Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 202/МА2025/00006

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

     Х ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШШ2024/00501  дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч: * Х ХК,

 хариуцагч: * ШШГГ холбогдох,

Дорноговь аймгийн Тийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн * дугаартай Дорноговь аймаг, * хаягт байрлалтай 2952 м2 талбайтай, сургалтын төв, дотуур байр зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймгийн Тийн газар эзэмших эрхийн нэгж талбарын *  дугаартай Дорноговь аймаг, *  хаягт байрлалтай 25000 м2 эзэмшлийн газар, төмөр зам сургалт зориулалттай, эзэмших эрхтэй газрын хамт үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Огийн давж заалдсан гомдлыг үндэслэн  2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.Нэхэмжлэгч “Х” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШШ2023/00568 дугаар захирамжаар хариуцагч Дорноговь аймгийн Т НҮТББ, Д.З, Д.О нараас 670,415,963.67 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Мөн шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 136/ШЗ2024/00098 дугаар захирамж, 136/ГХ2024/00016 дугаар гүйцэтгэх хуудсаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй бол Дорноговь аймгийн Т-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн * дугаартай Дорноговь аймаг, * хаягт байрлалтай 2952 м2 талбайтай, сургалтын төв, дотуур байр зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймгийн Т-ийн газар эзэмших эрхийн нэгж талбарын *  дугаартай Дорноговь аймаг, *  хаягт байрлалтай 25000 м2 эзэмшлийн газар, төмөр зам сургалт зориулалттай, эзэмших эрхтэй газрын хамт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжид заасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ШШГГ 24080157/02 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт битүүмжилсэн. Битүүмжилсний дараа үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 24080157/09 дугаар тогтоолоор хураасан. Ингээд талуудаас буюу Т-өөс үнийн санал асуухад зах зээлийн ханшаас хэт дээгүүр 4,408,772,624 төгрөгийн үнийн санал хүргүүлсэн.

Зах зээлийн ханшаас хэт дээгүүр үнэлсэн тул Х ХК-иас хөндлөнгийн шинжээч томилж өгөх хүсэлт гаргасан ба хүсэлтийн дагуу хөндлөнгийн шинжээч томилогдож хөрөнгийн үнэлгээг ШШГГ хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/1299 тоот мэдэгдлийг төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө буюу Дорноговь аймгийн Т-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн * дугаартай Дорноговь аймаг, * хаягт байрлалтай 2952 м2 талбайтай, сургалтын төв, дотуур байр зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймгийн Т-ийн газар эзэмших эрхийн нэгж талбарын *  дугаартай Дорноговь аймаг, *  хаягт байрлалтай 25000 м2 эзэмшлийн газар, төмөр зам сургалт зориулалттай, эзэмших эрхтэй газрын хамт 3,601,306,200 төгрөгөөр үнэлсэн.

Х ХК-иас дээрх хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Дорноговь аймгийн Т-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн * дугаартай Дорноговь аймаг, * хаягт байрлалтай 2952 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгө нь гэрчилгээн дээрээ 2952 м2 гэсэн боловч бодит хэмжилтээр 2205 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө юм. Мөн шинжээч зах зээлийн үнэлгээг буруу тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг хэт өндрөөр үнэлсэн учир .нэхэмжлэлээ гаргаж байна.” гэжээ.

2.Хариуцагч ШШГГ хариу тайлбартаа: “...Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШШ2023/00568 дугаар шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч Дорноговь аймгийн Т нийгэмд үйлчилдэг ТББ, Д.З, Д.О нараас 670,415,963 төгрөгийг гаргуулж Х ХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч хуулийн этгээд Дорноговь аймгийн Т нийгэмд үйлчилдэг ТББ, иргэн Д.З, Д.О нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэгдсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг Найрамдал гудамж хойд талд тоот хаягт байрлах 2952 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг Найрамдлын гудамжны хойд талд хаягт байршилтай нэгж талбарын *  дугаартай 25000 м2 тайлбай бүхий эзэмшлийн газар, эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй Дорноговь аймгийн * хаягт байршилтай 56,6 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Шинэ зуун гудамжны 33 дугаар байрны 53 тоот хаягт байршилтай 43,5 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, үнийн санал авах мэдэгдлийг өгөхөд төлбөр төлөгч Дорноговь аймгийн Т, Д.З, Д.О нар нь 4,508,772,624 төгрөгөөр үнийн санал ирүүлснийг талууд харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч 3,601,306,200 төгрөгөөр үнэлснийг талуудад танилцуулсан. Тус газраас 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/1299, 01/1300, 01/1301 дугаар албан бичгээр шинжээчийн үнэлгээг талуудад танилцуулсан бөгөөд мэдэгдэлд заасан хугацаанд талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргаагүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгөд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/05 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулсан бөгөөд энэхүү тогтоолыг талуудад гардуулан өгч тус газраас зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй байна.

Төлбөр авагч Х ХК нь анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гардуулан өгөх үед үнэлгээний гомдлоо гаргаагүй байсан бөгөөд нэхэмжлэл гаргасан албан бичиг нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хугацаатай байх боловч Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13:45 минутад бүртгэлд авсан болох нь баримтаас тодорхой харагдаж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: “...Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Х ХК-ийн нэхэмжлэлтэй ШШГГ холбогдох Дорноговь аймгийн Тийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн * дугаартай Дорноговь аймаг, * хаягт байрлалтай 2952 м2 талбайтай, сургалтын төв, дотуур байр зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймгийн Тийн газар эзэмших эрхийн нэгж талбарын *  дугаартай Дорноговь аймаг, *  хаягт байрлалтай 25000 м2 эзэмшлийн газар, төмөр зам сургалт зориулалттай, эзэмших эрхтэй газрын хамт үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1.Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч Х ХК нь хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн болон хэт өндрөөр үнэлсэн талаарх нотлох баримтыг хавсаргаж шүүхэд хүргүүлсэн. Шүүхийн шийдвэрийн 6-р хуудсанд 13-т “Нэхэмжлэгч "Х ХК тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2205 м.кв талбайтай гэж тайлбарлан өөрийн үнэлгээний тайланг нотлох баримтаар ирүүлсэн. Уг тайланд үнэлж буй хөрөнгийн мэдээлэл хэсэг барилгын суурийн хэмжээ 984 м.кв нийт ашигтай талбай 2205.18 м.кв гэж дурджээ” гэж тэмдэглэсэн мөртлөө ИХШХШТ хуулийн 25.2.2, 38.1 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтаа өөрөө гаргаж өгөөгүй гэх шүүхийн тайлбар илт үндэслэлгүй байна. Хнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулж шүүхэд гаргаж мэтгэлцсэн боловч шүүхээс зөвхөн нэг талыг буюу хариуцагч талын тайлбар нотлох баримтыг үнэлсэнд гомдолтой байна. 

Мөн хөрөнгийн үнэлгээчин нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.6 дахь хэсэгт “хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт", 8.3.7 дахь хэсэгт “Хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл" гэ заасан байхад хөрөнгийн үнэлгээчин тухайн хөрөнгийг хэдий хугацаанд ашиглагдсан талаарх мэдээлэлгүй байсан ба 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Гэрч асуусан тухай тэмдэглэлд яг хэдийн хугацаанд орхигдсон эсэхийг сайн санахгүй байна гэж тэмдэглүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл", 8.3.10 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал” гэж зааснаар маргааны хөрөнгийн үнэлгээг гаргахдаа 2357.6 м.кв болон 2227.6 м.кв ийг хэрхэн тооцоолж гаргасан нь хөрөнгийн үнэлгээний тайланд байхгүй, тодорхой бус байхад шүүх 

Ta үндэслэлтэй мэтээр тайлбарлаж буй нь хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн нэхэмжлэгч талын тайлбарыг бүрэн сонсоогүй зөвхөн нэг Н талын тайлбарыг сонсож шийдвэр гаргасанд гомдолтой байна. 

Нэмж тодруулбал, шийдвэрийн 7-р хуудасны 21-т “Мөнх оргил трейд ХХК-ийн зах зээлийн үнэлгээ гаргахдаа ижил төстэй газрыг сонгон авч, итгэлцүүр ашигласан, үнэлгээний аргаа ойлгомжтой тодорхой тайлбарлаж, стандартын дагуу тодорхойлсон байх тул нэхэмжлэгчийн ойролцоо байршлыг сонгох, ижил хэмжээ бүхий хөрөнгөтэй харьцуулаагүй гэх агуулга бүхга тайлбар үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн. Мөнх оргил трейд үнэлгээ ХХК-аас тухайн хөрөнгийг үнэлэхдээ 3 жишиг үнэлгээ авсан байсан ба 3 үнэлгээнээс 2 жишиг үнэлгээг л ашигласан гэж тайлбарласан. Маргааны үл хөдлөх эд хөрөнгийн газар нь 25,000.00 м.кв, сургалтын төв гэрчилгээн дээр 2952 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2 жишиг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр зах зээлийн үнэлгээг тогтооход хангалтгүй юм. Дэлгэрүүлбэл, 2 жишиг үл хөдлөх эд хөрөнгийн нэг нь дарханд, нөгөө нь эрдэнэт хотод байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд юм. Өөр өөр газар байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон хоорондоо огт адилгүй ашиглалтын хугацаа, зориулалт, шинж байдалтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг харьцуулан хөрөнгийн үнэлгээг хэт өндрөөр гаргасанд гомдолтой байна. 

Ийнхүү, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, зөвхөн хариуцагч талын тайлбарт үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. 

Дээр дурдсан үндэслэлээр Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШШ2024/00501 дүгээр шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х манай ерөнхий газарт гомдол гаргаад манай ажиллагаанууд бүгд түдгэлзээд дахиад эхнээс нь ажиллагаанууд хийгдэхээр болчихсон байгаа.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Х ХК-нь хариуцагч ШШГГ холбогдуулан төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө буюу Дорноговь аймгийн Т-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн * дугаартай Дорноговь аймаг, * хаягт байрлалтай 2952 м2 талбайтай, сургалтын төв, дотуур байр зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймгийн Т-ийн газар эзэмших эрхийн нэгж талбарын *  дугаартай Дорноговь аймаг, *  хаягт байрлалтай 25000 м2 эзэмшлийн газар, төмөр зам сургалт зориулалттай, эзэмших эрхтэй газрын хамт 3,601,306,200 төгрөгөөр үнэлсэн хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

2.Хариуцагч ШШГГ “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/1299, 01/1300, 01/1301 дугаар албан бичгээр үнэлгээг талуудад танилцуулсан бөгөөд мэдэгдэлд заасан хугацаанд талууд үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргаагүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх “...шинжээч хөрөнгийн үнэлгээчин маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг хуульд заасан журмын дагуу үнэлгээний шинж байдал, онцлогч, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалын дагуу гаргасан ба зах зээлийн үнэлгээг гаргахдаа ижил төстэй газрыг сонгон авч, итгэлцүүр ашигласан, үнэлгээний аргаа ойлгомжтой, тодорхой тайлбарлаж, стандартын  дагуу тодорхойлсон байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

4.Мөн шинжээч Мөнх оргил трейд ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлж буй үл хөдлөх хөрөнгүүдийн байршил, шинж чанарыг харгалзан үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 3,601,306,200 төгрөгөөр үнэлж, үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцжээ.

5.Харин нэхэмжлэгчээс энэ үнэлгээг үндэслэлгүй, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчээс гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШШ2024/00501  дугаартай шийдвэрийг  хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.             

 

 

             Н.БОЛОРМАА

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Н.БОЛОРМАА