| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2023/05874/И |
| Дугаар | 210/МА2025/00431 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00431
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/04660 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 126,874,126 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн эрх залгамжлагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Талууд 2022 оны 12 сарын 01-ний өдөр 22-18 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн *******хороонд баригдаж буй ******* хотхоны ******* блокны гадна металл фасад угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, гэрээт ажлын хөлс 275,146,750 төгрөг төлөхөөр тохирсон. ******* ХХК нь гэрээнд заасан ажил үүргээ зохих ёсоор хийж, 2023 оны 08 сарын 11-ний өдөр ажлын гүйцэтгэлийн акт үйлдэн 80,170,790 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцсон. Мөн талууд 2023 оны 04 сарын 16-ны өдөр 2023/04/16/02 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, А блокын 7 ширхэг хаус, Б блокын 5 ширхэг хаус, нийт 12 барилга, газар шорооны ажил, гар тэгшилгээ, нягтруулга хийх, 12 хаусны суурийн ажил, зоорийн давхрын шалны арматурчлал, бетон, зоорийн 1, 2-р давхрын арматурчлал, мужааны угсралт, бетон, парпетны угсралт, барилгын талбайд хэрэглэгдэх бүх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ажил гүйцэтгэгч хариуцахаар тохиролцож, ажлаа хийж гүйцэтгэсэн. Тус гэрээний гүйцэтгэлийг 2023 оны 10 сарын 10-ны өдөр талууд дүгнэж, материалын акт үйлдэж, гүйцэтгэлийн төлбөрөөс нийт 24,961,400 төгрөг, НӨАТ-ын 42,029,200 төгрөгийг тус тус хасаж, үлдэгдэл 41,886,400 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон. Уг гэрээний 6.1-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги хоног тутамд тооцон 4,816,936 төгрөгийг нэмж нэхэмжилнэ.
Иймд, 2022 оны 12 сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх үүрэгт 80,170,790 төгрөг, 2023 оны 04 сарын 16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41,886,400 төгрөг, алданги 4,816,936 төгрөг, нийт 126,874,126 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч компанитай 2022 оны 12 сарын 01-ний өдөр, мөн 2023 оны 04 сарын 16-ны өдөр тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар маргахгүй. ******* ХХК нь гэрээнд заасан ажлуудыг дутуу, чанарын шаардлага хангахгүй, зураг төсөл, стандартын дагуу хийгээгүйгээс болж төсөл хэрэгжүүлэгч ******* ХХК нь ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж аваагүй. ******* ХХК манай *******ХХК-д албан шаардлага ирүүлснийг ******* ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. ******* ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс ажил гүйцэтгэсэн төлбөрөө өнөөдрийг хүртэл авч чадаагүй. ******* ХХК нь төсөл хэрэгжүүлэгч ******* ХХК-тай ажлаа хүлээлцэж чадаагүйгээс үлдэгдэл санхүүжилтийг аваагүй хохирсон.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *******ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 126,874,126 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК-аас 792,320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. ******* ХХК нь гэрээнд заасан ажлуудыг дутуу, чанарын шаардлага хангахгүй, зураг төсөл, стандартын дагуу хийгээгүйгээс төсөл хэрэгжүүлэгч ******* ХХК нь ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж аваагүй байхад төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ******* ХХК нь манай *******ХХК-д албан шаардлага ирүүлж байсныг *******" ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. Харлагийн нуруу ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс ажил гүйцэтгэсэн төлбөрөө өнөөдрийг хүртэл авч чадаагүй.
4.2. ******* ХХК-ийн захирал ******* нь 2024 оны 11 сарын 07-ны өдөр нас барсан. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т олгосон итгэмжлэл дуусгавар болсон буюу хүчингүй болсон байхад үүнийг шүүхэд мэдэгдэлгүй шүүх хуралд нэхэмжлэгчийг төлөөлж оролцсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
******* нь 2024 оны 11 сарын 07-ны өдөр нас барсан. Шүүх хуралдаан 2024 оны 11 сарын 13-ны өдөр явагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар эрх залгамжлагч нь аль ч шатанд төлөөлөх эрхтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Барилгыг бариулсан атлаа ******* төлбөрөө төлөөгүй 2 жил болж байна. Мөнгийг өөрөө авч хэрэглэсэн. Талийгаачийг амьд байхад нэг удаа ч хуралд оролцож байгаагүй. Чанарын шаардлага хангаагүй, стандартад нийцээгүй гэж маргасан боловч нотлох баримтыг хариуцагч тал шүүхэд ирүүлээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 126,874,126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал *******гаас 2024 оны 05 сарын 16-ны өдөр *******т тус компанийг төлөөлөх бүрэн эрхийг итгэмжлэлээр олгож, улмаар ******* нь хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 11 сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож, тайлбар гарган мэтгэлцжээ.
4. Гэтэл нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал ******* нь 2024 оны 11 сарын 07-ны өдөр нас барсан болох нь холбогдох нас барсны гэрчилгээгээр нотлогдож байх ба уг үйл баримтыг итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд мэдэгдээгүй байна.
5. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.2.3-т төлөөлүүлэгч нас барсан бол төлөөлөл дуусгавар болохоор хуульчилсан тул нэхэмжлэгч ******* ХХК-ийг ******* нь 2024 оны 11 сарын 07-ны өдрөөс төлөөлөх эрхгүй, улмаар анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд тус компанийг төлөөлж оролцсон нь буруу болжээ.
6. Дээрх нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн үндэслэлд хамаарах тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
7. Ийнхүү, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, маргааны үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтад давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/04660 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 792,321 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР