| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0654/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/673 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | 13.10.2.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2019/ШЦТ/673
2019 7 08 2019/ШЦТ/673
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2019/0654/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
Улсын яллагч: Ц.Амгаланбаатар,
Нарийн бичгийн дарга: С.Уранбилэг,
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1809051491049 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, “Эхситон” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 4-р хороо, 29-36 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.28-ны өдрийн №132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Д.Б /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 сарын 14-ний өдөр хохирогч Э.Чимэдбатын “Чимэдбат Э” нэртэй фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг, насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүжингийн “Б.Тэмүүжин” нэртэй фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг, хохирогч М.Баярсайханы “Bayarsaikhan Munkhjargal” нэртэй фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг, хохирогч Ц.Лонжидийн “Цогтбаатар Лонжид” нэртэй фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг, хохирогч Р.Болормаагийн “Р.Болормаа” нэртэй фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг, хохирогч С.Жаргалмаагийн “Jargalmaa Sanjaa” нэртэй фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг, Н.Алтанчимэгийн “88662885” дугаартай фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг, У.Амарбаясгалангийн “Amarbaysgalan” нэртэй фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг,хохирогч Б.Даваахүүгийн “Б.Давка” нэртэй фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг цахим хэрэгсэл ашиглаж хууль бусаар олж авч хувь хүний нууцад халдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Над руу ямар зорилгоор нэр бүхий хэрэглэгч нарын хаяг, нууц үгийг илгээснийг мэдэхгүй. Би эдгээр хэрэглэгчийн хаяг руу нэвтэрсэн зүйл байхгүй. Би Чи Инха гэдэг хүнийг танихгүй, фэйсбүүк хаягийг л мэднэ. Би фэйсбүүк хаяг дээрх томоохон группыг ашигласныхаа төлөө Pay Pall үйлчилгээ ашиглан мөнгө шилжүүлсэн гэв. Монгол улсада ашиглахдаа мөнгө хүлээж авч болохгүй, гадагшаа мөнгө шилжүүлдэг. Би тэр хүмүүсийн фэйсбүүк хаяг руу нэвтэрсэн зүйл байхгүй, гэхдээ би уучлалт гуйж байна. Цаашид ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг,
Хавтаст хэрэгт цугларсан фэйсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Э.Чимэдбат, Б.Тэмүүжин, М.Баярсайхан, Ц.Лонжид, Р.Болормаа, Б.Даваахүү, Н.Алтанчимэг, У.Амарбаясгалан, С.Жаргалмаа нарын мэдүүлэг, И-мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаа, бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр шүүгдэгч Д.Б нь 2018.10.14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн Экситон ХХК-ийн ажлын байранд хохирогч Эрдэнэцуургын Чимэдбатын “Чимэдбат Э” нэртэй фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг, насанд хүрээгүй хохирогч Баттөмөрийн Тэмүүжингийн “Б.Тэмүүжин” нэртэй фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг, хохирогч Мөнхжаргалын Баярсайханы “Bayarsaikhan Munkhjargal” нэртэй фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг, хохирогч Цогтбаатарын Лонжидийн “Цогтбаатар Лонжид” нэртэй фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг, хохирогч Равдандоржийн Болормаагийн “Р.Болормаа” нэртэй фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг, хохирогч Санжаагийн Жаргалмаагийн “Jargalmaa Sanjaa” нэртэй фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг, хохирогч Намнандоржийн Алтанчимэгийн “88662885” дугаартай фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг, хохирогч Ундрахын Амарбаясгалангийн “Amarbaysgalan” нэртэй фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг, хохирогч Болдсайханы Даваахүүгийн “Б.Давка” нэртэй фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үг зэргийг цахим хэрэгсэл ашиглан хууль бусаар олж авч нэвтрэн хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцад халдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл: “Фейсбүүк хаяг нь Э.Чимэдбатын нүүр зүрагтай профайл зүраг нь сандал дээр сууж байгаа эмэгтэй хүний зураг байв. Фэйсбүүкт нэвтэрсэн 3 ш скрийн шот хийсэн зургийг хавсаргав. Фейсбүүкийн ситингс хэсэгт нэвтэрч ямар төхөөрөмж хаанаас нэвтэрч байсан эсэхийг тогтоохоор тандалт хийж loggen хэсгийг үзэхэд мэдээлэл байхгүй устсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 4 тал/,
Хохирогч Э.Чимэдбатын өгсөн: “...“Чимэдбат Э” нэртэй /100029134785386/ холболттой фейсбүүк хаягийг шинээр нээгээд ашигласан уг хаягийг өөрийн самсунг маркийн гар утсаар ашигладаг. Зарим үед миний фейсбүүк хаягаар хүн нэвтэрч орж миний өмнөөс лайк дарж линкээр орж лайк дарж үзнэ үү гэх мэт мэдээ мэдээллийг шейр хийчихсэн байх тохиолдол байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүжингийн өгсөн: “...Миний фейсбүүк хаяг, нууц дугаарыг надаас өөр мэдэх хүн байхгүй, аав, ээж ч мэддэггүй байсан. Харин хамаатны хүүхэд мэдэхээр нь сольсон. ...14 хоногийн өмнө Эл Жи маркийн гар утаснаас нэвтэрсэн байсан. Манай найз болон хамаатан садан, ойр дотны хүмүүст ийм маркийн гар утастай хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
Хохирогч М.Баярсайханы өгсөн: “...Намайг мэдээгүй байхад миний фейсбүүк хаягийг өөрийн болгож авсанд гомдолтой байна. Улмаар хувь хүний нууцад халдсан гэж үзэж байна. Миний хаягийг ашиглаад юу ч хийсэн юм билээ хүний өмнөөс хэрэгт орох магадлалтай юм байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,
Хохирогч Ц.Лонжидын өгсөн: “...Миний фейсбүүк хаяг болох Цогтбаатар Лонжид нэртэй хаягаар өөр хүн нэвтэрч ороод байх зүйл анзаарагдаж эхэлсэн. Үл таних дугаараас мессэж ихээр ирэх болсон. Танихгүй хүнийг найзаар аваагүй байхад найз болчихсон тохиолдол гарах болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/,
Хохирогч Р.Болормаагийн өгсөн: “...Сарын өмнөөс миний хэрэглэж байсан 89271323 дугаараар нээсэн фейсбүүк хаяг ажиллахаа больсон. Тэгээд өөрийн охиноороо үзүүлэхэд орж болохгүй байна гэсэн. Манай охин өөрийн фейсбүүкээс миний фейсбүүк рүү хандаж үзэхэд миний зарим зураг устсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 тал/,
Хохирогч Б.Даваахүүгийн өгсөн: “...Миний бие анх фейсбүүкт өөрийн Болдсайхан Даваахүү гэсэн нэртэй аккаунт хаягаа нээж байсан юм. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр нэвтрэх нэр ,нууц үг хоёроо зөв оруулсаар байхад дахин нэвтэрч ашиглах боломжгүй болсон юм. Үүнээс болоод миний бие удалгүй ахин өөртөө “Б.Давка” гэсэн нэртэй фейсбүүк хаягийг нээн одоогоор ашиглаж байгаа юм. Харин 2018 оны 10 сараас дундаас ахин миний фейсбүүк хаягруу өөр хүн нэвтэрээд байгаа зүйл анзаарагдаж эхэлсэн. Хаягруугаа орохоор миний өмнөөс янз бүрийн зүйл шейрлэсэн байдаг бөгөөд миний өмнөөс надад ирсэн найзын хүсэлтийг хүлээн зөвшөөрчихсөн байдаг юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 174-175 тал/,
Хохирогч Н.Алтанчимэгийн өгсөн: “...Би 2010 оноос хойш Фейсбүүк ашиглаж байгаа, “88662885” нэртэй аккаунт миний хаяг мөн, энэ хаягийг би одоо ашиглаж байгаа, нэвтрэх нэр нь 88662885 нууц үг нь А88662885 юм. Миний фейсбүүкээр давхар өөр хүн ороод байгаа нь мэдэгдсэн. 2018 оны 09 дүгээр сараас миний фейсбүүк хаяг гацаад орохгүй, орсон хойноо шинэ мэдээнүүд нь харагдахгүй , мөн шинэ мессэж уншиж болохгүй шинээр ирсэн мессэж нь харагдахгүй зэргээр ашиглаж болохгүй болсон байсан. би их гомдолтой байна. Тус хаягт гэр бүлийн мэдээлэл байгаа, ямар зорилгоор хувь хүний нууцад халдаж байгааг шалгуулмаар байна. Миний хаягийг юунд ашигласан бол гэхээс санаа зовж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 246 тал/
Хохирогч У.Амарбаясгалангийн өгсөн: “...Би “ Amarbaysgalan” нэртэй фейсбүүк ашигладаг бөгөөд нэвтрэх нэр нь нууц үгийг мэдэх хүн манай нөхөр л байна өөр хүн мэдэхгүй. 2018 оны 9 сарын сүүлээс миний хаяг гацаад удаан уншдаг болсон. LG-К10 маркийн гар утсаар ордог. Би их гомдолтой байна. Тус хэрэгт гэр бүлийн мэдээлэл байгаа, ямар зорилгоор хувь хүний нууцад халдаж байгааг шалгуулмаар байна. Миний хаягийг юун халдсан бол гэхээс санаа зовж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,
Хохирогч С.Жаргалмаагийн өгсөн: “... Би Jargalmaa Sanjaa нэртэй хаяг ашигладаг бөгөөд нэвтрэх нэр нь “99247120” нууц үг нь “Anujin” гэсэн байсан. Өөр хүн мэдэхгүй. 2018 оны 9 сарын сүүлээс миний хаяг гацаад удаан уншдаг болсон учраас вирустай байна гэж бодсон. Би их гомдолтой байна. Тус хаягт гэр бүлийн мэдээлэл байгаа, ямар зорилгоор хувь хүний нууцад халдаж байгааг шалгуулмаар байна. Миний хаягийг юунд халдсан бол гэхээс санаа зовж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 тал/,
И-майл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл: “... “[email protected]” нэртэй gmail хаяг руу 8c!#b16 гэсэн нууц үгийг оруулан нэвтэрч ороод Inbox цэс рүү ороход 2018.10.14-ний өдөр [email protected] gmail хаягнаас өөррүүгээ илгээсэн мессеж байсан бөгөөд уг мессеж рүү ороход фэйсбүүк хаягны нэвтрэх нэр, нууц үг байж болзошгүй нийт 230 ширхэг жагсаалт байсан. Тухайн 230 жагсаалтаас иргэн Р.Болормаагийн фэйсбүүк хаягны нэвтрэх нэр “89271323”, нууц үг “boogii”, иргэн М.Баярсайханы фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр [email protected] нууц үг 19770831, иргэн Ө.Мөнхбатын фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр 99058538, нууц үг 85381018, ирггэн Ц.Лонжидын фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр 99676849 нууц үг 99676849, иргэн Э.Чимэдбатын фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр 86333533 нууц үг dulamsuren гэсэн мэдээллүүдийг хайлт хийж үзэхэд жагсаалтанд байсан бөгөөд ...5 ширхэг скрийншот хийж баталгаажуулж авав
“[email protected]” и-майл хаягнаас өөр рүүгээ илгээсэн и-майл байна. Тухайн и-майлыг үзэхэд олон тооны и-майл хаяг нэвтрэх нэр, нууц үгийн хамт байна. Дээрх и-майл дахь мэдээллийг зургаар баталгаажуулав” /хх-ийн 89-94, 2хх-ийн 18-26 тал/,
Мөрдөгчийн магадлагаа: “[email protected] и-майл хаягт хадгалагдсан 230 фэйсбүүк эзэмшигчийн нэвтрэх нэр, нууц үгийг нэг бүрчлэн www.facebook.com холбоосоор дамжуулж нэвтрэх оролдлого хийхэд “Р.Болормаа, М.Баярсайхан, Ө.Мөнхбат, Ц.Лонжид, Э.Чимэдбат, С.Жаргалмаа, Н.Алтанчимэг, У.Амарбаясгалан, Б.Даваахүү нарын 9 фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгээр www.facebook.com холбоосоор дамжуулж нэвтрэх боломжтой” /хх-ийн 102 тал/,
Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл: “2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрч Д.Бийн “[email protected]” нэртэй и-мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэгллээс Д.Б нь Bilgutei Buyankhishig нэртэй фэйсбүүк хэрэглэгчээр орчуулга хийлгэн Nguyen Chi Nha нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй харилцсан Сонгуулийн зорилгоор Монголын том хүмүүстэй холбогдсон, дарга нартай нь энэ ажил удахгүй эхэлнэ, бидний том группууд дээр улс төрийн мэдээлэл тэд нар оруулна. Тэр үед мөнгө өгч байх болно. Ер нь бол бид нар том группуудтэй, тэгээ хааяа ганц нэг аккаунт устгадаг байхад болно. Дахиж хүний фэйсбүүкийн пасспорт олох хэрэггүй гээд хэлчих..., нэг фэйсбүүк хаягийн пасспорт олж өгч чадах уу гэсэн мессежүүд 3 хуудас бичмэл нотлох баримтыг хуулбарлан авч тэмдэглэл үйлдэв” /хх-ийн 109-114 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Б нь өөрийн эзэмшсэн цахим мэдээллийн технологийн өндөр түвшний мэдлэг чадвараа өөртөө болон бусдад давуу байдал хууль бусаар олгох, ашиг хонжоо олох гэсэн шууд санаатай, шунахай зорилгыг өмнөө тавьж хуулиар хамгаалагдсан хувь хүмүүсийн нууцад нэвтэрч, халдаж үйлджээ.
Монгол улсын Их Хурлаас 1995 онд Хувь хүний нууцын тухай хуулийг батлан гаргасан ба энэ хууль өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байна.
Уг хуульд хувь хүний нууцад захидал харилцааны нууц, гэр бүлийн нууц, эд хөрөнгийн нууц, эрүүл мэндийн нууц, хуулиар тогтоосон бусад нууцыг хадгалж, хамгаалах, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Б-н цахим орчинг ашиглан фэйсбүүк хаяг эзэмшигч хувь хүмүүсийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар олж авч, хувийн нууцад нь халдсан үйлдэл нь Хувь хүний нууцын тухай хуульд заасан захидал харилцааны нууцад халдсан гэмт хэрэг мөн болно.
Энэ гэмт хэрэг нь хувь хүмүүсийн эмзэг, нандин, таагүй, задруулахыг үл хүсдэг нууцад нь хууль бусаар халдаж, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээлэлтэй нь танилцах, мэдээллийг янз бүрийн зорилгоор ашиглах, түүнийг бусдад тараах, устгах, өөрчлөх боломжийг гэмт этгээдэд өөрт нь болон бусдад шууд болон шууд бусаар олгодог хувь хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхлын эсрэг чиглэсэн нийгэмд аюултай ноцтой гэмт хэрэг болно.
Шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдаан дээр гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Б-н цахим хэрэгсэл ашиглаж хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцад халдсан дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б-н үйлдсэн гэмт хэргийн нэр бүхий 9 хохирогчийн хувьд одоогоор шүүгдэгчээс нэхэмжилж буй хохирол төлбөр байхгүй, хохирлын талаар нэхэмжилсэн ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй, мөн шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүгдэгчээс нэхэмжилсэн хохирол, төлбөргүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 13.10 зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгчид 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулж, уг ялыг 3-6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэртээ бага насны 3 хүүхэдтэй, гэр бүлээ тэжээн тэтгэж авч явдаг зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан үзэж энэ удаад шүүгдэгч Д.Б-г нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж, түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэж уг ялыг түүний эрхэлсэн тодорхой ажил төрөлтэй, байнгын цалин орлоготой байдал зэргийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг торгох ялын 15.000 төгрөгөөр тооцож, 105.000 төгрөгийг түүний эдлэх торгуулийн ялаас хасаж тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-г цахим хэрэгсэл ашиглаж хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцад халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-г 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Б-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг 15.000 төгрөгөөр тооцож, 105.000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан 6.000.000 төгрөгийн торгуулийн ялаас хасаж тооцож, шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгуулийн ялыг 5.895.000 /таван сая найман зуун ерэн таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 5.895.000 /таван сая найман зуун ерэн таван мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэндэх хүртэл шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР