| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06874/И |
| Дугаар | 102/ШШ2016/05258 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2016/05258
2016 оны 10 сарын 03 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05258
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москвагийн гудамж 40/1 тоот хаягт байрлах Дашваанжил ХХК /РД: 2025191/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих Боржигон овогт Баярсайханы Сансар-Эрдэнийг /РД: АГ85100110/эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэдээ: Б.Сансар-Эрдэнэ нь 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Дашваанжил ХХК-д борлуулагчийн туслахаар ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа борлуулалтын орлогоос дур мэдэн хувьдаа зарцуулсан, компаниас автомашины засварын зардалд зориулан зээлсэн 1.430.000 төгрөгийг төлөхгүй байсан тул энэ асуудлаа шийдвэрлэтэл өөрийнх нь хүсэлтээр түр ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөгдсөн байх хугацаандаа Фил Хаус ресторанаас 2 ширхэг 50 кг-ын баллоныг хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хувийн машинаар авч явж Фил Хаус ресторанд 400.000 төгрөгийн хохирол учруулсан байсныг манай компани төлж хэрэглэгчийг хохиролгүй болгосон. Хариуцагч 2 баллоныг удахгүй авч ирж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл авч ирж өгөөгүй байна. Тохиролцсон хугацаанд өрөө төлөлгүй ажилдаа ирэхгүй байсан тул Б.Сансар-Эрдэнийг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Ерөнхий захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн. 2 ширхэг баллоны үнэ, компаниас зээлсэн 1.430.000 төгрөг, борлуулалтын орлого болон ажлаас чөлөөлөх үед үүссэн өр төлбөр 1.321.353 төгрөг, нийт 3.153.353 төгрөгийг гаргуулахаар хариуцагчийн хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргахад Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 02854 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь хаягандаа суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Б.Сансар-Эрдэнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Шүүх хуралдаан товлогдсон цагт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох боломжгүй болсон тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дашваанжил ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно гэж заасны дагуу иргэний хэрэг хариуцагчаар оролцвол зохих Баярсайханы Сансар-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэснээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэгт байрладаг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 02854 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр Дашваанжил ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Сансар-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан байх бөгөөд Б.Сансар-Эрдэнэ нь дээрх шүүгчийн захирамж, хөдөлмөрийн гэрээгээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь харагдаж байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 34-31 тоот хаягт оршин сууж байсан Боржигон овогт Баярсайханы Сансар-Эрдэнийг /РД: АГ85100110/ эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтыг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 34-31 тоот хаягт оршин сууж байсан Боржигон овогт Баярсайханы Сансар-Эрдэнэ /РД:АГ85100110/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтыг баримтлан Б.Сансар-Эрдэнийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж завж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Жич: Эрэн сурвалжлах ажиллагааны талаар нэхэмжлэгч Дашваанжил ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ