Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1665

 

 

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/05750 дугаар шийдвэртэй,

 

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлттэй,

 

Б.Баянмөнхийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хэргийг,

 

Гуравдагч этгээд Б.Баянмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Б.Баянмөнх нь тус дүүргийн нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинд донтох өвчтэй байх тул Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг баримтлан албадан эмчилгээнд явуулж өгнө үү...” гэжээ.

 

Гуравдагч этгээд Б.Баянмөнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Албадан эмчилгээд явахыг зөвшөөрч байна. Архинаас гарахыг хүсэж байгаа учраас явахыг зөвшөөрч байна. Эмчилгээнд явуулах гэсэн боловч мөнгөгүй улмаас эмчлүүлж чадаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Буяндалайн Баянмөнхийг архины албадан эмчилгээнд явуулж,

Б.Баянмөнхийг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд Б.Баянмөнх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие нь 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр албадан эмчилгээнд ирсэн бөгөөд он гарснаас хойш нэг удаа эрүүлжүүлэхэд орсон ба тогтмол архи уудаггүй. Намайг эрүүл ажлаа хийж байхад хорооны байцаагч Т.Наранжаргал барьж саатуулж эмчилгээнд авчирсан. Эхнэр Б.Амаржаргал 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хагалгаанд орох гэж байгаа тул 3 хүүхэд харж хандах хүнгүй байна. Иймд миний энэ байдлыг авч үзнэ үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.

 

Архины албадан эмчилгээнд хамруулах тухай Цагдаагийн байгууллагын хүсэлтэд заагдсан Б.Баянмөнхийн хувийн байдлууд тодорхой бус байхаас гадна тухайн өдөр ямар зөрчил гаргасан нь бүрэн тогтоогдоогүй байхад Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гаргасан хүсэлтийг хангаж, Б.Баянмөнхийг архины албадан эмчилгээнд явуулж эмчлүүлж, шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Эмнэлэг тухайн этгээдийг өвчтэй эсэхийг тогтоосон дүгнэлтээ материал хүлээж авснаас хойш 48 цагийн дотор гаргаж хүсэлт тавьсан байгууллага, иргэнд өгнө” гэж, Эрүүл мэндийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2005 оны 152/188 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоох, эмнэлгийн дүгнэлт гаргах журмын 3 дахь хэсэгт “Комисс нь "Архины шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ" "MNS 5396-1:2004 стандартад заагдсан оношилгооны шалгуур шинжийг баримтлан тухайн этгээдийг архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон дүгнэлтээ 48 цагийн дотор хүсэлт тавьсан байгууллага, иргэнд гаргаж өгнө” гэж тус тус заасан байна.

 

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар Б.Баянмөнхийг нийгмийн хэв журам зөрчсөн гэх өдөрт нь дүгнэлтээ гаргахдаа дээрх журмын 4 дэх хэсэгт заасан “Комисс нь согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдэд Эрүүлийг хамгаалах технологи, Архины шалтгаант сэтгэцийн зан үйлийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ MNS 5396-1:2004 стандартад заасан шинжилгээнүүдээс гадна сүрьеэгийн шинжилгээ /уушигны флюр зураг/, ЭХО-сонографийн шинжилгээ /дотрын цуллаг эрхтнийг шинжлэх/, цус ба шээсний ерөнхий, биохимийн шинжилгээ /элэгний үйл ажиллагааг тодорхойлох/ болон бусад шинжилгээг холбогдох газруудаар хийлгэж дүнг дүгнэлтэд хавсаргахаар заажээ.

 

 Хэрэгт авагдсан баримт болон эмнэлгийн байгууллагын дүгнэлт гэх 1 хуудас баримтад хийсэн тэмдэглэгээнүүдээс шинжилгээнд хамрагдсан, эсхүл эрүүл мэндийн байдал, албадан эмчилгээ хийлгэхэд харшлах өвчин байгаа эсэх нөхцөл байдал тодорхой бус байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр гуравдагч этгээд Б.Баянмөнхийн гаргасан үндэслэлгүйгээр архины албадан эмчилгээнд явуулах арга хэмжээ авсан гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Баянмөнхийг архины албадан эмчилгээнд явуулах тухай Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/05750 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Баянмөнхийг архины албадан эмчилгээнд явуулж эмчлүүлэх тухай Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Б.Баянмөнхийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

               

                                                    ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

                        

                                                                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ