Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00397

 

 

 

*******ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2024/05655 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, *******-д тус тус холбогдох,

2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1159 дугаартай төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 3,595,305,258.92 төгрөг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгө, газрын эзэмших эрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас хариуцагч ******* болон ******* нарын 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үүрэгт нийт 3,595,305,258.92 төгрөг гаргуулна. ******* болон ******* нарын Хадгаламж банкнаас авч ашигласан зээлийн үлдэгдэл нь тухайн гэрээг байгуулах өдрийн байдлаар *******-ийн үлдэгдэл нь 5,8 тэрбум төгрөг, *******-ийн үлдэгдэл 1,9 тэрбум төгрөг байсан. Дээрх хоёр зээлийн нийт үлдэгдлийг нэгтгэх зорилгоор тухайн гэрээг байгуулсан. ******* болон *******, гуравдагч этгээд ******* нарын өмчлөлийн 2 ширхэг үйлдвэр, 3 ширхэг газрыг Хадгаламж банкны нэр рүү шилжүүлж, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тухайн 7,7 тэрбум төгрөгийг хуваарь гарган хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Түүнчлэн, Хадгаламж банкны өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг төлбөрт тооцон банкинд биет байдлаар шилжүүлэн өгөхгүй, түүнээс гарах үр ашгийг хүртэн үйл ажиллагаа явуулсан хэвээр байна. 2019 онд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* болон ******* нар нь Хадгаламж банкны эрх хүлээн авагчид холбогдуулан тухайн үл хөдлөх хөрөнгийг өөрсдийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байсан. Банкны зүгээс тухайн үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэвч тухайн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаартай магадлалаар үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь, тухайн төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг бидний зүгээс Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтойгоор худалдах, худалдан авах гэрээ гэж үзэж уг гэрээний үүргийг хариуцагч нараас нэхэмжилсэн. Иймд, хариуцагч нараас 3,595,305,258.92 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Энэ нь хэрэгт авагдсан байгаа. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандахад ******* болон ******* нар нэхэмжлэгчээр, ******* хариуцагчаар оролцож байсан. Бид төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоод талууд маргаж байсан. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч тал өнөөдөр төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоод 3,5 тэрбум төгрөг нэхэмжилж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар өмнө нь шийдсэн шүүхийн шийдвэртэй гэдгээр нэхэмжлэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байсан нь тодорхой харагдаж байгаа. 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр ******* болон ******* нарын зээлийн үлдэгдэл нийт 7,7 тэрбум болж байна гэж дүгнээд, ******* болон ******* нарын хөрөнгүүдийг Хадгаламж банк өмчлөлдөө шилжүүлж авсан. Шүүхээс үүнийг буцаан худалдах худалдан авах нөхцөлтэй гэрээ байна гээд дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, өмнө авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “тал мөнгийг нь авсан учраас хариуцагч нарыг хөөж болохгүй, мөнгөнийхөө асуудлыг шийд” гэсэн байдлаар гарсан байгаа. Нэгэнт урьд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг бүх шатны шүүх, хуулийн этгээд, иргэн дагаж мөрдөх ёстой гэсэн заалтын дагуу шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдсөн. Иргэний хуулийн 265 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэх эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:

******* би ******* хамт 2013 онд *******оос *******-ийн хувьцааг хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан бөгөөд талууд тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн заалтаар “... Компанид бусдын өмнө хүлээх ямар нэг хариуцлага байхгүй гэдгийг Эрх шилжүүлэгч баталж байна. Хэрэв гэрээ байгуулагдах өдрөөс өмнө Компанийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэг өр, хариуцлага гарч ирвэл шилжүүлэгч нь тухайн өр, хариуцлагыг барагдуулна” хэмээн тохиролцсон. Ийнхүү дээр дурдсан гэрээгээр иргэн ******* би *******-ийн хувьцааг шилжүүлэн авсан 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш хэн нэгэн этгээд тус компаниас өр, хариуцлага шаардалгүй өнөөдрийг хүрсэн буюу 10 жилийн хугацаа өнгөрчээ. Иймд, хариуцлагыг хүлээх эрх зүйн болоод бодит үндэслэл байхгүй. Тус компанийн одоогийн хувьцаа эзэмшигч нар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш болохыг үүгээр тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын *******-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, *******-д холбогдуулан гаргасан 3,595,305,258.92 төгрөг гаргуулах, банкны өмчлөлд шилжүүлсэн Баянгол дүүрэг, 20 хороо үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж, 65 тоот хаягт байрлах, бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 500м кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй хөрөнгө, дугаар бүртгэгдсэн Баянгол дүүргийн хороо Үйлдвэрийн баруун бүс 16101 гудамжны 66 тоотод байрлах 200 м.кв асфальт бетон хольцын үйлдвэрийн зориулалттай объектыг, нэгж талбарын *******, ******* дугаартай, Баянгол дүүрэг, 20 хороонд байрлах үйлдвэрийн зориулалттай 15 870 м кв талбайтай газар эзэмших эрх хөрөнгөөр үүргийг хангуулах тухай *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхээс талуудын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ ”-г эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээ болохыг зөв тогтоосон боловч гэрээний агуулгыг буруу тайлбарласан.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ½-1159 дугаар “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээ болох тухай маргаагүй. Тус гэрээний 1.2.6-д зааснаар хариуцагч нараас төлбөрийн хуваарийг тохирч, төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд гэрээний 2.1-т заасны дагуу хөрөнгө /нийт 5 хөрөнгө/-ийг банкны өмчлөлд шилжүүлэх, гэрээний 2.2-т зааснаар банкны өмчлөлд шилжүүлснээр төлбөр төлөгч *******, ******* нарын банканд төлөх өрөө бүрэн төлсөнд тооцно гэж заасан.

5.2. Талуудын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-нд нийт 5 хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Шүүхийн шийдвэр гарах өдрийн байдлаар Хадгаламж банкны өмчлөлд доор дурдсан 4 хөрөнгө бүртгэлтэй байх бөгөөд хариуцагч нар нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2.а-д заасан нэгж талбарын 8023/5017 дугаартай 10,000 м.кв үйлдвэрийн зориулалттай газрыг шилжүүлээгүй байна. Нэхэмжлэгч талаас энэхүү хөрөнгө банкны өмчлөлд шилжээгүй болохыг шүүх болон шүүх хуралдааны үед мэдэгдэж мөн, шүүгч өөрөө тус хөрөнгөтэй холбоотой хариуцагчаас асууж, зохих тайлбарыг авч, тус хөрөнгө нь банкны эрх хүлээн авагчид шилжээгүй болохыг шүүхийн шийдвэрт дурдсан бөгөөд хариуцагчийн “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал баримт болон хариуцагчийн тайлбараар тогтоогдсоор байтал шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг зөв үнэлээгүй байна.

Талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу нийт өр төлбөрийг тогтоож, түүнийг төлүүлэх зорилгоор төлөх хүртэлх хугацаанд банкны өмчлөлд 5 хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон. Ийнхүү гэрээ байгуулахад заавал үнэлгээ тогтоолгох, шаардлагагүй байна. Мөн гэрээний 1.1.а болон 1.1.б-д хариуцагч тус бүрийн зээлийн үлдэгдэл төлбөрийг харилцан тохиролцсон. Гэтэл шүүхээс талуудын хооронд тохиролцсон, маргаангүй зүйлийг ач холбогдолтой мэт тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч *******-ийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Шүүх Иргэний хуулийн 265 дугаар зүйлд зааснаар буцаан худалдан авах эрхтэй худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хуульд худалдах, худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хөрөнгийг хадгаламж банкны өмчлөлд шилжүүлсэн. Мөн 4,004,000,000 төгрөгийг авсан атлаа нэхэмжлэлийн шаардлагад 3,595,305,258.92 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч *******-ийн гаргасан тайлбарын агуулга:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар магадлалын 14 дүгээр талд хадгаламж банкны эрх хүлээн авагчид тус тус төлөх өр төлбөрийн хэмжээгээр эд хөрөнгө худалдаж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөлд нь шилжүүлсэн гэж дүгнэхээр байна гэсэн. Магадлалын 15 дугаар талд гэрээний зүйл нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө байгаа боловч тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцааны зүйлийн хэмжээгээр зээлийн өр төлбөрт тооцсон байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Хадгаламж банк үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Маргаан бүхий гэрээний 4.2.2-т зааснаар эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой. Үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх нь үүссэн. Уг эрхээ хэрэгжүүлээгүй атлаа хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч ******* нь 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрээг байгуулсан. Гэрээний нэг тал буюу оролцогч болсон. Нэхэмжлэгч талаас шаардаж байгаагүй. Өмнө нь шийдвэрлэгдсэн хэрэг маргаанд ******* нь оролцож байгаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны  шүүхэд буцаав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-д тус тус холбогдуулан 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1159 дугаартай “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх” гэрээний үүрэгт 3,595,305,258.92 төгрөг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгө, газрын эзэмших эрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нараас эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байхад, шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

3. ******* болон *******, *******-тай байгуулсан 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ½-1159 дугаартай “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-гээр ******* нь *******-д 5,816,069,781 төгрөгийн, ******* 1,973,517,583 төгрөгийн зээлийн өр төлбөртэй болохыг баталгаажуулж,

******* нь зээлийн өр төлбөртөө тооцож: *******-ийн өмчлөлийн дугаар бүртгэгдсэн Баянгол дүүргийн хороо Үйлдвэрийн баруун бүс 16101 гудамжны 66 тоотод байрлах 200 м.кв асфальт бетон хольцын үйлдвэрийн зориулалттай объектыг,

Нэгж талбарын 8023/5017 дугаартай 10.000 м.кв үйлдвэрийн зориулалттай газрыг, *******-ийн эзэмшлийн нэгж талбарын ******* дугаартай, 100.000м.кв талбайтай газар,

*******-ийн өрөнд тооцож: *******-ийн өмчлөлийн дугаартай Баянгол дүүргийн хороо, Үйлдвэрийн баруун бүс 16102, Сонсголонгийн зам гудамж 65 тоотод байрлах 500 м.кв бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн объект, Төв аймгийн Алтанбулаг сумын гишүүний ам-1 нэртэй 51 га газарт хайрганы орд ашиглах 13784А дугаартай зөвшөөрөл зэргийг тус зээлийн төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор графикийн дагуу төлж барагдуулах хүртэл хугацаагаар Хадгаламж банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна./1хх28-30/

 

4. Хариуцагч нар 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд төлбөрийн зарим хэсгийг төлж, үлдэгдэл 3,595,305,258.92 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй тухайд маргаагүй, харин уг асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан, нэхэмжлэгч нь гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг захиран зарцуулах гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй атлаа зээлийн төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

 

5. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00016 дугаар магадлалаар нэхэмжлэгч *******-ийн нэгж талбарын ******* дугаартай 100,000 м.кв талбайтай газрыг *******-тай хамтран эзэмших, нэгж талбарын 8023/5017 дугаартай 10,000 м.кв талбайтай газрыг эзэмших, нэхэмжлэгч *******-ийн нэгж талбарын ******* дугаартай 100,000 м.кв газрыг *******-тай хамтран эзэмших эрхтэй болохыг тус тус тогтоолгох, нэгж талбарын 1681900060, ******* дугаартай 15,870 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 500 м.кв бетон зуурмагийн зориулалттай объектыг өмчлөлдөө буцаан шилжүүлэхийг даалгуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн нэгж талбарын ******* дугаартай 100,000 м.кв газар, эрхийн улсын бүртгэлийн , дугаартай үйлдвэрийн зориулалтай объектуудыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, нэгж талбарын 8023/5017 дугаартай 10,000 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч *******-аас гаргуулахыг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ./1хх66-74/

 

5.1. Уг магадлалд: талуудын байгуулсан гэрээ нь “төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх” гэж нэрлэгдсэн боловч зохигчдын хэн алиных нь тайлбар, гэрээний агуулгыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч тал эд хөрөнгийг буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр Хадгаламж банкны эрх хүлээн авагчид тус банкинд төлөх өр төлбөрийн хэмжээгээр эд хөрөнгө худалдаж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөлд нь шилжүүлсэн гэж үзэхээр байна... гэрээний агуулга нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ байна. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.7-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах хуульд заасан бусад арга гэдэгт эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах гэрээ хамаарах бөгөөд гэрээний зүйлийн  талаар хуулиар хязгаарлалт тавиагүй тул уг гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг төрөл болох боломжтой. Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ гэж заасан боловч нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт 4.479,719,606 төгрөг төлж, 3,309,867,758 төгрөг төлж барагдуулаагүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна. Иймд Иргэний хуулийн  267 дугаар зүйлийн 267.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг буцаан худалдаж байгаа тал буюу Хадгаламж банкны эрх хүлээн авагчид буцаан шилжүүлэх үүрэг одоогийн байдлаар бүрэн үүсээгүй  тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй  гэжээ.

 

5.2. Түүнчлэн, уг магадлалд сөрөг нэхэмжлэлийн талаар: талууд эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээг байгуулж, нэхэмжлэгч тал буюу эд хөрөнгөө буцаан худалдан авах эрхтэй байсан этгээдийн хувьд тодорхой мөнгөн төлбөрийг төлсөн байна. Өмчлөгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэгч талыг эд хөрөнгүүдийг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч нэхэмжлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргээс тодорхой хэсгийг биелүүлсэн нь тогтоогдсон. Түүнчлэн, гэрээний зүйл нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө байгаа боловч уг эд хөрөнгүүдийг барьцааны зүйлийн хэмжээгээр тусд нь өр төлбөрт тооцож тогтоогоогүй, нийт үнийн хэмжээгээр зээлийн төлбөрт тооцсон байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов гэжээ.

 

6. Дээрх магадлалаар тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй. Иймд эд хөрөнгөө буцаан худалдан авах эрх бүхий этгээд болох хариуцагч нар нь төлбөрийн үүргээ бүрэн биелүүлээгүй бол нэхэмжлэгч шилжүүлсэн эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх эрхтэй байх боловч төлбөрийн тодорхой хэсгийг хариуцагч нь гүйцэтгэсэн байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь төлөгдөөгүй үлдсэн төлбөрийн хэмжээнд аль эд хөрөнгийг тооцох, эсэх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байна.

 

6.1. Түүнчлэн, хөрөнгийн үнэлгээ тодорхой бус байх ба энэ талаарх  нэхэмжлэгчийн байр суурь тодорхойгүй байна.

 

6.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой болсноор, хариуцагч нар нь дээрх гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн үүргийн хэмжээнд аль хөрөнгөө буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлэх тайлбар татгалзал мөн тодорхой болох учиртай. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийж, талуудыг маргааны зүйл рүү чиглүүлэх, мэтгэлцүүлэх ажиллагааг хийгээгүй байна.

 

7. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг бүрэн тодруулж, талуудыг маргаанд хамаарах асуудлаар мэтгэлцүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосноор, шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2024/05655 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЗОЛЗАЯА

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

 

 ШҮҮГЧ                                   Ц.АЛТАНЦЭЦЭГ