| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0492/Э |
| Дугаар | 512 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч Б.А, Э.А /шүүгдэгч нар өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцсон/,
Хохирогч А.Хулан, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батзоригийн Ачитмаа, Зуун тайжууд овогт Энхгэрэлийн Анхтуяа нарт холбогдох эрүүгийн 1911007990513 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б.А, Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Дархан-Уул аймаг, Хонгор 3 дугаар баг, Салхит найрамдал 2 дугаар байр 11 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 24-79 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:.............../,
2. Шүүгдэгч Зуун тайжууд овогт Э.А, Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Багануур дүүрэг 3 дугаар хороо Наран хороолол УНБ байр 109 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:......................................................../.
Шүүгдэгч Б.А, Э.А нар /яллах дүгнэлтэд дурьдснаар/ нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Хулантай хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, хацрын зулгаралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, хүзүү, зүүн өвдөгний зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ачитмаагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Б.Ачитмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...72-р байрны гадаа Хулан гэх охиныг найз Анхтуяагийн хамт зодсон, ба ихэвчлэн би зодсон ...нилээн хэд алгадсан, бас үсдээд өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх-45-46х/,
Шүүгдэгч Э.Анхтуяагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Э.Анхтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...цээж рүү нь хэд хэдэн удаа өшиглөж хэд хэдэн удаа алгадсан. Яг хэдэн удаа цохисоноо сайн санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-47-48х/,
Хохирогч А.Хулангаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би Б.Ачитмаад хэрвээ чи жирэмсэн бол би алга болно гэж хэлсэн. Шүүгдэгч Б.А, Э.А нар нь намайг цохиж эрүүл мэндэд минь хохирол учруулсан. Саяхан хэд хоногийн өмнө миний утас руу залгаж намайг доромжилсон” гэв.
Гэрч Б.Хулангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тэгээд орц руу нь орох гээд орж чадахгүй үүдэнд нь зогсож байхад дотроос нь 2 охин гараад ирсэн ба бид нар танихгүй зөрөөд орох гэтэл би сая утсаар ярьсан охин байна, Акуна гэдэг нь хэн бэ гэж асуусан чинь манай найз Ачитмаа би байна гээд нөгөө охин руу дайраад тэр 2 үсдэлцсэн. Тэгээд үүдэнд бужигналдаад байсан ба Ачитмаа тэр охиныг хэд хэдэн удаа алгадаад үсдээд зодсон. Энэ үед Анхтуяа бас нийлж зодсон ба Халиунаа бид 2 салгах гэж оролдсон боловч уурласан байсан учраас салахгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-25х/,
Гэрч Г.Халиунаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тэгээд орц руу нь орох гээд орж чадахгүй үүдэнд нь зогсож байхад утсаар ярьсан охин байна Акуна гэдэг нь хэн бэ гэж асуусан чинь манай найз Ачитмаа би байна гээд нөгөө охин руу дайраад тэр 2 үсдэлцсэн. Тэгээд үүдэнд бужигналдаад байсан ба Ачитмаа нь тэр охин буюу сүүлд нь нэрийг мэдэхэд Хулан гэсэн тэр Хулан гэх охиныг хэд хэдэн удаа алгадаад үсдээд зодсон. Тэгээд Ачитмаа Хуланг алгадаад зодоод байхаар нь би салгаад хамт байсан эгчид нь хэлээд чи харж байгаа биздээ энэ охиныг жирэмсэн байгааг харж байна уу гэсэн тэгсэн л Ачитмаа уурлаад цохиж зодоод байсан ...” гэх мэдүүлэг /хх-26-27х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн №2964 тоот дүгнэлтэнд:
“1. Хулангийн биед тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхины цус хуралт, баруун нүдний доод зовхи, хацрын зулгаралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, хүзүү, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-33х/,
Шүүгдэгч нарын нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-56-57х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49-50х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-54-55х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Б.А, Э.А нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Хулантай хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, хацрын зулгаралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, хүзүү, зүүн өвдөгний зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч Б.Ачитмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...72-р байрны гадаа Хулан гэх охиныг найз Анхтуяагийн хамт зодсон, ба ихэвчлэн би зодсон ...нилээн хэд алгадсан, бас үсдээд өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх-45-46х/,
шүүгдэгч Э.Анхтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...цээж рүү нь хэд хэдэн удаа өшиглөж хэд хэдэн удаа алгадсан. Яг хэдэн удаа цохисоноо сайн санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-47-48х/,
хохирогч А.Хулангаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би Б.Ачитмаад хэрвээ чи жирэмсэн бол би алга болно гэж хэлсэн. Шүүгдэгч Б.А, Э.А нар нь намайг цохиж эрүүл мэндэд минь хохирол учруулсан. Саяхан хэд хоногийн өмнө миний утас руу залгаж намайг доромжилсон” гэх мэдүүлэг,
гэрч Б.Хулангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тэгээд орц руу нь орох гээд орж чадахгүй үүдэнд нь зогсож байхад дотроос нь 2 охин гараад ирсэн ба бид нар танихгүй зөрөөд орох гэтэл би сая утсаар ярьсан охин байна, Акуна гэдэг нь хэн бэ гэж асуусан чинь манай найз Ачитмаа би байна гээд нөгөө охин руу дайраад тэр 2 үсдэлцсэн. Тэгээд үүдэнд бужигналдаад байсан ба Ачитмаа тэр охиныг хэд хэдэн удаа алгадаад үсдээд зодсон. Энэ үед Анхтуяа бас нийлж зодсон ба Халиунаа бид 2 салгах гэж оролдсон боловч уурласан байсан учраас салахгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-25х/,
гэрч Г.Халиунаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тэгээд орц руу нь орох гээд орж чадахгүй үүдэнд нь зогсож байхад утсаар ярьсан охин байна Акуна гэдэг нь хэн бэ гэж асуусан чинь манай найз Ачитмаа би байна гээд нөгөө охин руу дайраад тэр 2 үсдэлцсэн. Тэгээд үүдэнд бужигналдаад байсан ба Ачитмаа нь тэр охин буюу сүүлд нь нэрийг мэдэхэд Хулан гэсэн тэр Хулан гэх охиныг хэд хэдэн удаа алгадаад үсдээд зодсон. Тэгээд Ачитмаа Хуланг алгадаад зодоод байхаар нь би салгаад хамт байсан эгчид нь хэлээд чи харж байгаа биздээ энэ охиныг жирэмсэн байгааг харж байна уу гэсэн тэгсэн л Ачитмаа уурлаад цохиж зодоод байсан ...” /хх-26-27х/ гэх мэдүүлгүүд,
хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн №2964 тоот дүгнэлт, Шүүгдэгч нарын нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-56-57х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49-50х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-54-55х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.А, Э.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу бүлэглэж үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.А, Э.А нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон тэдгээрт торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Б.Ачитмаагаас хохирлын 60.000 төгрөгийг, шүүгдэгч Э.Анхтуяагаас хохирлын 60.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч А.Хуланд олгож, хохирогч А.Хулан нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.