Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/01040

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00453 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1029 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Н” ХХК-д холбогдох,

Банкны баталгааны гэрээний үлдэгдэл 2 578 152 677 төгрөгийг дансанд төвлөрүүлэх болон баталгааны төлөгдөөгүй шимтгэл 379 717 339 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Р.Болдбаатар, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Банкны зүгээс нийт 2 шаардлага гаргасан байгаа, баталгааны төлөгдөөгүй үнийн дүн болох 2 578 152 677 төгрөгийг Кны дансанд төвлөрүүлэх. Нөгөөх нь баталгааны төлөгдөөгүй үлдэгдэл 379 717 339 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлага гаргаж байна. Эхний шаардлага нь баталгаа хүлээн авагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хэмээх төрийн үйлчилгээний газраас шаардлага хүргүүлэх тухай мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Кинд ирүүлсэн байгаа. Энэхүү албан бичигт “Н” ХХК нь гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу гэрээт ажил тухай бүрт нь санхүүжилт авсан боловч ажлаа эхлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул баталгааны мөнгөн хөрөнгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дансанд төвлөрүүлэхийг шаардсан байгаа учир нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Хариуцагч компани нь 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээгээр 1 863 000 000 төгрөгийн баталгаа гаргуулсан. Манай банкнаас нийт 6 баталгаа гаргуулсан. Үүнээс явцын дунд чөлөөлж байсан, эхний гэрээнээс 1 863 000 000 төгрөгний баталгаанаас одоо үлдэгдэлтэй байгаа нь 536,1 сая төгрөг чөлөөлөгдөж 1 326 900 000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа, 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр 122,2 сая төгрөгний баталгаа гаргуулснаас чөлөөлөгдсөн зүйл байхгүй. 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээгээр нийт 733,2 сая төгрөгний баталгаа гаргуулж одоогоор 481 952 676 төгрөгний баталгааны үлдэгдэлтэй, 251 247 323 төгрөгний баталгаа чөлөөлөгдсөн байна.2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр 647,1 сая төгрөгийн баталгаа гаргуулж энэ баталгаанаас чөлөөлөгдсөн зүйл байхгүй. Дээрх баталгаануудаас сарын 1.5-аас 2 хувийн эрсдлийн шимтгэлтэйгээр гаргасан. Үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол, 2204060666 улсын бүртгэлийн бүртгэлтэй 3,696 м/кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай 70% дуусаагүй барилга, тус хаягт байршилтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай 5 жилийн хугацаатай эзэмших хоосон газар, Баянзүрх дүүргийн 18-р хороо, Дамдинсүрэнгийн гудамж 36/2-р байрны 13 тоот хаягт байрлалтай Ү2204019168 улсын бүртгэлийн дугаартай 41,93 м/кв талбайтай 1 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 37-р байр, 30 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү2205011137 дугаарт бүртгэгдсэн 27 м/кв талбайтай 2 өрөө орон сууц зэргийг барьцаалсан. Нийт баталгаанд хийсэн үлдэгдэл болох 2 578 152 677 төгрөгний цуцлагдаагүй баталгааны үлдэгдэлтэй. Дээрх баталгаанд ногдох баталгааны шимтгэл буюу 379 717 339 төгрөгийг “Н” ХХК-иас гаргуулах, Кны дансанд баталгааны үлдэгдэл мөнгийг төвлөрүүлэхийг шаардаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 4 баталгааны дагуу 2 нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэд хэдэн үндэслэл байна. Нэхэмжлэлд дурдсан 4 гэрээ байгуулахдаа талууд харилцан тохиролцож байсан. Гэрээгээр урьдчилсан төлбөрт болон гүйцэтгэх үүргийн баталгаа гаргахаар тохиролцсон ингэхдээ хугацааг 365 хоногийн хугацаатайгаар тохирсон. Энэ нь гэрээний 2.1-д байгаа бөгөөд нийт 365 хоногийн хугацаанд гаргана. Ингэхдээ эрсдлийн шимтгэлийн хувийг баталгаажуулан 1 жилийн хугацаанд төлөхөөр тохиролцсон учраас эрсдлийн шимтгэл тооцно гэдэг нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлд дурдсан баталгааны гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 04-нөөс 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл байгуулсан. Үүнээс хойш баталгааны хугацаа дуусгавар болох 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ямар нэгэн байдлаар баталгааг төл гэх баримтыг ирүүлээгүй.2016 оны 10 дугаар сарын 05, 13-ны өдрүүдэд шаардлага хүргүүлсэн байсан. Талууд харилцан тохиролцож гэрээ байгуулахдаа баталгааны болон гүйцэтгэлийн гэрээнд 1 жилийн хугацаатай гаргаж өгнө гэсэн. Гэвч К нь хугацаандаа урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгааг гаргаж өгөлгүй гэрээний үүргээ зөрчсөн байгаа. Кны зүгээс хугацаандаа баталгаа гаргаж өгөөгүй учир Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас шаардлага хүргүүлсэн. Энэ нь “Н” ХХК-ийн хүлээх хариуцлага биш юм. Иргэний хуулийн 226.1-д үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол шаардах эрхтэй гэж байгаа бол 2-т нь гэрээнээс татгалзах болон хохирол гаргуулахад өөрөө буруутай бол 226.1 дэх хэсэг хамаарахгүй гэж байгаа. К өөрөө дур мэдэн гаргасан баталгааны төлбөрийг хариуцагч компани төлөх үүрэг хүлээхгүй. Эрсдлийн шимтгэлийн асуудал харилцан тохирсон хугацаандаа гаргах ёстой. Нэг жилийн хугацаанд хүү төлөх ёстой. Мөн хугацаа, тооцоондоо төлөгдөөгүй асуудал байгааг бид хүлээн зөвшөөрч байгаа. Зөрүүний асуудлыг бид хариуцан төлнө. Банкны урьдчилгаа төлбөр байр гэж ярьсан нь ямар ч үндэслэлгүй юм. Баталгааны гэрээний 3.4 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэх хүртэл банкны зүгээс шаардлагатай зээл олгох гэж харилцан тохиролцсон.Хэрэв баталгаа гаргуулагч талаас баталгааг төл гэсэн шаардлага ирвэл үүрэг гүйцэтгэгч Кны дансанд мөнгө төвлөрүүлэх ёстой. Хэрэв төвлөрүүлээгүй бол зээл болгож талууд зээлийн гэрээ байгуулна гэж заасан байгаа. Энэ нөхцөл байсаар байтал Кны дансанд мөнгө төвлөрүүл гэж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ заалт нь өөр зүйлийг зохицуулсан, баталгааны хугацаа өнгөрсөн байгаа. Манайхаас 365 өдрийн хугацаанд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ямар нэгэн шаардлага хүргүүлж байгаагүй тул 365 хоногоос хэтэрсэн үйл ажиллагааг “Н” ХХК хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна.Нийт эрсдлийн шимтгэлийн 122 000 000 төгрөгийн баталгаа гаргасан. 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гүйцэтгэлийн баталгаа 122 200 000 төгрөг, эрсдэлийн шимтгэл нь нийт 2 035 550.66 төгрөгийг төлсөн, 1 жилийн хугацаанд 2 440 000 төгрөг төлөх ёстой байсан. Харин 647 100 000 төгрөгийн баталгаанд 48 186 789.3 төгрөг төлсөн, дараа нь 733 200 000 төгрөгийн баталгаанд нийт 78 918 263.2 төгрөг төлсөн, 1 863 000 000 төгрөгийн баталгаанд 37 260 000 төгрөг төлж, нийт төлөгдөөгүй үнийн дүн нь 121 348 947.95 төгрөг байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс эрсдэлийн шимтгэлийг ихэсгэж нэхэмжилж байгаа нь манай тооцооллоос зөрж байгаа. Бид нэхэмжлэлийн шаардлагыг тооцооллоор бодвол нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00453 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 457.15 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК-иас баталгааны төлөгдөөгүй шимтгэлд 379 717 339 төгрөгийг гаргуулж, Кинд олгож, баталгааны үлдэгдэлд нийт 2 578 152 677 төгрөгийг К дахь дансанд төвлөрүүлэхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 14 947 301.00 төгрөг гаргуулж Кинд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016.10.21-ний өдөр төлсөн 14 947 301.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1029 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00453 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК-иас баталгааны төлөгдөөгүй шимтгэлд 139 941 260 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 239 776 079 төгрөг, баталгааны үлдэгдэл нийт 2 578 152 677 төгрөгийг “К” ХХК дахь дансанд төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...14 947 301 төгрөг...” гэснийг “...857 656 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК-иас 857 656 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байх бөгөөд магадлалын хянавал хэсэгт “Зохигчид эх үүсвэргүй баталгааны шимтгэлийн хувь сарын 1.5-2 хувь байхаар тохиролцсон байх ба шүүх ББГ/2014-004, ББГ/2014-005, ББГ/2014-07, ББГ/2015-005 дугаартай банкны баталгааны гэрээний үлдэгдэл 2 578 152 677 төгрөгийг өөрийн дансанд төвлөрүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул давж заалдах шатны   шүүхээс нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гээд нэхэмжлэгч нь 2 578 152 677 төгрөгийн дүнтэй мөнгөн хөрөнгийг Кин дахь өөрийн харилцах дансанд төвлөрүүлэхийг хариуцагчаас шаардах эрх хууль болон гэрээгээр үүсээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.Учир нь талуудын хооронд байгуулсан баталгааны гэрээнүүдийн 3.3-т “Үүрэг гүйцэтгэгч нь төлбөр гүйцэтгэх өдрөөс 7 хоногийн өмнө Банкин дахь өөрийн харилцах дансанд эх үүсвэрийг төвлөрүүлэх бөгөөд төвлөрүүлээгүй тохиолдолд банк шаардлагатай төлбөрийн дүнгээр “хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл”-ийн дагуу зээл олгож, үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс үүрэг гүйцэтгүүлэгчид төлбөрийг шилжүүлнэ” гэж тохиролцсон байдаг бөгөөд гэрээнд заасны дагуу хариуцагчид зээл олгох замаар баталгааны төлбөрийг гүйцэтгэх боломжтой боловч хариуцагч нь зээлийн гэрээ байгуулахаас зайлсхийж байгаа болохыг дурдах нь зүйтэй.Кны зүгээс зээлийн эрсдлийн шимтгэлийг нэхэмжлэл гаргах үеийн байдлаар тооцож 379 717 339 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх нээлттэй хэвээр байгаа баталгааны үлдэгдлийг 2 578 152 677 төгрөг гэж зөв тодорхойлсон боловч эрсдлийн шимтгэл тооцох хугацааг гэрээнд заасан 365 хоногоор тооцож шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь гэрээний 2.1.3-т зааснаар эх үүсвэргүй баталгааны шимтгэл сарын 2 хувь байна гэж заасан бөгөөд энэхүү эрсдлийн шимтгэл нь тухайн баталгаа дуусгавар болох хүртэл хугацаанд тооцогдох ёстой юм. Иймд магадлалын үндэслэх хэсэгт дурдсан “Гэрээний дагуу үүссэн төлбөр 288 158 000 төгрөгөөс 148 216 740 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн дансны хуулгаар тогтоогдож байх тул төлөгдөөгүй үлдэгдэл 139 941 260 төгрөгийг хариуцагч “Н” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна” гээд 239 776 079 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.Иймд давж заалдах шатны шүүхийн 1029 тоот магадлалын тогтоох хэсгийн 1 дүгээр хэсэгт дурдсан “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 239 776 079 төгрөг, баталгааны үлдэгдэл 2 578 152 677 төгрөгийг Кны дансанд төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг өөрчилж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан банкны баталгааны гэрээний үлдэгдэл 2 578 152 677 төгрөгийг дансанд төвлөрүүлэх, баталгааны төлөгдөөгүй шимтгэл 379 717 339 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “Н” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Зохигчид 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус бүр 365 хоногийн хугацаатай банкны баталгааны болон барьцааны гэрээ байгуулжээ.

Дээрх дөрвөн гэрээний 3.3. дахь заалтад “үүрэг гүйцэтгэгч нь төлбөр гүйцэтгэх өдрөөс 7 хоногийн өмнө банкин дахь өөрийн харилцах дансанд эх үүсвэрийг төвлөрүүлэх бөгөөд төвлөрүүлээгүй тохиолдолд банк шаардлагатай төлбөрийн дүнгээр “хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл”-ийн дагуу зээл олгож, үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс үүрэг гүйцэтгүүлэгчид төлбөрийг шилжүүлнэ гэж тусгажээ.

Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1., 457.2.-т зааснаар банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг ба баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэдэг байна.

Мөн зүйлийн 457.5., 457.6., 457.7.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн баталгаа бүхий үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг баталгааны гэрээнд заасан хугацаанд бичгээр шаардах бөгөөд баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хүлээн авсан даруй үүрэг гүйцэтгэгчид энэ тухай мэдэгдэж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага болон түүнд хавсаргасан баримт бичгийн хуулбарыг шилжүүлдэг байна.

Түүнчлэн, баталгаа гаргагч банк ердийн боломжит хугацааны дотор үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргасан шаардлага, түүнд хавсаргасан баримт бичиг нь гэрээний нөхцөлд нийцэж байгаа эсэхийг тогтоож, гэрээний нөхцөлд нийцээгүй, эсхүл гэрээнд заасан хугацаанд гаргаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахаас татгалзах эрхтэй бөгөөд энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид нэн даруй мэдэгдэх ёстой байна.

Мөн банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахаас өмнө үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн, тухайн үүрэг бусад үндэслэлээр дуусгавар болсон, эсхүл хүчин төгөлдөр бус болсон бол баталгаа гаргагч банк энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид нэн даруй мэдэгдэж, үүрэг гүйцэтгүүлэгч энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг дахин шаардвал банк шаардлагыг хангаж, гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой байна.

Үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн банк төлсөн мөнгөө үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй болно.

Нэхэмжлэгч “К” ХХК банкны баталгааны гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэгч “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын шаардлагыг Иргэний хуулийн 457.1., 457.10-т заасны дагуу гүйцэтгэсэн гэх баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагч “Н” ХХК-иас 2 578 152 677 төгрөгийн мөнгөн хөрөнгийг дансанд төвлөрүүлэхийг шаардах эрх үүсээгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин хариуцагч “Н” ХХК нь банкинд гэрээгээр тохирсон шимтгэлийг төлөх үүрэгтэй тул шүүх төлбөл зохих шимтгэлийн хэмжээнээс төлсөн хэсгийг хасч үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгч “К” ХХК нь хуульд заасан үндэслэл бий болсон нөхцөлд хариуцагчид холбогдуулан шаардлага гаргахад энэ хэргийн шийдвэр саад болохгүй болно.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1029 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14 247 594 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН