| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0526/Э |
| Дугаар | 544 |
| Огноо | 2019-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 544
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Н.Булганчимэг ,
Өсвөр насны шүүгдэгч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Болортуяа, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Б.Тд холбогдох эрүүгийн 1911008600626 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Өсвөр насны шүүгдэгч Өөлд овогт Б.Т, Монгол Улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 37 дугаар сургуулийн 11б ангийн сурагч, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 21-330 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:............................................................/.
Өсвөр насны шүүгдэгч Болортуяа овогтой Тэмүүжин /16 нас, 8 сартай/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 7 буудлын орчимд Х.Одбаяр, Ж.Тэлмэнбаатар нартай “мөр шүргэлээ” хэмээн маргалдаж, улмаар Х.Одбаярын нүүрэн тус газар толгойгоороо 2 удаа мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, цус хуралт бүхий хөнгөн хохирол,
Ж.Тэлмэнбаатарын нүүрэн тус газар 1 удаа алгадаж, 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Б.Тгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна, айж байна ...” гэх мэдүүлэг /хх-65х/,
Өсвөр насны шүүгдэгч Б.Тгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би тухайн өдөр найзуудтайгаа замаар алхаж явж байсан юм. Намайг хохирогч болох Х.Одбаяр мөргөхөөр би уурандаа түүний нүүрэн тус газарт цохисон” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Ж.Тэлмэнбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр найз Одбаяр, Мөнхжин нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Чингэлтэй рүү өгсөөд зам дагуу явж байсан хүмүүсийн нэг залууг нь би санаандгүй мөрөөрөө мөр рүү нь шүргээд мөрөлсөн юм. Тэгсэн надтай мөрөлцсөн залуу намайг чи мөрөллөө гэж нэг удаа баруун гараараа миний зүүн хацар руу алгадсан, мөн миний хөл рүү баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд бид гурвыг цаашаа гудамж руу авч ороод миний нүүр рүү хөлөөрөө өшиглөөд Одбаяр, Мөнхжин хоёрын нүүр рүү мөргөх шиг болсон. Тэгээд бид гурвыг тэр залуу араас дагаад яв гэхээр нь араас нь дагаж явж байгаад бид гурав зам руу зугтсан. Тэгсэн чинь тэр залуу бид гурвын араас хөөгөөд Одбаяр бид хоёрын үүрч байсан цүнхнээс барьж авахаар нь бид хоёр цүнхээ тайлж газар унагаад шууд зугтсан. Тэгсэн тэр залуу бид гурвын араас орилоод цүнхээ аваачээ гээд байсан ... ” гэх мэдүүлэг /хх-16х/,
Насанд хүрээгүй хохирогч Х.Одбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би тухайн үед бусдад дээрэмдүүлээгүй. Тэмүүжин гэх хүүхдэд зодуулсан ...Тэмүүжин гэх залуу бид гурвын араас хөөгөөд миний болон Тэлмэнбаатар бид хоёрын цүнхнээс барьж авахаар нь би цүнхээ хаяад зугтаасан. Тэгсэн чинь Тэмүүжин гэх хүүхэд бид гурвын араас орилоод цүнхээ аваачээ гэж байсан ...бид гурав маргааш нь тухайн зодуулсан газраас жаахан цаашаа яваад цүнхээ олж авсан. Миний цүнхэн дотор байсан эд зүйлүүд бүрэн байсан. Тэлмэнбаатарын цүнхэн дотор байсан эд зүйлүүд бас бүрэн бүтэн байсан гэсэн “ гэх мэдүүлэг /хх-22х/,
Насанд хүрээгүй гэрч С.Мөнхжингөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэлмэнбаатарыг нөгөө банди нарын саравчтай малгайтай халзандуу толгойтой 16-18 насны залуу хашаанд шахаад нүүр рүү нь цохисон. Мөн газар суу гээд газар суухад нь нүүр рүү нь өшиглөсөн. Тэлмэнбаатарыг зодож байсан залуу буцаж ирээд Одбаяр бид хоёрыг заамдаж аваад хашаанд шахаж намайг нүүрэн тус газар мөргөж, Одбаярыг мөн нүүрэн тус газар нь 2 удаа мөргөсөн ...” гэх мэдүүлэг /хх-32-33х/,
Насанд хүрээгүй гэрч Б.Бат-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэмүүжинг мөрөлсөн гэх хүүхдийг Тэмүүжин нүүрэн тус газар нь 1-2 удаа цохисон. Тэгээд нөгөө 3 хүүхдийг гудамж руу дагуулж ороод хамт байсан ахиад нэг хүүхдийг нүүр рүү нь мөргөсөн. Тэмүүжин тэр гуравтай юм яриад зогсож байтал нөгөө 3 хүүхэд нь цүнхээ орхичихоод зугтаагаад явчихсан. Бид нар тэр 3 хүүхдийн орхисон цүнхийг цаашаа явж байгаад гудамжны үзүүрт орхичихоод яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-36-37х/,
Насанд хүрээгүй гэрч З.Төгөлдөрөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Жасиун нэртэй караоке орж Нийслэл нэртэй пиво 1 савыг Хаш-Эрдэнэ, Тэмүүжин, Эрдэнэзаяа нар хувааж уусан ...7 буудлын автобусны буудал дээр буугаад зам хөндлөн гарч Чингэлтэй рүү өгсөөд зам дагаад явсан ...эргээд харахад Тэмүүжин тэр гурван хүүхдийн нэгэнтэй нь муудалцаад ...нэг хүүхдийг нь Тэмүүжин нүүрэн тус газар нь 1 удаа цохисон ...Тэмүүжин нөгөө 3 хүүхдийг ахиад нэг удаа цохих шиг болсон ... тэр гурван хүүхэд зугтаахдаа 2 ширхэг цүнхээ орхиод зугтаачихсан байсныг Эрдэнээ, Заяа хоёр барьж явж байгаад гудамжны үзүүрт 2 цүнхийг орхисон ...” гэх мэдүүлэг /хх-40-41х/,
Насанд хүрээгүй гэрч У.Эрдэнэзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэмүүжин араас нь гүйгээд хоёр хүүхдийн цүнхнээс нь барьсан чинь тэр хоёр хүүхэд цүнхээ үлдээгээд зугтаасан. Тэгэхээр нь Тэмүүжин Бат-Эрдэнэ бид хоёрт цүнхийг нь бариулаад гудамжны үзүүрт байх хашааны буланд тавиулсан ...Тэмүүжингээс бусад хүүхдүүд тэр гурван хүүхэдтэй маргалдаагүй ...” гэх мэдүүлэг /хх-45х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3382 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“1. Х.Одбаярын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-51х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3446 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“1. Ж.Тэлмэнбаатарын биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-55х/,
Шүүгдэгч Б.Тгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-67х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69х/, хувийн хэргийн хуулбар /хх-73-79х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгээр өсвөр насны шүүгдэгч Болортуяа овогтой Тэмүүжин /16 нас, 8 сартай/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 7 буудлын орчимд Х.Одбаяр, Ж.Тэлмэнбаатар нартай “мөр шүргэлээ” хэмээн маргалдаж, улмаар Х.Одбаярын нүүрэн тус газар толгойгоороо 2 удаа мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, цус хуралт бүхий хөнгөн хохирол,
Ж.Тэлмэнбаатарын нүүрэн тус газар 1 удаа алгадаж, 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед насанд хүрээгүй хохирогч Ж.Тэлмэнбаатар нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй, насанд хүрээгүй хохирогч Х.Одбаяраас 245.550 төгрөгийн гэм хорын хохирол баримтаар нэхэмжилснийг өсвөр насны шүүгдэгч нь төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.