Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн ******* хэлтэст холбогдох,

“Өмнөговь аймгийн ******* газрын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 110003402 актын ******* ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр хүчингүй болгосон хэсгээс бусад үлдэгдэл төлбөр болох 808,010.00 төгрөгийн нөхөн татвар, 242,403.00 төгрөгийн торгууль, 295,591.00 төгрөгийн алданги нийт 1,346,004.00 төгрөгийн төлбөр тогтоосныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Оюунсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Өмнөговь аймгийн ******* газрын ******* улсын байцаагч *******, ******* нар 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 110003402 тоот актаар *******өд холбогдуулан 1,200,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн нөхөн татвар, Аж ахуй эрхэлсний орлогын нөхөн татвар 1,405,000 төгрөг нийт 2,605,000 төгрөгийн нөхөн татвар, 1,297,720 төгрөгийн алданги торгууль ногдуулсан.

Миний бие Өмнөговь аймгийн ******* маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргасны дагуу Уг зөвлөлөөс 2015 оны 09 дүгээр тогтоолоор торгууль, алдангийг хүчингүй болгосон ба үл хөдлөх хөрөнгийн татварыг 364,000 төгрөгөөр бууруулж 2,241,000 төгрөгийн нөхөн татвар төлүүлэх шийдвэр гаргасныг мөн эс зөвшөөрч ТЕГ-ын дэргэдэх ******* маргаан таслах зөвлөлд миний бие гомдол гаргасан. Уг зөвлөл нь 2017 оны 02

 

D:\Захиргаа\ерөнхий\шийдвэр\*******.docx

дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоолоор 1,556,990 төгрөгийн нөхөн татвар 72,000 төгрөгийн алданги нийт 2,230,998 төгрөгийн төлбөрийг бууруулж 808,010 төгрөгийн нөхөн татвар, 242,403 төгрөгийн торгууль, 295,591 төгрөгийн алданги нийт 1,346,004 төгрөгийн төлбөрийг нөхөн төлүүлэхээр өөрчлөн тогтоожээ.

Миний бие ТЕГ-ын дэргэдэх ******* маргаан таслах зөвлөлийн тогтоолыг 2017 оны 03 дугаар cap 14-ний өдөр гардан авсан бөгөөд дээрх акт, шийдвэрээр тогтоогдсон үлдэгдэл төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Өмнөговь аймгийн татварын газрын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 110003402 актыг ТЕГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр хүчингүй болгосон хэсгээс бусад үлдэгдэл төлбөр болох 808,010 төгрөгийн нөхөн татвар, 242,403 төгрөгийн торгууль, 295591 төгрөгийн алданги нийт 1,346,004 төгрөгийн төлбөр тогтоосныг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. ******* улсын байцаагч нар нь ******* ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д татварын хяналт шалгалтыг удирдамж томилолтгүйгээр хийхийг хориглоно гэснийг зөрчиж Удирдамж томилолтгүйгээр шалгалт хийсэн байх тул уг акт хүчин төгөлдөр бус байна.

2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д ”Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах гааль, татварын алба, харилцагч санхүүгийн байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайлан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн барааны мэдүүлгийг тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайлан, мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй”, 5.3. “Энэ хуулийн 5.2-т заасны дагуу чөлөөлөгдөх албан татварт доор дурдсан албан татвар хамаарна”, 5.3.2. “хувь хүний орлогын албан татвар”, 6.3.3. “үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар” гэж заасан байгаа, уг хуулийн дагуу дурьдсан хугацаанд миний бие зохих орлогоо цахим тайлангаар мэдүүлсэн байгаа тул уг асуудал нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуульд хамрагдан хэрэгсэхгүй болно, мөн ААСББАПБХТЖОТ Өршөөл үзүүлэх тухай хуульд уг тогтоогдсон торгууль алданги нь хамаарч хүчингүй болно гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлага дээр байгаа үнийн дүн болох актаар тогтоосон төлбөрийн үлдэх хэсэг дээр маргах зүйлгүй. Харин үүнийг төлөхгүй гэж маргаж байгаа. Аймгийн ******* хэлтсийн татварын улсын байцаагч нар нь удирдамж, томилолтгүйгээр шалгалт хийсэн тул Өмнөговь аймгийн ******* хэлтсийн татварын улсын байцаагч *******, ******* нарын тавьсан 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 110003402 дугаар актыг хүчин төгөлдөр гэж үзэхгүй, нэхэмжлэлд дурьдсанаар энэ актаар тавигдсан төлбөр нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Өршөөлийн тухай хуулиудад хамрагдана гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймгийн ******* хэлтсийн татварын улсын байцаагч *******, ******* нарын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 110003402 актаар тогтоосон төлбөрөөс ******* ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр хүчингүй болгосон хэсгээс бусад үлдэгдэл төлбөр болох 808,010 төгрөгийн нөхөн татвар, 242,403 төгрөгийн торгууль, 295,591 төгрөгийн алданги нийт 1,346,004 төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу чөлөөлүүлэх, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу актаар тогтоосон зөрчлийг өршөөлд хамруулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Өмнөговь аймгийн ******* хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэнд шүүхэд ирүүлсэн 2017 оны А/31 тоот албан бичигтээ: “...Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдан хэрэгсэхгүй болно гэж үзэж байгаад энэ хуульд заасны дагуу хамрагдах боломжгүй гэсэн тайлбараа хүргүүлсэн... Энэ нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу тухай тогтоосон актын төлбөр хамаарахгүй болно” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын ******* Ерөнхий хуулийн 30 дугаар зүйлд татварын улсын байцаагчид хориглох зүйлийг заасан ба мөн зүйлийн З0.1.1-д татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх, 30.1.9-д татварын улсын байцаагчийн эрх олгогдоогүй, эсхүл уг эрх зохих журмын дагуу сунгагдаагүй байхад татварын тайлан хүлээн авах, татвар ногдуулах буюу хяналт шалгалт хийх гэж заасныг татварын улсын байцаагчид зөрчөөгүй хуулийн хүрээнд ажилласан.

Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-т заасны дагуу иргэн *******ийн 2010-2014 оны албан татварын ногдуулалт, төлөлтийг татварын улсын байцаагч *******, ******* нар шалгаж 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 110003402 тоот акт үйлдэж 214,050,000 төгрөгийн зөрчил илрүүлж 2,605,000 төгрөгийн нөхөн татвар, 781,500 төгрөгийн торгууль, 516,220 төгрөгийн алданги ногдуулсан бөгөөд иргэн *******тэй холбогдуулан тусгай удирдамж гараагүй тул ******* Ерөнхий Газрын даргын 2014 оны 04 сарын 22-ны өдрийн А/102 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “******* хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж’’-ийн хүрээнд татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулсан.

ТЕГ-ын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 7/2751 дугаар албан бичгийг хүлээн авч 2014 оны 11 сарын 28-ны өдөр 11141100198 тоот дугаартай томилолтыг иргэн *******ийн 2009-2013 оныг дуусталх үйл ажиллагаанд шалгалт хийлгэхээр *******, Т.Улаанхүү нарын байцаагчдыг томилсон томилолт олгосон. Энэхүү томилолт нь FISHER гэдэг хяналт шалгалтын програмаас гардаг ба хэрэв томилолт үүсээгүй тохиолдолд хяналт шалгалт хийх боломжгүй. Томилолт үүсгэж байж тухайн байгууллага, иргэний мэдээлэл гарч ирсний дагуу хяналт шалгалтыг хийдэг. Тухайн үед томилогдсон 2 байцаагчийн нэг Т.Улаанхүү өөр тийшээ шилжиж ажиллах болсон тул түүний оронд татварын улсын байцаагч *******ыг томилсон, өөрчлөлтийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийсэн байгаа. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Шалгалтын ажил удаашралтай байсан ба иргэн *******ийн өргөдлийг үндэслэн харилцагч иргэн Т.Отгонхүү, түүний аж ахуйн нэгж “Мандал учрал” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах болсон зэрэг шалтгааны улмаас томилолтын хугацааг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 12 сарын 30 өдрийг хүртэл 18 хоног, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 120 хоног 2 удаа сунган ажилласан.

Өөрөөр хэлбэл 2014 онд үүссэн томилолтын хүрээнд хийгдэж буй шалгалт он дамнаж 2015 онд шалгалт дууссан. Ийм учраас анх 2009.01.01-2013.12.31 хугацаанд шалгаж байснаа 2015 он гарахад сунгалт хийж хугацааг 2010.01.01.-2014.12.31 болгож шалгасан. Монгол улсын ******* Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж заасны дагуу 2009 оны хувьд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байсан учир 2015 оны шалгалтыг 2010-2014 оныг дуустал хугацааг хамруулан шалгасан.

Монгол Улсын Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан, мөн өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа. ******* Улсын байцаагч бидний тогтоосон акт нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль мөрдөгдөхөөс өмнө бичигдсэн акт учраас энэ хуульд хамрагдах боломжгүй юм.

Монгол Улсын Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “******* болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд татвар төлөгчид татварын албанд ... бүртгүүлсэн, санхүү, татварын тайланд гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд... ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд... сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” заалтын дагуу, “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 2.1.1 “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого үйл ажиллагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-т заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх тайлагнах үүргээ биелүүлээгүй улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тоогдоогүй байхыг ойлгоно” гэж заасны дагуу тухайн тогтоогдсон актын төлбөр хамаарахгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч ******* нь “Өмнөговь аймгийн ******* газрын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 110003402 дугаар актыг[1] ******* ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр хүчингүй болгосон хэсгээс бусад үлдэх төлбөр болох 808,010.00 төгрөгийн нөхөн татвар, 242,403.00 төгрөгийн торгууль, 295,591.00 төгрөгийн алданги нийт 1,346,004.00 төгрөгийн төлбөр тогтоосныг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагааӨмнөговь аймгийн ******* хэлтсийн татварын улсын байцаагч *******, ******* нарын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 110003402 актаар тогтоосон төлбөрөөс ******* ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр хүчингүй болгосон хэсгээс бусад үлдэгдэл төлбөр болох 808,010.00 төгрөгийн нөхөн татвар, 242,403.00 төгрөгийн торгууль, 295,591.00 төгрөгийн алданги нийт 1,346,004.00 төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу чөлөөлүүлэх, мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу актаар тогтоосон зөрчлийг өршөөлд хамруулах” гэж тодруулсан.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.

Өмнөговь аймгийн ******* хэлтсийн татварын улсын байцаагч *******, ******* нар нь КЖ80051512 регистрийн дугаартай иргэн *******ийн 2009 оны 01дүгээр сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 110003402 дүгээр актаар 214,050,000.00 төгрөгийн зөрчилд 2,605,000.00 төгрөгийн нөхөн татвар, 781,500.00 төгрөгийн торгууль, 516,220.00 төгрөгийн алданги, нийт 3,902,720.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэж, нэхэмжлэгч уг актыг эс зөвшөөрч, Өмнөговь аймгийн ******* газрын дэргэдэх ******* маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд тус зөвлөл 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор  ******* улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 110003402 дүгээр актын зөрчлийн дүнг 41,240,000.00 төгрөгөөр, нөхөн татварыг 364,000.00 төгрөгөөр, торгуулийг 781,500.00 төгрөгөөр, алдангийг 516,220.00 төгрөгөөр бууруулж, зөрчлийн дүнг 172,810,000.00 төгрөг, нөхөн татварыг 2,241,000.00 төгрөг болгон өөрчилсөн байна[2].

            Улмаар нэхэмжлэгч нь дээрх ******* маргаан таслах зөвлөлийн 2015 оны 09 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч ******* ерөнхий газрын дэргэдэх ******* маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар ******* маргаан таслах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгийн ******* газрын ******* улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 110003402 дугаар актаар 214,050,000.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,605,000.00 төгрөгийн нөхөн татвар, 781,500.00 төгрөгийн торгууль, 516,220.00 төгрөгийн алданги, нийт 3,902,720.00 төгрөгийн төлбөрөөс 2014 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ногдуулж төлөөгүй 40,000,000.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 240,000.00 төгрөгийн нөхөн татвар, 72,000.00 төгрөгийн торгууль, 13,728.00 төгрөгийн алданги, нийт 325,728.00 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 52,869,900.00 төгрөгийн зөрчилд ногдох 1,556,990.00 төгрөгийн нөхөн татвар, 467,097.00 төгрөгийн торгууль, 206,901.00 төгрөгийн алданги, нийт 2,230,988.00 төгрөгийн төлбөрийг бууруулж, 121,180,100.00 төгрөгийн зөрчилд ногдох 808,010.00 төгрөгийн нөхөн татвар, 242,403.00 төгрөгийн торгууль, 295,591.00 төгрөгийн алданги нийт 1,346,004.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчлөн шийдвэрлэж, ******* ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/55 дугаар тушаалаар уг ******* ерөнхий газрын дэргэдэх ******* маргаан таслах зөвлөлийн 2017 оны 10 дугаар тогтоолыг баталгаажуулсан[3] байх бөгөөд хэргийн оролцогчдоос энэ тогтоол болон актаар ногдуулсан төлбөрийн үнийн дүн, зөрчлийн асуудлаар маргаагүй байна.

            Нэхэмжлэгч талаас ******* улсын байцаагчийн 2015 оны 110003402 дугаар актаар тавигдсан 3,902,720.00 төгрөгийн төлбөрийг ******* ерөнхий газрын дэргэдэх ******* маргаан таслах зөвлөлийн 2017 оны 10 дугаар тогтоолоор 1,346,004.00 төгрөг болгож өөрчилсөн шийдвэр гарч баталгаажсан мөнгөн дүнтэй маргахгүй, харин татварын улсын байцаагчид хууль зөрчиж удирдамж, томилолтгүйгээр шалгалт хийсэн, татварт хамааралтай орлогыг эдийн засгийн ил тод байдлын тайлангаар тайлагнасан учир Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу уг төлбөрөөс чөлөөлөгдөх тул төлөх үндэслэлгүй гэж шүүхэд тайлбарласан болно.

        ******* ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаар тушаалаар баталсан ******* хяналт шалгалт хийх удирдамж, 7/2751 тушаал, Өмнөговь аймгийн ******* хэлтсийн Хяналт шалгалтын хэлтэс /тасаг/-ийн дарга А.Долгормаагийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр олгосон татварын хяналт шалгалт хийх 11141100198 дугаартай томилолтын дагуу татварын улсын байцаагч *******, ******* нар нь КЖ80051512 регистрийн дугаартай иргэн *******ийн 2009 оны 01дүгээр сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг явуулсан байх бөгөөд энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “...татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүй хийсэн” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр баталж, мөн өдрөөс дагаж мөрдсөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 5 дугаар зүйлийн 5.1-т “Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө”, 6 дугаар зүйлийн 6.4-т “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг Засгийн газар батална” гэж тус тус заасан байх бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаар тогтоолоор баталжээ. Энэ журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-т зааснаас “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар... төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” ойлгоно гэж заасан байна.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд татварын улсын байцаагч нар нь иргэн *******ийн албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эхлэж 5 хоногт хийж дуусгахаар томилогдсон, уг хугацааг Өмнөговь аймгийн ******* хэлтсийн Хяналт шалгалтын хэлтэс /тасаг/-ийн дарга А.Долгормаа 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 18 хоногоор, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 120 хоногоор тус тус сунгаж,[4] хяналт шалгалтыг 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дуусгаж, акт үйлдсэн байх ба хууль батлагдан гарахаас өмнө хяналт шалгалт хийгдэж, зөрчлийг илрүүлж төлбөрийн акт тавигдсан гэж үзэхээр байна. Тодруулбал татварын хяналт шалгалтаар 2014 онд илрүүлж, тогтоосон зөрчлийг “нуун дарагдуулсан татвар ногдох орлогоо ил тод болгон хуулийн хугацаанд сайн дураар тайлагнасан” гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамааруулах боломжгүй гэж үзлээ.

Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т ”Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.3-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг...  шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна” гэж заасны дагуу Өмнөговь аймгийн ******* хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 110003402 дугаар актаар ******* ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр хүчингүй болгосон хэсгээс бусад үлдэх төлбөр болох 808,010.00 төгрөгийн нөхөн татвар, 242,403.00 төгрөгийн торгууль, 295,591.00 төгрөгийн алданги нийт 1,346,004.00 төгрөгийн төлбөрөөс торгууль, алданги төлүүлэхээс *******ийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* Ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн ******* хэлтсийн татварын улсын байцаагч *******, ******* нарын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 110003402 актаар ногдуулсан нийт 1,346,004.00 төгрөгийн төлбөрөөс 242,403.00 төгрөгийн торгууль, 295,591.00 төгрөгийн алданги төлүүлэхээс *******ийг өршөөн хэлтрүүлж, *******ийн төлөх төлбөрийн хэмжээг 808,010.00 төгрөгөөр тогтоосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дугаар зүйлийн 51.1, 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Баямөнхөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108 .2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч,

тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ОТГОНЦЭЦЭГ

 

 


[1] Хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 13 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 28-29 хуудас