Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 516

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг,

Улсын яллагч Ц.Майбаяр,

Шүүгдэгч Л.П, түүний өмгөөлөгч Р.Бадмаа,

Хохирогч Ж.Отгонрагчаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатад овогт Л.Пд холбогдох эрүүгийн 1811015891069 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Баатад овогт Л.П, Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонт 8 дугаар гудамж 3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Содон хороолол 104-46 тоотод түр оршин суух,

Урьд: - Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 2 сарын 23-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ........................................................

         Шүүгдэгч Л.П /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь өөрийгөө Татварын ерөнхий газарт ажилладаг Сарангэрэл гэж танилцуулан “хүүхдийг чинь ажил, сургуульд оруулж өгнө, цэргийн алба хаасан үнэмлэхийг гаргуулж өгнө” гэж иргэн Ж.Отгонрагчааг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2017 оны 6 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд удаа дараагийн үйлдлээр бэлэн болон бэлэн бус хэлбэрээр нийт 25.045.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Пгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Отгонрагчаагаас 25.045.000 төгрөгийг залилсан гэж бичсэн байсан, үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нийт 16 сая төгрөгийг авсан, үүнээс 9 төгрөгийг бэлнээр ажлынх нь гадаа өгсөн. Одоо үлдэгдэл 7 сая төгрөг дутуу байгаа, нэмж мөнгө төлөөгүй байгаа ...Отгонрагчаа миний 5100218917 дугаартай данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгийг нь модны 2-ын ойролцоо байдаг Хаан банкнаас бэлнээр аваад Бат-Эрдэнэтэй Мандах бүртгэл дээд сургуулийн хажууд уулзаад мөнгө, бичиг баримтны хуулбарыг нь өгсөн. Өгөхдөө ямар нэг бичиг баримт дээр гарын үсэг зурсан зүйл байхгүй ...2017 оны 8 сарын 23-ны өдөр Бат-Эрдэнэ над руу өөрөө залгаад дуудахаар нь Мандах бүртгэл дээд сургууль дээр уулзахад магистрийн диплом авч  болох юм шиг байна гэхээр нь Отгонрагчаад диплом авч болно гэсэн ...2017 оны 10 сарын 10-нд Бат-Эрдэнэ залгаад магистрийн 2 жилийн төлбөрийг өгчих гэж байна гэхээр нь Отгонрагчаад диплом авч болно гэсэн ...2017 оны 10 сарын 10-нд Бат-Эрдэнэ залгаад магистрийн 2 жилийн төлбөрийг өгчих гэж байна гэхээр нь Отгонрагчаад хэлтэл зөвшөөрсөн. 2.500.000 төгрөг хэрэгтэй гээд маргааш нь Отгонрагчаа ажил ихтэй байна, мөнгө бэлэн ирээд авчих гэсэн. Тэр өдрөө очиж аваад Бат-Эрдэнэд өгсөн. 2017 оны 11 сарын 26-нд Бат-Эрдэнэ багш 3 сая төгрөг хэрэгтэй байна гээд асуусан би Отгонрагчаад хэлэхэд өөрт байхгүй хүнээс хүүтэй зээлнэ гээд 3 сая төгрөгийг миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би 3 сая төгрөгийг Бат-Эрдэнэ багштай сургууль дээр уулзаад өгсөн. Цагаан сарын өмнө би Отгонрагчаагаас 1 сая төгрөг зээлээч ээ, хэрэг болоод байна, цагаан сар өнгөрөөгөөд буцаагаад өгнө гэж хэлэхэд миний Хаан банкны данс руу 500.000 төгрөгөөр 2 удаа хувааж шилжүүлсэн ...Отгонрагчаагаас нийт хүүхдийнх нь сургуульд гэж 8 сая төгрөг, өөртөө 1 сая төгрөг, гуталны 1.200.000 төгрөгний үнэ бүхий гутал авсан ...” гэх мэдүүлэг /хх-36-37х/,

Шүүгдэгч Л.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ж.Отгонрагчаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Татварын ерөнхий газар ажилладаг гэж өөрийгөө танилцуулсан Сарангэрэл гэх эмэгтэйтэй танилцсан. 2017 оны 6 сард Сарангэрэл манай ажил дээр ирээд танай хүүхдийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст ажилд оруулж өгнө гэж хэлээд 2.500.000 төгрөг бэлнээр авсан. Үүний дараа ...татварын хэлтэст ажилд оруулах худлаа болсон гаалийн ерөнхий газарт оруулаад өгье гэж хэлээд нэмж 1.500.000 төгрөг Пүрэвсүрэн гэх хүний 5100218917 дугаартай данс руу хийлгэж авсан ...Сарангэрэл 80121123 дугаартай байсан. Мөнгийг өөрийн жолооч гэж хэлсэн Пүрэвсүрэн гэх хүний 5100218917 дугаартай дансаар байнга авдаг байсан. Гаальд ороход заавал төрийн албан хаагчийн шалгалт өгсөн байх ёстой шалгалтын мөнгө гэж 600.000 төгрөг бэлнээр авсан. Мөн хэсэг хугацааны дараа танай хүүхдийг Гаалийн ерөнхий газарт ажилд оруулах гэсэн заавал цэргийн албыг биеэр хаасан байхыг шаардаад байна, манай нөхөр Зэвсэгт хүчний Жанжин штабт ажилладаг, чи надад 2 сая төгрөг өгчих би хааснаар бичиг аваад өгье гэхээр нь 2 сая төгрөг Пүрэвсүрэн гэх хүний данс руу хийсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа танай хүүхэд заавал магистрийн зэрэгтэй байх ёстой юм байна. Танай хүүхдийг Мандах бүртгэл сургуулийн магистрийн ангид оруулаад өгье ...энэ жил зөвхөн сургалтын төлбөрийг нь хийгээд дараа жилээс сургуульдаа биеэрээ суугаад төгсчихнө биз гэж хэлээд 2.5 сая төгрөг авсан. Оны өмнө дахин яриад энэ жилдээ шууд төгсөх боломж байна, дараа жилийн төлбөр болох 2.5 сая төгрөгийг чи одоо өгчих гэхээр нь мөн л дансаар өгсөн ...ажилд ороход барьцааны 1.5 сая төгрөг хийсэн ...одоо өөрийнхөө дансны хуулгыг харахад Пүрэвсүрэн рүү 18.650.000 төгрөгийг шилжүүлсэн. Бэлнээр 6.395.000 төгрөг өгсөн байна ...Пүрэвсүрэн манай ажлын гадна ирээд надад 6.700.000 төгрөгийг хар уутанд хийгээд өгсөн. 700.000 төгрөг задгайгаараа, 6 сая төгрөг нь 1, 1 сая төгрөгөөр резинээр боосон байсан. Авсан мөнгөнөөсөө 1 сая төгрөгийг Сайнжаргалд өгөөрэй гээд үлдсэн мөнгийг намайг өрөндөө өгчихгүй юу гээд өгсөн. 9 сая төгрөг огт байгаагүй. Худлаа мэдүүлсэн байна ...Пүрэвсүрэнгийн өгсөн 6.700.000 төгрөгөөс надад 5.700.000 төгрөг ирсэн учраас энэ мөнгөө хасаад 19.445.000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-18-22х/,

Хохирогч Ж.Отгонрагчаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надаас 25.145.000 төгрөгийг бэлнээр авсан юм. Миний хүүхдийг шалгалтанд тэнцүүлнэ, ажилд оруулж өгнө гэх байдлаар тайлбарлаж увуулан авсан юм. Хамаагүй миний данс руу явуулж болохгүй гэж хэлээд манай жолоочийн данс руу шилжүүлж байгаарай гэж хэлээд дансаар мөнгө авдаг байсан. Анх өөрийгөө танилцуулахдаа Сараа гэж танилцуулсан. Би Сайнаагаас мөнгө зээлсэн байсан болохоор Л.П 6.700.000 төгрөг өгөхөөр нь зээлсэн мөнгөө Сайнаад өгсөн юм. Хэдэн удаа 100.000 төгрөгөөр цувуулж авсан одоо нийт 19.445.000 төгрөгийг Л.Пгээс гаргуулж авмаар байна. Би Л.Пд шүүх хуралд орохоос өмнө мөнгөө төлж болохгүй юм уу гэх байдлаар ойлголцох гэж хэлж байсан. Өөрийнхөн нэр дээр байсан байшинг ээжийнхээ нэр дээр шилжүүлсэн байсан” гэв.

Гэрч Ё.Ариунчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2005 оноос хойш энэ сургуульд ажиллаж байна. Манай сургуульд Бат-Эрдэнэ гэж хүн огт ажиллаж байгаагүй. Ийм нэртэй цагийн багш ч байгаагүй. Мэдээллийн сан буюу сургалтын программаасаа шүүхэд ийм нэртэй /Лхамсүрэнгийн Пүрэвсүрэн/ хүн төгсөөгүй, бас элсэн суралцаагүй байна. Манай программд зөвхөн сургууль төгссөн биш элсэн орсон бүх хүмүүсийн мэдээлэл байдаг” гэх мэдүүлэг /хх-29х/,

Гэрч Н.Сайнжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Пүрэвсүрэн гэж би танихгүй. Сүүлд Отгонрагчаагаас бид нарын мэдэх Сараа гэж дуудаж байсан эмэгтэйг Пүрэвсүрэн гэдгийг олж мэдсэн. Бид нарт нэрээ худлаа хэлсэн байсан ...Анх Жаргалсайхан Сарааг танидаг гэж байсан татварын ерөнхий газарт ажилладаг гэж хэлж байсан. Отгонрагчаатай уулзахаар ажил дээр нь очиход Сараа цуг байж байдаг байсан. Намайг 2017 оны өвөл Солонгос яваад ирэхэд Сараа Отгонрагчаагийн ажил дээр байж байхдаа надтай уулзаад өөрийгөө Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байгаа, бөөнөөрөө Австри улс руу явах гэж байгаа юм, надад халаасны мөнгө хэрэг болоод байна 1 сая төгрөг зээлээч гэхээр нь би бэлнээр маргааш өглөө нь Отгонрагчаагийн ажил дээр аваачиж өгсөн. Тэрнээс хойш мөнгө өгөхгүй байхаар нь би Сарааг хайж Татварын ерөнхий газар очоод Сараа гэж хүнийг асуухад ийм нэртэй хүн байхгүй гэж хэлсэн. Дараа нь дахиад Санхүүгийн зохицуулах хороо ороод асуухад мөн адил Сараа гэж хүн ажилладаггүй гэж хэлсэн. Би дотор орж хоёулангийнх нь хүний нөөцийн ажилтнаас асуусан ...удалгүй Отгонрагчаад надаас авсан 1 сая төгрөгөө өгсөн байсныг би очиж авсан ...Би нарийн сайн учрыг нь мэдэхгүй байна. Гэхдээ Отгонрагчаагаас сонсоход өөрөөс нь мөнгө зээлж мөн хүүхдийг нь сургууль ажилд оруулж өгнө гэх зэргээр хэлж мөнгө авсан. Ажил дээр нь очих үед энэ талаар Сараагийн ярьж байхыг ч сонсож байсан” гэх мэдүүлэг /хх-30х/,

Гэрч О.Хос-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ээж 2017 оны зун намайг Гаальд оруулаад өгөх хүн байна аа, чи ажиллах уу гэж надаас асуухад би зөвшөөрсөн. Тэрнээс хойш дахиад намайг магистрт бүртгүүлж магистр болгох шаардлагатай гээд манай ээжээс тэр хүн нь мөнгө авсан байсан. Миний хувьд ээжтэй хамт Сараа гээд эмэгтэйтэй Халдварт орчим байдаг ресторанд уулзсан. Тэр Сараа гэдэг хүн хэлэхдээ намайг баруун аймагт гаалийн хэлтэст оруулж өгнө, бас Мандах дээд сургуульд магистрт бүртгүүлнэ гэж хэлсэн, өөрөө танидаг хүнтэй болохоор санаа зоволтгүй найдвартай оруулна гэж хэлсэн. Магистрын хувьд өмнө нь Мандах дээд сургуульд сурч байснаар бүртгүүлээд 2018 оны 01, 02-р сард диплом нь гарчихна гэж хэлсэн. Тухайн үед тэр эмэгтэй өөрийгөө Сараа гэж танилцуулсан, манай ээж ч гэсэн Сараа гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх-31х/,

Депозит дансны хуулга /хх-45-74х/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл “...2017 оны 6 сарын 8-ны өдрөөс 2018 оны 02 сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Отгонрагчаагаас 5100218917 дугаартай данс руу нийт 18.650.000 төгрөг, Пүрэвсүрэн нь тухайн данснаас Отгонрагчаагийн 5025344696 дугаартай данс руу 2017 оны 9-р сарын 26-ны өдөр 100.000 төгрөг, 2017 оны 10-р сарын 10-ны өдөр 100.000 төгрөг тус тус шилжүүлсэн ...” /хх-13х-14х/,

Мандах их сургуульд Бат-Эрдэнэ нь ажиллаж байгаагүй, Лхамсүрэнгийн Пүрэвсүрэн, Отгонрагчаагийн Хос-Эрдэнэ нар элсэж суралцаж байгаа тухай албан бичиг /хх-105х-108х/,

Шүүгдэгч Л.Пгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-40х/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-43-45х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Л.П нь өөрийгөө Татварын ерөнхий газарт ажилладаг Сарангэрэл гэж танилцуулан “хүүхдийг чинь ажил, сургуульд оруулж өгнө, цэргийн алба хаасан үнэмлэхийг гаргуулж өгнө” гэж иргэн Ж.Отгонрагчааг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2017 оны 6 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд удаа дараагийн үйлдлээр бэлэн болон бэлэн бус хэлбэрээр нийт 25.045.000 төгрөгийг залилан авсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Л.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон удаа дараагийн үйлдлээр бэлэн болон бэлэн бус хэлбэрээр нийт 25.045.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Л.Пг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан түүнд хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Л.П нь хохирогч Ж.Отгонрагчаад учруулсан 19.045.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байх ба хохирлыг гаргуулан хохирогч Ж.Отгонрагчаад олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурьдав.