Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 473

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,  

Улсын яллагч С.Оюунжаргал,

Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал,

Хохирогч Б.Номинчулууны өмгөөлөгч Д.Мядагбадам,

Шинжээч Ц.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар нүдэн овогт Д.Гт холбогдох эрүүгийн 1811034880140 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Хар нүдэн овогт Д.Г, Монгол Улсын иргэн, 1987 оны 07 сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “Их мандал хүрд проспектинг” ХХК-д геологич ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а-15а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /.............................................................. /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хайлаастын автобусны шинэ эцсийн буудлын урд замд 2018 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 01 цаг 10 минутын орчимд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р бүлэг Жолоочийн үүрэг, 3.7а-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.47 хувийн согтолттой үедээ Тоёота Приус маркийн 65-97 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 11-р бүлэг, Тээврийн хэрэгсэл байрлан явах, 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас А.Ууганбаярын жолоодож явсан “Хаан банк” ХХК-ний эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 91-42 УБТ улсын дугаартай, Д.Отгонжаргалын жолоодож явсан “Транскапитал” ББСБ-н эзэмшлийн “Тоёота Акуа” маркийн 13-41 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, “Тоёота Приус” маркийн 91-42 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Номинчулууны эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Б.Номинчулуун нь уг ослын улмаас дутуу төрж нярайн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.   

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 04-ний орой гэртээ тамхи дуусахаар нь гарч тамхи авах гээд Хайлаастын шинэ эцсийн буудал дээр явж байгаад өөдөөс явж байсан Приус маркийн автомашиныг мөргөсөн” гэв.

Хохирогч Б.Номинчулуунаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01 цаг 10 минутын үед би нөхөртэйгээ хамт Тоёота Приус маркийн 91-42 УБТ дугаартай автомашинтайгаа Хайлаастаас Нисэх орохоор явж байсан машиныг манай нөхөр О.Ууганбаяр жолоодож явсан. Харин би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Тэгээд манай машин Хайлаастын автобусны хуучин эцсийн буудлын хойд талын замаар хойноосоо урагшаа чигтэй замынхаа баруун гар талыг бариад явж байтал гэнэт эсрэг урсгалаас нэг машин урсгал сөрж ирээд манай машины өмнө явж байсан суудлын машины зүүн хойд талыг мөргөнгүүтээ шууд манай машины урдаас мөргөсөн. Тэгэнгүүт манай нөхөр машинаасаа гарч ирээд над дээр ирсэн энэ үед би доошоо цус алдаж байсан. Удалгүй түргэн ирж намайг шууд 1 дүгээр төрөх рүү авч явсан. Ослын газар манай нөхөр үлдсэн. Би энэ үед 7-н сартай жирэмсэн байсан. Тэгээд би 1 дүгээр төрөх дээр байж байгаад үүрийн 05 цагийн үед яаралтай хагалгаанд орж хийсвэрээр төрсөн. Тэр үед манай машины өмнө 40-50 метрийн зайтай тэр машин явж байсан. Тэгтэл гэнэт эсрэг урсгалаас нэг машин урсгал сөрж гарч ирээд нөгөө машины зүүн хойд талыг эхэлж мөргөнгүүтээ дараад нь манай машины урдаас мөргөсөн. Би энэ ослоос болж хийсвэр хагалгаагаар дутуу төрсөн, биеийн цээж, хэвлийдээ гэмтэл авсан байгаа. Энэ ослоос болж би дутуу төрсөн одоогоор миний хүүхэд толгойндоо 2 газар цус харвасан, баруун гар, дал мөр хөхөрсөн, хамгийн гол нь тархинд нь усжилт үүссэн байгаа. Би эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдолтой байна” гэх мэдүүлэг /1хх-24-25х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Номинчулуунаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Өргөө амаржих газар дээр байж байгаад өглөө 05 цагийн үед дутуу 7 сартай амаржсан, надаас төрсөн хүүхэд эрэгтэй хүүхэд байсан, тэрнээс хойш би хүүхэдтэйгээ сар гаруй хугацаанд Өргөө амаржих газрын дутуу нярайн тасагт хэвтэж эмчлүүлж байгаад манай нярай хүүхэд тархины цус харвалт гэсэн оноштойгоор нас барсан. Нярайн нас барсан шалтгааныг энэ ослоос болсон гэж үзэж байна. Би тэгэж үзэж байна, би тэр осол болох үед 7 сартай жирэмсэн байсан. Энэ ослоос болж 3 сарын өмнө хийсвэр хагалгаагаар дутуу төрсөн. Манай хүүхэд төрсний дараа төрөх эмнэлэг нь шинжилгээ хийж үзээд манай хүүхдийг хүчилтөрөгчийн дутагдалтай, тархиндаа 2 хэсэг газарт цус харвалттай оноштойгоор гэж эмчилгээ хийлгэж байсан бөгөөд сар гаруй эмчилгээ хийлгэж байгаад манай хүүхэд эмнэлэг дээрээ нас барсан. Энэ машин манай нөхөр бид хоёрын машин байгаа юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрээ Хаан банкны нэр байсан юм. Анх Хаан банкнаас зээл авахдаа зээлийн гэрээг нь миний нэр дээр хийсэн байсан юм. Ер нь бол энэ машиныг манай нөхөр бид хоёр ээлжилж бариад ажил төрөлдөө явдаг байсан. Одоо энэ машины Хаан банкнаас авсан зээлийг нь төлөөд дууссан. Манай машиныг мөргөдөг машины жолооч Д.Г нь манай машинд учирсан хохирлыг төлж өгсөн байгаа. Одоо бидний зүгээс манай нярайн төрөх эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан эмчилгээний зардал, нярайн оршуулгын зардал, мөн аавынх нь ажилгүй байсан үеийн цалинг гаргуулж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /1хх-28-29х/,

Шинжээч Ц.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Урьд шүүхийн шинжилгээний дүгнэлтийн 4 дүгээр хэсэгт заасан тархины бүрхүүлийн үрэвсэл болон уушгины хатгааны улмаас нас барсан гэх дүгнэлт гаргасан. Нярай дутуу төрөөд нян вируснаас шалтгаалан уушганы хатгаа авсан” гэв.

Гэрч О.Ууганбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 05-ны шөнийн 01 цагийн минутын үед Тоёота Приус маркийн 91-42 УБТ улсын дугаартай автомашинаа бариад Хайлааст шинэ эцсээс Нисэх орохоор явж байсан. Тэгээд Хайлаастын автобусны шинэ эцсийн буудлын урд талын замаар хойноосоо урагшаа чигтэй замынхаа баруун гар талыг бариад 10-20 км/цагийн хурдтай явж байх үед миний машины урд Тоёота-Акуа маркийн суудлын машин мөн хойноосоо урагшаа чигтэй явж байсан тэгтэл гэнэт эсрэг урсгалаас нэг Тоёота Приус маркийн машин урсгал сөрж орж ирснээ миний урд явж байсан машины зүүн хойд талыг мөргөнгүүтээ буцаж өөрийнхөө урсгалд оронгуут буцаад эсрэг урсгалд орж миний машины баруун талыг мөргөснөөс болж миний машин зам дээр зогссон, Харин нөгөө машин замын баруун гар тал руу шидэгдэн гарсан. Тэгэнгүүт би машинаасаа гараад нөгөө машин дээр очтол жолооч нь хаалга онгойлгоод газар унаж байсан очоод үзтэл тэр машины жолооч ухаангүй шахам согтуу байсан. Энэ үед миний урд явж байсан Тоёота Акуа маркийн машины жолооч түргэн цагдаад дуудлага өгч байсан. Би буцаад өөрийнхөө машин дээр ирээд жолоочийн нөгөө талын хаалгыг онгойлгож эхнэрээ хартал манай эхнэр доошоо цус алдаж байна гэж өөрөө хэлж байсан. Учир нь манай эхнэр 6 сар гарантай жирэмсэн байсан. Удалгүй түргэний машин ирээд манай эхнэрийг 1 дүгээр төрөх рүү авч явсан. Харин би ослын газраа үлдсэн. Би урдаа явж байсан машинаас 20-30 орчим метрийн зайтай явж байсан. Миний биед энэ ослоос болж ямар ч гэмтэл учраагүй байгаа. Манай эхнэр бид хоёр ээлжилж барьдаг юм. Энэ машиныг анх 2017 оны 3 сард танихгүй хувь хүнээс худалдаж авсан анх худалдаж авахдаа энэ машин урьдчилгаа болгож 10%-г эхнэр бид хоёр төлөөд үлдсэн бусад мөнгийг нь Хас банкнаас машинаа тавьж зээлээр авсан юм. Хаан банкнаас зээлийн гэрээ хийхдээ манай эхнэр Номинчулууны нэр дээр зээлийн гэрээ хийж энэ машиныг авсан юм. Миний хажуугийн суудал дээр манай эхнэр л хамт явсан. Энэ ослоос болж миний машины урд тал тэр чигээрээ эвдэрсэн байгаа. Би машиндаа үнэлгээ хийлгэсэн, үнэлгээгээр хохирол 3.800.000 төгрөг болсон энэ мөнгийг миний машиныг мөргөдөг Тоёота Приус маркийн машины жолооч Д.Г бүрэн төлж барагдуулсан болохоор машины талаар элдэв санал хүсэлт байхгүй. Харин одоо эхнэрийн биеийн байдлыг харж байж бусад асуудлыг шийднэ гэж үзэж байна” гэх мэдүүлэг /1хх-49-50х/,

Иргэний нэхэмжлэгч Д.Отгонжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Энэ машин миний өөрийн эзэмшлийн машин мөн. Би энэ машиныг анх 2011 оны 10 дугаар сард Да хүрээ машины захаас танихгүй хүнээс худалдаж авсан байгаа анх худалдаж авахдаа би нийт мөнгөний 70%-г нь төлөөд үлдсэн 30% нь Транскапитал ББСБ-аас мөнгө зээлж энэ машиныг худалдаж авсан юм. 2018 оны 12 дугаар сарын 05-ны шөнийн 01 цагийн орчимд би Тоёота Акуа маркийн 13-41 УБП дугаартай автомашинаа жолоодоод Хайлаастын хуучин эцсээс хөдлөөд Хайлаастын усан сан орохоор явж байсан. Тэгээд Хайлаастын автобусны шинэ эцсийн буудлын урд талын замаар хойноосоо урагшаа чигтэй замынхаа баруун гар талыг бариад 30-40 км/цагийн хурдтай явж байтал гэнэт эсрэг урсгалаас ирж байсан машин урсгал сөрж орж ирэнгүүтээ миний машины зүүн хойд талыг мөргөнгүүт миний машин замын замын зүүн тал руу шидэгдэж замаас гарч зогссон. Тэгэнгүүт нь машинаасаа гараад хартал миний машиныг мөргөдөг машин хойшоо яваад өөр нэг машины урд талаас нь мөргөсөн байдалтай зогсож байсан, миний машиныг мөргөдөг машин дээр очтол жолооч нь рулийнхээ ард согтуу байсан, энэ үед мөргүүлдэг машины жолооч машинаасаа гараад ирчихсэн утсаараа түргэн тусламж дуудаж байсан. Би ганцаараа явж байсан. Миний машины зүүн хойд тал эвдэрсэн байгаа. Миний машиныг мөргөдөг машины жолооч Д.Г нь надад учирсан хохирлыг бүрэн төлж өгсөн учир одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-56-57х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №14425 тоот дүгнэлтэнд:

“1. Б.Номинчулууны биед ихэс ховхролын улмаас хугацаанаасаа өмнөх 33-34 долоо хоногтой дутуу төрөлт, цээж, хэвлийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-д зааснаар жирэмслэлт таслагдсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /1хх-136х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №342 тоот дүгнэлтэд:

“1.2. Нярайн биед гэмтэл тогтоогдсонгүй.

3. Нярайд үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй.

4. Авто ослын улмаас нярай 33 долоо хоногтой дутуу төрснөөс тархины хүчилтөрөгч, цусан хангамжийн дутмагшил үүсч тархины ховдолд цус харван тархи усжиж, тархины эд болон бүрхүүлийн үрэвслээр хүндэрч нас баржээ” гэжээ /1хх-156-161х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №516 тоот дүгнэлтэнд:

“1. Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №342-н 1.2.3.4 дэх хариултын тархины эд болон бүрхүүлийн үрэвслээр хүндэрч нас баржээ гэсэн үндэслэлтэй байна.

2. Нярай дутуу, бүтэлттэй төрснөөс тархины ховдолд цус харваснаас хидроцефали үүссэн, энэ өвчин нь үхэлд хүргээгүй байна.

3. Нярай уушигны хатгаагаар өвчилж тархины хальс ба эдийн шүүдэст үрэвслээр хүндэрч нас баржээ.

4. Б.Номинчулуу нь сүрьеэ, тэмбүүгээр өвчилж байсан нь урагт нөлөөлөөгүй байна. Нярайн эмгэг судлалын шинжилгээгээр сүрьеэ, төрөлхийн тэмбүү өвчний шинж илрээгүй байна” гэжээ /1хх-172-177х/,

Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын шинжээчийн №145 тоот дүгнэлтэнд:

“1. Тоёота-Приус маркийн 65-97 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р бүлэг Жолоочийн үүрэг, 3.7.а. Жолоочид дараах зүйлийг хориглоно. /Жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. /мөн дүрмийн 11-р бүлэг, Тээврийн хэрэгсэл байрлан явах, 11.3, /Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Тоёота-Акуа маркийн 13-41 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Отгонжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Тоёота-Приус маркийн 91-42 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан О.Ууганбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна” гэжээ /1хх-191х/,

Шинжээч эмч Ц.Ганболд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Нярай нь авто ослын улмаас 34-н долоо хоногтой дутуу төрсөн, энэ үедээ тархинд цус харвасан, энэ гэмтлийг эмчлүүлж байхдаа уушигны хатгаа өвчин тусаж улмаар тархины хальсны менингит хүндэрч нас барсан. Энэ өвчин уушигны хатгаа нь авто ослын улмаас үүсээгүй мөн авто ослын улмаас үүсдэг өвчин биш, биеэ даасан вирус бактерээр үүсгэгддэг өвчин юм” гэх мэдүүлэг /1хх-238-239х/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /1хх-9-10, 12-17х/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “Даваадорж овогтой Ганзоригийг драйгер багаж ашиглан шалгахад 1.47% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-20х/,

“Ашид билгүүн” ХХК-ны Автомашин техникийн үнэлгээний тайлан: “Тоёота Приус маркийн 91-42 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.246.000 төгрөгийн шууд, 3.806.000 төгрөгийн нийт хохирол” /1хх-180-182х/,

“Ашид билгүүн” ХХК-ны Автомашин техникийн үнэлгээний тайлан: “Тоёота Акуа маркийн 13-41 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.292.000 төгрөгийн шууд, 1.652.000 төгрөгний нийт хохирол” гэх дүгнэлт /1хх-183-184х/,

Шүүгдэгч Д.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-222х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-218х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.Г нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хайлаастын автобусны шинэ эцсийн буудлын урд замд 2018 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 01 цаг 10 минутын орчимд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р бүлэг Жолоочийн үүрэг, 3.7а-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.47 хувийн согтолттой үедээ Тоёота Приус маркийн 65-97 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 11-р бүлэг, Тээврийн хэрэгсэл байрлан явах, 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас А.Ууганбаярын жолоодож явсан “Хаан банк” ХХК-ний эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 91-42 УБТ улсын дугаартай, Д.Отгонжаргалын жолоодож явсан “Транскапитал” ББСБ-н эзэмшлийн “Тоёота Акуа” маркийн 13-41 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, “Тоёота Приус” маркийн 91-42 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Номинчулууны эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна.

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Ц.Ганболдоос мэдүүлсэн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №342 тоот дүгнэлт зэргээс үзэхэд нярай нь шүүгдэгч Д.Гийн гэмт хэргийн үйлдлээс бус өвчний улмаас нас барсан байна.

Иймд шүүх шүүгдэгч Д.Гт Тээврийн прокурорын газраас 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэг болгон өөрчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Д.Гт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Номинчулуунд 5.000.000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан Тоёота Приус маркийн 91-42 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.246.000 төгрөгийн шууд, Тоёота Акуа маркийн 13-41 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.292.000 төгрөгийн шууд, 1.652.000 төгрөгийн нийт хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.Номинчулуун нь цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Д.Гийн жолоочийн №463127 дугаартай үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, түүнд хяналт тавихыг тус байгууллагад даалгав.