Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/676

 

2019         7         09                                         2019/ШЦТ/676                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2019/0665/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул

улсын яллагч П.Бямбасүрэн,

хохирогч Т.А,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М-д холбогдох эрүүгийн 1909014570581 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, археологич мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар гудамжны 54 тоотод оршин суудаг, одоо Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Про-Аурон” ХХК-д хүнд машин механизмын оператор, жолоочоор ажилладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн №380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.920.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэгдсэнийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 421 дугаар магадлалаар хөнгөн гэмт хэрэгт хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан гэх Н.М /РД: / гэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.М нь 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Гоодойн 131 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, зүүн шанаа хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М-ийн өгсөн: “...Архинаас болж энэ хэрэг гарсан гэж үзэж байна. Би энэ хэргээс хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байгаа. Цаашид хүнтэй маргахгүй гэж бодож байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би түргэн дуудаж, иртэл нь хохирогчтой хамт байсан. Мөнгө, төгрөгийн боломжгүй байсан учраас өнөөдөр 1.500.000 төгрөг хохирогчид өгсөн...” гэх мэдүүлэг,

Мөхдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.М-ийн өгсөн: “...Өдөржингөө архи ууж хоорондоо юм ярьж сууж байгаад орой нь 23 цагийн үед Амараа нь Цогтгэрэлийг “энэ бол миний ажилтан, би байшин бариулах ажлыг нь олдог юм гэх мэтээр ярьсан. Тэгсэн чинь Цогтгэрэл “одоо ийм юм яриад яах юм бэ, найзууд байж сонин юм ярихгүй шүү” гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн... гэх мэдүүлэг  

Хохирогч Т.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хувьд эмчилгээний зардлыг 100 хувь өөрөөсөө гаргаад явж байсан. Би энэ залууг аль болох хөнгөн ял аваасай гэж хүсэж байна. Яагаад гэвэл залуу хүний хувьд ажил хөдөлмөр хийхэд нь хүндрэлтэй болох байх гэж бодож байна. Энэ хэрэг гарахад миний буруу ч байгаа байх, хэдийгээр бухимдаж найзыгаа архи уулаа гэж загнасан ч гэсэн тэдний санал болгосноор архийг нь уухгүйгээр гараад явсан бол ийм зүйл болохгүй байсан. Тэгээд хамт суугаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор бага ч гэсэн миний буруу байгаа гэж бодож байна. Н.М-д хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирлын хувьд нилээд их хохирол гарах юм шиг байна лээ. Миний хувьд эрүүнд бэхэлсэн байгаа төмрийг намар авч өөр төмөр хийнэ гэсэн. Би сайн эмч нараар хагалгаа хийлгэхээр судалж байна. Шүүгдэгч надаас албан ёсоор уучлалт гуйгаад үнэн учраа хэлсэн учраас би цаашид гарах зардлаа өөрөө гаргахаар шийдсэн тул гомдол саналгүй. Цаашдаа ажил хөдөлмөр эрхлээд амьдралаа зохиогоод яваасай гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Т.А-н мэдүүлэг, гэрч Н.Мөнхсайхан, А.Цогтбаяр, А.Цогтгэрэл нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.4.23-ны өдрийн №4774 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр

Шүүгдэгч Н.М нь согтуугаар 2019.04.05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 131 тоотод иргэн А. Цогтгэрэлийнд хохирогч Т.А-тай “найз Цогтгэрэлийг нь өөрийнхөө ажилтан гэж доошоо хийж ярьсан” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж өшиглөн биед нь эрүү ясны далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, баруун тохойн зулгаралт, 1 шүдний эмтрэл гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.А-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Цогтгэрэл, Н.М нарын хамтаар дэлгүүрээс авсан “Эдэн” нэртэй 1 литрийн архийг хувааж уугаад сууж байтал Н.М нь намайг үгээр өдөж эхэлсэн. Тэр үед би дуугүй, юм хэлэхгүй шөнө болтол суусан юм. Бөөндөө унтах гээд буйдан дээр сууж байтал Н.М нь шууд над дээр ирээд миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод авахаар нь би нүүрээ дараад доошоо тонгойсон чинь Н.М нь миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөөд авсан чинь миний амнаас цус гарч эхэлсэн. ...сэрээд өөрийнхөө нүүрийг хартал эрүү, ам бүхэлдээ хавдсан цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 тал/,

Гэрч Н.Мөнхсайханы өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 06-ы өдрийн өглөө 08 цаг 30 минутын үед ...гар утсаар фэйсбүүкээр видео колл хийхэд  нөхөр Т.А нь өөрийгөө харуулаад байсан. Тэгсэн чинь нүүр ам нь бөөн цус болчихсон байсан. ...Түргэний эмч ирж нөхрийг үзээд эрүү нь хугарсан байна гэсэн. Тэгээд нөхрийн ажлын залуу болох Цогтгэрэлээс юу болсон талаар асуухад намайг уучил гэж байснаа Н.М гэдэг залуу надаас холдуулаад зодсон гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/,

Гэрч А.Цогтбаярын өгсөн: “...Би жаахан ууртай байдалтай юу болсон талаар Н.Маас асуухад Цогоо ахаа би таныг таньж байна. Би Пүүжээгийн найз байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм бэ гэж дахин асуухад Н.М нь Т.Аыг би гараараа цохисон юм, би хариуцлага хүлээх болно гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/,

Гэрч А.Цогтгэрэлийн өгсөн: “...Дахин дэлгүүрээс авчирсан архийг Н.М, Т.А бид гурав хувааж уугаад байж байтал Т.А, Н.М хоёр хоорондоо маргалдан хэрүүл хийгээд эхэлсэн. Тэр үед би хоол хийгээд гал тогооны өрөөнд буруу хараад зогсож байхад Т.А нь буйдан дээр хойшоо саваад унахаар нь гайхаад эргээд хартал Н.М нь Т.А-ийн дээр гарчихсан энгэр хэсгээс нь гараараа заамдаад боогоод байж байхаар нь Т.А-г болиулах гээд гарнаас нь бариад татахад дайраад байсан. ...Н.Мын гарнаас нь бариад Т.Ааас холдуулаад салгахад Н.М нь салгах үед Т.А-г хөлөөрөө өшиглөөд байсан юм. Н.М нь нилээн согтсон байсан, Т.А руу дайраад хэрүүл хийгээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019.4.23-ны өдрийн №4774 дугаартай: “...Т.А-н биед эрүү ясны далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, баруун тохойн зулгаралт, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Т.А-н нүүрэнд учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж ажил хэргийн хувьд хоорондоо хамааралтай 2 хүний ярианд хөндлөнгөөс оролцож “найзыг нь доош хийлээ” гэх өчүүхэн аян шалтгаанаар бусдыг харгис хэрцгийгээр зодож биемахбодид нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж байгаа ухвар мөчид зан байдал нь шууд нөлөөлжээ.

Шүүгдэгч Н.М нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Мын бусдыг зодож эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Хохирогч Т.А-н хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 1.477.169 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд шүүх хуралдаан дээр 1.500.000 төгрөгийг хохирогчид төлсөн, хохирогч Т.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт амаар болон бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч Н.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Т.А нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.М-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нь бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ялын доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчийн санал хүсэлт, түүний эрхэлсэн тодорхой ажил төрөлтэй, байнгын цалин орлоготой байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.М нь хүний эрүүл мэндэд гэмтэл учруулж, зодсон үйлдэл нь анхны удаа бус, урьд нь ч энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн эрхэлж буй ажил, орлогыг харгалзан 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байдал зэргийг харгалзан Н.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Н.М нь одоогоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-г 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д оногдуулсан 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд  мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Н.М-д зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, 1 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай.

6. Шүүгдэгч Н.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг түүнд анхааруулсугай.

7. Хохирогч Т.А нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

8. Шүүгдэгч Н.М нь одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР