| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 101/2015/08202/И |
| Дугаар | 102/ШШ2016/05256 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2016/05256
2016 оны 10 сарын 03 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05256
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 3 дугаар байр, 37 тоот хаягт оршин суух, Олхун овогт Репиний Бямбасүрэн /РД: ЧД81042561/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, АОС 8 дугаар байр, 3 тоот хаягт оршин суух Бодонгууд овогт Санжжавын Бямбажав /РД: ЧЖ64100302/,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 11, өөрийн байранд байрлах Авто Тээврийн Үндэсний төв ТӨҮГ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 145.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хатанчулуун, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, хариуцагч С.Бямбажавын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хишигсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Бямбасүрэн шүүхэд хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Автомашины үнэ ханшийг зохиомлоор өсгөж, үйлдвэрлэгдсэн огноог засварлан залуу болгож намайг төөрөгдүүлэн өндөр үнээр худалдсан гэж үзэж байгаа тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, маргааны зүйл болсон Лексус 570 автомашиныг хариуцагч С.Бямбажавт буцаан, 145.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Бямбажавын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл С.Бямбажав нь тухайн автомашины орж ирсэн он сар яагаад өөрчлөгдсөн талаар мэдэхгүй. С.Бямбажавын хувьд уг он сарыг өөрчилдөг эрх бүхий хүн ч биш учраас энэ зүйлд буруутай зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Авто тээврийн Үндэсний Төв ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Бямбажаваас Р.Бямбасүрэн нь тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан байна. Эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслийн хүлээн авахдаа шалгаж нягталж аваагүй асуудалд тус үйлдвэрийн газар нь хариуцлага хүлээж, хариуцагчаар татагдах үндэслэл байхгүй байна. Иймд Авто Тээврийн Үндэсний төвд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч С.Бямбажав, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдорж нь 2017 оны 2 дугаар сарын 20-ны дотор 5.000.000 /таван сая/ төгрөгийг Хаан банкин дахь нэхэмжлэгч Р.Бямбасүрэнгийн 5041079432 тоот дансанд хийж дуусгахаар харилцан тохиролцож эвлэрэв. Иймд тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хатанчулуун би нэхэмжлэгчийн өмнөөс хариуцагч С.Бямбажавын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдоржтой уг хэрэг маргааны талаар эвлэрэн хэлэлцэж шийдвэрт хүрсэн тул тус хэрэгт хариуцагчаар татан оролцуулсан Авто Тээврийн Үндэсний төвд холбогдох шаардлагаа татан авч байна гэжээ.
Зохигчдын тайлбар, шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ, хүсэлтийг хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Бямбасүрэн нь хариуцагч С.Бямбажав, Авто Тээврийн Үндэсний Төв ТӨҮГ нарт холбогдуулан худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 145.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Авто Тээврийн Үндэсний Төв ТӨҮГ-т холбогдох шаардлагаа татан авч, хариуцагч С.Бямбажавын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй 5.000.000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банкин дахь дансанд шилжүүлэхээр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-т холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.040.950 төгрөгөөс 882.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 158.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч С.Бямбажаваас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 441.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Р.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй С.Бямбажав, Авто Тээврийн Үндэсний Төв ТӨҮГ-т холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 145.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь Авто Тээврийн Үндэсний Төв ТӨҮГ-т холбогдох шаардлагаа татан авч, хариуцагч С.Бямбажавын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй 5.000.000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банкин дахь 5041079432 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.040.950 төгрөгөөс 882.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 158.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2611016809 тоот данснаас, хариуцагч С.Бямбажаваас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 441.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
|