| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01395/и |
| Дугаар | 1285 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 1285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01395/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Капитал банкны ***** дахь салбар / утас: 7037 7102/-ын хүсэлттэй
“А.Мөнхзулыг эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Капитал банкны ****** аймаг дахь салбарын харьяа Хээтэй хороолол тооцооны төв нь зээлдэгч А.Мөнхзултай 2013 оны 01 дүгээр сарын 19-нд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 2,100,000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 2,4%-ийн хүүтэй зээл олгосон. Зээлдэгч А.Мөнхзул нь тухайн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр, 124 тоотод оршин сууж байсан. А.Мөнхзул нь эхний 4 сар зээлээ графикын дагуу төлж байсан боловч 2013 оны 6 сараас хойш огт төлөлт хийгдээгүй, 2016 оны 6 сард хувьцааны бүртгэлийн үеэр хүний утсаар холбогдоод би зээлээ төлөх ямар ч боломжгүй би өөрөө 8945 4060 дугаар дээр байгаа, одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн боловч түрээсийн байр дамжаад явж байна гээд хаягаа тодорхой хэлээгүй. Дарханд асууж сураглах хамаатан саданг нь тогтоож чадахгүй байна. Энэ хугацаанд банк зээлээ төлүүлэхээр нэлээд сураглаж дүү А.Мөнхсанаа нь Сэлэнгэ аймагт нотариатын туслах хийдэг гэх 9988 5104 дугаараар утасдаж байж нэг удаа холбоо барьж байсан. Одоо А.Мөнхзул хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа тул А.Мөнхжаргалыг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Капитал банкны Дархан салбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулж оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Капитал банкны Дархан салбар нь зээлдэгч А.Мөнхзултай 2013 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр лизингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан зээлдэгчийн өмчлөлд 2,100,000 төгрөгийг сарын 2.40 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаанд лизингийн зээл олгосон бөгөөд зээлдэгч А.Мөнхзул нь лизингийн барьцаат зээлийн гэрээний хавсралтад зааснаар зээл түүний хүүг хуваарийн дагуу банкин дахь картын дансанд төлөх үүргээ биелүүлээгүй, оршин суух хаяг, холбоо барих утас, ажлын байраа солих, ажлын хаяг өөрчлөгдөх бүр банкинд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна.
Зээлдэгч нь зээл авах үеийн түр оршин сууж байсан ****** сум ****** дугаар баг ****** дүгээр байр ****** тоот хаягт оршин суухгүйгээс зээлийн эргэн төлөлтийг шаардах, мэдэгдэх хуудас хүргүүлэх зэрэг банкны зүгээс хийгдвэл зохих ажиллагаа хийгдэх боломжгүй, мөн гэрээний зүйлийн маргааны талаар хариуцагчийн оршин суугаа газрын шүүхийн эвлэрүүлэн зуучлал болон ****** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад оршин суугаа газрын хаяг тодорхой бус нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээд болох А.Мөнхзулыг эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоон хүсэлт гаргагч Капитал банкны Дархан салбар /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхамсүрэн, утас: 9903 2080/-д/ мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар ****** аймгийн ****** сумын ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** дүгээр байр, ****** гэх хаягт оршин суух ФБ80040503 регистрийн дугаар бүхий Амарсанаагийн Мөнхзулыг эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоон хүсэлт гаргагч Капитал банкны Дархан салбар /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхамсүрэн, утас: 9903 2080/-т мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар А.Мөнхзул нь 9902 4060, 8945 4060 дугаарын хэрэглэгч байсан, А.Мөнхзулын талаар барьцаат лизингийн зээлийн хүсэлтэд дурдагсан холбоо барих ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг,******дугаар хэсэг, ****** тоотод оршин суух А.Мөнхсанаа /утас: 9988 5104/-гаас хаана оршин сууж байгаа тааар мэдээлэл авч болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн Капитал банк 190 000 941 тоот дансанд 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төрийн сангийн орлого болгосугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ