| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0613/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/677 |
| Огноо | 2019-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/677
2019 7 09 2019/ШЦТ/677
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2019/0613/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
Улсын яллагч: П.Бямбасүрэн,
Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,
Шүүгдэгч А.А /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.А-д холбогдох эрүүгийн 1809046030725 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлхийн 36-61б тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1996 онд Хэнтий аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-оор 60 000 төгрөгийн торгох ялаар, 2000.08.31-ний өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-аар 3 жилийн хорих ял шийтгэгдэж 2002.11.28-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А.А /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.А нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 168 тоотод оршин суугч Х.Б-г гэрт нь бор өнгийн хутгаар биед нь халдаж зүүн далны голын шугамаар 7,8 дугаар хавирганы түвшинд хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хохирогч Х.Бтэй Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд жоншон дээр ажиллаж байхдаа танилцсан. Тухайн үед ямар шалтгааны улмаас муудалцсанаа би сайн санахгүй байгаа. Х.Б нь урьд хамт ажилладаг байхдаа надад санасан зүйл байсан байх. Би хохирогчийг хутгалсан нь үнэн. Гэхдээ хохирогч өөрөө хутга барьсан байсныг нь би авсан. Би архины хамааралгүй. Хэрэг гарснаас хойш хохирогчтой утсаар ярихад хөдөө ажил хийж байна гэсэн. Хохирогчид мөнгө, төгрөг өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Х.Б-н мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч А.Амартөрийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №474 дугаартай дүгнэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч А.А нь согтуугаар 2019.10.09-нөөс 10-нд шилжих шөнийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 168 тоотод оршин суугч хохирогч Хүдэрчулууны Х.Б-н гэрт хамт архидан согтуурч байхдаа түүнийг шалтаг шалтгаангүйгээр хутгалж биед нь зүүн далны голын шугамаар 7 болон 8 дугаар хавирганы түвшинд хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Х.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...А.А гэх найзтайгаа 18 дугаар хороо, Цагаан худгийн буудал орчим таарсан. Тэгээд дагуулаад гэртээ ирээд архи уусан... Тэгээд би унтахаар орондоо ороод хэвтсэн. Гэтэл А.А миний араас зүүн далны орчим хутгалсан. Дараа нь дахин хутгалах гээд байхаар нь найзыгаа амьд үлдээгээч гэж гуйсан. Тухайн үед миний биеэс маш их цус гарсан, намайг манай гэрт байдаг бор өнгийн хутгаар хутгалсан. Хэрэг болсноос хойш хөнжлийг гэртээ угаачихсан. А.А хутгыг гаргаад хаячихья гээд аваад гарсан. Одоо тэр хутга манайд байхгүй. А.А над руу 2018 оны 11 дүгээр сарын эхээр нэг удаа утсаар яриад “цагдаа сэргийлэх гээд олон юм яриад байхгүй шүү, олон юм битгий яриад байгаарай, ахаараа оролдоод байгаа юм уу гэж дарамталсан. Эмчилгээний зардал, нэхэмжлэх баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 22 тал/,
Гэрч А.Амартөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...ах А.А тодорхой оршин суух хаяг байхгүй, энд тэнд хоноглоод явдаг. Хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сард ажил дээр ирээд явсан. Нэг хүнтэй маргасан, муудалцсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №474 дугаартай:
“Х.Б-н биед зүүн далны голын шугамаар 7-8-р хавирганы түвшинд хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий нэг тооны гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.А-н шалтаг шалтгаангүйгээр хүний ар далан тус газар хутгалж бие эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч А.А-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.А болон хохирогч Х.Б нь архи, согтууруулах ундаа их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэсэн, шүүгдэгч А.А-н хувьд согтуурсан үедээ бусдын эрүүл мэнд, эрх чөлөөнд хүйтэн зэвсэг барьж халдсан нэг биш гэмт хэрэг үйлдэж байсныг тэмдэглэх нь зүйтэй юм.
Шүүгдэгч А.А-д холбогдох хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тус шүүх рүү шилжүүлсэн боловч шүүгдэгч А.А нь шүүх хуралдааныг товлосон өдөр буюу 2019.6.21-ний өдрийн 09:00 цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчид 456 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хэргийн нийгмийн аюулын шинж зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч А.А-н 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг 8 цагаар тооцож, 56 цагийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.
Хохирогч Х.Б нь “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 85 дугаар талд гаргасан байх тул шүүгдэгч А.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г 456 /дөрвөн зуун тавин зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.А-н 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 56 цагийг түүнд оногдуулсан 456 /дөрвөн зуун тавин зургаа/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцож, шүүгдэгч А.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь түүнд оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч А.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР