Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/01042

 

Л.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00510 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1044 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Л.Э-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.М-д холбогдох,

Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад 75 000 000 төгрөг гаргасан болохыг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн бүртгэлээс Б.М-ийг хасч бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Л.Э- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сансар нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сансар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбат, хариуцагч Б.М-, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Мөнхттөртэй 2009 онд танилцаж, хамтран амьдарсан ба бидний дундаас 2012 онд хүү М.Золбаяр төрсөн. Бид таарамжгүй харьцаанаас болж тусдаа амьдрах болсон.Бид хамтран амьдарч байх хугацаанд буюу 2010 оны 12 дугаар сард “Анутекс” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 8 айлын орон сууцанд 89 мкв талбай бүхий орон сууцыг захиалсан. Би өөрийн өмчлөлийн орон сууцыг зарж, “Анутекс” ХХК-д 75 сая төгрөг төлсөн.Одоо энэ байрыг авахад Л.Э- 75 000 000 төгрөг гаргасан гэдгийг тогтоолгох, хүү Золбаярыг өөрийнхөө асрамжид авч тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Л.Э- Б.М- нар 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 53 дугаар байрны 9 тоотод байрлах, 89 метр квадрат, 4 өрөө бүхий орон сууцыг 80 100 000 төгрөгөөр худалдаж авсан, энэ байрыг авахад Л.Э- 75 000 000 төгрөг гаргасан болох нь нотлогдож байгаа. Л.Э- Б.М- нар гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Л.Э- 2016 оны 05 дугаар сараас хойш хүүхэдтэйгээ айлаар амьдарч байна. Иймд тухайн байрыг худалдан авхад 75 000 000 төгрөг гаргасан болохыг тогтоолгох, хүүхдээ өөрийнхөө асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсэж байгаа. Энэ байрыг авахад Б.М- 5 000 000 төгрөг гаргасан болохыг тогтоон, эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт өөрчлөлт оруулан Б.М-ийн нэрийг хасуулахыг даалгах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Хүүхдийн асрамжийн талаар маргаантай байвал шүүхэд нэхэмжлэл гаргадаг, хүүхэд одоо эх дээрээ байгаа тул асрамжиндаа авна гэж байхгүй, Б.М- хүүхдийн асрамжийг өөртөө авах шаардлага гаргасан байгаа. Л.Э- дансандаа их мөнгөтэй байсан тул байр авсан гэж тайлбарлаж байна. Б.М-д олон төрлийн данс байгаа ч нэхэмжлэгч шиг тайлбарлаагүй. Л.Э-гийн байр авахад зарцуулсан гэх мөнгөний гүйлгээн дээр энэ тухай байдаггүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Би өөрийн удам залгах ганц хүү Золбаярыгаа эрүүл мэнд байлгах, өсгөн хүмүүжүүлэх, хайрлан халамжлах талаар байнга санаа тавьж явсаар ирсэн. Л.Э- намайг удаа дараа гүжирдэн, доромжилж Цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулж байсан. Би хүүхдийнхээ амьдрах нөхцлийг бүрдүүлж, өсөж хүмүүжих, сурч боловсрох бүхий л нөхцөл бололцоог бүрдүүлж чадна. Хүүтэйгээ сайхан амьдрах зорилгоор энэ байранд засвар хийсэн, Б.М- хувиараа хөдөлмөр эрхэлдэг, цаашид хүүгээ асран хамгаалах бүрэн боломжтой гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Л.Э-г хүүхдээ аваад явсан байхад Б.М- утсаар яриагүй хүүхдийг нэг cap гарантай байхад Л.Э- хүүхдээ авч явсан байдаг, хүүхэд өвдсөн байхад 20 000 төгрөгийн дэвтрийг авъя гэхэд шуналтай гэж хэлсэн байдаг. Б.М-ийг Золбаяртай уулзах гээд цэцэрлэг дээр нь очиход хүүхэд нь уулзахгүй гээд уйлсан байдаг. Б.М- согтуу ирсээр байгаад хүүхдийг аймхай болгосон, хүүхэд нь согтуу хүн хараад уйлагнадаг, одоо ч энэ зан нь арилаагүй байгаа тул хүүхдийг Б.М-ийн асрамжид өгөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00510 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн М.Золбаярыг эх Л.Э-гийнх нь асрамжид байлгаж, Б.М-ийн Золбаярыг өөрийнхөө асрамжид авах тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар М.Золбаярыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байвал 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Б.М-өөс нь тэтгэлэг гаргуулан cap бүр тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 53-9 тоотод байрлах орон сууцыг худалдаж авахад 75 000 000 төгрөг гаргасан болохыг тогтоолгох, дээрх орон сууцны өмчлөлийн бүртгэлээс Б.М-ийг хасч бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай Л.Э-гийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.М-өөс 50 546 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-өөс 70 200 төгрөгийг гаргуулан Л.Э-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1044 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00510 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нэхэмжлэгчээс төлсөн 532 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасныг баримтлаагүй гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна....Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 53-9 тоотод байрлах орон сууцны нийт үнэ 80 100 000 төгрөг юм. Бид хоёр энэ байрыг ашиглалтанд ороход нь 2 талаасаа хүүхэдтэйгээ орж, хамт амьдарч эхэлсэн. Гэрчилгээгээ ч хоёр хүний нэр дээр гаргуулж авсан. Энэ гэрчилгээг буруу зөв гэж маргаагүй. Зөвхөн энэхүү орон сууцыг худалдан авахад өөрийн хуваарьт хөрөнгөнөөсөө үнийн 93.6 хувь буюу 75 000 000 төгрөгийг гаргасан болохоо тогтоолгож, улмаар Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасны дагуу тухайн орон сууцны өөрт ноогдох хэсгээ шүүхээр тогтоолгохыг хүссэн. Үүнийг нотлох баримт ...хавтаст хэрэгт хангалттай байгаа.

...Б.М-ийн карказаар авсан орон сууцанд засвар хийж, бүрэн 1 тохижуулсан гэх түүний хамаатан болох Я.Батсүх, Д.Мөнхцэцэг нар байрны засварын ажил 2011 оны хавар буюу 3 сард эхэлсэн гэдэг боловч хэзээ дууссан хугацаан дээрээ намар, өвөл гэж их зөрүүтэй мэдүүлгүүд өгдөг бол гүйцэтгэгч Гантулга орон сууцыг Б.М-д намар буюу 9 сард өгсөн гэдгээ мэдүүлдэг. Тухайн 3 өрөө байрны дотор засварыг 6-7 хүн бүтэн 9-10 cap хийсэн гэдэгт нь мөн 9-10 cap ажилласан байраа хаана байдгыг мартсан гэдэгт нь итгэж болох уу. Мөн бид орон сууцаа 09 дүгээр сарын сүүлээр хүлээн авч, цэвэрлээд 10 дугаар сарын 06-нд байрандаа орсон байдаг. Үүнийг байрны төлбөрийн баримт, Ч.Гантулгын мэдүүлэг мөн нотлодог.

Мөн Б.М- орон сууц худалдан авах болон засвар тохижолт хийхэд зарцуулсан гэх хөрөнгө мөнгөнийхөө эх үүсвэрээ баримтаар нотлож чаддаггүй юм....Ингэж шүүхүүд нотлох баримт, нотолгоо, мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т дахь хэсэгт заасныг баримтлаж үнэлээгүй байна.Иймд шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүсэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Л.Э- нь хариуцагч Б.М-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахад 75 000 000 төгрөг төлсөн болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн бүртгэлээс Б.М-ийг хасуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Б.М- нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргаснаас гадна хүүхдээ өөрийн асрамжид авах талаар сөрөг шаардлага гаргажээ.

Шүүх 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Золбаярын асрамж, тэтгэлгийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6., 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасан шаардлагад нийцүүлэн хянан шийдвэрлэжээ.

Зохигчдын маргааны зүйл болж буй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөөний 53 дугаар байрны 9 тоот, 89 мкв талбай бүхий, 4 өрөө орон сууцын өмчлөгчөөр Б.М-, Л.Э- нар 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-д зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болдог байна.

Зохигчид гэрлээгүй, гэрлэлтийн бүртгэлгүй хамтран амьдрах хугацаандаа бий болгосон үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцсоны буюу хэлцлийн үндсэн дээр дундаа хамтран өмчлөхөөр болжээ. Тухайн орон сууцыг хэн хэдий хэсгээр өмчлөх, оруулсан хөрөнгийн хэмжээгээр дундаа хэсгээр өмчлөх талаар харилцан тохиролцоогүй тул тэдгээрийг дундаа хамтран өмчлөгчид гэж үзнэ.

Нэхэмжлэгч Л.Э- нь тухайн орон сууцыг худалдаж авахад 75 000 000 төгрөг оруулсан гэх байдал баримтаар нотлогдоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Маргааны үйл баримтын талаар хоёр шатны шүүх шийдвэр, магадлалдаа эрх зүйн тодорхой дүгнэлт хийжээ.

Нөгөө талаар, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөд оруулсан хөрөнгийн хэмжээг тогтоолгосноор хамтран өмчлөгч нөгөө этгээдийг дундын өмчлөлийн бүртгэлээс хасах буюу өмчлөгч биш болгох үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч Л.Э- үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг шаардаагүйгээс гадна орон сууцны эзэмшлийн талаар нэхэмжлэл гаргаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа, зөрчил гаргаагүй байх тул нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг  хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00510 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1044 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН