Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2024/0100

 

“Б м” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Э т” ХК-д холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                             Г.Банзрагч

                                                                 Д.Батбаатар

                                                                 Ц.Цогт  

Илтгэгч шүүгч:                             М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/0347 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2024/0432 дугаар магадлал,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШХТ2024/0314 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “Э т” ХК-аас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1809 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулж, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЭТТ-2022/683 дугаартай “Хамтран ажиллах” гэрээний хавсралт №1-т заасан 34 га газрыг “Б м” ХХК-д шилжүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус гэрээний хавсралт №1-т заасан 34 га газрыг “Б м” ХХК-д шилжүүлэх талаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах

2.Хэргийн нөхцөл байдал: “Э т ХК-ийн “Өмнөговь аймгийн *** сумын нутагт байрлах Т нүүрсний ордын нүүрсийг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан баяжуулж, олон улсын стандартад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гарган дэлхийн брэндийн түвшинд үйлдвэрлэх, зах зээлд хүргэж компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэрийг, холбогдох дэд бүтцийн хамт өөрсдийнхөө хөрөнгөөр барьж байгуулах”-аар зарласан сонгон шалгаруулалтад “Б м ХХК шалгарч, “Э т ХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ЭТТ-2022/683 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г 15 жилийн хугацаатай байгуулсан.

2.1.“Э т” ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1809 дугаартай албан бичгээр дээрх гэрээг цуцалж, гэрээ дуусгавар болж байгаа байгаа талаар “Б м” ХХК-д мэдэгджээ.

2.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, гэрээний хавсралтын №1-д заасан 34 га газрыг шилжүүлэхгүй, гэрээтэй холбоотой аливаа үйлдэл хийхгүйгээр өдийг хүрсэн, манай компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардаж, албан бичгүүдийг хүргүүлдэг боловч огт хариу ирүүлдэггүй атлаа 2023 оны 01/1809 дугаартай албан бичгээр ямар нэгэн тодорхой үндэслэл заахгүйгээр манай компанийг гэрээгээ зөрчсөн мэтээр дүгнэж, гэрээг цуцалж, дуусгавар болгосон албан бичиг ирүүлж байгаа нь өнөөдрийг хүртэл манай компанийг тус төсөлд зарцуулсан хөрөнгө мөнгө, цаг хугацаагаар хохирооход хүргэж байна, гэрээ цуцлахаас өмнө хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, биднээс огт тайлбар аваагүй ...” гэж тодорхойлон “... албан бичиг болон хамтран ажиллах гэрээг захиргааны акт, захиргааны гэрээ гэдгийг дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн  тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа, энэ маргаан яагаад Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.2, 52.2.3-т хамаарах вэ гэвэл “Э т” ХХК нь өөрийн чиг үүргээ буюу гэрээнд зааснаар 34 га газрыг шилжүүлэх үүрэг хүлээсэн, нөгөө талаас нийгмийн суурь үйлчилгээ дэд бүтцийг бий болгож байгаа 5,000,000-10,000,000 тонны хүчин чадалтай нөөц баяжуулах үйлдвэрийг барих агуулгыг зохицуулж байгаа учраас захиргааны акт, захиргааны гэрээ мөн гэж үзсэн, албан бичгээр гэрээг цуцалж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй ...” гэж маргасан.

2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Манай компанийн зүгээс гэрээнд заасан газар эзэмшүүлэх үүргээ биелүүлээд 2022 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Ц сумын Засаг даргад албан бичиг явуулсан, газар эзэмшүүлэхтэй холбоотой харилцаа манай компанийн зүгээс шалтгаалах асуудал биш, хамтран ажиллах гэрээний хувьд нэхэмжлэгч нь хэд хэдэн үүрэг хүлээсэн байдаг ч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, манай компанид нэг ч удаа гэрээтэй холбоотой асуудлаар хандаж байгаагүй, ... гэрээний дагуу хийгдэж байгаа ажлын бүх үе шатны талаар мэдээллийг ирүүлэх үүргээ биелүүлээгүй байсан тул уг гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн, … манай компани нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамаарах албан бичиг болон гэрээний хүрээнд үүссэн харилцаанд захиргааны байгууллага болохгүй, нэхэмжлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээ нь нийтийн эрх зүйн хүрээнд байгуулагдаагүй, Иргэний хуульд заасны дагуу “Э т” ХХК нь өөрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 34 га газарт “Б м” ХХК-ийг хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр барьж, нүүрсээ баяжуулахад нь зориулж газраа эзэмшүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан, албан бичиг нь хуульд заасан захиргааны актын шинжийг, хамтран ажиллах гэрээ нь захиргааны гэрээний шинжийг агуулаагүй ...гэх тайлбарыг гаргажээ.  

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, 50.3, 50.4, 50.5, 50.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т заасныг тус тус баримтлан маргаан бүхий “Э т” ХК-ийн 2023 оны 01/1809 дугаартай албан бичгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэхдээ “... талуудын хооронд байгуулсан гэх “Хамтран ажиллах гэрээ” нь Газрын тухай хууль, эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн аль хуулиар зохицуулагдах гэрээ эсэх талаар дахин нягтлан үзэж энэ талаар дүгнэх, хэрвээ Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах харилцаа бол мөн хуулийн 50 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдсэн эсэхийг тодруулж тогтоох нь зүйтэй. Мөн маргаж буй албан бичигт ... “Б м” ХХК нь энэ гэрээнд заасан дурдсан нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд ЭТТ ХК нь энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болно” гэсэн байх боловч “Б м” ХХК нь гэрээнд заасан ямар нөхцөл, үүргийг хэрхэн яаж биелүүлээгүй /зөрчсөн/ болохыг хариуцагч хангалттай тодорхой тогтоох шаардлагатай байна ...” гэж дүгнэжээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад “... албан бичиг нь дээрх хуульд заасан захирамжилсан шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актад хамаарахааргүй байх тул захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй,  ... “Хамтран ажиллах гэрээ” нь Т нүүрсний ордын нүүрсийг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан баяжуулж, олон улсын стандартад нийцүүлэн, бүтээгдэхүүнийг дэлхийн брэндийн түвшинд үйлдвэрлэн, зах зээлд хүргэж, “Э т” ХК-ийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан байх тул хувийн эрх зүйн буюу иргэний гэрээ гэж үзэхээр байна ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, өмгөөлөгч Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШХТ2024/0314 дүгээр тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

6.1.“... Нэг. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” нөхцөл байдлыг үүсгэсэн.

6.1.1.Магадлалын Үндэслэх хэсгийн 2.5, 2.6-д заасан дүгнэлтээс үзэхэд, “Э т ХК-аас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1809 дугаартай албан бичгийг захиргааны акт биш, талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Э т” ХК-ийн 2022/683 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г захиргааны гэрээ биш гэж үзжээ. Гэтэл давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/ШТ2024/0122 дугаар тогтоолоор өмнө нь маргаан бүхий албан бичгийг захиргааны акт гэж, “Хамтран ажиллах гэрээ”-г захиргааны гэрээ гэж дүгнэж шийдвэрлэсэн, уг тогтоол хүчин төгөлдөр байна. Гэтэл давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг зөрчиж, өмнөх 0122 дугаар тогтоол хүчин төгөлдөр байхад тогтоолд дурдсанаас яг эсрэгээр нь дүгнэлт хийж, шийдвэр гаргаж байгаа нь учир дутагдалтай. Мөн хуулийн 122.7-д “Энэ тогтоол эцсийн шийдвэр болно”, 111.3-т “...шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан байхад тус шүүхийн өөр гурван шүүгч дээрх тогтоолыг үгүйсгэж, эсрэг дүгнэлт хийж байгаа нь хуулийг шууд зөрчсөн.

6.1.2.Шүүхийн магадлал нь тогтоолоос илүү давуу эрх хэмжээтэй мэтээр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-д “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр дараахь хэлбэртэй байна:” гээд “12.1.2.магадлал, 12.1.3.тогтоол” гэж заасан, аль нэг нь нэгнээсээ давуу хүчин чадалтай байна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй, тийм ч байх боломжгүй.

6.2.Хоёр. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн.

6.2.1.Анх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10190 дүгээр шүүгчийн захирамжаар “... нэхэмжлэл гаргагч нь хувийн эрх зүйн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхээ иргэний журмаар хэрэгжүүлэх боломжтой бөгөөд захиргааны үйл ажиллагаанд үл хамаарах асуудлаар захиргааны хэрэг үүсгэх боломжгүй” буюу захиргааны хэргийн харьяаллын бус гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжийг давж заалдах шатны шүүхийн 2023 оны 0017 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэхдээ “нэхэмжлэлийн шаардлагад дурдсан албан бичиг, хамтран ажиллах гэрээнд эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай” гэж үзсэн. Үүний дараа анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 0575 дугаар захирамжаар дахин нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа “... 01/1809 дүгээр албан бичиг нь ... зохицуулалт агуулсан байх болон захирамжилсан шинжүүдийг тус тус агуулаагүй байх тул захиргааны акт биш, ... уг гэрээ нь Газрын тухай хуульд заасан гэрээ бус ..., Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах гэрээ биш байх тул нийтийн эрх зүйн харилцааг зохицуулсан гэрээ гэж үзэхгүй” гэж дүгнэсэн. Уг захирамжийг давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0122 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэхдээ “... захиргааны акт, ... захиргааны гэрээ” гэж дүгнэсэн.

6.2.2.Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын Үндэслэх хэсгийн 2.5-д “нэхэмжлэгчийн маргаж буй ... 01/1809 дугаартай албан бичиг нь дээрх хуульд заасан захирамжилсан шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актад хамаарахааргүй байх тул захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй” гэж; 2.6-д “... ЭТТ-2022/683 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” нь Т нүүрсний ордын нүүрсийг орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан баяжуулж, олон улсын стандартад нийцүүлэн, бүтээгдэхүүнийг дэлхийн брэндийн түвшинд үйлдвэрлэн, зах зээлд хүргэж, “Э т” ХК-ийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан байх тул хувийн эрх зүйн буюу иргэний гэрээ гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн.

6.3.Гурав. Маргаан бүхий албан бичиг нь захиргааны акт, хамтран ажиллах гэрээ нь захиргааны гэрээ болох талаар.

6.3.1.Захиргааны ерөнхий хуулийн 37.2-т зааснаар маргаан бүхий гэрээ цуцлах тухай мэдэгдэлд үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийг гэрээний үүрэг зөрчсөн болохыг тогтоож, гэрээг цуцалж, дуусгавар болгож байгааг мэдэгджээ. Мөн хуулийн 37.7-д “Нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн, эсхүл эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг ашиглахтай холбоотой захиргааны акт байж болно” гэж заасныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзсэнгүй.

6.3.2.Захиргааны ерөнхий хуулийн 52.2-т “Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно:” гээд 52.2.2-т  “захиргааны байгууллага өөрийн зарим чиг үүрэг, эрх мэдлийг бусад этгээдэд шилжүүлэх харилцаанд”, 52.2.3-т “төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслөөр хэрэгжүүлэхээс бусад дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд” гэж тус тус заасан. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д “Э т” ХК нь “Б м” ХХК-д үйлдвэрийн зориулалтаар 34 га газрыг гэрээнд заасан хугацаанд шилжүүлэн эзэмшүүлэх үүрэг хүлээсэн байна. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 52.2.2-т зааснаар захиргааны байгууллага нь өөрийн зарим чиг үүрэг, газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх харилцаа талуудын хооронд үүссэн нь захиргааны гэрээ гэж үзэхээр байна. Дээрх хамтран ажиллах гэрээний хүрээнд “Б м” ХХК нь байгальд ээлтэй, хуурай аргаар нүүрс баяжуулах 5.0-10.0 сая тонн хүчин чадал бүхий үйлдвэрийн төслийг, холбогдох дэд бүтцийн хамт өөрийн хөрөнгөөр барьж байгуулах үүрэг хүлээсэн бөгөөд тус төсөл нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3-т зааснаар дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаа байх тул захиргааны гэрээ гэж үзэхээр байна.

6.4.Дөрөв. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болох талаар.

6.4.1.Манай компани гэрээний 1.1, 4.7, 4.9-д заасан үүргээ биелүүлэхийг хариуцагч талаас удаа дараа шаардсан боловч огт үүргээ биелүүлэхгүй, гэрээнд зааснаар төсөл хэрэгжих 34 га газрыг шилжүүлэх талаар санал санаачилга гаргаж, огт үйлдэл хийхгүйгээр өдийг хүрсэн бөгөөд энэ талаарх албан бичгийг хүргүүлсэн боловч хариуг ирүүлдэггүй, энэ хугацаанд бидний зүгээс гэрээнд заасан үйлдвэрийг барьж байгуулах, төслийг хэрэгжүүлэх чиглэлээр ... хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулахаар харилцан тохиролцсон, ... үйлдвэрийн төслийг барьж байгуулах 34 газрыг манай компанид шилжүүлж өгөх эсэх нь цаашид тодорхойгүй, “Э т” ХК гэрээнд заасан үүргээ биелүүлэх эсэх нь ч тодорхой бус, гэрээг хэрэгжүүлэх эсэх талаар аливаа үйлдлийг хариуцагч тал огт хийхгүй байгаа тул төслийн ажлыг үргэлжлүүлж чадахгүйгээр хүлээлтийг үүсгээд байна, ... “Б м” ХХК нь гэрээний яг аль заалтыг зөрчсөн, гэрээний үүргээ хэрхэн, яаж биелүүлээгүй гэж үзэж байгаагаа огт дурдахгүйгээр, ямар ч шалтгаангүйгээр шууд гэрээг цуцалж, дуусгавар болгосон, ... хариуцагч гэрээг цуцлах талаар хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй ...” гэжээ.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, өмгөөлөгч Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хэвээр үлдээж шийдвэрлэв.

9.Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж заасан байх ба уг захиргааны гэрээг мөн зүйлийн 52.2.1-52.2.5-д заасан эрх зүйн харилцаанд хэрэглэж болохоор зохицуулсан.

10.Тодруулбал, захиргааны байгууллагаас (эрх шилжүүлэн авсан хүрээнд зарим тохиолдолд хуулийн этгээд[1]) нийтийн эрх зүйн хүрээнд нийтийн сонирхол хөндсөн асуудлаар бусад этгээдтэй байгуулсан гэрээг захиргааны гэрээнд хамааруулахаар хууль тогтоогч журамласан бөгөөд нийтийн эрх зүйн хэм хэмжээнд үндэслэн захиргааны байгууллагаас нийтийн зорилгын тулд хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгоход чиглэсэн байх нь захиргааны гэрээний үндсэн шинж гэж үздэг[2].       

11.Нэхэмжлэгч “Б м” ХХК, хариуцагч “Э т” ХК-ийн хооронд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ЭТТ-2022/683 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдаж, тус гэрээний 1.1-д “Өмнөговь аймгийн *** сумын нутагт орших Т нүүрсний ордын нүүрсийг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан баяжуулж, олон улсын стандартад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн брэндийн түвшинд үйлдвэрлэн, зах зээлд хүргэж “ЭТТ” ХК-ийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Б м” ХХК нь байгальд ээлтэй хуурай аргаар нүүрс баяжуулах 5.0-10.0 сая тонн хүчин чадал бүхий үйлдвэрийн төсөл, холбогдох дэд бүтцийн хамт өөрийн хөрөнгөөр барьж байгуулах, талууд хамтран ажиллах, тус үйлдвэрийн зориулалтаар эзэмших,  гэрээний хавсралт №1-т заасан 34 /гучин дөрөв/ га газрыг энэ гэрээний хугацаагаар “Б м” ХХК-д эзэмшүүлэх, гүйцэтгэгч нь гэрээнд заасан газрыг зориулалтын дагуу эзэмшихтэй холбоотой харилцааг зохицуулна” хэмээн гэрээний зүйлийг тодорхойлжээ.

12.Энэхүү гэрээний зорилго, зүйл, агуулгаас үзэхэд, нэг талаас “Э т” ХК нь нүүрсний ордын нүүрсийг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан баяжуулж, олон улсын стандартад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн брэндийн түвшинд үйлдвэрлэх, өөрийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор хуурай аргаар нүүрс баяжуулах 5.0-10.0 сая тонн хүчин чадал бүхий үйлдвэрийн төсөл, холбогдох дэд бүтцийн хамт өөрийн хөрөнгөөр барьж байгуулах асуудлаар “Б м” ХХК-тай Иргэний хуулийн 473-482 дугаар зүйл (голлон Хамтран ажиллах гэрээний бүлгийн зохицуулалт)-ийг үндэслэн байгуулсан буюу хувийн эрх зүйн хуулийн этгээдүүд өөрсдийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх үүднээс хувийн эрх зүйн эх сурвалжид тулгуурлан гэрээ байгуулсан байх тул уг хамтран ажиллах гэрээ, гэрээнээс үүссэн эрх зүйн харилцаа нь Захиргааны ерөнхий хуулийн Тавдугаар бүлэгт заасан захиргааны гэрээний шинжийг агуулаагүй, энэ үүднээс захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна.

13.Давж заалдах шатны шүүх энэ талаар “... “Хамтран ажиллах гэрээ” нь Т нүүрсний ордын нүүрсийг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан баяжуулж, олон улсын стандартад нийцүүлэн, бүтээгдэхүүнийг дэлхийн брэндийн түвшинд үйлдвэрлэн, зах зээлд хүргэж, “Э т” ХК-ийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх  зорилгоор  байгуулагдсан  байх  тул  хувийн эрх зүйн буюу иргэний гэрээ гэж үзэхээр байна ...” хэмээн зөв дүгнэжээ.

14.Мөн энэхүү гэрээгээр Газрын тухай хуулийг үндэслэн эрх бүхий захиргааны байгууллагаас төрийн өмчийн газрыг тодорхой нөхцөл, болзол, хугацаа, зориулалтаар тодорхой этгээдэд эзэмшүүлж, ашиглуулахтай холбоотой харилцааг зохицуулаагүй, харин захиргааны байгууллагын шийдвэр, түүнтэй байгуулсан гэрээ, гэрчилгээний үндсэн дээр газар эзэмшиж буй этгээд өөрийн эзэмшил бүхий газрын тодорхой хэсгийг өөрийн зорилгын тулд бусдад шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулж буйн (хэдийгээр захиргааны байгууллагаас шилжүүлэн эзэмшүүлэхийг зөвшөөрсөн шийдвэрийг эцэслэн гаргадаг ч) хувьд хувийн эрх зүйн гэрээний шинжийг илүүтэй агуулж байхын зэрэгцээ Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд заасан “дэд бүтэц” гэх ойлголтод захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг буюу нийтэд хамаарах зам гүүр, харилцаа холбоо, эрчим хүч, нийтийн тээвэр зэрэг барилга, байгууламж хамаарах[3] бөгөөд хуулийн этгээд өөр хуулийн этгээдээр тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нь зориулан барих баяжуулах үйлдвэр, холбогдох дэд бүтцийг үүнд хамааруулах боломжгүй юм.

15.Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... энэ маргаан нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.2, 52.2.3-т тус тус яагаад хамаарах вэ гэвэл нэг талаас 34 га газар буюу өөрийн чиг үүргээ “Э т” ХК-аас шилжүүлэх үүрэг хүлээсэн. Нөгөө талаасаа нийгмийн суурь үйлчилгээ дэд бүтцийг бий болгож байгаа 5.000.000-10.000.000 тонны хүчин чадалтай нөөц баяжуулах үйлдвэрийг барих агуулгыг зохицуулж байгаа учир уг заалтад хамаарна. Энэ агуулгаараа захиргааны акт, гэрээ мөн байна хэмээн үзсэн ...” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй.

16.Захиргааны ерөнхий хуулийн Гуравдугаар бүлэгт захиргааны шийдвэр гаргах ажиллагаа нь захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний актын хэлбэрээр илрэн гардаг бөгөөд нэгэнт уг гэрээ нь захиргааны гэрээ биш байтал давж заалдах шатны шүүхээс гэрээний эрх зүйн харилцааг дуусгавар болгох талаарх хариуцагчийн мэдэгдлийг захиргааны гэрээний асуудлаас тусад нь зааглаж, мөн хуулийн Дөрөвдүгээр бүлэг, 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинж талаас дүгнэсэн нь буруу, гэвч энэ нь магадлалын шийдлийг өөрчлөх үндэслэл болохгүй юм.

17.Дээрх агуулгаар захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2024/0432 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, өмгөөлөгч Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Д.МӨНХТУЯА   

                        ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                    Д.БАТБААТАР

                                         Ц.ЦОГТ 

                                                М.БАТСУУРЬ

 

[1] Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн тайлбар (Судалгаа хэрэглээний), УБ., 2017, 238 дахь тал

[2] Мөн тайлбар, 242 дахь тал

[3] Мөн тайлбар, 248 дахь тал