Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2025/00249

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/04768 дугаар шийдвэртэй

 

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******, *******, ******* нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 20,505,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ийн өмгөөлөгч *******, хариуцагч *******гийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******-тай ******* нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тус тус авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, гэрээгээр улсын дугаартай, приус-20 маркийн, улсын дугаартай тоёота кроун маркийн автомашиныг даатгуулсан.

1.2. нэртэй авто засварын газарт 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 00 цаг 20 минут орчмын үед гал гарсны улмаас даатгуулагч *******ын улсын дугаартай приус 20 маркийн автомашин шатаж 9,035,000 төгрөг, даатгуулагч ын улсын дугаартай тоёота кроун маркийн автомашин шатаж 17,500,000 төгрөгийн хохирол тус тус учирсан. ******* нь гэрээний дагуу нөхөн төлбөр авах хүсэлтийг үндэслэн даатгуулагч *******т гүйцэтгэх захирлын 2020 оны 04 сарын 14-ний өдрийн тушаалаар 6,505,200 төгрөгийг, даатгуулагч ад гүйцэтгэх захирлын 2020 оны 06 сарын 08-ны өдрийн тушаалаар 14,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг тус тус олгосон.

1.3. Иргэний хуулийн 123 дугаар зүйл, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалт, Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т тус тус заасныг үндэслэн ******* нь даатгуулагч *******т олгосон 6,505,200 төгрөг, даатгуулагч ад олгосон 14,000,000 төгрөг, нийт 20,505,200 төгрөгийн нөхөн төлбөрийн зардлаа буруутай этгээд болох уг авто засварын газрыг ажиллуулж байсан *******, авто засварын газрын өмчлөгч ******* нараас гаргуулж өгнө үү. Харин гал гардаг өдөр тухайн авто засварын газрыг түрээслэн засварын үйлчилгээг хариуцан ажиллуулж байсан *******гаас татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

Би засварын газарт туслах ажилтнаар ажилладаг байсан тул надад хамааралгүй. Засварын газар орж ирсэн машинаас би ажлын хөлсний тал хувийг авдаг байсан бөгөөд приус-20 маркийн машиныг 130,000 төгрөгөөр засварлахаар авсан. Харин нөгөө шатсан машиныг мэдэхгүй би хүлээж аваагүй, гал гарах үед засварын газрыг хариуцаж байгаагүй.

*******ын машиныг засварт хүлээн авсан гэж байх боловч гал шөнийн цагаар гарсан, түүний машиныг засаж байхдаа өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учруулаагүй. Мөн намайг гэм буруутай талаар цагдаагийн байгууллагаас тогтоогоогүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хаасан. Иймд надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. ,, тоот өөрийн эзэмшиж байсан газартаа 169 м.кв талбайтай ажлын байрыг 2013 онд барьж ашиглалтад оруулсан бөгөөд гэгчид 1 сарын 1,100,000 төгрөгөөр түрээсэлсэн. Тухайн үед түрээсийн гэрээг түүний эхнэр *******тай бичгээр байгуулснаар автомашин засварын зориулалтаар ашигласан. Харин би өөрийн ажлын байрыг түрээсэлсэн тул үйл ажиллагаанд оролцдоггүй, гэрээний дагуу түрээсийн төлбөрийг авдаг байсан.

3.2. Ажлын байранд 2020 оны 02 дугаар сарын 08-ны шөнө гал гарч түрээслэн ажиллуулж байсан хүмүүсийн засаж байсан машинууд шатсан. Уг асуудлыг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан бөгөөд Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2020 оны 02 сарын 17-ны өдрийн 12/32 дугаартай шинжээчийн дүгнэлтээр цахилгаан дамжуулагч утсанд бөмбөлөг үүсээгүй буюу цахилгааны хэт ачааллаас бус, өөр бусад нөхцөл байдлын улмаас гал гарсан нь тогтоогдсон.

Мөн гал гарах үед засварын газрыг ажиллуулж байсан хүмүүс тухайн ажлын байрандаа архидан согтуурсан, гал эхэлж гарсан баруун урд булан буюу амралтын өрөөнөөс эхлэн гал гарсан байсан тул галаас үүдэж иргэдэд учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй гэжээ.

 

4.Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

Би 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл автомашины засварын газрыг түрээслэн ажиллуулж байгаад 2019 оны сүүлээр ажиллуулах боломжгүй болсон тул түрээслэгч *******ид хүлээлгэж өгсөн. Харин миний дараа гэдэг залууд түрээсэлсэн байсан бөгөөд хэзээ шатсаныг мэдээгүй гэжээ.

 

5.Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Зориулалтын бус зүйлийг буруу буюу гарашийг засварын газар болгож түрээсэлсэн байна. Ингээд ажилчид хохирч байна. Түрээслэх зүйлээ зөв түрээслэх байсан тул буруу түрээсэлсэн. Иймд төлбөрийг анх түрээслэгч хариуцах ёстой. Ажилтан Мөнгөншагай хариуцахгүй. Засварын газар гэсэн бол бүрэн тоноглогдсон байх ёстой. Түрээсэлж ажиллуулж байсан гэдэг нь хариуцах ёстой. Түрээсэлсэн ажиллуулаагүй тул хариуцахгүй. Хамгийн сүүлд ажиллуулж байснаараа хариуцана. байраа түрээсэлсэн тул хариуцахгүй. Хамгийн сүүлд ажиллуулж байсан хариуцна гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч *******оос 20,505,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,476 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 260,476 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч *******ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1. нэртэй авто засварын газарт гал гарсны улмаас даатгуулагч *******, нарын тээврийн хэрэгсэл шатаж нийт 20,505.200 төгрөгийг хохирол учирсан гэх нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл уг засварын газар *******ийн өмчлөлийн газар болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй ба гэх засварын газар бүртгэлтэй байх бөгөөд уг засварын газрын өмчлөгч, эзэмшигч нь гэх хүн бүртгэлтэй талаархи баримт авагдсан. Мөн Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс дээрх авто засварын газарт гал гарсан асуудлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан бөгөөд Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2020 оны 02 сарын 17-ний өдрийн 12/32 дугаартай шинжээчийн дүгнэлтээр цахилгаан дамжуулагч утсанд бөмбөлөг үүсээгүй буюу цахилгааны хэт ачааллаас бус, өөр бусад нөхцөл байдлын улмаас гал гарсан болох нь тогтоогдсон. Түүнчлэн, гал гарах үед тухайн засварын газрыг ажиллуулж байсан хүмүүс ажлын байрандаа архидан согтуурсан үйл баримт тогтоогдсон бөгөөд Хилчинхүү гэх хүн архи уугаад ажлын байрандаа согтуу үлдсэн, тэрээр тамхи татаж байгаад гал гаргасан талаар мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, цахилгааны ямар нэг холболт болон цахилгааны ачааллаас гал гараагүй байдаг.

7.2. Хэрэгт гэм хор учруулсан этгээдийн урьдчилсан нөхцлийг тогтоох байсан. Тодруулбал, урьдчилсан нөхцлийг тогтоосноор *******ийн гэм буруутай үйлдэл нь гэм хор учирсан нөхцөл байдалтай шалтгаант холбоотой байх ёстой. Хэрэгт *******-ийн захирлын тушаал авагдсан байх ба уг тушаалд Нэт капиталтай байгуулсан гэрээг үндэслэж мөнгө шилжүүлэхээр бичигдсэн байгаагаас үзэхэд шаардах эрхийг хэн шилжүүлээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд шаардах эрх шилжүүлсэн талаархи баримт хэрэгт байдаггүй. Мөн нөхөн төлбөр гаргах тушаалд бичигдсэн гэрээний дугаар нь даатгалын гэрэээнд бичигдсэн дугаартай зөрдөг. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т даатгуулагчийг нэрлэн заасан байх ба мөнгө шилжүүлсэн ББСБ нь даатгуулагч биш, мөн нэхэмжпэлд дурьдсан тоёото кровн маркийн машины хувьд төлбөрийн даалгавар байх боловч төлбөр шилжсэн талаархи баримт байхгүй. Хэрэгт 6,000,000 төгрөгийн баримт байх боловч хэн хүлээн авсан болох нь тодорхойгүй. Үүнээс үзэхэд даатгалын гэрээг нөхөн хийсэн байхыг үгүйсгэхгүй бөгөөд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтууд өөр хоорондоо зөрүүтэй байхад шүүх эргэлзээ бүхий баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн.

7.3. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа талаар, хариуцагч нь Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.3-т заасныг үндэслэн хариуцлага хүлээхгүй гэж тайлбарлан мэтгэлзсэн. Гэтэл шүүх талуудын үндэслэл болгож буй хуулийн зохицуулалтыг хэрхэн үгүйсгэсэн талаар шийдвэрт тусгаагүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ... бусдын эрх, амь нас, эруүл мэнд, нэр төр, алдар хунд, ажил хэргийн нэр хунд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 497.2-т ...гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө... гэж заасан.

Шүүх хариуцагч *******ийн санаатай буюу болгоомжгүй ямар үйлдлийн улмаас гэм хор учрах нөхцлийг бүрдүүлсэн талаар дүгнэлт хийгээгүй атлаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гэм хор учруулсны төлбөрт 20,505,200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн *******ийг Монгол кузов авто засварын газрын өмчлөгч гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ба авто засварын газрын өмчлөгч болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байхад бусадтай байгуулсан түрээсийн гэрээ болон банкны хуулгыг үндэслэн өмчлөгч гэж үзсэн буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

8.1. ******* нь эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд тухайн засварын газрыг өөрийн өмчлөлд бүртгэлтэй болохыг хүлээн зөвшөөрсөн. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн *******тай байгуулсан түрээсийн гэрээ болон дансны хуулгаас үзвэл ******* болон сүүлд засварыг ажиллуулж буй н., ******* нараас сар бүр түрээсийн төлбөрийг авсан. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаанд газрын гэрчилгээг гаргаж өгсөн, өмчлөлийн асуудлаар маргахгүй байгаа гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Уг обьект нь өөр этгээдийн нэр дээр байсан боловч өмчлөх эрх дуусгавар болсон. Хариуцагч ******* нь тухайн газарт байрлах засварын газрын гэрчилгээг аваагүй байхдаа бусдад ашиглуулсан. Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан гэх компани нь *******ийн газартай хамааралгүй, хажуугийн газарт хамааралтай, улсын бүртгэлийн байгууллагын хаягийн андуурлаар илэрсэн. гэх компанийн газрыг бусдад түрээсэлж байсан гэх агуулгаар тайлбарласан нь үндэслэлгүй.

8.2. *******, нар автомашинаа авахдаа банк бус санхүүгийн байгууллагын зээлээр авсан. Автомашин шатаж хөдлөх эд хөрөнгө нь үгүй болсон ч зээл төлөх үүрэг нь хэвээр үлдсэн. Даатгуулагч нар даатгалаас авах нөхөн төлбөрөө банк бус санхүүгийн байгууллагад төлөх зээлдээ эргэн төлөх хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу зээлд мөнгийг шилжүүлсэн. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлтөөр даатгалын нөхөн төлбөрөөс 10 хувийн татвар авдаг болсон. Тухайн шилжүүлэх мөнгөнөөс 10 хувь хасагдахаар зээл төлөх мөнгө нь тодорхой хэмжээгээр мөн адил хасагдахаар байсан учраас н. гэх хувь хүний данс руу нөхөн төлбөрийг шилжүүлсэн. Даатгуулагч нар нөхөн төлбөрийг авааагүй, зээл төлөгдөөгүй гэсэн маргаан өнөөдрийг хүртэл гараагүй. Даатгалын гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлж буруутай этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

8.3. Цагдаагийн байгууллагаас гэрчийн мэдүүлэг болон хэргийн үйл баримтыг үндэслэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. ******* нь обьектыг бусдад ашиглуулахдаа холбогдох дүрэм, журмыг мөрдөөгүй, орлого олж байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******гийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

Хариуцагч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Учир нь ******* нь тухайн засварын газарт туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 20,505,200 төгрөг гаргуулахаар шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******, ******* нарыг хамтран хариуцагчаар татан оруулсан бөгөөд хариуцагч нар дээрх шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

 

4.1. Баянгол дүүргийн, Туулын 17 дугаар гудамж, тоот хаягт байрлах, *******ийн эзэмшлийн Монгол кузов засвар нэртэй авто засварын газарт 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гал гарсны улмаас ын эзэмшлийн улсын дугаартай, тоёота кроун маркийн, *******ын эзэмшлийн улсын дугаартай, тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслүүд шатсан үйл баримт нь хэрэгт авагдсан мөрдөгчийн болон прокурорын тогтоол, дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, фото зураг, талуудын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон. /1-р хх-12, 17, 22-27, 79-85, 159-160, 2-р хх-59-68/

 

4.2. Дээрх засварын газарт гал гарсны улмаас тоёота кроун маркийн тээврийн хэрэгсэл шатаж 17,500,000 төгрөгийн, тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл шатаж 9,035,000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хэргийн 14-16, 20 дугаар талд авагдсан болон -иудын үнэлгээний тайлангаар нотлогдож байна./1-р хх-15-17, 20-23/

 

4.3. улсын дугаартай, тоёото кроун маркийн тээврийн хэрэгсэл -ийн, улсын дугаартай, тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгсэл -ийн өмчлөлд бүртгэлтэй, зээлийн барьцаанд байсан нь дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн албан бичиг, *******-ийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нөхөн төлбөр олгосон тушаал, -ийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тушаал, гэрч *******ын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тус тус тогтоогдсон. /1-р хх-9, 18, 2-р хх-24, 40-52/

 

4.4. Э.Эгшиг болон *******-ийн хооронд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын баталгаа гэх нэртэй гэрээ байгуулж, гэрээгээр даатгуулагч тээврийн хэрэгслийн болон хулгайн эрсдэлийг даатгуулан хураамж төлж, даатгагч гэрээний дагуу даатгалаар хангах, нөхөн төлбөр олгохоор тохирч гэрээнд тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийг 24,500,000 төгрөгөөр үнэлж даатгасан, даатгуулагч хураамж 588,000 төгрөгийг төлөх, түүний хариуцах хэсэг 20 хувь, гэрээний хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл байхаар харилцан тохиролцсон. /1-р хх-8/

 

Мөн ******* болон *******-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа гэх нэртэй гэрээ байгуулж, гэрээгээр даатгуулагч автотээврийн хэрэгслийг даатгалын хамгаалалтын хүснэгтээс сонгосон даатгалын эрсдэлээс даатгуулан хураамж төлж, даатгагч нь орчны цэцэрлэгжүүлэлт болон ойн хээрийн түймэр, тэсрэлт дэлбэрэлтээс эх үүсвэртэй, аянга, газар хөдлөлт, хүчтэй шуурганы шалтгаантай, тамхи, шүдэнз зэрэг ахуйн үүдэлтэй галаас гэрээний дагуу даатгалаар хангах, гэрээнд тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгөөр үнэлж даатгасан, даатгуулагч хураамж 180,000 төгрөгийг төлөх, түүний хариуцах хэсэг 20 хувь, гэрээний хугацааг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл байхаар харилцан тохиролцсон. Дээрх хоёр гэрээнээс үзвэл даатгалын тохиолдол гэрээний хугацаанд бий болсон байна./1-р хх-28-29/

 

4.5. Даатгагч ******* нь даатгалын гэрээний дагуу улсын дугаартай, тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 14,000,000 төгрөгийг -ийн хүсэлтийг үндэслэн тус компанийн ажилтан Д.ийн дансанд, улсын дугаартай, тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт -ийн дансанд 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 6,505,200 төгрөгийг төлсөн нь *******-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дугаар тушаал, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дугаар тушаал төлбөрийн даалгаварын баримт, хяналтын хуудас, даатгалын нөхөн төлбөрийн маягт, дансны хуулга зэрэг баримтаар нотлогдож байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн ...нөхөн төлбөрийг шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, даатгалын гэрээг нөхөн хийсэн байхыг үгүйсгэхгүй... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй. /1-р хх-ийн 9-11, 18-19, 60, 196-197, 2-р хх-24/

 

5. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт ...даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ... гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус зохицуулжээ. Иймээс даатгагч ******* нь галд шатсаны улмаас эд хөрөнгөд учирсан хохирлыг төлсөн нөхөн төлбөрийн хэмжээгээр буруутай этгээдээс шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн ...шаардах эрхийг шилжүүлсэн талаархи баримт хэрэгт авагдаагүй... гэх гомдлыг хангахгүй.

 

6. Хариуцагч ******* нь тухайн засварын газарт туслах ажилтнаар ажиллаж байсан, гал гарах үед байгаагүй тул хариуцахгүй гэж, хариуцагч ******* нь ажлын байрыг бусдад түрээслүүлсэн байсан, цахилгааны хэт ачааллаас бус өөр бусад нөхцөл байдлын улмаас гал гарсан байх тул хохирлыг хариуцахгүй гэж гэм буруугийн талаар маргажээ.

 

Гал гарсны улмаас эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцвал зохих этгээд нь хэн болох, гал гарсанд хариуцагч нар гэм буруутай эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

6.1. Гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоолгохоор Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 12/32 тоот, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тоот шинжээчийн дүгнэлт, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тоот шинжээчийн дүгнэлтүүд гарсан ч эдгээр дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байна. /1-р хх-ийн 25-27, 159-160, 235-236/

 

6.2. дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн, Туулын 17 дугаар гудамж, тоотод байрлалтай иргэн *******ийн эзэмшлийн Монгол кузов засвар нэртэй автомшин засварын газарт 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 00 цаг 20 орчим минутын үед гал гарсны улмаас 169 м.кв талбайтай граж болон бусдын эзэмшлийн 12 ширхэг автомашин шатсан гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан. Уг хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1693 дугаартай тогтоолоор шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжгүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.5 дугаар зүйлиийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хаасан. /1-р хх79-81/

 

6.3. Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1-д зааснаар ...бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл аюултай зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.

 

6.4. Хэргийн баримтаас үзвэл, ын өмчлөлийн Баянгол дүүргийн,, тоот хаягт байрлах, 86 м.кв талбай бүхий хувийн сууцыг нурааж буулгасан тул У даргын дугаар тушаалаар хувийн хэрэг, бүртгэлийг хаасан. /2-р хх133-136/

6.5. Эрүүгийн хэрэгт хариуцагч ******* нь ...Баянгол дүүргийн,, тоот 169 м.кв талбайтай сэнвичээр барьсан автомашин засварын газартай. Уг засварын газрыг 2013 онд шинээр барьж ашиглалтад оруулсан. Би гэх хүнд 1,100,000 төгрөгөөр түрээсийн гэрээг 2018.01.15-ны өдөр байгуулсан, гэрээг байгуулахдаа түүний эхнэр *******тай байгуулсан. Харин гэх залуу нь манай обьектыг гэх залуу хариуцаж ажиллана миний хувьд өөр ажил хариуцаж байгаа... Энэ талаар уулзалдаж тохирсон. Миний засварын газарт гэх залуу хариуцаж автомашины кузов засварын ажлыг гүйцэтгэдэг. Миний хувьд түрээслүүлсэн учир үйл ажиллагаанд оролцдоггүй. .. гэж мэдүүлжээ. /1-р хх-82-83/

 

6.6. Эрүүгийн хэрэгт гэрчээр М. ...Би Монгол кузов засварыг 2019 оны 02 сараас эхлэн сарын 1,200,000 төгрөгөөр түрээслэж байгаа.Уг засварын газар нь гэх хүний эзэмшлийнх бөгөөд тар гэх хүн түрээслэж байсан. Харин би тараас хүлээж авсан. той түрээсийн гэрээ байгуулаагүй сар бүр төлбөрийг төлж байхаар амаар тохирсон... гэж мэдүүлсэн. /2-р хх-67/

 

6.7. *******, ******* нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь ,, тоот хаягт байрлах, 169 м.кв талбайтай авто засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 3 жилийн хугацаанд буюу 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар *******д түрээслүүлэх, ******* нь сарын 1,100,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн ба гэрээний дагуу түрээсийн төлбөр хариуцагч *******ийн ХААН банк дахь тоот дансанд орж байсан болох нь хэрэгт авагдсан түүний дансны хуулгаар нотлогдож байна. /1-р хх-218, 2-р хх-ийн 69/

 

6.8. Дээрхээс дүгнэвэл, ******* нь ,, тоот хаягт байрлах, 169 м.кв талбайтай газрыг эзэмших, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгүй боловч бодит байдалд тус хаягт байрлалтай Монгол кузов нэртэй автомашины засварын газрыг сэнвичээр барьж 2013 онд ашиглалтад оруулсан, улмаар уг обьектыг бусдад түрээсэлж ашиг олж, эзэмшиж байсан нь үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх тус авто засварын эзэмшигч буюу өмчлөгч нь хариуцагч ******* гэж тодорхойлж, тэрээр эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

6.9. Хариуцагч ******* нь тухайн сэндвичин байшинг бусдад авто засварын зориулалтаар түрээслэхдээ хууль болон журамд заасан зохих зөвшөөрлийг аваагүй, галын аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарсанд буруутай, гал гарсны улмаас бусдын эд хөрөнгө шатаж хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.

 

6.10. Түүнчлэн, хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй болно. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн ...шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хариуцагчийн гэм буруутай хэсгийг бүрэн тогтоогоогүй, засварын газрын өмчлөгч болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6.11. Мөн хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянгол дүүргийн,, б тоот хаягт байршилтай, 297 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэлтэй байхаас гадна ХХК нь мөн газарт авто засварын үйлчилгээ үзүүлдэг болох тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн,, б тоот хаягт байршилтай хамар хашаа буюу зэргэлдээ орших засварын газар гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс хариуцагчийн өмгөөлөгч нь ... ХХК-ийн засварын газар байх ба өмчлөгч нь гэх бүртгэлтэй талаарх баримт хэрэгт авагдсан гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.

 

7. Түүнчлэн, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хариуцагч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигчдын хэн аль нь гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дэлгэрэнгүй дүгнэлт хийх шаардлагагүй.

 

8. Харин анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ гэм хор учруулснаас үүсэх үүргийн зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Өөрөөр хэлбэл, даатгагчид шаардах эрх шилжих эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсгийн зохицуулалтад хамаарахаар байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч *******ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/04768 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1... гэснийг ...443 дугаар зүйлийн 443.7 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 260,500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ