Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 223/МА2025/00003

 

 

 

 

 

 

                  

2025           02           27                                                   223/МА2025/00003

                 

Ю.Э, Н.Б, Н.Н нарын нэхэмжлэлтэй

                                                              иргэний хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч       Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 151/ШШ2024/01027 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ...тоотод оршин суух, Б овогт Ю Э,

Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, Б овогт Н Б,

Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, Б овогт Н Н нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод оршин суух, Б овогт Ю Б,

Хариуцагч: ... тоотод оршин суух, Б овогт Б-гийн Б нарт холбогдох,

 

Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Мөнхдөлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Э, нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Мөнхдөл, хариуцагч Б.Б, хариуцагч Ю.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг/цахим/, нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ю.Э, Н.Б, Н.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Н.Б,  нэхэмжлэгч, нэхэмжлэгч Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Э нарын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 3 дугаар байр, 6 тоот хаягт байрлах, 34.9м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч нар нь Н, Н.Б, Н, Б, Б.Б нар юм. Талийгаач Н нь 1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Орон сууц хувьчлах товчоонд өөрийн амьдарч байгаа тус сумын 1 дүгээр баг, 3 дугаар байр, 6 тоот 34.9м.кв орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамт хувьчилж авах тухай өргөдлөө гаргаж, хамтран өмчлөх эрхтэй этгээдээр Б, Н.Б, Н, Б.Б, Н нарыг бүртгүүлэхээр хандсан, өргөдлийг Орон сууц хувьчлах товчооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэж дээрх нэр бүхий иргэдэд 1998 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолоор тус орон сууцыг хувьчилж, хавсралтын 17 дугаарт Н гэж, холбогдох баримт бичиг гэрчилгээг бичиж олгосон.

Гэтэл Б, Б.Б нар нь 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Орон сууц бэлэглэл”-ийн гэрээг бусад хамтран өмчлөгч нараас зөвшөөрөл авалгүйгээр хуурамчаар үйлдэж Н, Н.Б, Н.Н нарын өмчлөх эрхийг зөрчсөн байна. Н нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан бөгөөд нас барсны бүртгэлийн 0025 дугаарт бүртгэгдсэн. Ю.Э нь өвлөх эрхийн 0008 дугаартай гэрчилгээгээр хууль ёсны өв залгамжлагч болно. Ю.Э нь өөрийн нөхөр Н-г нас барснаас хойш нэг жилийн дараа буюу 2023 оны 9 дүгээр сард энэ тухай олж мэдсэн бөгөөд уулзаж дээрх асуудлын талаар хэлэлцэж ярилцъя гэхэд уулзаагүй байна. 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Орон сууц бэлэглэх гэрээгээр байрны өмчлөгч Н.Б, Н.Н нар болон өв залгамжлагч Ю.Э нарын өмчлөх эрхийг зөрчиж, улмаар Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 3 дугаар байр 6 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөс хууль бусаар хасалт хийлгэж, бэлэглэлийн гэрээг хийлгэсэн байна. ...Хэрэв энэ асуудлыг 2006 онд мэдсэн бол би өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргах байсан. ...Орон байр Ю.Б, Б.Б нарт бэлэглэлийн гэрээгээр очсон талаар 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мэдсэн. Үүнээс хойш Ю.Б нарт хандаж яагаад манай байр та нарт шилжчихсэн юм бэ гэж асуутал Ю.Б, Ю.Б нар ерөөсөө энэ асуудлыг хүлээж аваагүй, би хуулиар бүх асуудлыг шийдсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгчдээ битгий гомдоорой, хуулийн дагуу асуудлыг шийдүүлнэ гэж хэлсэн.

Ю.Б, Б.Б нар нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. 1998 онд тухайн байрыг хувьчилж авахад Н бид хоёр байгаагүй. Ю.Б байр хувьчлагдах үед бичиг баримтыг нь хөөцөлдсөн. Одоо тэр үед Н-г байсан гэх асуудал тавьж байна.

Хоёрдугаарт: 2003 онд бэлэглэлийн гэрээ хийсэн талаар би мэдээгүй. Тэр утгаараа энэ хүртэл хугацаанд эв, найрамдалтай, ах дүүс байсан. Ю.Б надад “...эгч минь байрыг бид хувьчлан авсан, би гэрчилгээг нь авсан...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би чам дээр гэрчилгээ гарсан юм уу, хэрэв гэрчилгээ чиний нэрээр гарсан юм бол эгч нь юу хэлэх вэ дээ гэж хэлсэн. Ю.Б, Б.Б нар энэ баримтыг ашиглаад намайг гүтгэж байгаа. Би ганц эрэгтэй дүүтэй, тухайн үед буюу 1990 онд аав маань нас барсан. Тэгэхэд Ю.Б нялх охин Б.Б-ийн хамт 5 ханатай гэртэй, хашаанд үлдэх гэж байхад эмэгтэй хүнийг нялх хүүхэдтэй нь хашаанд амьдруулахгүй гэж байранд оруулсан. Тэр үед Н.Б Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн их сургуульд суралцахаар явсан байсан. 1998 онд картын бараанд орчихсон, дэлгүүрийн лангуунд давснаас өөр юм байдаггүй, хэцүү нөхцөлд амьдарч байлаа. Тухайн үед Ю.Б техник мэргэжлийн сургуульд багшаар ажиллаж байсан. Манай нөхөр Н тус сургуулийн захиралтай ярилцаад сурагчдыг нь шавар будгийн ажил дээр нь туслуулж байшинг барьсан. Бид сурагчдыг хоол, ундаар нь хангаж байсан. Би өөрөө эрэгтэй хүүхэд олонтой, ингэж л байшинг босгосон. Би өөрийнхөө гэрийг хүнд өгчхөөд хүний гэрийг авсан мэт ярьж байна. Би тухайн үед байгууллагын ахлах нягтлан бодогчоор ажилладаг, харьцангуй өндөр цалинтай, амьдрах чадвартай явсан. Г.Н эхнэр Ю.Э гэж хүн байсаар байтал намайг хассан.

Ю.Б хуурамч баримт бичиг гаргуулсан гэж бодож байна. Н.Н өвөөгөө асрахаар миний аав н.Ю-д 7 настайгаасаа очиж амьдарсан. Гэхдээ Ю.Б, Б.Б нартай хамт амьдар гэж явуулаагүй. Манай хүүхэд өвөөгөө нас барснаас хойш аав, ээж дээрээ ирсэн. Н.Н бэлэглэлийн гэрээн дээр гарын үсэг зураагүй.

Иймд 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан “Орон сууц бэлэглэл”-ийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Мөнхдөл анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлага бол орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай юм. Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан 2024 оны өвлөх эрхийн гэрчилгээ, энэ гэрчилгээг Нийслэлийн тойргийн нотариатч Г.Рэнцэнханд баталгаажуулсан. Уг гэрчилгээнд өвлүүлэгч нь Г.Н, тэрээр 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нас барж, нас барсны бүртгэлийн 0025 дугаарт бүртгэгдсэн учир Монгол Улсын Иргэний хуулийн 531 дүгээр зүйлд заасныг баримтлан өвлүүлэгчийн эхнэр болох Ю.Э-д өвлүүлэгчийн өмчлөлд байсан өвлөгдөх эрх Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт 3 дугаар байр, 1-6 тоот 34.9м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Ю.Б-д бэлэглэхээр байгуулсан бэлэглэлийн гэрээний бэлэглэгч Н-д ногдох гэрээний эрх, үүрэг уг орон сууцтай холбоотой шаардах эрх, өвлөгдөх эрхээр шилжсэн бөгөөд шаардах эрх үүсэж байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх үүснэ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байж болох хэлцэл, хүчин төгөлдөр байх хэлцэл, тухайн 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хуульд харшилсан хэлцэл байна. Хэлцэл болгон гэрээ байдаггүй, гэрээ болгон хэлцэл байдаг. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, өөрөөр хэлбэл энэ орон сууц нь Н, Н.Б, Н гэх 3 хүний өмчлөлийн орон сууц, энэ яагаад 3 иргэний орон сууц вэ? гэхээр хавтаст хэргийн 13 дугаар талд нэхэмжлэгч Н.Б-ын үл хөдлөх хөрөнгөө өмчилж байгаа болон шилжүүлсэн талаар лавлагаа байгаа юм. Энэ лавлагаанд Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт 3 дугаар байр, 1-6 тоот 34.9м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бэлэглэсэн төрөөс хувьчилсан орон сууцыг анх удаа бүртгэх гэдэгт 3 хүний өмчлөлтэй, мөн хавтаст хэргийн 80 дугаар талд Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтад төрөөс хувьчилсан орон сууц өмчлөх эрхийг анх удаа бүртгэхдээ 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өмчлөгч нь Н.Б, Н, Н гэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлгийн шатанд орон сууц шилжсэн талаараа тайлбарласан. Тэрээр 2023 оны 9 дүгээр сард шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан, энэ үед гэрлэгчдийн дундын эд хөрөнгийн маргаан гарсан. Үүнтэй холбоотой лавлагаа хүсэхэд асуудал ингэж шийдэгдсэн байсан гэх агуулга ярьсан. Тэгэхээр шаардах эрх энэ үеэс тоологдоно гэж үзэж байна.

Иргэний хуулийн 276-280 дугаар зүйлд бэлэглэлийн гэрээтэй холбоотой асуудлыг зохицуулсан. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2 дахь хэсэгт “Бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид эсхүл өвлөгчид буцаан олгоно” гэж заасан. 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээнд шүүх шинжээч томилсон ба шинжээч нь өөрийн мэргэшил, эрх хэмжээ, Шүүхийн шинжилгээний тухай хууль, бусад хууль, журамд зааснаар дүгнэлтээ гаргана. Мөн шүүхээс даалгаагүй байсан ч өөрийн анзаарсан, тогтоож болох зүйлийг дүгнэлтээ тусгах нь хуулиар тогтоосон эрх юм.

Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2399 дугаар дүгнэлт гарсан. Энэ дүгнэлт өөрөө хавсаргасан баримтуудаас гадна шүүх рүү дүгнэлт гаргахад шаардлагатай баримтуудыг ирүүл гэх албан тоот хүргүүлсэн. Хавтаст хэргийн 141 дүгээр талд зургаар авагдсан /тэмдэглэлийн дэвтэр, гар бичмэл агуулсан хавтас бүхий цаас, сурагчийн хувийн хэрэг/ байгаа. Энд яагаад сурагчийн хувийн хэрэг орсон бэ гэхээр Г.Н гэх хүн дунд сургуулийн багш, сурагчийн хувийн хэргийг гараар бичдэг. Хүний гараар бичиж сурсан тэр арга барил насан туршид нь хадгалаатай байдаг гэж үздэг. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтийн хавсралтад авагдсан баримтуудыг аваад үзвэл бичвэр хаашаа яаж налсан талаар бүх баримтыг шинжээч дүгнэлтдээ хавсаргасан. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Хэрэв үндэслэлгүй, эргэлзээтэй байна гэж үзэж байгаа бол дараагийн дүгнэлтийг гаргуулах хүсэлт гаргах эрхтэй. Мөн хавтаст хэргийн 41 дүгээр талаас эхлээд нэхэмжлэгч Ю.Э Зоос банкны зээлтэй холбоотой байр барьцаанд байгаа асуудлаар ирж уулзсан хэдий ч амьдарч байсан байраа алдах нь хэний ч хүсээд байхаар зүйл биш юм. Энэ хэрэгт өгсөн баримтууд миний гарын үсэг биш гэж тайлбарлаж байгаа. Мөн энэ үл хөдлөх хөрөнгө нь эдгээр хүмүүсийнх болчихсон буюу 2 иргэний өмчлөлд шилжсэн гэх баримт байхгүй. Шүүх хуралдаанд гэрчээр Ю.Хишигзундуй гэх хүн оролцож, мэдүүлэгтээ байрыг өгсөн гэдэг. Тэгэхээр гэрчээс өгсөн гэх ойлголтыг юу гэж ойлгож байна гэхэд тухайн үед Ю.Б нялх хүүхэдтэй байсан тул орон сууцад оруулсан. Энэ асуудлыг Н шийдсэн гэдэг. Тэгэхээр 2003 онд байгуулагдсан гэх гэрээний дагуу хариуцагч нар энэ орон сууц шилжсэн гэдгийг хэлээгүй юм.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 76 дугаар зүйлийн 76.2, 280 дугаар зүйлийн 280.2, 280.3 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би бэлэглэлийн гэрээгээр шилжин ирсэн гэх байранд ээжийнхээ хамт өөрийн ухаан орсон цагаасаа 21 нас хүртэл хугацаанд амьдарсан. Миний бие бэлэглэлийн гэрээнд миний нэрийг оруулсан эсэхийг тухайн үедээ хүүхэд байсан учраас мэдэхгүй. Н.Б, Ю.Э бид төрөл садны холбоотой хүмүүс бөгөөд маргаан бүхий байрнаас болж шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл ямар ч хэрүүл, маргаангүй нэг нэгийнхээрээ орж гардаг, энгийн сайхан харилцаатай байсан. Би 2011 оноос гэр бүлтэй болж тусдаа амьдрахаар болсон тул дээрх байранд ээж маань өнөөдрийг хүртэл ганцаараа амьдарч байгаа. Яагаад намайг хариуцагчаар татах болсныг би мэдэхгүй, ойлгохгүй байна. Нэхэмжлэгч Ю.Э намайг доромжилсон гэх тайлбар гаргаж байна. Би ерөөсөө доромжилсон үг хэлээгүй. Өнгөрсөн жил цагаан сарын дараагаар ээж чинь залилан хийсэн гэж хэлсэн. Мэдээж хүн хүндээр хүлээж авна. ...Энэ олон жилийн дараа яагаад ийм асуудал гаргаж байгаа юм бэ гэж хэлсэн. Н.Б гэх хүн надад чи одоо ээжийгээ аваад явах насанд хүрсэн хүн гэж хэлж байсан. Би эдгээр хүмүүсийг хар багаасаа л төрсөн эгч, ах шигээ бодож өссөн. Энэ олон жилийн хугацаандаа биднээс энэ байрыг авна гэж нэг ч хэлж байгаагүй. Харин ч надад ээжээс чинь үлдэх ганц хөрөнгө чинь шүү гэж хэлж байсан. Ухаан орсон цагаасаа эмээ, өвөө гэж хэлж өссөн. Өвөө маань нас барснаас хойш ийм асуудал үүссэнд би их гайхаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Н.Б ах эхнэртэйгээ амьдарч байхдаа зээл хөөцөлдөж байна гэж ярьж байсан, ээж маань ч тусална гэж хэлж байсан. Тухайн үедээ зээл хөөцөлдөөд явж байхдаа энэ байраа өөрсдийнхөө өмчлөлийнх гэж боддог байсан бол барьцаалаад зээл авна гэж хэлэхгүй яасан юм, энэ талаар огт ярьж байгаагүй. Энэ байранд манай ээж 30-40 жил амьдарсан. Насаараа амьдарсан гэр орон, байрнаасаа гараад одоо хаачих вэ. Энэ асуудлаас болоод ах, дүү хүмүүсийн дунд маргаан үүсэж, ээж маань сэтгэл санаагаар унаж, бие эрүүл мэндийн хувьд доройтож байна. Ээжийн маань нүд асуудалтай болсон, хүнд хагалгаанд орно. Энэ бүхний эцэст ээжийг маань наашаа гэх ах, дүү хамаатан садангүй болж гэж ойлголоо. Н гэх хүн өөрөө хүсэлтээ гаргасан, нотлох баримт нь хэрэгт авагдсан. Манай ээж хууль бус зүйл хийгээгүй, яагаад залилан мэхэлсэн гэж яриад байгааг ойлгохгүй байна. Хүнд залилуулаад 30 гаруй жил чимээгүй амьдарна гэж байхгүй. Миний хувьд эдгээр хүмүүстэй анхнаасаа харьцахыг хүсээгүй. Гэнэт утсаар залгаад ээж чинь залилан хийсэн байна, чи наад байраа өг, чи ээжийгээ аваад явах насанд хүрчихсэн гэх зүйл яриад байсан тул хэн ч гомдоно. Надад өөр нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

 

4.Хариуцагч Ю.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарын агуулга: Энэ нь 33 жилийн өмнөх асуудал, үүнээс өмнө яагаад энэ маргаан гараагүй гэж үзэж байгаа гэхээр Н гэх хүн энэ үйл баримтыг мэдэж байсан. Өөрөөр хэлбэл Ю.Б, Б.Б нарын эд хөрөнгө гэдгийг мэдэж байсан тул маргаан гаргаагүй гэж хариуцагч нарын зүгээс үзэж байна. Н-г нас барснаас хойш энэ маргаан үүссэн. Ер нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуульд зааснаар 6 жил байдаг. Хөөн хэлэлцэх хугацааг мэдэх ёстой байсан үеэс тоолбол 2005 онд энэ үл хөдлөх хөрөнгийг барьцаалан банкнаас зээл авсан. 2006 оны 6 дугаар сард үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээнээс чөлөөлөх үүнтэй холбоотой асуудалд Ю.Э гэх хүн оролцож, /байлцаж/ гарын үсэг зурсан. Тэгэхээр тухайн үеэс хойш 18 жил өнгөрсөн байна. Тэгэхээр нэхэмжлэгч тал Ю.Б, Б.Б нарын эзэмшлийн орон сууц гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Харин Н-г нас барснаас хойш уг нэхэмжлэлийг гаргаж байгаа гэж харж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаас хариуцагч Ю.Б хариу тайлбартаа тухайн үед Н, Ю.Э нар нь өөрийнхөө орон сууцанд Ю.Б, Б.Б нарыг амьдруулахаар болж, Ю.Б-гийн аавынх орон сууцанд эгч Ю.Э, Н нар очиж амьдарсан. Аавынх нь гал голомт болсон хашаа байшин сууцыг эдгээр хүмүүс зарчихсан. Тэгэхээр Ю.Б гуай одоо хаачих вэ. Бид өөр гэрчийн этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр асуулгах боломж байсан хэдий ч ах дүү хүмүүсийн маргаан тул зохимжгүй учраас татгалзсан. Тийм учраас төрсөн ахыг нь маргаан бүхий байртай холбоотой үйл баримтыг тодорхой хэмжээнд мэдэх байх гэдэг үүднээс энэхүү шүүх хуралдаанд гэрчээр асуулгая гэж бодсон. Нэхэмжлэгч тал 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байр Ю.Б, Б.Б нарын өмчлөлд шилжсэн гэдгийг мэдсэн гэж хэлж байна. Энийг юугаар нотолж байна вэ, тэр талаар баримт байхгүй. Нэхэмжлэгч Н.Б-ын хувьд улсын бүртгэлээс эд хөрөнгийн лавлагаа авсан, улмаар энэ асуудлыг мэдсэн гэх боловч тэр лавлагаа нь хэрэгт авагдаагүй. Тийм учраас хариуцагч нарын хувьд Н- г нас барснаас хойш ийм асуудал үүсгэлээ гэж бодож байгаа. Түүнээс өмнө уг байрыг Ю.Б, Б.Б нарын эзэмшилд байсан гэдгийг мэдэж байсан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нарын тайлбараас сонсоход 1998 онд өмч хувьчлал явагдсан. Тэгэхээр өмч хувьчлалтай холбоотой маргаан гаргаад байгаа эсхүл бэлэглэлийн гэрээний талаар маргаад байгаа эсэх нь ойлгомжгүй. 1998 онд хувьчлаад авчихсан бол зарга хийгээд яах вэ, манай хүүхдүүд энэ асуудлыг мэдэж байсан. Ингээд Ю.Б, Б.Б нарыг байрандаа оруулсан гэж тайлбарлаж байна. Тэгвэл 1998 оноос хойш бид байрныхаа хувийг авъя, үүнтэй холбоотой маргаан яагаад гараагүй юм бэ? Бид мэдээгүй байсан гэж тайлбарлаж байгаагаа ямар баримтаар нотолж байгаа юм бэ? 1998 онд картын бараанд орчихсон нөхцөл байдал хэцүү байсан гэж тайлбарлаж байна. 1998 онд төлөөлөгч миний бие 4 дүгээр ангийн хүүхэд байсан. Энэ үед сургуульд ороод, онц сурвал бэлэг авдаг байсан ба картын бараа гэдэг зүйл байгаагүй. Нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар ерөнхийдөө давхцаж байна. Давхцахгүй ганц зүйл нь байрыг илт хууль бусаар шилжүүлэн авсан гэх асуудал, нэхэмжлэгч тал энэ асуудлыг хэзээ хойно мэдсэн гэж тайлбарлаж байгаа ч үүнийгээ нотолж чадаагүй. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Шинжээчийн дүгнэлтийг үнэлэхэд эргэлзээтэй байгаа. Яагаад вэ гэхээр 26 жилийн дараа гарын үсэг, энийг хариуцагч талаас өөрчлөгдөнө, зарим хүмүүс нь нас барчихсан. Шинжээчийн дүгнэлтэд 26 жилийн дараа яагаад хүний гарын үсэг өөрчлөгдөөгүй байгаа талаар тодорхой тусгаагүй. 2023 оны кримналистикийн шинжилгээ хийх журамд заасан шаардлага нь гарын үсэг дээр байгаа хэв дээр шинжилгээ хийдэг. 26 жилийн өмнө эдгээр хүмүүсийн бичиж байсан ямар гарын үсгийн хэв шинжүүд байгаа талаар тусгаагүй. Шинжээчийн дүгнэлтийг шинжилгээ хийхдээ баримталсан журам, шинжилгээний арга, шинжилгээний явц, үр дүн, хэлбэр, нөхцөл агуулга зэргийг бичих ёстой. Тэгэхээр энэ шинжилгээг гаргахдаа эдгээрийг баримтлаагүй.

Иймд энэхүү шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлгүй, дан ганц шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй, хэрэгт авагдсан өөр бусад баримтыг цогцоор нь үнэлж байж, дүгнэлтийг үнэлэх ёстой. Нөгөө талаар гэрээг нотариатаар батлуулсан байх бөгөөд нотариатч бол хуульч хүн, тэгэхээр хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд баримт үйлдсэн. Харамсалтай нь энэ баримтыг гаргаж өгөх боломжгүй гэдэг нь Монголын Нотариатчидын танхимаас ирүүлсэн баримтаар харагдаж байна. Тэгэхээр яг энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор гарын үсгийн шинжээчийн дүгнэлтээс болж гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл байхгүй. Мөн нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд 1998 онд хувьчлаагүй, бид бэлэглээгүй Ю.Б, Б.Б өөрийн мэдэлдээ авчихсан. Нэхэмжлэгч Ю.Э 1998 оны өмч хувьчлалтай холбоотой мөн бэлэглэлийн гэрээтэй холбогдуулан маргаж байгаа гэж хэлж байна. Тухайн үед би болон манай хүүхдүүд ч мэдэж байсан, хамаатан садан хүмүүс тул зарга үүсгээгүй явсан гэж хэлсэн. Тэгвэл 1998 оноос хойш орон сууцад Ю.Б гэх хүн амьдраад байхад ядаж бид орон сууцандаа амьдарна гэж маргаагүй, эсхүл хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлнэ гэж нэхэмжлэл гаргаагүй юм. Энэ асуудал 28 жилийн дараа болж байна. Дараа нь 2005 онд Зоос банктай зээлийн гэрээ байгуулаад 2006 онд зээлийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой зээлийн маргаан гарч, уг маргаанд Ю.Э нар байлцсан. Улмаар маргаан бүхий байраа алдах гээд байгаа талаар Ю.Э мэдэж байсан. Тэрээр байраа алдах гээд байгааг мэдсэн хэр нь байр барьцаалагдсан, хэний нэр дээр өмчлөл нь байгааг мэдэхгүй гэх боломжгүй. Тийм учраас энэ хугацаанаас гомдлын шаардлага гаргах хугацааг тооцно гэж үзэж байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал байна. Хоёрдугаарт бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр байгаа. Учир нь: Шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 76.2-т зааснаар Б.Б, Ю.Б-д нарт холбогдох орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага бүхий Ю.Э, Н.Б, Н.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ю.Э, Н.Б, Н.Н нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Мөнхдөлийн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа “2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн” Бэлэглэл”-ийн гэрээгээр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 3 дугаар байр 6 тоот хаягт байрлах 34.9мкв орон сууцыг бэлэглэж, бэлэглэгч Н, хамтран өмчлөгч Н.Б, Н, бэлэг хүлээн авагч Ю.Б гэж байгуулсныг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч Ю.Э нь 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 0008 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээгээр “Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 3 дугаар байр 6 тоот хаягт байрлах 34.9мкв 2 өрөө орон сууцны бэлэглэлийн гэрээний бэлэглэгч Нд ногдох гэрээний эрх, үүрэг, уг орон сууцтай холбоотой шаардах эрх”, нэхэмжлэгч Н.Б, Н.Ннар нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт, 3 дугаар байг 6 тоот хаягт байрлах 34.9мкв орон сууцны хууль ёсны өмчлөгч юм.

2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Орон сууц бэлэглэл”-ийн гэрээг хууль бус, гэрээнд гарын үсэг зураагүй /нэхэмжлэгч Н.Б 1975 онд төрсөн ба 2003 онд 28 настай/, нэхэмжлэгч Н.Н/1973 онд төрсөн ба 2003 онд 30 настай/ нарын гарын үсэг биш гэж маргасан. Эдгээр нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч нарын тайлбараар нотлогдоно.

Гэвч шүүх 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр маргаан бүхий орон сууцыг бэлэглэж гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж шийдвэрийн үндэслэл хэсэгтээ дурдсан.

Шийдвэрийн үндэслэх хэсэг, 9 дэх талын 5.5, 6-д  ...бэлэглэлийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь: 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулахад бэлэглэгч Н хийгээд хамтран өмчлөгч Н.Б, Н.Ннар гарын үсэг зураагүй, үүнийг мэргэжлийн шинжээчээр шинжилгээ хийлгэж/хх136-63/ гарын үсэг тохирохгүй байгааг тогтоосон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хууль зөрчсөн хэлцэл” бөгөөд хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

6-д ...дээрх бэлэглэлийн гэрээг 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод тойргийн нотариатч Н.Б 585 дугаарт бүртгэн гэрчилсэн нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.4 дэх хэсэгт заасантай нийцнэ гэжээ.

Гэрээг бичгээр байгуулсан хэдий ч гэрээний талуудын хүсэл зориг, түүний илрэл нь тогтоогдохгүй байна. Гэрээ байгуулах үед нэхэмжлэгч Н.Б, Н.Н нар насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тэдгээр нь өөрийн өмчлөлийн орон сууцыг өөр этгээдэд шилжүүлэх бол хүсэл зоригоо илэрхийлсэн бөгөөд үүний илэрхийлэл нь гэрээг байгуулсан, гарын үсэг зурсан гэх үйл баримт юм. Гэвч хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хамтран өмчлөгч Н.Б, Н.Н нарын гарын үсэг биш болохыг тогтоож, тухайн үед гэрээ байгуулаагүйгээ нотолсон.

Шийдвэрийн 10 дахь тал 11: Нэхэмжлэгч нарын тайлбар дараах байдлаар үгүйсгэгдэж байна. 2006 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Зоос банкны 109 дүгээр салбараас Ю.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт 5.470.016 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, 2006 оны 8 дугаар сарын 07-ны өдөр талууд графикаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож хэлцэл хийсэн, мөн 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Зоос банкны 109 дүгээр салбарын захирал У.Нарандэлгэр, хариуцагч Ю.Б нар нь зээл төлөлтийн гэрээ хэлцэл хийхэд нэхэмжлэгч Ю.Э, мөн Н.Нямдэлгэр нар байлцаж гарын үсэг зурсан байна. /хх44/,

12. Төв аймаг дахь сум дундын ... дүгээр шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 309 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Ю.Бгаас 5.340.016 төгрөг гаргуулан Зоос банкны 109 дүгээр салбарт, иргэн Л.Наранцогтоос 5.340.016 төгрөг гаргуулж Ю.Б-д олгохоор шийдвэрлэсэн байна. /хх95-98/

13. Тодруулбал: Ю.Б нь өөрийн өмчлөлийн маргаан бүхий уг орон сууцыг 2005 онд Зоос банкинд зээлийн барьцаанд барьцаалуулсан, Зоос банк зээлийг төлүүлэхээр шүүхэд хандаж, зээлийг эргэн төлөх хуваарь, хэлцэл байгуулахад нэхэмжлэгч Ю.Э, түүний хүү Н.Н нар байлцсан буюу маргаан бүхий орон сууц Ю.Б-гийн өмчлөлд шилжсэн болохыг нэхэмжлэгч нар 2006 онд мэдсэн байна гэх дүгнэлт нь үндэслэлгүй болжээ.

Учир нь: Хэрэв маргаан бүхий орон сууц 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Ю.Б нарын өмчлөлд шилжсэн, хүчин төгөлдөр гэж үзэх бол 2006 онд Төв аймаг дахь сум дундын шүүх Зоос банкны нэхэмжлэлтэй Ю.Б, Л.Н нарт холбогдох хэрэгт хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан зээл төлөлтийн гэрээ хэлцэл гэх баримтад дурдсанаар Ю.Э нь байлцах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл 2003 оны бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд уг гэрээг талууд байгуулсан юм бол гэрээний дагуу маргаан бүхий орон сууц нь Ю.Б-гийн өмчлөлийнх, өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалуулах, байраа зээлийн төлөлтөд алдах эсэх нь нэхэмжлэгч Ю.Э нарт хамааралгүй гэж үзэх юм.

Гэвч Зоос банкны нэхэмжлэлтэй тухайн маргааныг шийдвэрлэхэд нэхэмжлэгч Ю.Э байлцсан нь уг орон сууцыг өөрийн өмчлөлдөө байгаа, миний хөрөнгө гэдгээр хандаж байгааг илэрхийлнэ. Энэ нь маргаан бүхий орон сууцыг Ю.Бгийн өмч болсон гэж хүлээн зөвшөөрсөн үйлдэл биш юм.

Шийдвэрийн 11 дүгээр талын 15-д “...орон сууцыг Ю.Б, Б.Б нарын өмчлөлд шилжсэн болохыг 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдөр мэдсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, зээл талуудын гэрээ, хэлцэл гэх баримт, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 44” гэсэн нь дээрх тайлбараар үгүйсгэгдэнэ.

Харин 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан гэх бэлэглэлийн гэрээгээр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт 3 дугаар байр 6 тоот хаягт байрлах 34.9мкв орон сууцыг хариуцагч Б.Б, Ю.Б нарт бэлэглээгүй, гэрээнд гарын үсэг зураагүй, Иргэний хуулийн 276 дугаар зүйлд зааснаар бэлэглэлийн гэрээ байгуулаагүй, дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мэдсэн үеэс буюу нэхэмжлэгч нарын тайлбарласнаар 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Өвлөх эрхийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 0008 дугаар гэрчилгээгээр шаардах эрх үүсэж нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил”, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэснийг зөрчөөгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт тус тус зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг зөрчсөн, хэргийн үйл баримтад зөв үнэлэлт, дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн, түүнчлэн шүүх шийдвэрээ уншиж, танилцуулахдаа 2003 оны 4 сарын 29-ний өдөр маргаан бүхий орон сууцыг “Бэлэглэлийн гэрээ”-гээр шилжүүлсэн байхад 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 0008 дугаар “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгосон нь ойлгомжгүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн атал шийдвэрт хэрхэн дүгнэсэн талаараа тусгаагүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

7. Нэхэмжлэгч Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Миний анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн гол утга нь би өөрөө Ю.Б-тай ямар ч гэрээ хэлэлцээр хийгээгүй, гарын үсэг зураагүй. Гэтэл миний эрх ашгийг 2003 онд хөндсөн байна. Өмч хувьчлалын товчооны тогтоол дээр хувьчлагдсан айлуудын нэрс, байрны гэрчилгээний дугаар байгаа. Энэ бол хамгийн гол нотлох баримт. Үүнийг үндэслэж би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би өөрийнхөө өмчлөлд байсан зүйлийг хүнд шилжсэнийг мэдэхгүй байж байгаад 2023 онд мэдсэн. Ю.Б цагаан сараар золгох гэж ирэхэд ээж чи энэ байрыг өөр дээрээ авчихсан юм уу гэхэд өмч хувьчлал миний нэр дээр явагдчихсан гээд бид нарыг халгаахгүй байсан. Дараа нь утсаар ярих гээд залгахаар утсаа авахгүй байсан. Би Е-Монголиа сайтаас лавлагаа автал шилжсэн байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв. 

 

8. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Э-ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Гэрчээр асуусан хүмүүс нь дандаа Г.Н төрсөн дүү нар байгаа өөр олон цусан төрлийн хүмүүс байгаа. Түүний оронд миний дүүг гэрчээр оруулах хэрэгтэй. Ах өгсөн байх, мэдэхгүй байна, манай ах их сайн хүн байсан гэсэн зүйл ярьсан байна лээ. Засаг даргын тодорхойлолтод дурдагдсан 5 хүний нэрд миний нэр байхгүй. Бусад тодорхойлолтод манай ам бүлд эдгээр хүмүүс байхгүй. Албан ёсны бүртгэл буюу өрхийн ам бүлийн тодорхойлолтод байхгүй. Зөвхөн эдний гаргаж өгсөн тодорхойлолтод байгаа. Яахаараа 50 гаруй жил ханилчихсан нөхөр минь Ю.Э гэдэг нэрийг оруулахгүй байна гэж хэзээ ч байхгүй. Анхан шатны шүүх Ю.Э гэж эхнэр нь байхгүй гээд байгаа. Үүний ялгааг гаргаж өгөх ёстой, дүү нар нь гэрчилнэ, Төв аймгийнхан бид хоёрыг мэднэ. Бид хоёр Төв аймагт 20 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Хамгийн гол нь Ю.Э гэж нэр байхгүй болохоор бүх юм орвонгоороо эргэчхээд байна. Үнэн юм байхгүй болсон байна. Нэг ч үнэн баримт байхгүй. Иймд шүүх бүрэлдэхүүнээс үнэн зөвийг нь олж өгөхийг хүсэж байна гэв.

 

9. Хариуцагч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлага бол 1998 оны өмч хувьчлалтай холбоотой биш зөвхөн бэлэглэлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгож байгаа. “Зоос” банкны асуудал нь манай ээжийг найз нь гуйгаад байхаар нь байраа барьцаалаад зээл аваад өгтөл нөгөө найз нь төлж чадахгүй болсон Тэгээд байран дээр ийм асуудал үүсчихлээ, яах вэ гэж Ю.Э эгчдээ хэлсэн. Би өөрөө айлын ганц хүүхэд, ээжтэйгээ хоёулхнаа өссөн. Надад хамаатан садан гэж энэ хүмүүсээс өөр хүн байхгүй. Хүүхэд байхаасаа эхлээд энэ айлд зуны амралт болгоноор очдог байсан. Нэхэмжлэгчийн төрсөн охин Н.Н гэх хүнтэй би төрсөн эгч дүү шиг, нэхэмжлэгчтэй ээж охин хоёр шиг өссөн. 2006 онд банкнаас тухайн байрыг нь хураах гээд байхаар нь ийм асуудал боллоо гэж мэдээж төрсөн эгч дээ л хандана шүү дээ. Тэгэхэд Ю.Э эмээ би л очиж учрыг нь олж авахгүй бол одоо наадах чинь хүүхэдтэйгээ хамт гудамжинд гарлаа гэж ярьж байсан. Тухайн үед би 16 орчим настай, 10 дугаар анги байсан санагдаад байна. Ээж байргүй болох гэж байгаа юм байна, бид хоёр орох оронгүй болох гэж байгаа юм байна гээд сэтгэл санаа бас сонин болж байхад Ю.Э эмээ ирж байсан. Тэгээд эмээ надтай ирж уулзаад миний охин битгий санаа зов, эмээ нь очоод зохицуулаад, хүнтэй нь уулзаад ямар ч байсан байрыг чинь алдахгүй гэж надад өөрөө хэлж байсан, хүүхдүүд нь ч хэлж байсан. Одоо энэ олон жилийн дараа байраа авах гээд байгааг үнэхээр ойлгохгүй байна. Энэ байр бараг 50, 60 жил болж байгаа байр. Төлөвлөлтөд орно гэх асуудал жил болгон яригддаг. Би бодохдоо газар төлөвлөлтөд орно гэдгийг сонсоод ингээд байгаа юм болов уу гэж бодож байна. Олон жилийн дараа төрсөн дүүгээ ийм байдалд оруулж байна. Бид нарт ерөөсөө хуурч мэхлээд, залилаад авсан зүйл байхгүй гэв.

 

10. Хариуцагч Ю.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан/цахим/ тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага байсан. Нэхэмжлэгч нар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэхээсээ илүүтэйгээр 1998 онд явагдсан өмч хувьчлалтай холбоотой маргаан яриад байна. Нэхэмжлэгч Ю.Э хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байна, эхнээсээ буруу явж байсан, 50 гаруй жил ханилсан байхад 2 эхнэртэй юм шиг ийм зүйл яваад байна, миний нэрийг оруулахгүйгээр Ю.Б-гийн нэрийг оруулсан байна, өмч хувьчлалыг хийсэн нь анхнаасаа хууль бус байсан, би 1998 оны тогтоол дээр байх ёстой гэж яриад байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй. 2006 онд “Зоос” банкны барьцаанд тавиад, тухайн барьцааг чөлөөлөх, зээлийн гэрээтэй холбоотой баримтууд хуралдаан дээр гарч ирдэг. Эдгээр үйл баримтаас харвал хөөн хэлэлцэх хугацаа нь 2006 онд дууссан байгаа харагдаж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд Ю.Э, Г.Н дүү нарыг оролцуулъя гэхэд шүүх оролцуулаагүй гэж яриад байх шиг байна. Энэ талаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан зүйл байхгүй, энэ талаар хэлэлцсэн асуудал байдаггүй гэдгийг хэлмээр байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу заасны дагуу нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Мөнхдөлийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Ю.Э, Н.Б, Н.Н нараас хариуцагч Ю.Б, Б.Б нарт холбогдуулан Төв аймгийн Зуунмод сум, 1 дүгээр баг, 3 дугаар байрны 06 тоот 34.9мкв орон сууцыг 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Н, Н.Б, Н.Н нараас Ю.Б-д бэлэглэсэн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч талаас эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тухайн орон сууцыг нэхэмжлэгч Ю.Э-ын нөхөр Н-д 1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Орон сууц хувьчлах товчоонд хувьчлан авах хүсэлт гарган хамтран өмчлөх эрхтэй этгээдээр Н.Б, Н, Ю.Б, Б.Б нарыг бүртгүүлэхээр хандсаныг тус товчооны 1998 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолоор шийдвэрлэж, холбогдох баримт бичиг, гэрчилгээг олгосон.

Гэтэл хариуцагч нар хамтран өмчлөгч нараас зөвшөөрөл авалгүйгээр хуурамч баримт бичиг бүрдүүлэн 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Бэлэглэлийн гэрээ” байгуулан тухайн орон сууцыг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авсан нь Н.Б, Н.Н болон Н /2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан/-гийн хууль ёсны өвлөгч Ю.Э нарын өмчлөх эрх зөрчигдөж байгаа учир уг бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү хэмээн тодорхойлжээ.

 

4. Хариуцагч Ю.Б нь “...1990 онд төрсөн аав н.Ю нас барж охиныхоо хамт аавынхаа хашаа байшинд амьдарч байхад эгч Ю.Э намайг хашаа байшинд нялх хүүхэдтэй амьдрах хэцүү, хүүхдүүдийг минь өсгөж, байшин барьж өгсөнд баярлаж байгаа тул нөхөртэйгөө ярилцаж уг орон сууцыг бэлэглэхээр боллоо, харин амьдарч буй хашаа байшингаа эгчдээ өгчих хэмээн авч охин Б.Б-ийн хамт нүүж орсон. Би хуурамч бичиг баримт бүрдүүлэн, залилан хийж “Бэлэглэлийн гэрээ” байгуулаагүй, эгч Ю.Э, түүний нөхөр Н нартай уг гэрээг байгуулан өөрийн болон охин Б.Б-ийн нэр дээр шилжүүлсэн авсан.

Эгч Ю.Э 2005 онд уг байрыг Зоос банканд барьцаалан найздаа зээл авч өгсөн, найз нь авсан зээлээ төлж чадахгүй болсны улмаас байр банкны барьцаанд хураагдах гэж байсан болон уг орон сууцны гэрчилгээ охин бид хоёрын нэр дээр шилжсэн гэдгийг мэдэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж,

Хариуцагч Б.Б “...ухаан орсон цагаас 21 нас хүртэл ээжийн хамт энэ байранд амьдарч байгаад тусдаа гарсан, ээж Ю.Б одоо хүртэл 30 гаран жил уг байранд амьдарч байна. Нэхэмжлэгч нартай садан төрлийн холбоотой, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл энгийн сайхан харилцаатай байсан, энэ хүртэл нэг ч удаа биднээс энэ байрыг авна гэсэн асуудал гарч байгаагүй, би тухайн үед хүүхэд байсан учир энэ талаар сайн мэдэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

 

5. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч Ю.Э-ын нөхөр Н анх 1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн орон сууц хувьчлах товчоонд маргааны зүйл болсон орон сууцыг Ю.Б, Н.Б, Н, Б.Б нартай хамтран өмчлөх эрхтэй хувьчлан авах хүсэлт гаргажээ.

Төв аймгийн Орон сууц хувьчлах товчооноос дээрх хүсэлтийг нь 1998 оны 12 дугаар 29-ний өдрийн 10 дугаар тогтоолоор шийдвэрлэн уг тогтоолын хавсралтын 17 дугаарт Н-г бүртгэн, 637620 төгрөгөөр хувьчилж, хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр Ю.Б, Г.Б, Г.Нямаа, Б.Б, Н нар бүртгэгджээ. /хх-ийн 60-61, 71-72, 77-р тал/

 

6. Маргаан бүхий дээрх орон сууц 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-гээр хариуцагч Ю.Б-д шилжиж мөн өдөр нь Ю.Б, Б.Б нарын дээр улсын 1427001136 дугаарт бүртгэн 0056733 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 76-77, 79-р тал/

 

7. Хэрэгт авагдсан болон анхан, давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар, үйл баримтуудаар хавтаст хэргийн 76 дугаар талд авагдсан маргаан бүхий орон сууцыг Н-гээс хариуцагч Ю.Б-д бэлэглэсэн гэсэн “Бэлэглэлийн гэрээ”-нд хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн нэхэмжлэгч Н.Б, Г.Н нар өөрсдөө гарын үсгээ зурж шилжүүлээгүй учир уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж маргадаг бол нэхэмжлэгч Ю.Э 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан нөхөр Г.Н хууль ёсны өв залгамжлагчаар өвлөх эрхийн 0008 дугаар гэрчилгээ авсан, анх байрыг хувьчлан авахад 50 гаран жил ханилсан эхнэрийнхээ нэрийг оруулахгүй байх учиргүй, Ю.Б анхнаасаа хуурамч баримт бүрдүүлсэн тул тухайн байрыг өмчлөх өв залгамжлагч миний эрх ч гэсэн хөндөгдөж байгаа хэмээн тайлбарлан мэтгэлцжээ.  

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

8.1. Нэхэмжлэгч нар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг шүүхээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар цаашид тухайн маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, эсхүл өөрт ногдох хувь хэмжээг хариуцагч нараас гаргуулах авах, цаашид ямар үр дүнд, ямар үр дагавар шүүхээс хүссэн болох, мөн нэхэмжлэгч Ю.Э нь нас барсан нөхрийнхөө хууль ёсны өв залгамжлагч учир тус байрыг анх хувьчилсан Төв аймгийн Орон сууц хувьчлах товчооны тогтоол миний өмчлөх эрхийг зөрчиж байна хэмээн ойлгомжгүй тайлбарлан маргаж байхад анхан шатны шүүхээс уг нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байхад нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, улмаар эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан зохицуулалттай нийцэхгүй.

8.2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шаардлагыг тодруулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хөндлөнгийн байх зарчим зөрчигдөхгүй бөгөөд зохигчийн хооронд үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэх нь шүүхийн үйл ажиллагааны хэмнэлттэй, тодорхой байх зарчимтай зөрчилдөхгүй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газар нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно хэмээн заасан.

9.1. Хэрэгт авагдсан, зохигчийн хүсэлтээр шүүхийн журмаар цуглуулсан зарим нотлох баримтад бичигдсэн агуулга огт уншигдахгүй, зарим баримтыг илт гараар засварласан байхад шүүхээс уг байдлыг нягтлан шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл болон хуулийн дээрх заалттай нийцэхгүй байна.

10. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан дээрх алдаа зөрчлүүд нь шүүхээс гарах шийдвэрт нөлөөлөхүйц, давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжгүй зөрчилд тооцогддог болно.

11. Ийнхүү хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн шүүхийн ажиллагааг үндэслэн гарсан шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчийг өмгөөлөгч Л.Мөнхдөлийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүйг болон нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 151/ШШ2024/01027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 /наян зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                       ШҮҮГЧИД                                        А.ЦЭРЭНХАНД

 

                                                                                              М.МӨНХДАВАА