Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2020/0036

 

“Г с” ТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан гомдлоор “Г с” ТББ-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г с” төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Бөхмөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 9/09 дугаартай тогтоолоор байгаль хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар шийдвэрлэгдсэн 14 сая төгрөгийн санхүүжилтийг “Г с” ТББ-д олгохгүй байгаа Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, 14 сая төгрөгийн санхүүжилтийг “Г с” ТББ-д олгохыг Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдэз хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй, холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байна. Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/166 тоот захирамжаар “Г с” төрийн бус байгууллагын Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газрын агнуурын менежментийн эрхийг цуцалж “Г н х” төрийн бус байгууллагад хариуцуулсан. Энэ үеэс Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн агнуурын менежментийн хариуцагч маргаантай байж ирсэн. Увс аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/162 тоот захирамжаар Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн агнуурын менежментийн эрхийг “Г н х” төрийн бус байгууллагад 10 жилийн хугацаатай хариуцуулж, менежментийг хариуцах хамтын ажиллагааны гурвалсан гэрээг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан. Мөн өдрөөс Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн агнуурын менежмент хариуцагч өөрчлөгдөж, “Г н х” төрийн бус байгууллага агнуурын менежментийг хариуцан ажиллах болсон тул “Г с” төрийн бус байгууллагад үлдэх санхүүжилт болох 28.000.000 төгрөгийг олгох боломжгүй болсон. Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 9/09 дугаартай тогтоолын дагуу Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн агнуурын менежментийн төлөвлөгеөг хариуцагч байгууллагууд болох “Г с” болон “Г н х” төрийн бус байгууллагад санхүүжилтийг ижил хэмжээтэй олгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Түүнлэн дээрх захирамжаас үзэхэд санхүүжилтийг зөвхөн “Г с” төрийн бус байгууллагад олго гэж нэр заан шийдвэрлээгүйг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүйд гомдолтой байна. Амьтны тухай хуульд зааснаар тухайн бүс нутагт агнуурын менежментийг хэдэн ч төрийн бус байгууллага хариуцан ажиллах боломжтой юм. “Гулзат нөхөрлөлүүдийн холбоо” төрийн бус байгууллагад Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг хариуцуулж шийдвэрлэсэн Увс аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/162 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй ба уг маргаан давж заалдах шатны шүүхэд хянагдаж байна. Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч, хэрэгжүүлэгч байгууллагын асуудал одоо болтол маргаантай байгаа, уг маргаантай холбоотой Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гараагүй байхад анхан шатны шүүх урьдчилсан дүгнэлт хийж, “Г с” төрийн бус байгууллагад үлдэх санхжүүжилт болох 14 сая төгрөгийг олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “Г с” ТББ нь Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргад холбогдуулан “14 сая төгрөг шилжүүлэх үүргээ гүйцэтгэхгүй байгаа Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бусд тооцож, 14 сая төгрөг шилжүүлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 9/09 дүгээр тогтоолоор Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хариуцагч байгууллагад 28 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснээс 14 сая төгрөгийг шилжүүлж, үлдсэн 14 сая төгрөгийг хууль бусаар шилжүүлэхээс татгалзсан” гэж тодорхойлжээ.

Хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр хуралдааны тогтоолд хэнд олгох талаар нэр заагаагүй, “Г с” ТББ нь 14,0 сая төгрөгийн санхүүжилт авсан боловч хийсэн ажлын тайлан мэдээ, санхүүгийн тайлангаа сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлээгүй” гэж  маргасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 9/09 дүгээр тогтоолоор “Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хариуцагч байгууллагад 28 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж, нэхэмжлэгч “Г с” ТББ-д дээрх мөнгөн дүнгээс 14 сая төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсэгт төсвийн жилд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор хуваарилсан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын тодорхой хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө багтана” гэж зааснаас үзвэл Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн 28 сая төгрөгийг 2019 онд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулна гэж ойлгох бөгөөд Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны тогтвортой хөгжлийн тасгаас хяналт хийсэн Гулзат ОНХГ-ын агнуурын бүс нутагт биотехникийн арга хэмжээ авсан ажлын мэдээлэл, хавсаргасан гэрэл зургаар баримтжуулсан байгаагаар “Г с” ТББ нь 2019 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг хариуцан хийсэн нь нотлогдож байх тул түүнийг Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хариуцагч байгууллага гэж үзнэ.

Түүнчлэн, Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд нэхэмжлэгч байгууллага хүсэлт гаргаж байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн хэмжээг тогтоолгосон талаар шүүх хуралдаан дээр тайлбарласныг хариуцагч маргаагүй тул үнэн зөвд тооцогдохыг дурьдах нь зүйтэй.

          Нөгөөтэйгүүр, Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар тогтоолоор батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын  4.1-д зааснаар хариуцагч сумын Засаг дарга нь энэхүү арга хэмжээний төлөвлөгөө, зарцуулалтын тайланг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад хүргүүлэх үүрэгтэй атал тухайн төсвийн жилд баталж өгсөн 28 сая төгрөгийг урьд авсан санхүүжилтын тайлан ирүүлээгүй үндэслэлээр дутуу шилжүүлж, 2019 онд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээг зохих ёсоор явуулахад саад учруулж буй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан “санхүүжилтийг зөвхөн “Г с” төрийн бус байгууллагад олго гэж нэр заан шийдвэрлээгүйг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй” гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-т “Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заасан бөгөөд хариуцагч нь анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа огт дурдаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэл болгоогүй атлаа давж заалдах шатны шүүхэд “Увс аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/162 тоот захирамжаар Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн агнуурын менежментийн эрхийг “Гулзат нөхөрлөлүүдийн холбоо” төрийн бус байгууллагад 10 жилийн хугацаатай хариуцуулсан тул “Г с” болон “Гулзат нөхөрлөлүүдийн холбоо” төрийн бус байгууллагад санхүүжилтийг ижил хэмжээтэй олгосон, Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч, хэрэгжүүлэгч байгууллагын асуудал одоо болтол маргаантай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гараагүй байхад анхан шатны шүүх урьдчилсан дүгнэлт хийсэн” гэх агуулгаар гомдол гаргасаныг дээрх хуулийн зохицуулалтад нийцүүлвэл анхан шатны шүүхээр хэлэлцээгүй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг давж заалдах гомдолд дурдах эрхгүй гэж ойлгохоор байх тул гомдлын энэ үндэслэлд тус шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Ц.Сайхантуяа    

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН