Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2024/0099

 

Улсын ерөнхий прокурорын газрын

Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг

хамгаалах албаны дарга буюу ахлах прокурор, хяналтын прокурор болон

Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн

Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын

прокурорын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч                   Д.Батбаатар

Танхимын тэргүүн:               Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                   Х.Батсүрэн 

                                                      Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                       М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0305 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2024/0371 дүгээр магадлал,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 001/ШХТ2024/0293 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч хяналтын прокурор Ш.С, гуравдагч этгээд “Б о” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, өмгөөлөгч Х.Ц, гуравдагч этгээд А.Б-гийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан нэхэмжлэгч Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурорын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/955 дугаар захирамжийн А.Б-д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1279 дүгээр захирамжийн “Б о” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

2.Хэргийн  нөхцөл  байдал: Иргэн А.Б нь нийслэлийн Засаг даргын 2018 оны А/955 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн *** хороонд 1094 м.кв газрыг үйлчилгээ, конторын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн бөгөөд 2019 онд “Б о” ХХК-тай газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, улмаар тус компанийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан хүсэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1279 дүгээр захирамжаар А.Б-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг “Б о” ХХК-д шилжүүлсэн байна.  

2.1.Монгол Улсын Засгийн газраас “... Нийслэл Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас үер усны аюултай нөхцөлийг бүрдүүлж, усны сан бүхий газарт тогтоосон хамгаалалтын бүсийг зөрчиж газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгосон, үер усны далан шуудууг сэтлэн барилга, байгууламж барьсан этгээдүүдээс төр, олон нийтэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах ...” агуулга бүхий 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ-1/115 дугаар албан бичгийг Монгол Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн, тус албан бичгийн дагуу Улсын ерөнхий прокурорын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/86 дугаар тушаалаар ... Нийслэл Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас бий болсон хор уршиг, шалтгаан нөхцөл, эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.

2.2.Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасны дагуу нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулж, төрийн байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл, судалгаа, холбогдох баримтыг гаргуулан авч, танилцахад эрх бүхий албан тушаалтнаас хууль тогтоомж зөрчин Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгосон, тухайн газарт барилга, байгууламж бариагүй нөхцөл байдал тогтоогдсон. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/955 дугаар захирамжаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрх олгохдоо Усны тухай, Газрын тухай хууль, Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг зөрчиж, иргэн А.Б-д газар эзэмших эрх олгосон, 2019 оны А/1279 дүгээр захирамжаар А.Б-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг “Б о” ХХК-д шилжүүлсэн нь хууль тогтоомжоор хориглосон, хууль бус, нийтийн ашиг сонирхол зөрчсөн үйлдэл болсон, Монгол Улсын Ерөнхий сайдаас прокурорын байгууллагад ирүүлсэн хүсэлтийг судлах, шийдвэрлэх явцад хүсэлтэд дурдагдаагүй, эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжоор тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгох шийдвэр гаргаснаар үерийн далан, суваг таглан барилга, байгууламж баригдах, олон нийтэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах шаардлагатай гэж дүгнэсэн ...” гэж тодорхойлон “... гуравдагч этгээд тухайн газрыг үйлчилгээ, конторын зориулалтаар авсан, гэтэл тус газарт нийслэлчүүдийн ундны эх үүсвэр байрладаг, мөн бүхэлдээ усан сан бүхий, усны хамгаалалт, онцгой хамгаалалттай болон үерийн далангийн хамгаалалтын бүсэд орсон, прокурорын гаргасан нэхэмжлэл нь нийтийн эрх ашгийг хамгаалах зорилготой, эрх бүхий этгээдээс үер усны ам бүхий газарт газар олгож байгаа асуудал нь үндэсний аюулгүй байдал, хүний амь нас, эрүүл мэндийн байдалтай холбоотой байна гэж үзсэн ...” гэж маргасан. 

2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... маргаан бүхий газар нь холбогдох хууль тогтоомж, сайдын тушаалд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчиж олгогдсон, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалтын бүс, цахилгаан станцын хамгаалалтын бүсэд орсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т заасан үндэслэл хэрвээ тогтоогдох юм бол маргахгүй, хэрвээ тогтоогдохгүй бол маргана ...” гэж;

2.4.Гуравдагч этгээд А.Б-гээс “... нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/955 дугаар захирамжаар холбогдох журмын дагуу Хан-Уул дүүргийн *** хороонд 1094 м.кв газрыг эзэмших болсон. Төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан боловч санхүүжилтгүйн улмаас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Б о” ХХК-д хуульд заасан журмын дагуу эзэмших эрхээ шилжүүлсэн. Миний хувьд тухайн үеийн мөрдөгдөж байсан журам дүрмийн дагуу хүсэлт гаргаж, газраа эзэмшиж, эзэмших эрхээ шилжүүлсэн ...” гэж;

2.5.Гуравдагч этгээд “Б о” ХХК-аас “... 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн А.Б-тэй газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр маргаан бүхий газрыг худалдан авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1279 дугаар захирамжаар эзэмшиж байгаа. Хэрэв маргаан бүхий газар нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан тусгай хамгаалалтад хамаарах газар байсан бол анхнаасаа газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагчийн зүгээс хувь хүн, хуулийн этгээдэд хууль зөрчиж олгохгүй байсан. Тухайн үед хариуцагч газар эзэмших, ашиглах эрхийг олгохтой холбоотойгоор холбогдох хууль тогтоомж, журамд заасан судалгааг хийсний үндсэн дээр тус газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх бүрэн боломжтой гэж үзэж, хуульд заасны дагуу олгосон байдаг. Гэтэл 2, 3 жилийн дараа хууль зөрчсөн гэж байгаа нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг, Үндсэн хуульд заасан шударгаар эд хөрөнгийг өмчлөх, эзэмших эрхийг ноцтойгоор зөрчиж байна, мөн компаниас төлбөр мөнгө, санхүү эд хөрөнгө, цаг хугацаа олон зүйлээр хохирох эрсдэлтэй байна ...” гэж тус тус тайлбар гаргажээ. 

3.Нийслэл  дэх  Захиргааны  хэргийн  анхан  шатны  шүүхээс  Газрын  тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... Нэхэмжлэгч прокурорууд нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд нийтийн эрх, ашгийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан, ... усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхацсан газрыг иргэн А.Б-д эзэмшүүлж, улмаар уг газар эзэмших эрхийг “Б о” ХХК-д шилжүүлж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн, нийслэлийн Засаг даргын уг хууль бус шийдвэрүүдийн улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нь тогтоогдож байх тул эдгээр захирамжуудыг хүчингүй болгох нь зүйтэй ...” гэж дүгнэжээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “... захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөхөөр нэхэмжлэл гаргаж маргах нь Үндсэн хуульд заасан агуулга буюу прокурорын байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үндсэн чиг үүрэг болон Захиргааны хэргийн шүүхийн “захиргааны хууль бус шийдвэрээс иргэдийг хамгаалах” үндсэн зорилготой нийцэхгүй байна, ... прокурор өөрийн санаачилгаар эсхүл аль нэг төрийн байгууллага, албан тушаалтны хүсэлтээр захиргааны өөр нэг байгууллагын шийдвэр үйл ажиллагааг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэл /захиргааны байгууллага хоорондын маргаан/ -ийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилгод нийцэхээргүй байна, ... Хэдийгээр прокурорын байгууллагын өөр нэг төрийн байгууллагын бусдад эрх олгосон эрхийг хязгаарласан зэрэг аливаа шийдвэрийг хүчингүй болгуулах гэх мэт хэлбэрээр гарч буй нэхэмжлэлтэй хэрэгт эрх нь хөндөгдсөн эсхүл хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээд оролцох боломжтой хэдий ч төрийн захиргааны нэг байгууллага нь хүсэлт гаргаснаар прокурорын байгууллагаас өөр нэг төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг өөрчлүүлэхээр нэхэмжлэл гаргах, уг нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх нь Үндсэн хуульд заасан прокурорын үндсэн чиг үүрэгтэй нийцэхгүй байна ....” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

5.Нэхэмжлэгч Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурорын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 001/ШХТ2024/0293 дугаар тогтоолоор “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

6.1.“... Давж заалдах шатны шүүхээс Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1-д заасан зохицуулалтад заасан прокурорын “шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох” чиг үүрэг нь түүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих буюу аливаа гэмт хэрэг зөрчлийг бүртгэж, хянах чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой хэрэгжих агуулгаар томьёологдсон, түүнчлэн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөхөөр нэхэмжлэл гаргаж маргах нь Үндсэн хуульд заасан агуулга захиргааны хэргийн шүүхийн “захиргааны хууль бус шийдвэрээс иргэдийг хамгаалах” үндсэн зорилготой нийцэхгүй, мөн захиргааны байгууллага хоорондын маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, захиргааны шүүхийн үндсэн зорилгод нийцэхээргүй байна гэж дүгнэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүйгээс гадна прокурорын нэхэмжлэлийн зорилго, агуулгыг ойлгоогүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

6.2.Учир нь Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэх хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1-д заасан зохицуулалтад заасан прокурорын “шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох” хуулийн зохицуулалттай уялдаатай буюу прокурор төрийн болон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн эрүү, иргэн, захиргааны хэргийн бүх шүүх хуралдаанд оролцох эрхтэй байна. Ингэж оролцохдоо төрийн болон нийтийн ашиг сонирхлыг урьтал болгох нийтийн зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх ашиг сонирхлыг хамгаалах нь прокурорын хуульд заасан бүрэн эрх юм.

6.3.Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих буюу аливаа гэмт хэрэг зөрчлийг бүртгэж, хянах чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой хэрэгжих агуулга буюу явцуу хүрээгээр хязгаарлаж тайлбарлаж байгаа нь Үндсэн хууль болон Прокурорын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна.

6.4.Прокурорын нэхэмжлэл нь гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөж байгаа агуулгатай гэж шүүхээс тайлбарлаж байгаа хэдий боловч нэхэмжлэл нь нийт ард иргэдийн зөрчигдөж буй, зөрчигдөж болзошгүй язгуур эрх буюу Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хамгаалах зорилгоор захиргааны байгууллага буюу захирамжилсан шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох агуулгаар бичигдсэн болно.

6.5.Прокурорын  нэхэмжлэлд  Нийслэлийн  Засаг  даргын  захирамж  нь  Усны тухай хууль, Газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн “Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээх” зорилго, зорилтыг зөрчсөнөөс гадна Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг зөрчсөн нь Улаанбаатар хотын ард иргэдийн цэвэр усны эх үүсвэртэй шууд холбоотой, эрүүл мэндийн асуудал хөндөгдөж байгааг илэрхийлсэн төдийгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “... хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна ...” гэсэн зорилттой нийцсэн байхад шүүх дээрх зохицуулалтыг буруугаар тайлбарлаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж дүгнэж байна.

6.6.Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах зорилгоор магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан ...” гэжээ.

7.Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд тайлбар ирүүлээгүй, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.

ХЯНАВАЛ:

8.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч зарим дүгнэлт буруу байх тул дараах үндэслэлээр уг дүгнэлтийг өөрчилж, шийдлийг хэвээр үлдээв.

9.Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолын Тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл хэсэгт “... Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь прокурорын үйл ажиллагааны үндсэн зарчим ба энэ хүрээнд нэгд, төрийн байгууллагын хүсэлтээр, хоёрт, өөрийн санаачилгаар захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд үндсэн нэхэмжлэгч, эсхүл, гуравдагч этгээдээр оролцох боломжтой; ингэхдээ итгэмжлэлгүйгээр оролцох эрхийг хууль тогтоогч тодорхой хуульчилжээ ...”[1] гээд Тайлбарлах нь хэсгийн б/-д “Прокурор өөрийн санаачилгаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд итгэмжлэлгүйгээр, харин төрийн байгууллагын хүсэлтээр нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд итгэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно”, мөн хэсгийн г/-д ““тусгайлан” гэх нөхцөлд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн ямар этгээд, ямар хүрээнд нэхэмжлэл эрхтэй болохыг тусгайлан зааж баталгаажуулсан байхыг ойлгоно. Харин хуульд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүрээнээс өөрөөр заагаагүй бол дурдсан дөрвөн үндсэн хүрээнд хамаарах асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ”[2] хэмээн тайлбарлажээ.

10.Гэтэл давж заалдах шатны шүүх “... Прокурорын тухай хуульд төрийн болон нийтийн эрх ашгийг төлөөлөн эрүү, иргэн, захиргааны хэргийн бүх шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд хэн алинаар оролцох эрхтэй байдлаар хуульчилсан байх боловч захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөхөөр нэхэмжлэл гаргаж маргах нь Үндсэн хуульд заасан агуулга буюу прокурорын байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үндсэн чиг үүрэг ... нийцэхгүй ...” гэж дүгнэсэн нь дээрх тайлбарын агуулгад нийцэхгүй.

11.Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч Прокурорын тухай хуулиар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг заасан байхад тухайн шүүх (шүүх бүрэлдэхүүн)-ээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар Улсын дээд шүүхэд санал гаргаагүй атлаа Үндсэн хуулийг зөрчсөн дүгнэлт хийж, “Үндсэн хуульд заасан прокурорын чиг үүрэгтэй нийцэхгүй” гэх агуулгаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу болжээ.

12.Харин давж заалдах шатны шүүхийн “... прокурорын өөрийн санаачилгаар эсхүл аль нэг төрийн байгууллага, албан тушаалтны хүсэлтээр захиргааны өөр нэг байгууллагын шийдвэр үйл ажиллагааг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэл (захиргааны байгууллага хоорондын маргаан)-ийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилгод нийцэхээргүй ...” гэх дүгнэлт энэ тохиолдолд зөв байна.

13.Учир нь, нэхэмжлэгч прокурор нар нь нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/955 дугаар захирамжийн хавсралт 65-д заасан Х овогт А-ын Б-д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1279 дугаар захирамжийн “Б о” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... Монгол Улсын Ерөнхий сайд 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ- 1/115 дугаартай албан бичгээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Нийслэл Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас үер усны аюултай нөхцөлийг бүрдүүлж, усны сан бүхий газарт тогтоосон хамгаалалтын бүсийг зөрчиж газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгосон, үер усны далан шуудууг сэтлэн барилга, байгууламж барьсан этгээдүүдээс төр, олон нийтэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах” агуулга бүхий хүсэлтийг прокурорын байгууллагад ирүүлсэн ... Гэтэл нийслэлийн Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/955 дугаартай захирамжаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрх олгохдоо Усны тухай, Газрын тухай хууль болон “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” зөрчиж /газар эзэмшүүлж, шилжүүлсэн/...” гэж тайлбарлажээ.

14.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж тус тус зааснаар захиргааны хэргийн шүүхийн нэн тэргүүний зорилго нь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол (субьектив эрх)-ыг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас хамгаалж, зөрчигдсөн тохиолдолд уг эрхийг сэргээн эдлүүлэхэд оршино.

15.Харин тодорхой чиглэсэн хүн, хуулийн этгээд байхгүйн улмаас субьектив эрхийн хүрээнд шүүхэд хандаж маргах боломжгүй, уг чиглэсэн үйл ажиллагааны улмаас хариуцсан захиргааны байгууллага өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн (обьектив эрхийн) гэж үзвэл уг асуудлаар тодорхой этгээдэд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхийг хууль тогтоогч ялгамжтай тогтоож, хязгаартай нээсэн бөгөөд энэ нь “... хэмжээ, хязгааргүй, эцэс, төгсгөлгүй нэхэмжлэлд шүүх дарагдахгүй, захиргааны шийдвэр бас эцэс, төгсгөлгүй нэхэмжлэлд уягдахгүй ...”[3] байх хууль тогтоогчийн үзэл баримтлалаас үүдэлтэй. Тодруулбал, төр, захиргааны байгууллага хоорондын хууль зөрчсөн эсэх маргаан шийдвэрлэх нь захиргааны шүүхийн нэн тэргүүний зорилт биш юм.

16.Мөн Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Прокурор хуульд заасан тохиолдолд дараахь шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно:” гээд 17.1.3-т “захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх” гэж, 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”  гэж тус тус зааснаар прокурор нь хуульд заасан тохиолдолд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу оролцох боломжтой байна.

17.Маргаанд хамаарах хууль тогтоомжийг авч үзвэл, усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдүүлэх, хяналт тавих асуудлаар хэн ямар чиг үүрэг, бүрэн эрхтэй талаар тодорхой хуульчилжээ.

18.Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 1/-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;”, 2/-т “байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам баталж биелэлтийг хангуулах;” гэж, 16 дугаар зүйлийн 2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 1/-д “байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;” гэж, 4/-т “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;” гэж, 26 дугаар зүйлийн 1-д “Улсын байцаагч дараахь эрхтэй байна:” гээд 1/-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах;”, 11/-д “байгаль орчны тухай хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгохыг шаардах, эсхүл дээд шатны байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлэх” гэж;

19.Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 11.1.1-д “усны тухай хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж, дүгнэлт өгөх;” гэж, 12.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 12.1.4-т “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, хамгаалах, тохижуулах, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах;” гэж, 13 дугаар зүйлийн 13.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 12.1.1, 12.1.3-т зааснаас гадна усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд  13.1.6-д “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийг мөрдүүлэх;” гэж, 18 дугаар зүйлийн 18.1-д “Аймаг, нийслэлийн байгаль орчны алба нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 18.1.1-д “усны тухай хууль тогтоомжийн биелэлтийн явцад хяналт тавьж, үр дүнг аймаг, нийслэлийн Засаг дарга, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;” гэж, 20 дугаар зүйлийн 20.4-т “Сав газрын зөвлөл нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 20.4.6-д “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөлтөд хяналт тавих;” гэж тус тус заасан байна.

20.Тодруулбал, дээр дурдсанчлан усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдүүлэх, хяналт тавих асуудлыг хэд хэдэн захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар өөрт олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хариуцаж ажиллах үүрэгтэй байна.

21.Дурдсан хуулийн зохицуулалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын тухай хуультай харилцан уялдаанд нь авч үзвэл, усны хамгаалалтын дэглэмийг мөрдүүлэх, хяналт тавих чиг үүргийг хэд хэдэн захиргааны байгууллага, албан тушаалтанд хуулиар хариуцуулсан бөгөөд тухайн этгээд өөр захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас уг чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах, энэ хүрээнд прокурорын байгууллагад хүсэлт тавьж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах боломжтой байна.

22.Ийнхүү захиргааны байгууллага, албан тушаалтнаас уг асуудлаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүй, төлөөлүүлэхээр хүсэлт гаргаагүй байхад прокурорын зүгээс “өөрийн санаачилгаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа” гэх үндэслэлээр буюу хуулиар өөр захиргааны байгууллага, албан тушаалтанд хариуцуулсан асуудлаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэх нь хуулийн үндэслэлгүй, “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв; нэхэмжлэгч прокурорын “... Прокурорын тухай хуулийн ... зохицуулалт нь Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1-д заасан зохицуулалтад заасан прокурорын “шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох” хуулийн зохицуулалттай уялдаатай буюу прокурор төрийн болон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн эрүү, иргэн, захиргааны хэргийн бүх шүүх хуралдаанд оролцох эрхтэй байна. Ингэж оролцохдоо төрийн болон нийтийн ашиг сонирхлыг урьтал болгох нийтийн зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх ашиг сонирхлыг хамгаалах нь прокурорын хуульд заасан бүрэн эрх ...” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.      

23.Нөгөө талаас, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга хууль зөрчиж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж үзвэл өөрөө, эсхүл дээд шатны албан тушаалтан болох Ерөнхий сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд уг шийдвэрийг хүчингүй болгох боломжтой байгааг дурдах нь зүйтэй.

24.Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч хяналтын прокурорын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2024/0371 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                  Х.БАТСҮРЭН

    Ц.ЦОГТ

                                                                                                  М.БАТСУУРЬ

 

 

[1] Хууль хэрэглээний нэгдмэл байдал: Улсын дээд шүүхийн тайлбарын эмхэтгэл, УБ., 2024, 181 дэх тал

[2] Мөн эмхэтгэл, 202 дахь тал

[3] Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы Хууль зүйн байнгын хорооны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэл