Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2025/00250

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/04216 дугаар шийдвэртэй

 

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 3,681,888 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь ******* болон *******  хотхоны СӨХ буюу ашиглалтын өмнөх захиргаатай үйлчилгээ үзүүлэх гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулж, гэрээгээр тус хотхоны орон сууц, орон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, цахилгаан, ариутгал, хог, лифт болон гаднах харуул хамгаалалт зэрэг үйлчилгээ, мөн ******* СӨХ-ны ажиллагаа жигдрэх хүртэл хугацаанд орон сууцны дундын зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцахаар болсон. Харин үйлчилгээний төлбөр, зардлыг орон сууц өмчлөгчдөөс авах төлүүлэх эрхийг гэрээгээр манай компанид олгосон.

1.2.ы ******* дугаар байр, ******* тоот орон сууцны оршин суугч хариуцагч ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байр хүлээлгэн өгөх комиссын актаар байрыг хүлээн авсан. Хариуцагч нь манай компанийн үзүүлсэн үйлчилгээний зарим зардал, төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Манай компанийн зүгээс төлбөрөө төлөхийг сануулж, амаар болон бичгээр нэхэмжилж байсан боловч үр дүнд хүрээгүй.

1.3. ,, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр ******* бүртгэлтэй байх тул түүнийг хамтран хариуцагчаар татан оролцуулна.

Иймд хариуцагч нараас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 3,681,888 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Манай компани 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус байрыг иргэн т эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн тул СӨХ-ны төлбөр болох 3,681,888 төгрөгийг хариуцахгүй. Түүнчлэн 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарыг дуусах хүртэл төлбөрийг эрх шилжүүлэх гэрээгээр хариуцах талаар амаар тохиролцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

Би ,,, ******* дугаар байр, 1-******* тоот орон сууцыг аас 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр худалдан авсан бөгөөд тухайн үед өр төлбөр байхгүй гэж хэлж байсан. Гэтэл *******-аас байрны мөнгө төлөхийг шаардсан тул энэ талаар т хэлэхэд бидний дунд мөнгөний асуудал байгаа хоорондоо тохирно, танайд хамааралгүй гэж хэлсэн. Би 2021 оны 06 дугаар сараас хойш гарсан байрны мөнгийг  бүрэн төлнө, харин өмнөх төлбөрийг хариуцахгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 3,681,888 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,663,407 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагч *******ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,861 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 41,564 төгрөгийг гаргуулж нэхэжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэрт *******-аас нэхэмжилж буй 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны төлбөр гаргуулах шаардах эрхийн заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжпэгч 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэнтэй холбогдуулан төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг орон сууц өмчлөгч аас удаа дараа шаардаж сануулж байсан бөгөөд орон сууц өмчлөгч нь төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл төлбөрөө төлж ирсэн. Харин хариуцагч ******* мөн түүнээс хойшхи хугацааны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөрийг төлөхөө илэрхийлсэн.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжпэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, мөн хуулийн 79.7 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан.

Иймд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ын тайлбарын агуулга:

Миний хувьд анх тухайн орон сууцанд орсон хугацаанаас хойш гарсан төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Харин түүнээс өмнөх өөр этгээдийн оршин сууж байсан ашиглалтын зардлыг төлөх боломжгүй гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 3,681,888 төгрөг гаргуулахаар шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* бүхэлд нь, хариуцагч ******* зарим хэсгийг тус тус эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр цэвэр, бохир ус, дулаан, цахилгааны шугам сүлжээ, ус дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх, туслах үйлчилгээг эрхэлдэг мэргэжлийн байгууллага байх бөгөөд тус компани нь -тай дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээ, -ийн лифт салбартай лифтийн техникийн үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ, Ус сувгийн удирдах газартай цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, -тай гэрээт харуул хамгаалалтын гэрээ тус тус байгуулан иргэн, хуулийн этгээдэд ажил үйлчилгээ үзүүлдэг байна.

 

3.2. ******* СӨХ /СӨХ байгуулагдах хүртэл түр хугацаанд ашиглалтын захиргаа/, ******* болон *******-ийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр хөрөнгө оруулагч, өмчлөгч буюу ******* ньы инженерийн шугам сүлжээг ашиглалтад оруулсан тухай бүр мэргэжлийн байгууллага буюу *******-д эзэмшүүлж ашиглуулахаар актаар хүлээлгэн өгч түүний ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцуулах, хяналт тавих, ******* ньы оршин суугчдад ус дулаанаар хангах, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлсний төлбөрийг эрх бүхий байгууллагын баталсан тарифын дагуу авах, авсан төлбөрийг үйлчилгээний болон инженерийн шугам сүлжээний үйл ажиллагаанд зарцуулахаар талууд тохиролцжээ.

 

Дээрх гэрээнд талууд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт оруулж гэрээний 3-р бүлэгт 3.7. талууд Гарден сити СӨХ-ийг байгуулагдах хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болон холбогдох бусад төлөрийг хураах эрх болон СӨХ-ны үйл ажиллагааг өмнөөс нь хэрэгжүүлэх эрхийг мэргэжлийн байгууллага болох *******-д олгосон болно гэж нэмсэн байна. /1-р хх4-6/

 

3.3. Хариуцагч ******* нь -тай 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, гэрээгээр захиалагч ******* ,,,, ******* тоот, 89 м.кв талбайтай, орон сууцыг 227,440,000 төгрөгөөр захиалсан, захиалагч нь гүйцэтгэгчид төлөх төлбөрийг болон *******-иудын хооронд байгуулсан бараа нийлүүлэх гэрээний дагуу төлөхөөр тохиролцсон. /хх67-68/

 

3.4. Үүний дараа ******* нь -д орон сууц захиалсан захилгын гэрээний эрхийг т шилжүүлэхээр гүйцэтгэгч болон эрх шилжүүлэгч *******, эрх хүлээн авагч нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, гэрээгээр эрх шилжүүлэгч нь гүйцэтгэгчтэй 2018 оны 04 дүгээр сарын 30-ны байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн бүхий л эрх, үүрэг хариуцлагаа эрх шилжүүлэгчийн хүсэлтийг үндэслэн шилжүүлж байгаа бөгөөд гэрээний дагуу гүйцэтгэгч нь орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, эрх хүлээн авагч нь орон сууцны төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 70/

 

3.5. ,,, ******* дугаар байр, ******* тоот, 89 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хариуцагч ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр комиссын актаар хүлээн авсан гэж нэхэмжлэгч ******* нь тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй.

 

3.6. -аас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хандсан албан бичигт ...,,, ******* цогцолбор ******* дугаар байр, ******* тоот, 89 м.кв талбайтай, 4 орон сууцыг захиалсан бөгөөд орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн. Гэрээнд байрны дугаар 1103 байсан нь байр ашиглалтад орох үед ******* тоот болж, орон сууцны захиалагч ******* байсан нь болж өөрчлөгдсөн болно гэжээ. /хх66/

 

3.7. Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ,,, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлалтай, 89 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр , нар 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн байна. /хх-ийн 89/

 

3.8. , нар *******тай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ,,, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин байрлалтай, 89 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ******* худалдан авч, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн. /2-р хх186/

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ гэрээний дагуу 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр, мөн 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацааны ашиглалтын төлбөрт нийт 3,681,888 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч ******* нь татгалзлаа 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр орон сууцыг т шилжүүлсэн тул төлбөрийг хариуцахгүй гэж, хариуцагч ******* нь татгалзлаа аас орон сууцыг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн авснаас хойш хугацааны төлбөрийг төлөхийг зөвшөөрч, түүнээс өмнөх төлбөрийг хариуцахгүй тус тус тайлбарлан маргажээ.

 

4.1. Хэргийн баримтаар хариуцагч ******* нь т 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр ,,, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин байрлалтай, 89 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн захиалгын эрхийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сарын хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг нэхэмжилж буй цаг хугацаанд хариуцагч ******* орон сууцны захиалгын эрхийг өөр этгээдэд буюу т шилжүүлсэн байсан. Иймд хариуцагч ******* нь орон сууцны өмчлөгч биш байх тул дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хариуцвал зохих этгээд гэж үзэхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

4.2. т өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олгогдсон байх ба шүүх 2019 оны 01 дүгээр сараас 10 дугаар сарын хугацааны төлбөрийг хариуцагч ******* хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн нь буруу болсныг залруулах нь зүйтэй. Учир нь, ******* нь орон сууцыг ашиглалтад оруулахаас өмнө орон сууцны захиалгын эрхийг т шилжүүлсэн учир өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан үйл баримт талуудын маргаанд ач холбогдолгүй байна.

 

4.3. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2022 оны 10 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацааны орон сууцны ашиглалтын төлбөр болох 1,663,407 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх ба нэхэмжлэлийн зарим хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй боловч анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй болно.

 

5. Түүнчлэн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөртэй холбоотойгоор Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн нь алдаатай байгааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулан дүгнэнэ.

 

5.1. Тодруулбал, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т Тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэг шаардсан тул уг гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дуусахаар байна. Гэтэл уг орон сууцны ашиглалтын төлбөрт 2020 оны 07 дугаар сард 66,064 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,334,738 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 532,800 төгрөг тус тус төлөгдсөн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Энэ тохиолдолд өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулж, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/04216 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 41,564 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ