| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 151/2024/01181/И |
| Дугаар | 223/МА2025/00004 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 223/МА2025/00004
2025 3 07 223/МА2025/00004
..............ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 151/ШШ2024/01019 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ........ тоотод оршин байрлах, ..............ХХК /........./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................ оршин байрлах, .............. ХХК /.........../-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,031,740 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч .............. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн тус шүүхэд хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хонгорзул,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу хариуцагч .............. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахдаа гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүй байх зарчмыг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээг тогтоов.
1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг зөрчсөн зүйлгүй, хэрэгт авагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон байх ч хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг хэрэглэлгүй орхигдуулсан байгаа тул давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч ..............ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихдээ: “... ..............ХХК нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний хавсралтад заасан, шаардлага хангасан CPW Plus 150 L загварын электрон жинг захиалгын дагуу нийлүүлэх үүргээ биелүүлж, Хэмжил зүйн тухай хуулийн дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын баталгаажуулалтын лабораторийн шалгалт, тохируулгад хамруулан .............. ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нь манайхаас шилжүүлсэн электрон жинг хүлээн авч хэрэглэсэн атлаа гэрээ дүгнэж акт үйлдэхгүй, холбогдох төлбөрийг өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй тул гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.2-т заасан болон Иргэний хуулийн холбогдох заалтуудыг баримтлан худалдсан барааны үнэ 6,540,000 төгрөг, алданги 2,491,740 төгрөг /19620*127 хоног/, нийт 9,031,740 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэж тодорхойлсон.
Хариуцагч .............. ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа “...гэрээний дагуу электрон жинг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан ч ..............ХХК нь гэрээний 3.1.3-т заасны дагуу захиалагчийн техникийн шаардлагын дагуу захиалсан тоо хэмжээгээр, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг түүнтэй холбоотой баримт бичгийн хамт захиалагчийн өмчлөлд нийлүүлэх үүргээ биелүүлээгүй буюу жинг Стандарт хэмжил зүйн газрын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/136 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх журам”-д заасны дагуу загварын туршилтад хамруулаагүйн улмаас үндсэн төлбөр болон алдангийг төлөхөөс татгалзаж байна” гэх агуулгаар маргасан.
3.Харин талууд 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 137/24 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, тухайн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч тал нь CPW plus 150L маркийн 4 ширхэг электрон жинг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч талд хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргаагүй байна.
4.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан “Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч тал нь гэрээний дагуу худалдсан барааны үнийг нэхэмжлэх эрхтэй, харин ...хариуцагч ..............ХХК нь өөрийн буруугаас гэрээний төлбөр төлөх үүргийн хугацааг хэтрүүлсэн гэж үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар хариуцагчаас 6,540,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 2,491,740 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
5.Дээрх шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч ..............ХХК-тай гэрээ байгуулахаар хэлэлцэн тохиролцох үедээ электрон жинг худалдаа үйлчилгээний зориулалтаар буюу Чингис Хаан Олон Улсын Нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигчдын ачаа, тээшийг жигнэх зорилгоор авч байгаагаа илэрхийлсэн байхад нэхэмжлэгч тал нь гэрээний 1.2-т заасны дагуу OIML гэрчилгээг буюу гол дагалдах баримт бичгийг гаргаж өгөөгүй, Хэмжил зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.2, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны А/136 дугаар тушаалын хавсралтаар баталсан “хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх” журамд зааснаар загварын туршилт болон шалгаж баталгаажуулах ажиллагаанд хамруулаагүй. Өөрөөр хэлбэл дээрх зохицуулалт нь нэхэмжлэгч талын үүрэг байхад шүүх анхаараагүй шийдвэрлэсэн, хариуцагч нь гэрээнээс татгалзах эрхтэй гэдгийг шүүх дүгнээгүй, доголдлыг арилгуулахаар шаардлага гаргаж байснаа нотлоогүй гэж дүгнэсэн нь буруу, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь хянаж хэргийг шийдвэрлээгүй... хариуцагч талаас электрон жинг хууль, журамд заасны дагуу загварын туршилт, шалгалт баталгаажуулалтад оруулан гэрчилгээ гаргаж өгөх, эсхүл бид өөрсдөө энэ ажиллагааг гүйцэтгэж, гарсан зардлыг нь 6,540,000 төгрөгөөс хасаад үлдэгдэл мөнгийг ..............ХХК-д өгөх гэсэн байдлаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
6.Анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл, ..............ХХК нь ..............ХХК-тай 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 137/24 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээ ёсоор нэхэмжлэгч нь CPW plus 150L маркийн 4 ширхэг электрон жин, түүнтэй холбоотой баримт бичгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч барааны үнэ 6,540,000 төгрөгийг барааг хүлээн авч, гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээс хойш ажлын 15 хоногийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр талууд тохиролцсон нь хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.
Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөв тодорхойлон, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан “худалдах, худалдан авах” гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
7. Нэхэмжлэгч ..............ХХК нь хариуцагч ..............ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу 4 ширхэг электрон жинг хүлээлгэн өгөхдөө Хэмжил зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.2, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны А/136 дугаар тушаалын хавсралтаар баталсан “хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх” журамд заасны дагуу хүлээлгэн өгөөгүй боловч нэхэмжлэгч тал өөрсдөө худалдан авах бараа бүтээгдэхүүний сонголтыг хийж захиалсан байх ба худалдан авах үйлчилгээний мэргэжилтэн .............., гүйцэтгэгчийг төлөөлж С.Д нар ажил, бараа хүлээлцсэн акт /1-р хх-ийн 18/ үйлдэж, гарын үсэг зурж, 4 ширхэг электрон жинг худалдан авагч тал хүлээн авсан тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Иймээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримт, нотлох баримтын талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасанд нийцсэн гэж үзэв.
8. Худалдан авагч нь худалдагч талыг гэрээнд заасан гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, доголдолтой гэж үзвэл Иргэний хуулийн 254.1-т “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, 254.2-т “Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно” гэж зааснаар шаардлага гаргах эрхтэй.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь “...гэрээний үнийг төлөхийг зөвшөөрч байгаа, гэхдээ нэхэмжлэгч тал электрон жин баталгаажуулсаны дараа төлбөрийг төлөх, эсхүл хариуцагч талаас шалгалт баталгаажуултад оруулж, төлбөрийг гэрээний үнийн дүнгээс хасуулах саналтай...” гэж байгаа ч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж үзэв.
9.Харин нэхэмжлэгч ..............ХХК нь гэрээний үнийг төлөөгүй хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээний 5.2-т “захиалагчийн буруутай үйлдлийн улмаас гэрээнд заасан хугацаанд барааны төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд нийлүүлэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцно” гэж заасныг үндэслэн хариуцагч “ ” ХХК-аас алданги 2,491,740 төгрөг гаргуулахаар шаардсан байх бөгөөд шүүх “хэрэгт авагдсан нэхэмжлэгч ..............ХХК-аас хариуцагчид хүргүүлсэн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 133/24, 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 148/24, 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 163/24, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 174/24 дугаартай албан бичгүүдэд гэрээний зүйл болон 4 ширхэг жинг Стандарт, хэмжил зүйн газрын загварын баталгаажуулалтад хамруулж өгөх боломжтой талаар хариуцагчид тайлбарласан...зэргээс дүгнэвэл хариуцагч ..............ХХК нь өөрийн буруугаас гэрээний төлбөр төлөх үүргийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн алдангид шаардсан 2,491,740 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлах ёстой байхад орхигдуулсан байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр заасан болно.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 151/ШШ2024/01019 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгч ..............ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг байх бөгөөд хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас шийдвэр гарна, тухайн шийдвэр нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгтэй байна... шийдвэр, магадлалын бүтэц, боловсруулах аргачлалыг Улсын Дээд шүүх батлахаар хуульчилжээ.
Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоолын хавсралтаар “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын бүтэц, аргачлал”-ыг, 1 дүгээр хавсралтаар “Шийдвэр” боловсруулах аргачлалыг баталсан байх бөгөөд анхан шатны шүүх уг аргачлалын дагуу шүүхийн шийдвэрийг бичээгүй байгааг тэмдэглэв.
11. Хариуцагч .............. ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,590 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэг, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 151/ШШ2024/01019 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар хариуцагч .............. ХХК-аас 6,540,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ..............ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,491,740 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг
“...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар хариуцагч .............. ХХК-аас 6,540,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ..............ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,491,740 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар .............. ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,590 /нэг зуун арван есөн мянга таван зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
А.ЦЭРЭНХАНД