Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 10

 

  

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч*******, ******* нарт холбогдох,

“Татварын улсын байцаагчийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 110003211 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Гарьдхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “*******” ХХК /захирал *******/ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Өмнөговь аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч*******, ******* нар “*******” ХХК-ийн 2011, 2012, 2013 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж илрүүлсэн зөрчил гэх 4,944.7 сая төгрөгт нийт 780.9 сая төгрөгийн төлбөр ногдуулсанаас 777.2 сая төгрөгийн төлбөрийг тус ХХК-аас эс зөвшөөрч аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг зөвлөл 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хурлаар хянан хэлэлцээд гаргасан гомдлын зарим хэсгийг хангаагүй 04 дүгээр тогтоол гаргасныг эс зөвшөөрч дахин Татварын Ерөнхий Газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл 2015 оны 5 дугаар сард болсон хурлаар хянан хэлэлцээд “...танай ХХК-д шалгалт хийсэн Татварын улсын байцаагч нар ажилдаа хариуцлагагүй хандсан байна. Иймд танай компанитай холбоотой асуудлыг Татварын Ерөнхий Газрын дарга эцэслэн шийдвэрлэнэ...” гэсэн шийдвэрийг гаргаж байгаагаа тухайн өдөр амаар танилцуулсан.

 

Өөрөөр хэлбэл Татварын Ерөнхий Газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2 дугаар зүйлд  “2.1.Маргаан таслах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...2.1.6.татварын акт...үндэслэлгүй болох нь тогтоогдвол түүнийг бичсэн татварын улсын байцаагчид Татварын ерөнхий хуулийн 73.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах саналыг Татварын ерөнхий газрын даргад тавих...” гэж заасны дагуу актыг хүчингүй болгож, хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нарт сахилгын шийтгэл ногдуулахаар Татварын Ерөнхий Газрын даргад уламжилж байгаа юм байна гэж ойлгосон. Харин Татварын Ерөнхий Газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл өнөөдрийг хүртэл актыг хүчингүй болгосон тогтоолоо компанид албан ёсоор хүлээлгэж өгөөгүй.

Монгол Улсын Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиуд 2015 оны 8 дугаар сард батлагдан гарч 2015 оны 7-р сарын 1-ээс өмнөх зөрчилтэй компаниудын асуудал нийтээрээ өршөөгдсөн тул уг актыг хүчингүй болгосон тогтоолыг заавал манай компанид хүлээлгэж өгөх шаардлагагүй болсон гэж өнөөдрийг хүртэл ойлгож явсан.

Гэтэл ТЕГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурал болсон өдрөөс хойш 1 жил 5 сарын дараа Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэндийн компанид ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/1332 тоотод “...Татварын Ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл танай гомдлыг буцаасан шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар танай компани шүүхэд ямар нэгэн гомдол гаргаагүй байгаа тул ...актын төлбөр... 718,371,185 төлбөрийг төлж барагдуулах шаардлагатай байна...” гэсэн илт хууль бус учир нь үл ойлгогдох шийдвэр бүхий албан бичгийг ирүүлснийг мөн актыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч*******, ******* нарын үйлдсэн 780.9 сая төгрөгийн төлбөрийг ногдуулж, тогтоосон гэх Татварын улсын байцаагчийн 110003211 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагчийн актанд 2011 онд 151.000.000 төгрөгийн борлуулалтын орлого, 2012 онд 4.772.000.000 төгрөгийн татвар ногдуулах орлого гэж 2 өөрөөр томьёолж акт тавьсан. Орлого гэдэг бол өөр ойлголт. Улсын байцаагч нар 2012 онд 17.939.070.000 төгрөгийг  долларын ханшийг буруу тооцож 454.000.000 төгрөгийн буруу тооцоолол хийсэн. Бид ийм орлого олоогүй байтал 45.400.000 төгрөгийн татварыг илүү ногдуулсан. Энэ акт бол 494.001.000.000 төгрөгийн үндсэн татвартай, 148.300.000 төгрөгийн торгууль, 138.100.000 төгрөгийн алдангитай, нийт 780.900.000 төгрөгийн төлбөртэй юм.

Үүнээс 45.400.000 төгрөг нь тооцооллын алдаатай гарсан. Үүнийг аймгийн татварын маргаан таслах зөвлөл тогтоож, хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн байгаа. 4.772.100.000 төгрөгийн орлогыг татварын улсын байцаагч нар тус компанийн 2012 онд 325.925.3 тонг нүүрсийг 17.487.700.000 төгрөгөөр экспортонд гарган худалдан борлуулсан гэж үзсэн атлаа компанийн нягтлан бодогч 2012 онд борлуулсан бүтээгдэхүүний татвар ногдох зардлаа 245.417.5 тонн нүүрсийг худалдан авсан үнэ буюу 10.208.700.000 төгрөг буюу нэмэгдсэн өртгийн албан татваргүй үнээр тооцооллын алдаа гаргаж татвар ногдох орлогоос бодит зардлыг багаар тооцсоныг татварын улсын байцаагч нар нүүрс худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татвартай үнэ 12.465.200.000 төгрөгөөр буюу 2.256.500.000 төгрөгөөр залруулсан боловч нүүрсний үнийг залруулаагүй. Өөрөөр хэлбэл 325.000  тонн нүүрсийг худалдан борлуулсан гээд байгаа атлаа хасагдах зардалдаа 245.417.5 тонн нүүрсний өртгийг хасч өгсөн. Өөрөөр хэлбэл орлого тооцсон гээд байгаа нүүрсний тоо хэмжээ, зардалд оруулсан нүүрсний тоо хэмжээний зөрүү 80.507.8 тонн нүүрс байдаг. Энэ хасаагүйгээс болж 4.089.800.000 төгрөгийг хасалгүй татварыг үндэслэлгүй ногдуулсан. Ингээд нийт 494.500.000 төгрөгөөс 454.400.000 төгрөгийг хасах юм бол манай компани 50.100.000 төгрөгийн татварыг төлөх юм байна гэж ойлгож байна. Тухайн үед шалгалт хийхэд татвар төлөгчийн зүгээс 3.000.000 орчим төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гэтэл татварын улсын байцаагч нар 2013 онд шийдвэр гаргасан. Уг актанд борлуулалтын орлогыг бууруулсан. 2013 онд “Эрдэнэт цэций хайрхан” ХХК-ийн олоогүй орлогыг олсон гэдгээр бичиж орлогоо илүү тайлагнасан, мөн татвар ногдох орлогоос 240.100.000 төгрөг нь баримтаар нотлогдохгүй байна гэсэн. Ингээд орлого илүү ногдох 640.100.000 төгрөгөөс зөрүү нь 240.100.000 төгрөг болсон. Илүү 40.600.000 төгрөгийг илүү тайлагнаж төлсөн байна гэж шийдвэрлэсэн. Татвар төлөгч илүү төлсөн дүнгээ ногдуулсан төлбөрөөсөө хасч өгөөгүй. Уг шалгалтын дүнгээр манай компани улсын төсвөөс 500.000 төгрөгийн авлагатай болсон. Манайх авлагатай юм бол уг татвараар ногдуулсан хүү, алданги, торгууль хүчингүй болно. Зөрчил байхгүй учраас ногдуулах торгууль, алданги гэж байхгүй. Уг акт бол хүчинтэй акт бол биш юм.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсан. Тус хуулийн дагуу санхүүгийн тайлан тэнцлээ мэдүүлсэн. Уг тайлан нууц боловч бид тайлан гаргасан гэдгээ нотлох үүднээс ирүүлсэн. Ил тодын тайлангаа хуулийн хугацаанд нь багтаагаад тайлагнасан. Тус хуультай зэрэгцээд өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж гарсан. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар 2015 оны 07 сараас өмнөх татварын торгууль өөрчлөгдсөн. Актыг 2014 онд гаргасан мөртлөө 2012 он гэж огноолсон, манай компанийн нягтлан бодогчийн нэрийг актанд буруу бичсэн. Хариуцсан албан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул улсын байцаагч нарт хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэснээс үзэхэд татварын хяналт шалгалтын журам, байцаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэдэг нь харагддаг. Мөн Татварын ерөнхий хуулийн 30.4-т татварын улсын байцаагчийн актыг өөрчлөх, засварлахийг хориглоно гэсэн байхад зассан байдаг. Татварын маргаан таслах зөвлөлийн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан.

Татварын маргаан таслах зөвлөлийн хурал дээр актын он сар өдөр буруу бичигдсэн, шалгалтаар 2013 онд 40.600.000 төгрөгийн илүү ногдуулсан гэх атлаа ногдуулсан татвараасаа хасаагүй, иймд тооцооллын илт алдаа гаргасан байх тул улсын байцаагчийн актыг хүчингүй болгож, дахин акт үйлдүүлэх нь зүйтэй байна гээд тус тэмдэглэлийн дүгнэлт хэсэгт тооцооллын хувьд илт алдаа гаргана, татвар төлөгчийн актыг хүчингүй болгон дахин үйлдүүлэхээр 8 гишүүний 100 хувийн саналаар шийдвэрлэсэн тул гомдлыг энэ удаад шийдвэрлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө, хуулийн 4.2-д Энэ хуулийн 4.1-д заасны дагуу сайн дурын үндсэн дээр албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа шинээр тайлагнасан, хориглосноос бусад хилээр мэдүүлээгүй нэвтрүүлсэн бараагаа гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнахаас өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасныг үндэслэн Татварын ерөнхий газрын даргын 1/3562 тоот албан бичгээр нийт татварын албадад алданги, хүү торгуулийг хүчингүй болгох чиглэлийг өгсөн, мөн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Тухайн улсын байцаагч нар тооцооллоо зөв хийсэн бол уг татвар төлөгдчихсөн байгаа. Ингэж хийгээгүйн улмаас татвар төлөгч өнөөдрийг хүртэл хохирч явна. Маргаан таслах зөвлөлийн эрх ашгийг уландаа гишгэж байна. Огноо нь 2 жилээр зөрж байгаа нь тухайн актыг хүчин төгөлдөр бус гэдэг нь харагдаж байна. Ийм учраас бид гомдоод яваад байгаа юм гэв.

 

Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч*******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн 2011-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт шалгалтыг хийж гүйцэтгэн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 110003211 тоот акт үйлдсэн. Тус компани нь 2011-2013 онд Тавантолгой ХК-тай “Нүүрс худалдах, худалдан авах тухай” гэрээ, “Ажил гүйцэтгэх” гэрээг байгуулан нүүрс худалдан авч экспортолсон, хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн, мөн харилцах дансны үлдэгдэлд олгосон банкны хүүгийн орлоготойгоор үйл ажиллагаа явуулсан.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн талаар манай татварын албанд маргаан таслах зөвлөлийн тогтоол шийдвэр ирүүлээгүй учир Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн нарын бичгийн даргаас утсаар асуухад “*******” ХХК-ийн гомдлыг буцаасан гэж мэдэгдсэн. Татварын Маргаан Таслах Зөвлөлийн ажиллах журмын 1 дүгээр зүйлд  1.9-д “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хянан үзэхгүй байх буюу буцаана” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлыг буцаасан гэж Татварын Улсын байцаагч бид ойлгосон.

“*******” ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр (2013.08.22 гэж бичсэн) Өмнөговь аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар татварын улсын байцаагчийн 110003211 тоот актыг Татварын маргаан таслах зөвлөл хэлэлцэж, татварын хяналт шалгалт хийсэн байцаагчид “*******” ХХК-ийн 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр экспортонд гаргасан 469,950 кг нүүрсний нэгжийн үнийг 0.081$-р тооцохыг 0.81$ гэж тооцоо хийсэн, мөн 2011, 2012 онд экспортонд гаргасан нүүрсний зарим өдрийн валютын ханшийг Монгол банкнаас тогтоосон ханшнаас зөрүүтэй тооцсоныг залруулан тус актаар тогтоосон зөрчлийн дүнг 372,370,067 төгрөгөөр, нийт төлбөрийг 59,293,975 төгрөгөөр бууруулж, татварын улсын байцаагчийн актын зөрчлийн дүнг 4,572,329,833 төгрөг, нийт төлбөрийг 721,591,185 төгрөг болгож, “Татварын улсын байцаагчийн акт”-ыг өөрчлөхөөр шийдвэрлэж, 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр №04 дүгээр тогтоол гаргасныг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Өмнөговь аймгийн Татварын газрын даргын 114 дүгээр тушаалаар баталгаажуулж, тогтоолыг “*******” ХХК-д гардуулсан.

Монгол Улсын Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр УИХ-аар батлагдан мөн өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа. Татварын Улсын байцаагч бидний тогтоосон акт нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр буюу Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль гарахаас өмнө бичигдсэн акт юм.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь актыг хүчингүй болгосон шийдвэр гараагүй. Татварын Улсын байцаагч бид “*******” ХХК-ийн 2011-2013 оны экспортолсон нүүрсний борлуулалтыг гаалийн мэдээнд үндэслэн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, гаргасан зөрчилд Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 34-р зүйлийг үндэслэн тогтоосон актын төлбөр (Өмнөговь аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр залруулсан актын төлбөр 721,591,185 төгрөг)-ийг хууль зүйн үндэслэлтэй тогтоогдсон гэж үзэж байна. Нийт 780,885,160 төгрөгийн актын төлбөрөөс 3,720,024 төгрөгийн төлбөрийг компаний удирдлага хүлээн зөвшөөрч, төсөвт төлж барагдуулсан.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн хуралд биднийг дуудсан албан бичгийг Татварын Ерөнхий Газраас ирүүлээгүй, Өмнөговь аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 04 дүгээр тогтоолд “татварын улсын /ахлах/ байцаагч нарт хариуцлага хүлээлгэх нь зүйтэй” гэж дурдаагүй бөгөөд ёс зүйн алдаа гараагүй, татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд харш зүйл үйлдээгүй, нягтлан бодогч Т.Мөнгөнболорт татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, тайлан гаргах талаар зөвлөгөө өгч хамтран ажилласан. Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэнд нь шийдвэр гаргах эрхтэй. Fisher системд зөрчил оруулахдаа огноог 2012 он, нягтлан бодогчийн нэрийг Мөнгөнбаяр гэж буруу оруулснаас актын огноо 2012.08.15 гэж хэвлэгдсэнийг татвар төлөгчид акт гардуулахаас өмнө огноог 2014.08.15, нягтлан бодогчийг Мөнгөнболор гэж зөв болгон залруулж актыг татвар төлөгчид гардуулсан.

Татварын ерөнхий газрын хурлын тэмдэглэлийг шийдвэр гэж ярьж байна. Маргаан таслах зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна. Гэтэл өнөөдөр хүртэл тогтоол гараагүй байгаа. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хугацааны хувьд орох ёстой мэт харагдаж байгаа боловч уг хуулийг хэрэгжүүлэх журмын 2.1.1-д зааснаар ямар нэгэн шалгалтаар тогтоогдоогүй байх ёстой.  Иймд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, өршөөлийн хуульд хамаарахгүй. Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс албан ёсоор шийдвэр ирээгүй байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч*******, ******* нарын тогтоосон 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 110003211 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.

Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч*******, ******* нар нь “*******” ХХК-ийн 2011-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт шалгалтыг хийж,  татварын улсын байцаагчийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 110003211 тоот актаар[1] 2011 оны тайланд 151,181,400 төгрөгийн борлуулалтын орлого, 2012 оны тайланд 4,772,052,500 төгрөгийн татвар ногдуулах орлогыг дутуу тусгаж тайлагнаагүй, татвар ногдуулаагүй, төлөөгүй, мөн 2011 оны тайланд 5,760,300 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг хасч тооцсон, 10,705,700 төгрөгийн ажиллагсдаас суутган авсан хоолны үнийн зардалд тооцож, нийт 16,466,000 төгрөгийн зардлыг хасч татвар ногдуулах орлогоо бууруулсан, татвар ногдуулаагүй, мөн 2011 онд 2000000 төгрөгийн ажилчдад олгосон урамшууллын орлогоос, 2012 онд *******д олгосон 3000000 төгрөгийн хувь хүний орлогын албан татвар суутгаагүй, тайлагнаагүй, татвар ногдуулаагүй, төлөөгүй зөрчил гаргасныг тэмдэглээд шалгалтаар илэрсэн 4,944,699,900 төгрөгийн зөрчилд 494,469,990 төгрөгийн нөхөн татвар, 148,340,975 төгрөгийн торгууль, 138,074,195 төгрөгийн алданги, нийт 780,885,160 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

“*******” ХХК нь Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн дээрх актыг эс зөвшөөрч мөн аймгийн Татварын газрын /хуучин нэршлээр/ дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдлоо гаргасан байх бөгөөд уг гомдлыг 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж Татварын улсын байцаагчийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 110003211 дүгээр актаар тогтоосон төлбөрийн дүнг бууруулж, зөрчлийн дүнг 4,572,329,833 төгрөг, нийт төлбөрийг 721,591,185 төгрөг /нөхөн татварыг 457,232,983 төгрөг, торгуулийг 137,169,873 төгрөг, алдангийг 127,188,329 төгрөг/ болгон өөрчилж шийдвэрлэжээ.

Дээрх тогтоолыг мөн эс зөвшөөрч дахин Татварын Ерөнхий Газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд нэхэмжлэгч 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан байх бөгөөд уг гомдлыг тус Маргаан таслах зөвлөл 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн боловч шийдвэр гаргалгүй “...гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж гомдлыг буцаасан болох...” нь тэмдэглэлд тусгагдсан байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь дээрх актаар тавигдсан төлбөрийн үнийн дүнгээс зөвхөн актын тогтоох хэсгийн Нэг дэх заалт буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт төлөлтийн 2011 оны тайланд 151,181,400 төгрөгийн борлуулалтын орлого, 2012 оны тайланд 4,772,052,500 төгрөгийн татвар ногдуулах орлогыг дутуу тусгаж тайлагнаагүй, татвар ногдуулаагүй, төлөөгүй зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно”, 7.3.1-д “үйл ажиллагааны орлого”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-д “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж заасныг зөрчсөнийг тэмдэглэсэн 2011 оны тайланд 151,181,400 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тооцсон, татвар ногдуулаагүй, төлөөгүй зөрчилд 15,118,140 төгрөгийн нөхөн татвар, 4,535,420 төгрөгийн торгууль, 6,939,251 төгрөгийн алданги,  2012 оны тайланд 4,772,052,500 төгрөгийн татвар ногдуулах орлогыг дутуу тооцсон, татвар ногдуулаагүй, төлөөгүй зөрчилд 477,205,250 төгрөгийн нөхөн татвар, 143,161,575 төгрөгийн торгууль, 130,205,500 төгрөгийн алданги ногдуулсантай холбоотойгоор маргаж, актад тэмдэглэсэн бусад зөрчил, актаар ногдуулсан төлбөрийн үнийн дүнгийн талаар маргаагүй.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон ... аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна”, 7 дугаар зүйлийн 7.3-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 7.3.1-д “үйл ажиллагааны орлого”, 7.6-д “Гадаад валютаар олсон орлого, гарсан зардлыг төгрөгт шилжүүлэхдээ Монголбанкнаас тогтоосон тухайн өдрийн ханшийг үндэслэнэ”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй”, 15.1.2-т “албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-д “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж тус тус тодорхойлон заажээ.

Дээрх хуулийн холбогдох заалтуудыг маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл нэхэмжлэгч “*******” ХХК-ийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод татвар ногдохоор байх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөгч “*******” ХХК нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй бол татварын улсын байцаагч нь татвар төлөгчид Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцлага ногдуулах хуулийн зохицуулалттай байна.

Гэтэл татвар төлөгч “*******” ХХК нь 2012 онд татвар ногдох орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж татварын албанд тайлагнаагүй, татвар ногдуулаагүй, төлөөгүй, татварын улсын байцаагчид акт бичихдээ тооцооны алдаа /валютын ханш, татвар төлөгчийн 2012 онд борлуулсан нүүрсний үнийг тооцохдоо, тооны/ гаргаж Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчжээ.

“*******” ХХК-ийн Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2014 оны 08 дугаар сарын 15-ны 110003211 дугаар актаар илэрсэн зөрчил түүнд ногдуулсан татварын үндэслэлийг эс зөвшөөрсөн гомдлын тухайд:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Татварын улсын байцаагч нар 2012 онд 325,925.3 тн нүүрсийг 17,485.7 сая төгрөгөөр экспортонд гаргасан борлуулалтын орлогыг 17,939,7 сая төгрөгөөр тооцож гаргасан нь борлуулалтын орлогыг 454.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж 45.4 сая төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан зөрчлийг аймгийн Татварын Маргаан таслах зөвлөлийн хурлаар шийдвэрлэхдээ 8.2 сая төгрөгөөр дутуу залруулсан” гэжээ. Тус компани 2011 онд  380,160 тн нүүрс борлуулж борлуулалтын орлогоо 151,18 сая төгрөгөөр дутуу тооцож, татвар ногдуулаагүй, төлөөгүй зөрчилд 15.1 сая  төгрөгийн нөхөн татвар, 2012 оны татвар ногдуулах борлуулалтын орлогыг татварын улсын байцаагч 458,565,882 төгрөгөөр илүү тооцож 45,856,588 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь а/ долларын монголбанкны албан ханшийг зөрүүнээс 1,382,202 төгрөг, б/ “*******” ХХК-ийн 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр борлуулсан 470 тн нүүрсний үнийг 810 ам.доллараар бодсон үнийн зөрүүнээс 452,620,895 төгрөг в/ экспортын орлогыг НӨАТ-ын тайлан дээр шилжүүлж бичихдээ 4,562,785 төгрөгөөр нэмэгдүүлж бичсэн /техник/ алдаа зэрэг тооцооны алдаанаас болсон байгаа нь хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, “нүүрсний борлуулалтын тайлан”, НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт болон Өмнөговь аймаг дахь Монголбанкны 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А-60/41 тоот албан бичгээр ирүүлсэн валютын албан ханшийн мэдээлэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул татварын улсын байцаагч нарын 2014 оны 08 дугаар сарын 15-ны 110003211 дугаар актаар тогтоосон нийт 780,885,160 төгрөгийн төлбөрөөс 45,856,588 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй байна.                   

Мөн Татварын улсын байцаагч нар 2014 оны 110003211 дугаар актаар “*******” ХХК-ийг 2012 онд 325,925.3 тн нүүрс борлуулсан гэж акт тавьсан атлаа 245,417.5 тн нүүрсний өртгийг татвар тооцох орлогоос хасаж тооцож 80,507.8 тн нүүрсний өртгийг орхигдуулснаас 409.0 сая төгрөгөөр нөхөн татвар илүү тооцсон гэжээ. Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2011 онд 491,556.3 тонн нүүрс худалдаж авч тухайн ондоо 380,159.9 тн нүүрсийг худалдан борлуулалт хийж, 2011 оны эцэст 111396.4 тн нүүрсний үлдэгдэлтэй байсан болох нь 2011 онд “*******” ХХК-ийн “Тавантолгой” ХК-иас худалдан авсан нүүрсний тооцоо, экспортонд гаргасан нүүрсний борлуулалтын тооцоо, 2011 оны Нэмэгдсэн өртгийг албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төрийн сангаар баталгаажуулсан 2011 оны жилийн санхүүгийн тайлан зэргээр, 2012 онд өмнөх онд борлуулаагүй байсан 111396.4 тн нүүрс дээр нэмж 245.417.5 тн нүүрс худалдаж авч 2012 онд нүүрсний үлдэгдэлгүй гэж тайлганасан болох нь тус компанийн 2012 оны жилийн санхүүгийн тайлан, 2011 оны Нэмэгдсэн өртгийг албан татварын илүү /дутуу/ төлөлтийг баталгаажуулсан тооцоо, “*******” ХХК-ийн 2012 оны нүүрсний борлуулалтын тооцоо зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул 80.507.8 тн нүүрсний өртгийг татвар ногдуулах орлогоос хасаж тооцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс Татварын улсын байцаагчийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 110003211 тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд “*******” ХХК-д уг актаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт төлөлтийн 2011 оны тайланд 5,760,300 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг хасч тооцсон, 10,705,700 төгрөгийн ажиллагсдаас суутган авсан хоолны үнийг зардалд тооцож, нийт 16,466,000 төгрөгийн зардлыг хасч татвар ногдуулах орлогоо бууруулсан, татвар ногдуулаагүй зөрчилд 1,646,600 төгрөгийн нөхөн татвар, 493,980 төгрөгийн  торгууль, 755,789 төгрөгийн алданги тооцсон, мөн Ажилчдад олгосон урамшууллаас хувь хүний орлогын албан татвар суутгаагүй, тайлагнаагүй, татвар ногдуулаагүй, төлөөгүй 2011 онд 2,000,000 төгрөгийн, 2012 онд ажлын хөлс олгосон 3,000,000 төгрөгийн зөрчилд 500,000 төгрөгийн нөхөн татвар, 150,000 төгрөгийн торгууль, 173,655 төгрөгийн алданги ногдуулсан төлбөрийн үнийн дүнгийн талаар талууд шүүх хуралдаанд маргаагүй тул  актын энэ хэсэгт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр баталж, мөн өдрөөс дагаж мөрдсөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 5 дугаар зүйлийн 5.1-т “Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө”, 6 дугаар зүйлийн 6.4-т “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг Засгийн газар батална” гэж тус тус заасан байх бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаар тогтоолоор баталжээ. Энэ журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-т зааснаас “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар... төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” ойлгоно гэж заасан байна.

“*******” ХХК-д хийсэн татварын хяналт шалгалт 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хийгдсэн байх ба хууль батлагдан гарахаас өмнө хяналт шалгалт хийгдэж, зөрчлийг илрүүлж төлбөрийн акт тавигдсан байна.

Тодруулбал татварын хяналт шалгалтаар 2014 онд илрүүлж, тогтоосон зөрчлийг “нуун дарагдуулсан татвар ногдох орлогоо ил тод болгон сайн дураар тайлагнасан” гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамааруулах боломжгүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 110003211 дугаар актаар тогтоосон нийт 780,885,160 төгрөгийн төлбөрөөс татварын байцаагчийн илүү тооцсон 45,856,588 төгрөгийн нөхөн татварыг хасч, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т ”Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.3-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг...  шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна” гэж заасны дагуу 148,340,975 төгрөгийн торгууль, 138,074,195 төгрөгийн алданги төлүүлэхээс “*******” ХХК-ийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.1, 7.6, 15.1.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч*******, ******* нарын 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 110003211 дүгээр актаар ногдуулсан нийт 780,885,160 төгрөгийн төлбөрөөс 148,340,975 төгрөгийн торгууль, 138,074,195 төгрөгийн алданги төлүүлэхээс “*******” ХХК-ийг өршөөн хэлтрүүлж, “*******” ХХК-ийн төлөх төлбөрийн хэмжээг 448,613,403 төгрөгөөр тогтоосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дугаар зүйлийн 51.1, 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,765,906 төгрөгөөс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 3,695,706 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108 .2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ОТГОНЦЭЦЭГ

 


[1] Хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас