Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2020/0075

 

“Н э м” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, өмгөөлөгч Ж.С, хариуцагч Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга Л.Б, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга Б.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, Г.Т, Архангай аймгийн Тариат сумын Засаг дарга Г.А нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор “Н э м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Жаргалант, Өндөр-Улаан, Тариат сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Н э м” ХХК-ийн 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэжээ.

  Хариуцагч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцаа эзэмшигч нарын хоорондын гаргасан иргэний маргаан түүнийг хялбаршуулсан журмын дагуу эвлэрлээр хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ218/00324 дүгээр захирамжийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцон энэхүү маргааны улмаас 5355Х, 5359Х тоот тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаа тасалдсан гэж хуульд нийцээгүй буруу дүгнэлт хийсэн. Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн хуульд цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг тасалдсан гэх зохицуулалт байхгүй бөгөөд харин Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх буюу тодорхой хугацаанд тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлэх зохицуулалттай байна. Түүнчлэн хариуцагчаас гаргасан хүсэлт болох нэхэмжлэгчийн 5355Х, 5359Х тоот тусгай зөвшөөрлийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулах авах хүсэлтийг хүлээн аваагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д “...нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах...хүсэлт гаргах” заалт, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй” заалтыг зөрчиж хэргийг нэг мөр, эргэлзээгүй, үндэслэл бүхий шийдвэрлэж чадаагүй. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17, 11.1.18-д заасны дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хөтлөн явуулдаг уул уурхайн кадастрын компьютержсэн систем болох нийтэд ил тод нээлттэй /СМС5/ системээс хайж үзэхэд анх олгосон огноо 2003 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байна. Гэтэл шүүх зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг үндэслэн 5355Х, 5359Х анх олгосон огноог 2009 он гэж учир дутагдалтай буруу дүгнэлт хийсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 7/4717, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 7/5952 тоот, Ашигт малтмал, газрын тосны газраас Цөмийн энергийн комиссын ажлын албанд хаяглан гаргасан тухайн хэрэг маргаанд үл хамаарах албан тоотыг үндэслэн 5355Х, 5359Х тоот тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр гэсэн байна. Гэтэл дээрх 7/4717, 7/5952 тоотуудад хүчин төгөлдөр гэх үг өгүүлбэр байхгүй, харин агуулгын хувьд тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож хугацаа сунгах өргөдлийг хүлээн авах тухай мэдэгдэж байжээ. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болоогүй, хариуцагч нарын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэх тайлбар нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна...гэж үндэслэлгүй дүгнэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасан бөгөөд 22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт хавсаргах зохицуулалттай. Гэтэл хариуцагч нарт ямар хугацаанд хэрхэн менежментийн төлөвлөгөөг хүргүүлсэн эсэхийг нарийн тогтоогоогүй, энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй гэж дутуу дүгнэжээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна” гэж заасан эрх бүхий этгээд хийсэн эсэхийг хянан үзэж мөн хуулийн 18.4-д “Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна” гэж заасан журмын дагуу иргэд малчдаас албан ёсоор санал авч хэлэлцүүлэг зохион байгуулж батлах зохицуулалттай. Дээр дурдсан хугацаа бол 1 сарын өмнө хандах гэж заасны дагуу хэрхэн ямар хугацаанд хандах талаар үндэслэлтэй дүгнээгүй бөгөөд Кадастрын хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 7/5952 тоотыг эсхүл 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 7/4717 тоотыг хүлээн авснаар “Н э м” ХХК орон нутгийн эрх бүхий этгээдэд хандах талаар үндэслэлтэй дүгнээгүй зөвхөн дээрх дөрвөн удаагийн өдрийг дурдаж нэхэмжлэгч талд ашигтай байдлаар буруу дүгнэсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан эс үйлдэхүй тогтоогдохгүй ба Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын засаг дарга нь тус олон нийтийн санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулагдсаны дараа батлах хуулийн зохицуулалт байна. Архангай аймгийн Жаргалант сумын засаг даргаас шүүхэд гаргаж өгсөн Асайт багийн 129 гарын үсэг бүхий иргэдийн хурлын тэмдэглэл, Азарга багийн иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл, иргэдийн гарын усэг бүхий тогтоолыг шүүх үнэлээгүй орхигдуулсан нь хэргийг тал бүрээс нотлох баримтуудыг хүлээн авч шийдвэрлэх, тэгш байдлыг хангах зарчмыг алдагдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч “Н э м” ХХК нь Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын Засаг дарга нарт холбогдуулан “Н э м” ХХК-ийн 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг дээрх Засаг дарга нарт даалгах”-ыг хүссэн  нэхэмжлэл гаргажээ.

2018 оны тухайд:

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 18/34 дугаар албан бичгийг Жаргалант сумын Засаг даргад, 18/35 тоот албан бичгийг Тариат сумын Засаг даргад, 18/36 дугаар албан бичгийг Өндөр-Улаан сумын Засаг даргад тус тус хүргүүлж 2018 онд хэрэгжүүлэх байгаль орчны нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг батлуулах хүсэлт гаргасан байх ба дээрх албан бичигт “...2010 онд тусгай зөвшөөрлийн талбайд геологийн хайгуул судалгааны ажил болон нөхөн сэргээлтийн ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж дуусгасан бөгөөд цаашид орон нутагт геологийн хайгуул судалгааны ажил хийж гүйцэтгэхгүй...” гэх агуулгаар үндэслэлээ тодорхойлсон.

Дээрх хүсэлтүүдэд хариуцагч Өндөр-Улаан сумын Засаг дарга 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1/359 дүгээр албан бичгээр “Байгаль хамгаалах төлөвлөгөө болон бусад дагалдах баримт бичиг нь байхгүй тул төлөвлөгөө батлах боломжгүй” гэж, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/393 дугаар албан бичгээр “...тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна. Азарга багийн иргэдийн Нийтийн Хуралд хүрэлцэн ирж байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнийхөө талаар мэдээлэл хийж өгнө үү” гэж, хариуцагч Тариат сумын Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/359 дүгээр албан бичгээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3 дахь заалтыг хэрэгжүүлэх үүднээс Алтаад багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх болно”  гэж, хариуцагч Жаргалант сумын Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 331 дүгээр албан бичгээр “...Танай компанийн тус сумын нутаг дахь 5355Х тоот талбайд хийгдэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сайтар судлах, иргэдээс санал авах шаардлагатай” гэж тус тус хариу өгчээ.

2019 оны тухайд:

Нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19/20 дугаар албан бичгээр Жаргалант сумын Засаг даргад, 19/24 дүгээр албан бичгээр Өндөр-Улаан сумын Засаг даргад, 19/27 дугаар албан бичгээр Тариат сумын Засаг даргад тус тус хандан “...2011-2018 онуудад хайгуул судалгаа шинжилгээний ажил хийгдээгүй, хайгуулын ажил гүйцэтгэсэн талбайн хэмжээнд хөрс, гадаргын усанд цацрагийн хэмжилт хийж хяналт тавих зорилгоор 2018 болон 2019 онд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг, хяналт шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд боловсруулан хүргүүлж байна” гэх агуулга бүхий хүсэлтүүдийг хүргүүлсэн.

Дээрх хүсэлтүүдэд хариуцагч Жаргалант сумын Засаг дарга 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 132 дугаар албан бичгээр “...5359Х дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 5355Х дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дууссан байгаа тул 2018, 2019 онд байгаль орчны чиглэлээр явуулах төлөвлөгөөг батлах боломжгүй” гэж, хариуцагч Өндөр-Улаан сумын Засаг дарга 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/133 дугаар албан бичгээр “...5359Х тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дууссан, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль зөрчсөн, сумын болон багуудын иргэдийн нийтийн Хуралд танилцуулга, хэлэлцүүлэг зохион байгуулах...Иймд 2018, 2019 онд байгаль орчны чиглэлээр явуулах төлөвлөгөөг батлах боломжгүй” гэж тус тус хариу өгсөн бол хариуцагч Тариат сумын Засаг дарга нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр төлөвлөгөөг батлаагүй болохоо хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.

Дүгнэвэл:

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна”, 9.4-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөхөн сэргээлтийн стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус батална”, 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална” гэж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын /2019.10.29-нд хүчингүй болсон/ 2.1-д “Төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээд тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль хамгаалах хууль тогтоомж, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүн, батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд үндэслэн, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний аргачлалын 4 дүгээр хэсгийг баримтлан жил бүр шинэчлэн боловсруулна” гэж зааснаас үзвэл төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээд жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулах үүрэгтэй.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах үүрэг, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар “тусгай зөвшөөрөл авснаас 30 хоногийн дотор...”, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа...” тус тус байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах үүрэг хүлээлгэсэн гэж ойлгох бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 “Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.3 “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж заасан нь сумын Засаг даргад уг төлөвлөгөөг хянан батлах эрх олгосон зохицуулалт гэж үзнэ.

Харин Сумын Засаг дарга дээрх хуульд заасан эрхээ хэрэгжүүлж төлөвлөгөөг батлахаас татгалзсан тохиолдолд ийнхүү татгалзсан үндэслэл нь хуульд нийцсэн байх учиртай бөгөөд хариуцагч Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын Засаг дарга нарын “Н э м” ХХК-ийн 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан зарим үндэслэл нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Тодруулбал,

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэдэг нь хайгуулын үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, нөхөн сэргээх зорилгоор тухайн жилд хийгдэх нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг  тусгасан баримт бичгийг ойлгох бөгөөд 2010 оноос хойш хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй, жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулах үүргээ хэрэгжүүлж байгаагүй, цаашид орон нутагт хайгуул судалгааны ажил хийж гүйцэтгэхгүй этгээд байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах шаардлагагүй.

Өөрөөр хэлбэл, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг гагцхүү хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах зорилгоор хэлбэрийн төдий батлуулах нь тухайн төлөвлөгөөний ач холбогдол, зорилгод нийцэхгүй бөгөөд 2018 онд хийх ёстой арга хэмжээг тусгасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2019 онд хянан батлах нь ач холбогдолгүй  байна.

Түүнчлэн “Н э м” ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын 5355Х, 5359Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр дууссан байх ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 475 дугаар шийдвэрээр “тус компанийн цацраг идэвхт ашигт  малтмалын хайгуулын 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг Кадастрын бүртгэлийн системд 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож” шийдвэрлэснийг хариуцагч Засаг дарга нар мэдээгүй, энэ талаарх баримтаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтдээ хавсаргаж өгөөгүй байхад “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан” гэх үндэслэлээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй хариуцагч нарыг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй.

Гэтэл анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримттай холбоотойгоор тусгай зөвшөөрлийн хугацаа тасалдсан, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хууль зүйн үндэслэл бүрдсэн талаар нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй дүгнэлт хийсэн нь буруу бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэснээ хүчингүй болгосон асуудал эрх бүхий захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамааралтай болно.

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Н э м” ХХК-ийн 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг дээрх сумын Засаг дарга нарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэгч “Н э м” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                    Э.Лхагвасүрэн

                ШҮҮГЧ                                                                    О.НОМУУЛИН