Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/669

 

2019            7           08                                      2019/ШЦТ/669                                         

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2019/0664/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранбилэг,

улсын яллагч Ж.Энх-Амгалан

хохирогчийн өмгөөлөгч Б.Ганбат,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Даваажанцан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1909022550657 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, “Жи мобайл” ХХК, “Азхур”ХХК, “Могул трэйд” ХХК-д маркетингийн чиглэлээр гэрээт ажилтан хийдэг, ам бүл 3, ах, эгчийн хамт Хан-Уул дүүрэг, 19-р хороо, 120-р хороолол Эрэлийн 36-27 тоотод оршин суух хаягтай, боксын спортын мастер, урьд ял шийтгэлгүй Б.Б. /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо Шангри-Ла моол төвийн Брюссельс ресторанд 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр таарамжгүй харилцааны улмаас С.Этэй маргалдан эрүүл мэндэд нь “уруул буйланд няцарсан шарх, дээд зүүн 1-р шүдний ёзоорын хөндлөн хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-н өгсөн:  “Хохирогч С.Э нь миний найз охинтой хамт сурдаг найз нь байсан. Би танилцахыг хүссэн боловч буруугаар ойлголцоод миний буруугаас болоод ийм зүйл болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч С.Э-н мэдүүлэг, Б.Энхдөлгөөний гэрчээр өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №6846 тоот дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр шүүгдэгч Б.Б нь 2019.06.02-ны оройн 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шангри-Ла молл төвийн Брюссельс ресторанд хохирогч С.Э-тэй өөрийн найз охин Б.Энхдөлгөөнийг хардан маргалдаж улмаар түүний биед уруул буйланд няцарсан шарх, дээд зүүн 1-р шүдний ёзоорын хөндлөн хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Э-н өгсөн: “...Б.Б. миний өөдөөс илт агсраад хэрүүл өдөөд байсан. Б.Б. бид хоёр ресторан гарден хоёрын дунд оюутан ангийн охины тухай ярьсан. ...ер нь бол Б.Б. намайг найз охинтойгоо хардаад миний уруул хэсэгт гараараа цохисон. Би Б.Б.д цохиулаад үүдэн шүд хугарсан, уруулнаас маш их хэмжээний цус гарсан. Б.Б. над руу дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

Гэрч Б.Энхдөлгөөний өгсөн: “...Би Б.Б.тэй 2018 оны 3 дугаар сараас хойш үерхэж байна. С.Э-г 2016 оны 9 дүгээр сараас хойш оюутан байхдаа хамт сурдаг гэдгээр нь мэднэ. ...2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 21:00 цагийн үед би Б.Б. рүү залгаад чи хаана байна гэж асуухад Шангри-Ла дээр байна гэж хэлсэн. ...Би Шангри-Ла Молл дээр яваад очиход Б.Б., С.Э хоёр уулзчихсан асуудал болоод өнгөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №6846 тоот: “...С.Э-н биед уруул буйланд няцарсан шарх, дээд зүүн 1-р шүдний ёзоорын хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 9 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...камерын бичлэгийг хохирогч С.Э-р таниулан өөрийг нь болон өөрийг нь цохисон гэх Б.Б-г заалгахад камерын бичлэгийн босоогоор зогсож байгаа цаашаа харсан байдалтай, цайвар өнгийн жинсэн яак, хар өнгийн өмдтэй залуу өөрийгөө, өөрийнхөө өөдөөс харсан байдалтай эрээн өнгийн судалтай яактай, дотуураа цагаан өнгийн фудволктой залууг Б.Б. буюу Ангууч гэж заасан ба бичлэгийн огнооны 21:02:04 цагаас 21:02:11 цаг хүртэл бичлэг үсрэхэд Б.Б. С.Э рүү далайсан байдалтай, хохирогч С.Э амаа дарсан байдалтай тонгойх үйлдэл хийж байсныг тэмдэглэл болгон бичив” /хх-ийн 18 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд бусдыг үл хүндэтгэн, дээрэнгүй зан гаргаж, биеийн хүчээр асуудлыг шийдвэрлэх гэсэн бардам түрэмгий зан байдал нөлөөлжээ.

Шүүгдэгч Б.Б. нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б.ийн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч С.Э-с эмчилгээ, эм тарианы төлбөрт нэхэмжилсэн хавтаст хэргийн 51, 52 дугаар талд гаргасан 855 050 төгрөгийн нотлох баримтууд болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт гаргасан шүдээ суулгуулсан гэх 2.570.000 төгрөг, нийт 3 425 050 төгрөгийг баримтаар нэхэмжилж байгаа боловч шүүгдэгч Б.Б-с шүүх хуралдаан дээр хохирогчийн эмчилгээний төлбөрт бэлнээр 4.000.000 төгрөгийг хохирогчийн өмгөөлөгч Б.Ганбатад хүлээлгэж өгсөн тул шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хохирогч С.Э нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хохирол төлбөрөө барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэрэг болсон Брюссельс рестораны камерын бичлэгийг бичсэн CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний  бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу       15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч С.Э нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэндэх хүртэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР