| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 136/2024/00415/И |
| Дугаар | 202/МА2025/00007 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 202/МА2025/00007
2025 02 05 202/МА2025/00007
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 136/ШШ2024/00438 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: * “О ” ХХК
Хариуцагч: * байрлах МСЗДТГ
Гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалсан хууль бус үйлдлийг тогтоолгох, урьдчилгаа төлбөр 83,972,510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О ХХК-н нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...Манай байгууллага нь Цахилгаан гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төрийн байгууллага болон хувийн хэвшилтэй хамтран олон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байсан туршлагатай байгууллага юм. Бид энэ удаагийн нээлттэй сонгон шалгаруулалтаар Дорноговь аймгийн *аас зарласан * дугаартай Сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх төслийг гүйцэтгэхээр 2024 орны 05 дугаар сарын 01-ний өдөр саналыг хүргүүлж манай байгууллага оролцогч нараас хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03-232 дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг цахимаар хүлээн авсан. Ингээд 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн * дугаартай *ын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж гэрээний 6 дугаар зүйлд гэрээ байгуулж гэрээний урьдчилгаа төлбөрийг Хас банкны * дансанд шилжүүлнэ, тусгай нөхцөлийн ГЕН 5.4-д зааснаар урьдчилгаа төлбөр 89,272,510 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөрт багтаан олгохоор тохиролцсон. Гэтэл захиалагч нь гэрээний урьдчилгаа төлбөрийг төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй ажил эхлэх боломж нөхцөлөөр хангахгүй байсан тул 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1-890 дугаар санхүүжилт авах тухай албан бичгээр гэрээний урьдчилгаа төлбөрийг шаардаж хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан. Тухайн сумын ЗД санхүүжилтийг олгохгүй байсан ч үндэсний их баяр наадам болох гэж байгаа тул гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэж өгөхөөр бид шаардлагатай бүх арга хэмжээгээ авч 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хариуцсан албан тушаалтнуудтай холбогдож мэдэгдсэн.
Гэвч 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01-368 дугаар албан тоотоор гэрээг цуцлах талаар албан бичиг ирүүлсэн бөгөөд ингэхдээ хариуцагч нь ямар ч ажил хийгээгүй, холбогдохгүй байгаа учир Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5, 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх заалтын дагуу хугацаанаас нь өмнө цуцалж дахин тендер зарлана гэх агуулгатайгаар ирүүлсэн байгаа нь гэрээний тэгш байдлын зарчимд нийцэхгүй байна.
Учир нь хариуцагч тал өөрөө гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс гэрээний дагуу ажил эхлэх хугацаа хойшилсон эрх зүйн үр дагавар бий болсон бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-д зааснаар хариуцагч тал үүргээ биелүүлэхэд өөрөө буруутай байсан. Бид тухайн засаг даргын гэрээ цуцлах тухай саналыг зөвшөөрөхгүй байгаа талаар гомдлыг өөрт нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1-244 дугаар албан бичгээр мэдэгдсэн учир нь захиалагч тал гэрээний үүргээ биелүүлэхгүйгээс тухайн ажил гүйцэтгэх хугацаа удаж байсан ч гэрээний үүргээ биелүүлэхээр мэдэгдсэн даруй албан бичиг ирүүлж нэг талын санаачилгаар гэрээг цуцлах санал ирүүлсэн гэрээ цуцлах үндэслэл болохгүй юм.
Иймд хариуцагчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/368 дугаар албан тоотоор гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалсан хууль бус үйлдэл болохыг тогтоолгох, урьдчилгаа төлбөр 89,272,510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага 89,272,510 төгрөг гаргуулах шаардлагыг дараа нь шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн тул татгалзаж байна.” гэжээ.
2.Хариуцагч МСЗДТГ хариу тайлбартаа: “...Дорноговь аймгийн *ын түүхт 100 жилийн ой 2024 онд тохиосонтой холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/11 тоот засаг даргын захирамжаар сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах үнэлгээний хороог байгуулснаар тухайн ажил эхэлсэн юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт баталгаа гаргасан бол гүйцэтгэгчид урьдчилгаа төлнө гэж, 43.3 дахь хэсэгт урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаагүй бол захиалагч урьдчилгаа төлбөр төлөхийг хориглоно гэж тус тус заасан байдаг бөгөөд, мөн тендерийн баримт бичгийн гэрээний ерөнхий нөхцөлийн 2 дугаар бүлэг, өгөгдлийн хүснэгт хэсгийн мэдэгдэл хүргүүлэх гэрээ байгуулах хэсэгт гэрээний нөхцөлийн дагуу гүйцэтгэлийн 8,927,251 төгрөгийн баталгаа ирүүлнэ гэж тусгагдсаны дагуу 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр О ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг хүргүүлэхдээ гэрээний маягтад гарын үсэг зураад, гүйцэтгэлийн баталгааны хамт ирүүлэх талаар мэдэгдсэн. ГТН-д тусгаснаар О ХХК 2024 оны 05 дугаар сарын 15-ны дотор урьдчилгаа төлбөрийн баталгаа ирүүлэх байсан.
Нэгэнт баталгаа ирүүлэх талаар албан бичгээр мэдэгдсэн, тендерийн баримт бичигт урьдчилгаа төлбөрийн 10 хувь болох 8,927,251 төгрөгийн баталгаа ирүүлэх талаар тусгасан, энэ гүйцэтгэлийн баталгааг хийгээгүй бол захиалагч урьдчилгаа төлбөр төлөхийг хориглоно гэж хуульд заачихсан болохыг олон удаагийн тендерт оролцож байсан О ХХК мэдэхгүй байх үндэслэлгүй, энэ баримт бичигтэй танилцаад зөвшөөрсөн учраас манай тендерт оролцож байгаа гэж бид ойлгож байгаа. Бид дээрх баримт бичиг, хуульд зааснаар энэ компанийг энэ үүргээ мэдэж байгаа, гүйцэтгэлийн баталгаа төлбөрөө хийнэ гэдэгт найдсаны үүднээс ажил гүйцэтгэх гэрээний 6-д урьдчилгаа төлбөр 30 хувиа шилжүүлнэ гэдэг заалтыг оруулсан.
Орлогч дарга Б.Б О ХХК-ийн захирал С.Лтой байнга холбогдож, утсаар ярьж, чат бичиж хэзээ ирж ажлаа эхлэх талаар болон ажил эхэлсэн даруйд санхүүжилт олгогдох талаар байнга хэлж ярьсаар байсан бөгөөд харин тухайн компани ажил нь амжихгүй байгаагаас ирэхгүй, одоо очно, удахгүй очно, оччихвол 3-4 өдөрт хийчихнэ гэдэг байдлаар хугацаа авсаар байсан. Ингээд улсын баяр наадмын олон хоногийн амралт эхлэх гээд залгуулаад сумын 100 жилийн ой маань болох гээд цаг хугацаа давчуу болчихсон байсан ч О ХХК ирэхгүй, засаг даргатай холбогдооч, учир байдлаа хэлээч гэхээр ярихгүй, засаг даргыг залгахаар утсаа авахгүй байсан тул Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж, тухайн компанитай байгуулсан гэрээг цуцлах шийдвэрийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан. Ингээд хуралдсан өдрөө 01/368 дугаар албан бичгийг хүргүүлж, гэрээг цуцалж, дахин тендер зарлах талаар албан бичгээр мэдэгдсэн.
Гэтэл уг албан бичгийг авсан даруйдаа буюу маргааш нь 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн огноотой 1/890 дугаар санхүүжилт авах тухай албан бичгийг манайх руу ирүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулснаас хойш гэрээг цуцлах хүртэл хугацаанд манайд санхүүжилт хүсч албан ёсоор огт хандаж байгаагүй хэрнээ гэрээ цуцалсны дараа санхүүжилт хүссэн албан бичгийг ирүүлсэн байсан.
Тендерийн баримт бичгийн ГЕН-ийн 5.4-т зааснаар гүйцэтгэгч урьдчилгаа төлбөрийн хүсэлт гаргасан бол захиалагч урьдчилгаа төлбөрийг ГТН-д заасан хэмжээгээр олгоно гэж байгаа. Гэтэл О ХХК урьдчилгаа төлбөр огт хүсч байгаагүй бөгөөд харин ч эсрэгээрээ ажлаа эхлээд ажлын гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авна гэдгийг мэдэж байсан ч ажил амжихгүй байна гэсээр ойн баяр наадам болох цаг хугацааг тулгачихсан.
Дээр дурдсан үндэслэлүүдээр захиалагч талаас гэрээг цуцалсантай холбоотойгоор О ХХК-д ямар нэгэн бодит хохирол учраагүй гэж ойлгож байна. Учир нь О ХХК нь огт ажил эхлээгүй бөгөөд ажил эхлэхэд бэлэн, бэлтгэл ажил хангасан гэсэн хэдий ч яг ямар бэлтгэл ажил хангагдсан талаар захиалагч талд мэдэгдсэн зүйл байхгүй, ажлын талбай дээр гүйцэтгэгч талаас 1 ч удаа хүн ирж байгаагүй нь биднийг энэ компани сумын 100 жилийн ойн өмнө ажлаа гүйцэтгэнэ гэх итгэл, найдваргүй болсон тул Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж О ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах шийдвэрт хүрсэн.
Ингээд дараагийн тендер зарлахад Нью бест хаус ХХК ганцаараа материал ирүүлсэн бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зарлаж, 08 дугаар сарын 26-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж, тухайн компанийг шаардлага хангасан гэж үзэж шалгаруулж, тухайн компанитай 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, өнөөдрийн байдлаар тухайн компани сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажлаа хийгээд дуусчихсан байгаа болно. Иймд О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.” гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: “....Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1 дэх хэсэгт заасны тус тус баримтлан О ХХК-ийн Гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалсан хууль бус үйлдлийг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 674,512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарла шийдвэрлэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “хариуцагчийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3. "захиалагч доор дурдсанаас бусад тохиолдолд шалгарсан оролцогчтой гэрээ байгуулна", 30.3.1. "энэ хуулийн 14.6.2-т заасан нөхцөл үүссэн”, 14 дүгээр зүйлийн 14.6.2-т "гэрээ байгуулах эрх авсан оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу баталгаа ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй” гэж заасныг буруу хэрэгжүүлж тендерийн бичигт заасан гүйцэтгэлийн баталгааг нэхэмжлэгчээс ирүүлээгүй байхад 2024 баримт оны 05 дугаар сарын 14-ний өдрийн * дугаартай "*ын Төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээ"-г нэхэмжлэгчтэй байгуулж, хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон байдаг.
Өөрөөр хэлбэл "гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй байхад гэрээ байгуулсан” дээрх тохиолдолд хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д зааснаар "Энэ хуулийн 14.6.2-т заасан нөхцөл бий болсноор захиалагч гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, удаах эрэмбэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно" гэж заасныг хэрэгжүүлэх буюу 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тендерт "О " ХХК-ийн дараагаар хамгийн бага үнийн саналтай эрэмбэлэгдсэн дараагийн байгууллагатай гэрээ байгуулах эрх олгохоор байсан тул хариуцагч тал хууль зөрчиж Захиргааны гэрээг байгуулсан байдаг.
Гэрээний үүргээ биелүүлээгүй талаар:
Урьдчилгаа төлбөрийг захиалагч нь гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу 86,272,510 төгрөг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр багтаан нэхэмжлэгчид олгоогүй тул ажлыг гүйцэтгэх нөхцөлөөр хангаагүй талаар дараах үндэслэл баримтуудыг шүүхэд хянаж үзэхгүй шийдвэрлэсэн байна.
Үнэлгээний хороо нь "*ын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил"- ын тендерт нэхэмжлэгч "О " ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтийг гаргаж захиалагчид хүргүүлсэн. Улмаар захиалагч *ын Засаг даргын Тамгын газрын даргаас 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн * дугаартай "*ын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээ"-г нэхэмжлэгч "О " ХХК-тай байгуулсан өгөөд хариуцагч гэрээ байгуулсантай холбоотойгоор маргадаггүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.3-д заасан үндэслэлд нийцэж байх тул тухайн *ын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хүчин төгөлдөр гэрээ хэмээн үзэхээр байна.
Иймд тухайн гэрээний дагуу хариуцагч нь "Өргөдлийн хүснэгт"-ийн ТШЗ 24.1-д Тендерийн баталгааны дүн: 1,487,875 төгрөг" гэж, ТШЗ 37.1-д "Шалгарсан оролцогч гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх эсэх: "Гэрээний нөхцөлийн дагуу гүйцэтгэлийн 8,927,251 айман сая есөн зуун хорин долоон мянга хоёр зуун тавин нэг) төгрөгийн баталгаа ирүүлнэ" хэмээн заасны дагуу иргэний эрх зүйн харилцаа үргэлжилж байсан. Мөн ерөнхий гэрээнд зааснаар гэрээг цуцлахдаа заавар нэмэлт хугацаа тогтоох талаар заасан байхад шүүх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байх хуулийн зохицуулалтыг барьсан байдаг.
Энэхүү хугацаанд хариуцагч нь гэрээний үүрэг болох урьдчилгаа төлбөрийг төлөөгүйгээс гэрээний дагуу ажил гүйцэтгэх хугацаа удаашрах үндэслэл болсон бөгөөд гэрээний хугацаа дуусахад 11 хоног дутуу байсан нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1-д заасан үр дүн гарахгүй болох нь илт гэх үндэслэл болохгүй учир нь хариуцагч байгууллага гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг ирүүлснээс өөр ямар ажлын гүйцэтгэлтэй холбоотой албан бичгээр харилцсан зүйл байхгүй байдаг.
Харин манай байгууллага 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/890 дугаар Санхүүжилт авах тухай албан бичгийг хүргүүлж байсан бөгөөд тухайн албан бичгийн хариуг ирүүлээгүй байдаг.
Мөн хариуцагч нь хариу тайлбартаа "энэ төрлийн ажлыг урьд нь манай аймгийн У, Х, С сумуудад хийсэн туршлагатай..." хэмээн тайлбарлаж байсан бөгөөд 11 хонгийн хугацаанд манай байгууллагыг гүйцэтгэж чадах эсэх асуудлыг эдгээр сумын Засаг даргын тамгын газраас тодруулах гэрчээр оролцуулах манай байгууллагын ажлын гүйцэтгэлийн чанар хугацаа зэргийг тодруулах боломжтой Байсан бөгөөд энэ хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан.
Иймд дээрх Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08 ны өдрийн 136/ШШ2024/00438 дугаар шийдвэр ь үндэслэл муутай хэрэгт ач холбогдолтой баримт байхгүй, баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэг ач холбогдолтой маргаан шийдвэрлэх шаардлагатай ажиллагаа хийгдээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ахин шийдвэрлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын тухайд 2 үндэслэлээр гомдлоо гаргасан гэж тайлбарласан. Эхний үндэслэл болох тухайн гэрээг анхнаасаа байгуулах процесс ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй зөрччихсөн. Тийм учраас анхан шатны шүүх энийг анхнаасаа хууль зөрчсөн гэрээ гэдэг талаас нь хараагүй шийдчихсэн гэдэг асуудал ярьж байгаа. Гэтэл анхнаасаа гаргасан нэхэмжлэлийн шаардлага энэ гэрээ байгуулагдсан үйлдэл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгөөч гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Харин гэрээний үүрэг биелэгдээгүй гэдэг үндэслэлээр гэрээг цуцалж байгаа нь хууль зөрчсөн гэдгийг тогтоож өгөөч гэдэг л нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Одоо болохлоороо процесс ажиллагаа анхнаасаа гэрээ байгуулагдах ёсгүй манайх гүйцэтгэлийн баталгаагаа төлөөгүй байхад *ын тамгын газар гэрээ байгуулсан нь хууль зөрччихсөн гээд байгаа юм шиг нэг болохоор энэ гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм гэдэг байдлаар гомдол дээрээ 2 үндэслэлээр яриад байгааг бас сайн ойлгохгүй байгаа. Гэрээ бол хүчин төгөлдөр гэрээ болох талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлээ зөв гэж үзэж байгаа. Яагаад гэхлээр анхнаасаа эрх олгох тухай *ын засаг даргын албан бичиг хүргэгдсэн албан бичиг дээр бол гүйцэтгэлийн баталгааг төлөөд гэрээний хамт захиалагчид ирүүлнэ үү гэдгийг албан бичгээр мэдэгдчихсэн байсан. Гэтэл энийг ирүүлээгүй байхад нь гэрээгээ байгуулчихсан *ын тамгын газрын алдаатай үйл ажиллагаа харагдаж байгаа юм шиг боловч эдний компани ойролцоо 3 сумд гэрэлтүүлгийн ажил хийсэн туршлагатай энэ нөхцөл байдал нь харгалзан үзээд шалгаруулсан. Гэтэл энийгээ Оджи-Од компани мэдэж байгаа. Гэхдээ төлөөгүй гүйцэтгэлийн баталгаа тендерийн баталгаа урьдчилгаа төлбөрийн баталгаа гээд ер нь 3 төрлийн баталгаа байгаа. Тендерийн баталгааны 1,400,000 орчим төгрөгийг анх тендерт оролцож байгаа компаниуд төлчихсөн. Энэ дээр 1,400,000 төгрөг төлчихсөн байдаг. Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгааг огтоосоо төлөөгүй. Энэ талаар бид нар ярилцаагүй явчихсан гээд яригдаад байгаа. Гэтэл урьдчилгаа төлбөр өгөөгүй учраас ирээгүй гэдэг асуудал ярьдаг боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд болох *ын тамгын газар Оджи-Од компанийн төлөөлөгч хоорондоо харилцсан чат мессежнүүд байгаа. Жишээлбэл хавтаст хэргийн 25 дугаар хуудсан дээр манайх гарахад яг бэлэн гэхдээ энд нэг ажил дуусгаж байна гээд ингээд өөрсдийнхөө ажлыг бодоод ирэхгүй хугацаа авсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. 7 сарын 11-нд улсын баяр наадам үргэлжилж байгаа залгуулаад *ын 100 жилийн ой үргэлжилж байгаа. Нэг ёсондоо нэмэлт хугацаа тогтоох боломжгүй энэ нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Энэ үндэслэлээр гэрээгээ 7 сарын 9-ний өдөр засаг даргын зөвлөл хуралдаад цуцалсан тухайгаа мэдэгдээд дахин тендер зарлахаа мэдэгдчихсэн байгаа. Гэтэл дахин тендерт ч гэсэн Оджи-Од компани оролцох боломжтой байсан боловч оролцоогүй ганц оролцсон компани нью бест хаус компани оролцоод энэ тендерийн ажлыг хийгээд дуусчихсан хойно шүүхэд нэхэмжлэл гаргаад энийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгөөд урьдчилгаа төлбөрийг бид нар авъя гээд байгаа нь хуульд нийцэхгүй үндэслэлгүй байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч “О ” ХХК-ны *ын Засаг даргын тамгын газрын гэрээ цуцалсан үйлдлийг хууль бус үйлдэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байх боловч нэхэмжлэлийн нэг шаардлага болох гэрээний дагуу ажлын хөлсөнд авах 89,272,510 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч татгалзсаныг шийдвэрлээгүй орхигдуулсан алдаа гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар МСЗДТГ сумын төвийн гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг хийлгэх тендерийг зарласан ба тендерт “О ” ХХК шалгарсан тул *ын Засаг даргын тамгын газар 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдөр гэрээг тус компанитай байгуулж, 2024 оны 05 сарын 14-нөөс 07 дугаар сарын 20-ны дотор сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгүүлэхээр болсон боловч “О ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул *ын Засаг даргын тамгын газар 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдөр гэрээг цуцалж, дахин тендер зарлаж “Нью бест хаус” ХХК-ийг шалгаруулж сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтыг хийлгүүлэхээр гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр болсон тул “О ” ХХК *ын Засаг даргын тамгын газрын гэрээ цуцалсан үйлдлийг хууль бусад үйлдэлд тооцуулж, гэрээний дагуу ажлын хөлсөнд авах 89,272,510 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагаа компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *ын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг, *ын Засаг даргын тамгын газар, “О ” ХХК нарын хооронд байгуулагдсан “Сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”, О ХХК-аас *ын тамгын газарт санхүүжилтээ авахыг хүссэн тухай албан бичиг, гэрээ цуцалсныг мэдэгдсэн тухай *ын Засаг даргын тамгын газрын албан бичиг, уг мэдэгдэлд хариу хүргүүлсэн тухай тус компанийн албан бичиг, тус сумын тамгын газрын даргатай гар утасны мессежээр харилцаж байсан тухай гар утасны бичлэг, тендерийн баримт бичиг зэрэгт тус тус үндэслэсэн.
3.Хариуцагч *ын Засаг даргын тамгын газар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба маргаж байгаа үндэслэлээ “ ...“О ”ХХК-тай сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг хийлгүүлэхээр тендерээр шалгаруулж, ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3-т тус тус зааснаар ажил гүйцэтгэгч урьдчилгаа төлбөрийн баталгааг гаргаж өгсний дараа санхүүжилт хийгдэх байсан ба урьдчилгаа төлбөрийн баталгааг гаргахыг албан бичгээр мэдэгдсэн боловч баталгаагаа гаргаж өгөөгүй, сумын 100 жилийн ой болж байсан тул ойгоор сумын төвийг гэрэлтэй болгох зорилготой байсан боловч “О ” ХХК ажлаа гүйцэтгээгүй тул гэрээг цуцалж, дахин тендер шалгаруулалт явуулж “Нью бест хаус” ХХК-ныг шалгаруулж, тус сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил хийгдээд дууссан” зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариу тайлбараа “О ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон болон гүйцэтгэлийн баталгааг ирүүлэхийг хүссэн тухай *ын Засаг даргын тамгын газрын албан бичиг, *ын Засаг даргын “О ” ХХК-тай гэрээ байгуулах тухай захирамж, гэрээ, “О ” ХХК-ныг тендерт шалгаруулсан тухай тендерийн баримт бичиг, гэрээ цуцалсан тухай мэдэгдэл, “Нью бест хаус” ХХК-ны *ын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажлын тайлан зэрэгт тус тус үндэслэсэн.
4.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд *ын Засаг даргын тамгын газрын гэрээ цуцалсан үйлдлийг хууль бусад үйлдэлд тооцуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч “О ” ХХК-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч “ ...шүүх шийдвэр гаргахдаа гэрээний үүрэг биелэгдээгүй нөхцөл шалтгаанд хариуцагч тал урьдчилгаа төлбөрөө төлөөгүйгээс болсон, ажил гүйцэтгэх хугацаа дуусаагүй, 11 хоногийн хугацаа үлдсэн үед гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь үндэслэлгүй байсан, гэрээ ёсоор гүйцэтгэх ажлыг гүйцэтгэх чадвартай байсныг урьд ажил гүйцэтгүүлсэн бусад сумдыг гэрчээр оролцуулж шийдвэрлэх байсан” гэсэн үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхийг хүсч давж заалдсан гомдол гаргасан.
5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн тул нэхэмжлэгч “О ” ХХК-ны давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь үндэслэлтэй байна гэж үзсэн.
Анхан шатны шүүх “О ” ХХК, МСЗДТГ нарын хооронд байгуулагдсан “Сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г захиргааны гэрээ гэж маргааны төрлийг зөв тодорхойлсон.
Зохигчдын хооронд байгуулагдсан захиргааны гэрээгээр хийгдэх ажлын санхүүжилт нь Дорноговь аймгийн *ын төсвийн хөрөнгө тул тус гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28, 30 дугаар зүйлүүдэд тус тус заасан “захиргааны гэрээ байгуулах” үндэслэл, шаардлагад нийцсэн.
Гэрээ цуцлагдсан үндэслэл нь “О ” ХХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар урьдчилгаа төлбөрийн баталгааг гаргаагүйгээс санхүүжилт хийгдээгүй, гэрээний дагуу ажил 2024 оны 05 дугаар сарын 14-нөөс 07 дугаар сарын 20-ны хугацаанд *ын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтыг хийх ажил хийгдэх байсан боловч гэрээ цуцлагдах хүртэл буюу 2024 оны 07 дугаар сарын 09-ныг хүртэл хугацаанд ажил гүйцэтгэгч “О ” ХХК үүргээ огт гүйцэтгээгүй зэргээр гэрээ биелэгдэх нөхцөлийг хангаагүйгээс болсон нь хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдсон.
2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр *ын 100 жилийн ойн баяр эхлэх тул сумын Засаг даргын тамгын газар сумынхаа ойгоороо сумын төвийг гэрэлтүүлэгтэй, камержуулалттай болгох хүсэл, шаардлага биелээгүй нь нэхэмжлэгч “О ” ХХК-тай холбоотой байна.
Захиалагч *ын Засаг даргын тамгын газар “О ” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 56.2-д заасан “…гэрээг өөрчлөх боломжгүй гэж үзвэл захиалагч гэрээг цуцалж болно” гэх үндэслэлд нийцсэн.
Хариуцагч тал дахин тендер шалгаруулалт зохион байгуулж “Нью бест хаус” ХХК-ныг шалгаруулж, 2024 оны 09 дүгээр сарын 03-наас 10 дугаар сарын 03-ны хугацаанд сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулж, ажлын явц 90%-ийн гүйцэтгэлтэй явж байгаа тухай “Нью бест хаус” ХХК-ны ажлын тайлангаар тогтоогдсон байна.
Иймд нэхэмжлэгчийн “…гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалсан *ын Засаг даргын тамгын газрын үйлдлийг хууль бусад тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүх энэ тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон.
6.Харин анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн нэг шаардлага болох “…гэрээний дагуу авах 89,272,510 төгрөгийн төлбөрийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаас шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч татгалзсаныг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.
Анхан шатны шүүх энэ тухай дүгнэлтийг шийдвэрийн хянавал хэсэгт дүгнэсэн боловч шийдвэрлээгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий болсон.
Энэ нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т заасан үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 136/ШШ2024/00438 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “...нэхэмжлэгч О ” ХХК ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд авах 89,272,510 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж нэмж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
Н.БОЛОРМАА
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ А.САЙНТӨГС