Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 35

 

 Б.Н-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг, Д.Оюунбилэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-, түүний өмгөөлөгч Г.Түвшинтөгс, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 280 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаар магадлалтай, Б.Н-т холбогдох 2238000000161 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг, Д.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, *** оршин суух, ял шийтгэлгүй, А овогт Б-гийн Н-, /РД:***/.

Б.Н- нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт “Ш” гэх газарт байрлах гэртээ 2021 оны 03 дугаар сарын сүүл орчмоос 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хадам дүү М.Д-г “өмдөндөө бааж, шээлээ” гэх шалтгаанаар удаа дараа зодож, халуун усаар түлж биед нь баруун 2, 4, 5 дугаар хавирга, зүүн 4, 5 дугаар хавирганы хугарал, уушигны 2 талын цус хуралт, өвчүүний зөөлөн эдийн цус хуралт, нүүрний баруун тал, хамрын баруун угалз, цээж, зүүн мөр, хүзүүний ар хэсэг, зүүн шуу, шилбэний түлэнхийн шарх бүхий хүндэвтэр хохирол, зүүн гарын ядам хурууны 1 дүгээр үений шарх, зүүн шилбэний няцарсан шарх, нүүрний зүүн тал, зүүн чихний дэлбэн, 2 шуу, 2 сарвуу, зүүн гуя, нуруу, хуухнаг, 2 шилбэний тав тогтсон зулгаралт, 2 нүдний алим, зүүн гуя, 2 өгзөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,

мөн “өмдөндөө баалаа” гэх шалтгаанаар М.Д-г 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт “Ш” гэх газарт байрлах тогтоол усанд оруулж, амь насыг хохироосон ба уг гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, дээрх хэргүүдийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-ыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан прокуророос шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-т зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.О- нь сэтгэл санааны хохирол 100,000,000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Д.Оюунбилэг, Б.Ганчимэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан” гэснийг “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. ...Миний үйлчлүүлэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8- д зааснаар хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж дүгнэснийг үндэслэлгүй, сонсгож буй ял нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн нь хэргийн зүйлчлэл, субьектив шинжийн талаар эргэлзээ бүхий дүгнэлт хийсэн. Учир нь гэм буруу санаатай байх ойлголтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл санаатай гэм буруу гэдэг нь гэмт санаа, мэдэх хүсэх элементийн нийлбэрээр тодорхойлогдох онолын үндэслэлтэй байдаг. Б.Н-ын үйлдэл нь санаатай хүн алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй, харин хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна.

Мөн шүүхүүд гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэхүйн харьцаа, гэм буруугийн дамжмал эсхүл шууд хэлбэр, сэдэлт, шалтгааныг ялган тогтоож, учруулсан хор уршигтай хэрхэн холбогдож байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн бодит байдлыг тогтоох байтал гэмт хэргийн улмаас бий болсон эцсийн үр дагавар шүүгдэгчийн хүсэл, зоригийн шууд илэрхийлэл гэж хандаж хэргийг зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл “Хууль ёсны зарчим”-ыг алдагдуулсан гэж үзэхээр байна. Тухайлбал, “хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Мөн гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын амь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийн үхлийг хүссэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бол “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг нь өөрийн үйлдлийн аюулын шинжийг ухамсарласан боловч тухайн үйлдлийн улмаас хохирогч нас барахыг тооцоолоогүй, хохирогчийн үхлийг шууд хүсээгүй байдгаараа ялгагддаг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг өмгөөлөгч би болон миний үйлчлүүлэгч Б.Н- бид нар эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хэрэг болсон гэх өдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүгдэгч Б.Н- нь Б.Д-н баасыг арилгаж, угаах зорилготой байснаас ална гэсэн санаа зорилго агуулаагүй, түүний үхлийг хүсээгүй болох нь насанд хүрээгүй гэрч М.Н-, гэрч М.Б-, яллагдагч Б.Н-ын нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 152 дугаартай дүгнэлт “Амь хохирогч М.Д- нь нам хэмийн үйлчлэл буюу усанд осгосны улмаас зүрх чичирхийлж нас баржээ” зэргээс харахад шүүгдэгч Б.Н- нь М.Д-гийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж өмгөөлөгч би үзэж байна. Шүүгдэгч Б.Н- нь хохирогчийн үхлийг чухалчлаагүй, хохирогчийн амь насыг хохироохыг хүсээгүйгээс гадна хэдийгээр амь насанд нь аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч мэдээгүй. Иймд Б.Н- нь уг гэмт хэргийг хайхрамжгүй хандлагаар үйлдэж болгоомжгүйгээр бусдын амь насыг нь хохироожээ.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна. Мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой мэдэх боломжтой байсан боловч мэдэхгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Өмгөөлөгч би хэргийг зүйлчлэлийн хувьд эргэлзээтэй байна гэж үзэж байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн

1.2-д заасан “дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан”, мөн хуулийн 1.4-д заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх ял оногдуулахад нөлөөлсөн эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байхад хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийтгэх тогтоол.магадлал нь хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй” Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж гомдол гаргаж байгаа болно.

Шүүгдэгч Б.Н- нь хохирогч М.Д-гийн баас шээсийг нь арилгахаар тогтоол усанд оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мөн толгойг нь угааж өгөхдөө өөрийнхөө гарыг усанд дүрж үзэхэд бүлээн байхаар нь угаасан гэдгээ ч хүлээн зөвшөөөрдөг, Мөн ганц хуруудсан гэдгийг эгч дүү нар нь нотолдог боловч Б.Н- нь надаас болсон хэмээн бүх хэргийг өөр дээрээ хүлээн авч зөвшөөрсөн байдаг.

Б.Н- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн талаас нэхэмжилсэн 3,500,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийн гэмшиж байгаа.

Хэрэг үйлдэх болсон шалтгаан нь нэг талаас хууль эрхийн мэдлэг нимгэн, нөгөө талаас эрүүл мэндийн хувьд бамбай булчирхай өвчтэй. Энэ өвчин нь хүнийг их уур уцаартай болгодог хүний баяр баясгалангийн эрхтэн гэж анагаахын шинжлэх ухаанд үздэг юм билээ. Иймд шүүгдэгчийн эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлаас ч шалтгаалсан байна. Амь хохирогчийн эгч М.Б- мэдүүлэхдээ Б.Н- дүүг нь бааж шээгээгүй үед нь их сайн ханддаг талаар ч мэдүүлсэн байгаа.

Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай үйлдэл эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж заажээ. Иймд Б.Н-ын хохирогчийг тогтоол усанд оруулж байхад болсон үйл явдал нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна гэж өмгөөлөгч би харж байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,

“Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал .учирсан хохирол хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Б.Н- нь 390 гаруй хоног цагдан хоригдсон. Мөрдөгч прокурор, шүүхээс дуудсан цагт саадгүй ирж мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Б.Н- нь 1999 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, одоо 23 настай, залуу хүн юм аа.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж өгнө үү. Хоёр шатны шүүх гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан учир Б.Н-ын ар гэрийн зүгээс “хорих ялаас тодорхой хэмжээгээр багасгаж өгнө үү” гэсэн хүсэлттэй байгаа. Хэрэв хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжгүй бол хорих ялаас нь хасаж, дэглэмийн хувд нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг дамжуулж байна” гэв.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хувьд “Б.Н- нь хохирогчийн амь насыг хохироох зорилготой байгаагүй, түүний баасыг арилгах, угаах зорилготой байсан, энэ нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэр” гэж тайлбарладаг. Хохирогчийг усанд оруулж осгоход хүргэж буй үйлдлийн хувьд хүний амь нас хохирох аюултай гэдгийг түүний хувьд ухамсарлах боломжтой.

Өөрөөр хэлбэл Б.Н- нь өөрөө даараад усанд орж чадахгүй, машиндаа суугаад байгааг анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-ыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бөгөөд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй. Түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүхээс шүүгдэгч Б.Н-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, мөн насанд хүрээгүй амь хохирогч М.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр болон хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна.

Б.Н- нь амь хохирогч М.Д-г өмдөндөө баасан, шээсэн гэх шалтгааны улмаас удаа дараа зодож байсан, халуун усаар биеийг нь түлсэн, мөн хэрэг гарсан өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр буюу хүйтэн өдөр тогтоол усанд оруулаад гаргахгүй байсан талаар гэрчлэн мэдүүлсэн амь хохирогчийн эгч М.Н-, Д.Б- нарын мэдүүлэг, М.Н-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, М.Д-гийн биед учирсан гэмтлүүд болон үхлийн шалтгааныг тогтоосон бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын гаргасан дүгнэлт зэргээр шүүгдэгчийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл, үүний улмаас амь хохирогч осгож амиа алдаж нас барсан хоёрын хооронд шалтгаант холбоотой болохыг бүрэн тогтоосон байна.

Гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урдаас мэдсээр атлаа хүсч хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээс ялгагдана. Шүүгдэгч удаа дараа зодож байсан нь түүний цогцсонд хийсэн үзлэг, фото зургийн үзүүлэлт, усанд оруулах нэрийдлээр бие дээр нь халуун ус асгаж түлэх, улмаар хүйтэн өдөр тогтоол усанд оруулж осгоосны улмаас Д- нас барсан, энэ нь шинжээч эмч нарын дүгнэлтээр тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна. Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, шүүхээс хэргийг хэлэлцэхэд саад болсон болон хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шийтгэх тогтоол болон магадлалд дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон ба шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг, Д.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Н-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв. 

2. Б.Н- нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт “Ш” гэх газарт байрлах гэртээ 2021 оны 03 дугаар сарын сүүл орчмоос 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хадам дүү М.Д-г “өмдөндөө бааж, шээлээ” гэх шалтгаанаар удаа дараа зодож, халуун усаар түлж, биед нь олон тооны шарх сорив үүсгэж, хөнгөн, хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан,

мөн “өмдөндөө баалаа” гэх шалтгаанаар М.Д-г 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүйтэн усанд удаан хугацаагаар байлгасны улмаас хохирогчийг нам хэмийн осголтонд оруулж амь насыг нь хохироосон ба уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

3. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

4. Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Б.Н-т холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээр нотлох баримтын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсарт тулгуурлан үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй тогтоосон байна.

5. Мөн шүүх тогтоосон хэргийн үйл баримтанд эрх зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгч Б.Н-ын гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2.1, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-д тус тус зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул хэргийн зүйлчлэлийн талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

6. Тодруулбал, шүүгдэгч Г.Н- нь бие махбод болоод сэтгэл зүйн хувьд өөрөөс нь илтэд ялгаатай, өсвөр насны хохирогчтой харгис хэрцгий байдлаар харьцан, өөрийн бүрэн эрхшээлд байлгаж, түүнийг янз бүрийн хэлбэрээр тарчлаасан зовоосон үйлдэл, харьцаагаа үргэлжлүүлэн, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний наргүй, бүрхэг өдөр, гадаа хувцастай хүн зогсоход даарах хэмжээний хүйтэн цаг агаартай үед угаалга хийлгэх нэрийдлээр амь хохирогчийг усанд удаан хугацаагаар байхыг шаардаж, уснаас гарахыг хүсэхэд нь чулуу шидэж айлгаж сүрдүүлэн, хохирогчийг осгож нас барах нөхцөл үүстэл удтал үргэлжлүүлэн тогтоол усан дотор байлгасан зэрэг үйлдэл нь амь хохирогчийг үхэлд хүргэсэн санаатай үйлдлүүд байна. Өөрөөр хэлбэл, уснаас гаргахгүй байх, мөн гарч ирж чадахааргүй нөхцөл байдалд байхад түүний амь насыг аврах үйлдлийг нэн даруй хийлгүй, харсаар байж хөдөлгөөнгүй, хөвөлт бий болсон үед нь гаргаснаас болж нам хэмийн осголтонд орж нас баржээ. Шүүгдэгчийн эдгээр үйлдлүүд нь амь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой байна. 

7. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 14 жил хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

8. Мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзээд шүүгдэгч Г.Н-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөн залруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

9. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “...хэргийн зүйлчлэлийг зөвтгөж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн ижил агуулгатай гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Б.Ганчимэг, Д.Оюунбилэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                             ШҮҮГЧ                                                         М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Б.ЦОГТ

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН