танай ах чинь намайг байранд амьдруулна гэж энд авчирсан тул гарахгүй гэж маргасан. *******т ямар ч хамааралгүй асуудлаар хэрүүл хийж өнөөдрийг хүртэл түүний орон сууцыг суллаж өгөхгүй өмчлөх эрхэд саад учруулж байна. Тухайн орон сууцанд ******* нь 2022 оны 09 сарын 12-ны өдрөөс эхлэн өнөөг хүртэл 13 сар амьдарч байгаа бөгөөд нэг сарын түрээсийн төлбөрийг 1,000,000 төгрөгөөр тооцоход 13,000,000 төгрөг болно.

Иймд, Баянзүрх дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, *******байрны ******* 2 өрөө орон сууцыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, түрээсийн төлбөрт 13,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: ******* миний бие 2007 онд*******тай анх танилцан хамтран амьдарсан. Бидний дундаас 2009 оны 01 сарын 25-ны өдөр охин ******* төрсөн.******* нь байнгын архи уудаг, гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2010 онд охин бид хоёр явсан байсан. Гэтэл 2020 онд******* гэнэт гарч ирэн охинтойгоо уулзаад охиноо эрүүл саруул, өсгөн хүмүүжүүлэхэд нэг ч удаа оролцож байгаагүйд намайг уучлаарай, харин одоо охиндоо байр авч өгнө гэсэн. Ингээд 2021 оны 08 сарын 15-ны өдөр *******ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, төлбөрийг төлсөн. Тус байранд ******* миний бие охины хамт 2022 оны 08 сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байна. Дээрх орон сууц захиалан бариулах гэрээг байгуулах үед охин ******* насанд хүрээгүй байсан тул******* өөрийн төрсөн эгчийн хүү *******ын нэр дээр тус гэрээг байгуулсан.

Иймд, *******ын орон сууц чөлөөлүүлэх, түрээс төлбөрт 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан *******, ******* гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* байр ******* 43,2 м.кв 2 өрөө сууцыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 293,150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч *******ээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 4.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Маргаан бүхий орон сууц захиалан бариулах гэрээг хийхэд охин ******* нь насанд хүрээгүй байсан тул******* өөрийн төрсөн эгчийн хүү *******ын нэр дээр уг гэрээг байгуулсан. Энэ талаар *******ХХК-ийн борлуулалтын менежер *******ийн 2024 оны 09 сарын 04-ний өдрийн мэдүүлэг хэрэгт авагдсан.

4.2. *******ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг 2 хувь үйлдэж 1 хувь нь захиалагч талд, 1 хувь нь гүйцэтгэгч тал *******ХХК-д үлддэг талаар гэрч мэдүүлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь орон сууц захиалан бариулах гэрээг манайх гаргаж өгнө гэсэн боловч өгөөгүй. Учир нь, тухайн гэрээний 1 хувь захиалагч тал болох хариуцагчийн охин *******д байсан ба тус гэрээний дагуу орон сууц ашиглалтад орох үед гэрээг үзүүлэн маргаан бүхий орон сууцанд орсон. Гэтэл анхан шатны шүүх нь дээрх гэрчийн мэдүүлгийг ямар үндэслэлээр үгүйсгэсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн шийдвэртээ тусгаагүй орхигдуулсанд гомдолтой байна.

4.3. Мөн 2024 оны 03 сарын 15-ны өдрийн *******-ийн өгсөн маргаан бүхий орон сууцыг аав /*******/ надаар өөрөөр минь сонгуулан, надад авч өгсөн, дүү *******ын нэр дээр гэрээ хийсэн гэх мэдүүлэг хэрэгт авагдсан. Энэ талаар анхан шатны шүүх мөн адил үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хууль бусаар амьдарсан мэт шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.4. Талуудын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан маргааныг шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу маргаан бүхий орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч ******* нь улсын бүртгэлд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Мөн анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

  ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Баянзүрх дүүргийн ******* хороо, *******, ******* гудамж, *******байрны ******* хаягт байршилтай, 43.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...маргаан бүхий орон сууцыг******* нь охин *******д авч өгч, төлбөрийг нь төлсөн, тухайн үед ******* нь насанд хүрээгүй байсан тул*******ын дүү *******ын нэр дээр гэрээ байгуулсан... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

4. Хэргийн 76-82, 148-154-р талд *******ХХК болон ******* нарын байгуулсан 2021 оны 08 сарын 15-ны өдрийн 61 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ авагдсан, уг гэрээнд *******ХХК нь Баянзүрх дүүргийн ******* хороонд баригдаж буй орон сууцны барилгын ******* давхрын E загварын 43.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2022 оны 1-р улиралд багтаан барьж, ашиглалтад оруулах, ******* нь 1 м.кв-ыг нь 1,590,000 төгрөгөөр тооцож, нийт 68,688,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тусгажээ.

Улмаар, дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ *******ын нэр дээр 2023 оны 03 сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ.

5. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зохицуулсан нэхэмжлэгч *******ыг маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэж үзнэ.

Иймд, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч *******ээс шаардах эрхтэй.

6.  Хариуцагч ******* нь охин *******-ийн хамтаар дээрх орон сууцанд 2022 оны 08 сараас хойш одоог хүртэл амьдарч байгаа үйл баримт нь түүнийг уг орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй.

Түүнчлэн, хариуцагч ******* нь хариу тайлбартаа ...маргаан бүхий орон сууцыг******* нь охин *******д авч өгч, төлбөрийг нь төлсөн... гэж тайлбарлах боловч уг тайлбар нь гэрч*******ын өгсөн ...манай дүү энэ байрыг авсан, надад тэр байрыг авах мөнгө байхгүй, харин хамт түрээсэлж амьдрах бодол байсан..., ...тухайн орон сууцтай холбоотой төлбөр төлсөн зүйл байхгүй... гэсэн гэрчийн мэдүүлгээр няцаагддаг.

Мөн, *******ХХК-д*******аас мөнгө төлж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй, харин нэхэмжлэгч *******оос 25,688,000 төгрөг төлсөн баримт авагдсан, уг дүн нь гэрээнд тусгагдсан төлбөрийн хуваарьт бичигдсэн дүнтэй тохирч байгааг дурдах нь зүйтэй.

7. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар орон сууц өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр баталгааждаг буюу гэрчийн мэдүүлгээр тодорхойлогдохгүй тул ...анхан шатны шүүх гэрч *******, ******* нарын мэдүүлгийг үнэлээгүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсан түрээсийн төлбөр 13,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхгүй.

9.  Зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй байтал анхан шатны үүргийн зөрчилтэй холбоотой хохирол шаардах тухай Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан зохицуулалтыг баримталсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох-оор зохицуулсан байтал анхан шатны шүүх ...13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн нь найруулгын хувьд алдаатай болсон тул уг алдааг давж заалдах шатны шүүх мөн залруулна.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/05789 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн ******* хороо, *******, ******* гудамж, *******байрны ******* хаягт байршилтай, 43.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч *******д даалгаж, үлдэх 13,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.1... гэснийг хасаж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР