Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 202/МА2025/00008

 

Д.Угийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;  

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 136/ШШ2024/00504 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, Т овогт Д.У,

Хариуцагч: * тоотод оршин И ХХК,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 70,980,00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, түүний өмгөөлөгч М.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, түүний өмгөөлөгч Г.Сувданбилэг /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.Нэхэмжлэгч Д.У нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...1.1.Дорноговь аймаг * байрлах газарт баригдах 40-Апартмент орон сууцны 1 давхрын 103 тоот 46,65 мкв 2 өрөө орон сууцыг захиалсан бөгөөд, нийт төлбөр 55,980,000 төгрөг төлсөн. Уг орон сууц 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ашиглалтад орно гэж гэрээ байгуулагдсан.

1.2.Орон сууцны төлбөрийг 560,000 төгрөгөөр хэдэн удаа төлж, сүүлд 30,228,000 төгрөг нийт 55,980,000 төлж барагдуулсан. Бүх баримтыг би өгсөн.

1.3.Одоо өгсөн мөнгө 55,980,000 төгрөг, алданги 15,000,000 авах ёстой, энэ мөнгөө авна.

1.4.Гэрээнд зааснаар мөнгөө төлсөн байгаа. Байртай болно гээд мөнгөө өгсөн. 55,980,000 төгрөгөө би төлсөн. Би энэ мөнгөө алдангитай нь хамт авна.” гэжээ.

2.Хариуцагч И ХХК хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. ... энэ гэрээ 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан. ... ямар хугацааны хэдэн төгрөгөөр тооцож алданги нэхэмжилж байгаа нь тодорхой биш байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлж чадахгүй байна. ... 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Д.У гэж хүнтэй И ХХК гэрээ байгуулсан. Тухайн өдөр урьдчилгаа төлбөр болох 22,392,000 төгрөг төлөх байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс 30,228,000 төгрөг төлсөн. ... Алдангийг бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна. .... Манай дээр өөр байрны гэрээ хийсэн юм уу, сайн мэдэхгүй байна. ... Гэрээний хугацаа 60 сар байх бөгөөд орон сууц хууль ёсны өмчлөгчийнх байна гэж заасан байна. ... Гэрээ байгуулагдсан өдөр төлсөн 30,228,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч болно. Бусад төлбөр болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Нотлох баримт дээр тулгуурлаж шүүхийн шийдвэр гардаг учраас та баримтаа зөв бүрдүүлж өгөхгүй бол бид нар И ХХК-ийн байран дээр захиалсан байрны дагуу өмнөх мөнгөө өгсөн юм уу, өмнөх мөнгө нь ямар учиртай болохыг бид нар ойлгохгүй байна.” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэг, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар И ХХК-иас 70,980,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Уд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Угаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-иас 512,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Уд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчөөс гомдлыг танилцуулна.” гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С өмгөөлөгч Г.Сувданбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “хариуцагч талаас Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоонд 2021 онд барилгын ажлын төсөл хэрэгжүүлэхээр баталсан төсөв нь дараа жилүүдэд нэмэгдсэн болохыг тодорхойлуулах үүднээс шүүхийн дээр дурдсан баримтуудыг бүрдүүлэн өгч тодорхойлолт гаргуулсан. Улмаар тус тодорхойлолтыг МҮХАҮТ-д өгснөөр барилгын материалын үнэ нэмэгдсэн нь манай компанид хүнд нөхцөл байдал МӨН байна гэдгийг тогтоож, гэрчилгээ олгосон.

Гэтэл шүүхийн шатанд холбогдох байгууллагуудын судалгаанд үндэслэн гаргасан тодорхойлолт, гэрчилгээг үнэлэхгүйгээр нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Нэгэнт холбогдох мэргэжлийн байгууллагаас бүрдүүлж өгсөн баримтад үндэслэн тодорхойлолт, гэрчилгээг гаргасан байхад хариуцагчаас дахин шүүхийн шатанд 84 төрлийн бараа бүтээгдэхүүнийг 1.5-2.5 дахин үнэ нэмэгдсэн болохыг нэг бүрчлэн тооцоолол гаргаж дахин нотлох шаардлагагүй юм. Тиймээс анхан шатны шүүх хариуцагч компанийг Хүнд нөхцөл байдалтай холбоотой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээнд заасан ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй талаар зөв дүгнээгүй байна.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Шийдвэрийн 6-р хуудасны 3 дахь догол мөрөнд Иргэний хуулийн 227.1 "Гэрээний нэг гал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй." болон 227.3 "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэсэн холбогдох заалтуудыг зөв тайлбарласан. Гэвч тус маргааны хувьд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан бөгөөд шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн алдангийн төлбөр нь Иргэний хуулийн 227,3-т заасан хохиролд хамаарахгүй юм. Түүнчлэн гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх Үүрэгтэй. Тиймээс гэрээнээс татгалзсанаар талуудын хэн аль нь үүрэг хүлээхгүй учир үндсэн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахад чиглэгдсэн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхгүй тул шүүхийг хуулийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. 

Мөн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд ковид-19 цар тахлаас үүдэлтэйгээр барилгын материалын үнэ, ажиллах хүчний зардал, хэрэглээний суурь зардлууд эрс нэмэгдсэн мөн барилгын ажлыг нийт захиалагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөөр барьж дуусгах боломжгүй болсон, захиалагчид ажлын хөлсийг хугацаандаа өгөөгүй зэрэг нөхцөл байдал үүссэнээс гэрээний хугацаанд үүргээ бүрэн биелүүлээгүй. Улмаар хариуцагч нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж компанийн нөөц бололцоогоо бүрэн шавхаж, барилгын ажлыг үргэлжлүүлсэн боловч 85 хувийн гүйцэтгэлд хүрээд барилгын ажил зогссон. Гэтэл анхан шатны шүүх орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний биелэлт хэрэгт тайлбарласан хүнд нөхцөлийн улмаас хойшилсон тухай нотлох баримт болон үндэслэл бүхий тайлбараар нотолсон байхад хариуцагчийг илтэд хохироож, алданги гаргуулахаар үндэслэлгүй шийдвэр гаргасан. 

Түүнчлэн гэрээ байгуулсан хугацаа, гэрээний дагуу төлсөн төлбөр мөн эсэхийг нотлон баримтад тулгуурлан үнэлэхгүйгээр ийнхүү шийдвэр гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. 

Иймд хариуцагчаас илүү шаардаж буй 25,752,000 төгрөг болон алданги 15,000,000 төгрөг гаргуулах тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Сувданбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй талаар гомдол гаргасан. Энэ ямар учиртай вэ гэхлээр анхан шатны шүүхээс тухайн барилгыг барихад бид нарт хүнд нөхцөл байдал тулгарсан юм гэдгийг бид нар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан гэрчилгээгээр нотолсон байдаг. Гэтэл энэ нотлох баримтыг үнэлээгүй яагаад энэ дээр гомдол гаргаж байгаа вэ гэхлээр тухайн барилга маань өөрөө ковидын үед баригдсан гэхдээ ковидоос үүдэлтэйгээр хил гааль хаагаад барилгын материалын үнэ нэмэгдээд тэрийгээ дагаад ажиллах хүчний зардал нэмэгдсэн гэдэг ч юм уу ийм нэмэгдэнэ нэмэгдэх учраас бид нар анхны гэрээ байгуулсан метр квадратын үнээрээ л явна гэдэг ойлголт тооцоолол тэрийг мэдэх боломж энэхүү маргааны аль аль талд нь байгаагүй мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан. Гэтэл үүнтэй холбоотойгоор тухайн барилгад орж байсан 84төрлийн бараа бүтээгдэхүүн маань өөрөө ковид19 гэсэн цар тахалтай холбоотойгоор 1,5-2,5 дахин үнэ нь нэмэгдсэн байдаг. Бид нар 2021 онд батлагдсан барилгын материалынхаа төсвийг барилгын материал сэтгүүл дээр гарсан барилгын материалын үнийн өсөлттэй харьцуулаад тодорхойлолт гаргуулахаар монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоонд хүсэлт болон холбогдох нотлох баримтуудаа гаргаж өгсөн. Энэ нотлох баримтыг үндэслэж тухайн байгууллагаас маань 84 төрлийн нэр бүтээгдэхүүн 1,5-2,5 дахин нэмэгдсэн болно гэдэг тодорхойлолтыг гаргаж өгөөд худалдаа аж үйлдвэрийн танхим руу явуулсан. Тус танхимаас мэргэжлийн байгууллагаас гаргаж өгсөн энэ судалгаа шинжилгээ нотлох баримт дээр тулгуурлаж гаргасан тодорхойлолтыг үндэслээд энэ барилга барьж байгаа И компанид хүнд нөхцөл байдал бий болсон нь үндэслэлтэй байна гэж үзэж хүнд нөхцөл байдлыг тодорхойлсон гэрчилгээ гаргаж өгсөн байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримтаа гаргаж өгсөнгүй 84 төрлийн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой барилгын материал үнэ өссөн гэдэг тэр баримтуудыгаа гаргаж өгөөгүй гэдэг ийм шаардлагыг тавьсан. Бид нар мэргэжлийн байгууллагад холбогдох баримтуудаа гаргаад тодорхойлолт дүгнэлт гаргуулаад гэрчилгээ гаргаж авсан учраас түүнийг дахин шүүх дээр гаргаж ирж тооцоолол хийлгэх шаардлагагүй гэж үзсэн байгаа. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа. Энэ нь Иргэний хуулийн 227.1 болон 227.3 дээр үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гээд биччихсэн байгаа. Нэхэмжлэгч Угийн маань гаргаж байгаа алдангийн асуудал нь хохиролд орохооргүй зүйлүүд байгаа. Яагаад вэ гэхлээр 227.3 дээр эд хөрөнгийн алдагдал гарсан зардал үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлого гэдэг зүйлд бол энэ алданги нь өөрөө хамаарахгүй юм. Дээрээс нь гэрээнээс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гарсан учраас өгсөн авснаа буцаалцах ийм зохь хуулийн зохицуулалттай. Тэгтэл гэрээний үндсэн төлбөрийг буюу 55,980,000 төгрөгийг төлсөн байна. Үүнийг нь буцаагаад төлөхөд татгалзах зүйлгүй. Дээрээс нь ингэж төлөх нь өөрөө гэрээнээс татгалзаж байгаа хуулийн шаардлагад нийцэж байгаа буюу эргээгээд авах арга хэмжээ нь аль аль тал нь өгсөн авснаа буцаалт өгөх ийм зохицуулалттай байхад алданги нэмж гаргахаар шийдвэрлэсэн нь өөрөө хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зүйл болсон байна гэж үзэж байгаа. И компанийн хувьд гэх юм барилгыг өөрсдийнхөө зүгээс боломжит бүхий л арга хэмжээг авч байгаад 85 хувь хувийн гүйцэтгэлтэй үүргээ биелүүлсэн. Гэвч цаашдаа энэ захиалагч нараас төлбөрөө төлөөгүй мөн барилгын материалын үнийн өсөлт болсон дээрээс нь мэдэгдэл өгөөд метр квадратынхаа үнийг нэмье гээд гэрээндээ өөрчлөлт оруулахад дуудахлаар зэрэг барилгын захиалагч нар маань ирдэггүй гэдэг ч юм уу иймэрхүү асуудлууд үүсээд 85 хувь хүртэл нөөц бололцоогоо шавхаж байгаад барилгыг энэ хүртэл бариад зогссон байгаа. Тэгэхлээр алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх нотлох баримт үнэлэх хэрэгтэй гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын дээд шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бичмэл нотлох баримтыг үнэлэх тухай 2008 оны 10 сарын 10-ны өдрийн зөвлөмж гаргасан байдаг. Үүн дээр юу гэж дурдсан байдаг вэ гэхлээр бичмэл нотлох баримт нь өөрөө нотлох баримтдаа хамаарна энэ бичмэл нотлох баримт нь гэрчилж тодорхойлсон баримтууд орно буюу энд нь гэрчилгээг хамааруулна гээд үзчихсэн байгаа. Гэтэл мэргэжлийн байгууллагаас энэ гэрчилгээ олгосон нь өөрөө нотлох баримт буюу бичмэл нотлох баримтад хамаарч байгаа учраас энэ нотлох баримтыг үнэлээд алданги гаргуулахаар тооцсон хэсгийг хүчингүй болгож өгөөч гэсэн гомдлыг гаргасан байна.” гэв.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 4 сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан. Яагаад энэ алданги төлүүлнэ гээд байгаа нь гэрээндээ заачихсан байгаа. 2021 оны гэрээнд ч байгаа 2022 оны гэрээнд байгаа. Шинээр гэрээ хийсэн юм яагаад гэрээ хийж байгаа юм бэ гэсэн чинь манай 100 хувь төлсөн чинь дахиж 2 дахь гэрээ байгуулсан. Энэ гэрээн дээрээ алданги төлнө аль нэг буруутай тал нь төлөх хуулийн заалтыг оруулсан ийм учраас би 15 сая төгрөгийг хамгийн багаар оруулсан. Жил сараар нарийн тооцоод ирэх юм бол би харин аягүй бага оруулсан. Жил сар өдрөөрөө тооцох юм 27 сая төгрөг л гарах байсан юм байна.” гэв.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч тал гомдолдоо ингэж дурдсан байгаа илүү шаардаж байгаа 25 сая төгрөг болон алданги 15 сая төгрөг гээд нийт 40 орчим сая төгрөгийг зөвшөөрөхгүй энийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж гомдол гаргасан байгаа. Энийгээ тайлбарласангүй энэ дээр сая Наранцэцэг гуай тайлбар хэлээд байна гэж би ойлгож байна. Хэрэгт болохоороо 2022 оны 1 сарын гэрээ байгаа гэтэл анхан шатны хурал дээр тайлбарлахдаа эдний төлсөн өгсөн гээд байгаа мөнгөнүүд нь энэ гэрээ байгуулахаас өмнөх мөнгөнүүд байна эднийх өөр байр захиалсан мөнгөө нэхэмжлээд байна гэж эднийх яриад байгаа. Гэтэл 2021 оны 4 сард 14 дугаартай 2 гэрээ байгаа юм. Тэгэнгүүт Наранцэцэг гуай өмгөөлөгчгүй анхан шатны шүүх хуралд орсон болохоороо хамгийн сүүлийн гэрээ 100 хувь төлбөр төлөгдсөн гээд орчихсон учраас энэ гэрээгээ өгчихсөн чинь энэ хүний хууль мэдэхгүйгээс өгсөн нотлох баримтыг эсрэгээр ашиглаад энэнээс өмнө төлсөн мөнгө өөр байрных л байгаа байх гэдэг байдлаар 25 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгөөч дээр нь алданги 15 сая хэрэгсэхгүй болгож өгөөч гэж эднийх гомдлоо гаргаад байгаа. Гэтэл энэ хэрэгт байгаа гэрээний 2.4 дээр урьдчилгаа төлбөр 22 сая төгрөг төлсөн үлдэгдэл 33 сая төгрөг төлсөн ингээд төлбөр 100 хувь төлөгдсөн гээд байгаа. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт буюу хавтаст хэргийн 17 дугаар хуудсан дээр гэрээ байгуулсан өдөр төлсөн гээд байгаа 30 саяыг У 103 тоот байрны үлдэгдэл мөнгө шүү гэсэн утгатайгаар хийчхээд байгаа. Тэгэхлээр энэнээс өмнө төлсөн мөнгөнүүд 103 гурван тоот энэ байрны л мөнгө юм. Тийм учраас 25 сая төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй. Алдангийг мөн хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Яагаад гэхлээр гэрээнд заасан үүргээ болбол И компани зөрчсөн болох нь тогтоогдож байгаа. Одоог хүртэл 2022 оны 7 сард 85 хувийн гүйцэтгэлтэй гэсэн гэрчилгээ байдаг боловч тэрнээс хойш ямар ч барилга хийгдээгүй. Ковид цар тахлын улмаас үүдэлтэйгээр бараа материалын үнэ өссөн гэдэг боловч тэрнээс хойш 2021 оны 4 сард гэрээ байгуулчихсан байдаг. Энэ эрсдэл юмаа тооцож байсан одоо шүүхэд худалдаа аж үйлдвэрийн танхимд монголын барилгын үйлдвэрлэгчдийн холбооноос тодорхойлолт аваад тэрийг үндэслээд хард шипийн гэрчилгээ гаргуулчихсан гэж байгаа боловч шүүхэд жинхэнэ нотлох баримтаа өгөх ёстой. Тэгэхээр шүүхэд дахин нотлох шаардлагагүй гэсэн тайлбар тавиад байгааг би ойлгохгүй байна. Мөн хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй гэдэг нь тайлбарлаад өгсөн байгаа гэтэл энэ хүний сүүлд өгсөн гэрээг үндэслээд энийг нь мушгиж гуйвуулаад үнэн бодитой нийцэхгүй ийм тайлбар гаргаад байгаа нь үндэслэлгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв учраас хэвээр үлдээж өгөөч ээ гэсэн байр суурьтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зүйлгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

2.Нэхэмжлэгч Д.У “... “И ” ХХК-тай байгуулсан 46,65 мкв 2 өрөө орон сууц захиалан бариулах гэрээний дагуу байрны үнэ болох 55,980,000 төгрөг төлснөө буцааж авах, орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй учраас гэрээгээр тохирсон алдангид 15,000,000 төгрөгийг нэмж, бүгд 70,980,000 төгрөгийг гаргуулах” гэсэн агуулга үндэслэлээр  нэхэмжилсэн ба “Орон сууц захиалан бариулах гэрээ”, төлбөр төлсөн тухай баримт, нэхэмжлэгчийн ХААН банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга зэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн.

Хариуцагч “И ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг  зөвшөөрөхгүй гэж маргасан ба  “ ...захиалагч сар бүр төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдал, хил хаасан, бараа материалын үнэ нэмэгдсэн нөхцөл байдлууд нь үүргийн гүйцэтгэлд нөлөөлсөн” гэж тайлбарласан ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ  2800,67 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 85%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас “И ” ХХК-д цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдал нь “Хүнд нөхцөл байдал”-д хамаарсан гэсэн гэрчилгээ,  Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны Худалдаа аж үйлдвэрийн танхимд гаргаж өгсөн бараа материалын үнийн өсөлтийн талаарх тодорхойлолт зэрэгт тус тус үндэслэсэн.

3.Хэргийн үйл баримтаас үзэхэд зохигчид 2022 оны 01 дугаар сарын 12-ний өдөр “И ” ХХК-ийн Дорноговь аймгийн * багт баригдаж байгаа “40-Апартмент” орон сууцны хотхоны 1 давхарт 103 тоот 46,65 м.кв  2 өрөө 55,980,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан боловч захиалагч орон сууцны төлбөрийг гэрээ байгуулахаас өмнө буюу 2021 оны 04 дүгээр сарын 28-наас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны хугацаанд бүрэн төлсөн ба энэ тухай гэрээний 2.4 дүгээр заалтад тусгасан, хариуцагч “И ” ХХК орон сууцыг 2022 оны 1 дүгээр улиралд дуусгах нөхцөлтэйгөөр тус тус харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан.

Мөн гэрээний нэмэлт үүргийн талаар “Орон сууц захиалан бариулах” гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д “...орон сууцыг бүтээн байгуулах ерөнхий хугацаа 2022 оны 1 дүгээр улирал”,  5 дугаар зүйлийн 5.9-д  заасан “...гэнэтийн давагдашгүй хүчин хүчин зүйл, хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг “...хорио цээр, ...эдийн засгийн хямрал ...гэх мэт” талуудын хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гэрээний аль нэг тал үүргээ бүрэн эсвэл зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон гэж үзнэ, мөн зүйлийн 5.4-д “...захиалагч төлбөр төлөлтөө гэрээний 2.7-д заасан 14 хоног хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцон нөхөн төлнө,  5.10-д зааснаар “...ажил гүйцэтгэгч уг орон сууцыг 2022 оны 1 дүгээр улирал дуустал буюу 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж хүлээлгэн өгөхөөр, уг хугацаанд ашиглалтад ороогүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч тал нь хугацаа хэтрүүлсэн 31 дэх хоногоос эхлэн буюу 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцож захиалагч талд төлнө” гэж тохирсон.

4.Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч Н.У хариуцагч “И ” ХХК-тай 2022 оны 01 дугаар сарын 12-ний өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г  зохигчдын хооронд харилцан үүрэг хүлээсэн хоёр талт буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн” гэж маргааны төрлийг зөв тодорхойлсон байна.

5.Гэрээний хугацаа дуусах 2022 оны 1 дүгээр улирал гэхэд захиалагч Н.У захиалсан орон сууцны үнэ болох 55,980,000 төгрөгийг бүрэн төлсөн, үүрэг гүйцэтгэгч “И ” ХХК-ны барьж буй орон сууцны барилгын ажил зогссон байдалтай байсан.

 

Энэ нөхцөл байдал нь гэрээний 2.1 дүгээр зүйл болон Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар ажил гүйцэтгэгч буюу “И ” ХХК 2022 оны 1 дүгээр улиралд орон сууцыг бүрэн ашиглалтад хүлээлгэж өгөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болсон.

Үүрэг гүйцэтгэгч орон сууцыг ашиглалтад хугацаандаа хүлээлгэж өгч чадаагүйгээс хойш захиалагч Н.У нийт 876 хоног буюу 2 жил 4 сарын хугацааны дараа гэрээг цуцалж байгаа нь ажил гүйцэтгэгчийг үүргээ биелүүлэхийг хангалттай хугацаагаар хүлээсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Н.Угийн хувьд гэрээний үүргээ бүрэн байдлаар биелүүлсэн буюу орон сууцны үнийг бүрэн төлсөн тул үүргээ биелүүлээгүй ажил гүйцэтгэгч “И ” ХХК-иас  гэрээний 5.10 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийн  дагуу хариуцлага тооцож, алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д нийцсэн, энэ тухай нэхэмжлэлийн холбогдох хэсэг үндэслэлтэй.

Гэрээнд заасны дагуу хэтэрсэн 876 хоногийн хоног тутамд орон сууцны үнэ болох 55,980,000 төгрөгийн 0,1%-иар алдангийг тооцоход 49,038,480 төгрөг болж байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар алдангийн нийт хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй байх зохицуулалтын дагуу тооцогдох орон сууцны үнийн дүнгийн 50% буюу 27,990,000 төгрөгийн дүнд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 15,000,000 төгрөгийн алданги нь багтаж байх тул анхан шатны шүүх 15,000,000 төгрөгийн алдангийг хангахаар тооцож, орон сууцны үнэд төлсөн 55,980,000 төгрөгийг нэмж,  бүгд 70,980,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсан.

6.Хариуцагч тал гэрээний үүрэг биелэгдээгүй нөхцөл шалтгаанаа 2021 оноос дэлхий даяар тархсан Коронавируст цар тахлын улмаас барилгын материалын үнийн өсөлтийн шалтгаанаар зогссон, энэ нөхцөл байдлыг Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас тус компанид олгосон дан ганц “Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ”-д үндэслэж маргаж байгаад үндэслэн тус компанийг давагдашгүй хүчний нөлөөгөөр хүнд нөхцөл байдалд орсон гэж шүүхээс үзэх боломжгүй юм.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай үндэслэлээ нотолж чадаагүй, шүүх зохигчдоос ирүүлсэн нотлох баримтын хүрээнд хэргийг зөв шийдвэрлэсэн.

7.Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан “ ... алдангийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулга бүхий үндэслэлээр гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 136/ШШ2024/00504 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “И ” ХХК-ны давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч тал улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

                                     Н.БОЛОРМАА

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ

ШҮҮГЧ А.САЙНТӨГС