Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 000055

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           О.Бямбадорж, Н.Наранбат, Л.Эрдэнэцог

          нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                        Хэргийн индекс 142/2017/0079/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:           

 

                      Прокурор                              Б.Бүжинлхам

                      Хохирогч                               М.Оргил

                      Ялтан                                     О.Бямбадорж, Н.Наранбат                                                 

                      Ялтны өмгөөлөгч                Р.Бямбажав 

                      Нарийн бичгийн дарга       Б.Номин нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолтой, Ойдовын Бямбадорж, Наранцэцэгийн Наранбат, Лхагвын Эрдэнэцог нарт холбогдох, 201614000386 дугаартай, эрүүгийн хэргийг ялтан О.Бямбадорж, Н.Наранбат нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 03 сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 8-03 тоотод оршин суух, урьд 6 удаа ял шийтгүүлж байсан боловч ялгүйд тооцогдсон, хэрэг хариуцах чадвартай, ФБ-72030471 регистрийн дугаартай, Гөрөөчин овгийн Ойдовын Бямбадорж,

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн 44-08 тоотод оршин суух, урьд 5 удаа ял шийтгэгдэж байсан боловч ялгүйд тооцогдсон, хэрэг хариуцах чадвартай, ФМ-86022618 регистрийн дугаартай, Боржигон овгийн Лхагвын Эрдэнэцог,

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Шинэ хороо 9-24 тоотод оршин суух, урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан боловч ялгүйд тооцогдсон, хэрэг хариуцах чадвартай, ФБ-87022071 регистрийн дугаартай, Боржигон овогт Наранцэцэгийн Наранбат.

 

Шүүгдэгч О.Бямбадорж, Л.Эрдэнэцог, Н.Наранбат нар нь бүлэглэн 2016 оны 07 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 6-17 тоот М.Оргилын байшингийн цонхоор нэвтрэн орж замаггүй калибрь буу, “самсунг” маркийн тоос сорогч, “Нокио 1800” маркийн гар утас, “Делл” маркийн зөөврийн компьютер, хонины мах, 5 кг гоймон, Солонгос улсаас авч ирсэн 2 хайрцагтай шинэ хувцас, 60 000 төгрөг, 120 литрийн усны цэнхэр сав, хар хөх өнгийн цүнх зэргийг хулгайлж нийт 3 651 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Гөрөөчин овгийн Ойдовын Бямбадорж, Боржигон овгийн Лхагвын Эрдэнэцог, Боржигон овгийн Наранцэцэгийн Наранбат нарыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар шүүгдэгч О.Бямбадоржийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч Л.Эрдэнэцогийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч Н.Наранбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.т зааснаар О.Бямбадорж, Л.Эрдэнэцог, Н.Наранбат нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч О.Бямбадоржийн цагдан хоригдсон 76 хоног, Л.Эрдэнэцогийн цагдан хоригдсон 76 хоног, Н.Наранбатын цагдан хоригдсон 76 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч О.Бямбадоржоос 767 000 /долоон зуун жаран долоон мянга/ төгрөг, шүүгдэгч Н.Наранбатаас 1 067 000 /нэг сая жаран долоон мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М.Оргилд олгож,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бууг хохирогч М.Оргилд олгож, 

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Эрдэнэцог бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4.д зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэцогт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эрдэнэцогт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Наранбат, О.Бямбадорж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан О.Бямбадорж давж заалдах гомдолдоо:

 

Миний бие О.Бямбадорж нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хорих ялаар шийтгүүлсэн юм. Би гэртээ эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань ажил эрхлэдэггүй хүүхдүүд бага настай ар гэрийн маань амьдрал хүнд хэцүү байдаг.

 

Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй амьдарч чадна. Миний дээрх байдлыг харгалзан ялыг тэнсэж өгнө үү. Хохирогчид хохирол төлбөрөө өгч барагдуулсан гэжээ.

 

Ялтан Н.Наранбат давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би Эрдэнэцог, Бямбадорж нартай 2 дахь явалт дээр нь цуг явсан. Би тэр айлд ороогүй анхнаасаа хулгай хийх талаар үгсэж хуйвалдаагүй гадаа гаргаад орхичихсон байсан хайрцагтай хувцсыг цуг дамжилж Бямбадорж ахынд оруулж өгсөн. Би уг үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.

 

Би хулгайн гэх эд зүйлсийг зарж үрэхэд оролцоогүй. Зарж үрсэн мөнгө төгрөгнөөс аваагүй болно. Сум дундын анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдал, миний оролцоогүй үйлдлийг харгалзан үзэлгүйгээр хохирлыг нийтэд нь 3 тэнцүү хувааж надад 1 067 000 мянган төгрөгний хохирол төлбөр тогтоосон Эрдэнэцог, Бямбадорж нар нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд намайг хулгайн эд зүйлсийг үрж зарж, мөнгө төгрөг аваагүй болохыг гэрчилсэн байдаг. Иймд хохирол мөнгийг үнэн зөв шийдвэрлэх өгнө үү.

 

Миний ар гэрийн байдал хүнд, амжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой. Аав, ээж дүү нарын хамт амьдардаг. Аав хөгжлийн бэрхшээлтэй суумгай, групт байдаг. Ээж тогтсон ажилгүй, бие муутай, дүү Улаанбаатар хотод оюутан иймд Наранбат миний бие ажил хийж ар гэрээ тэжээж, тус дэм болдог байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж чин сэтгэлээсээ гэмшиж байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Бямбадорж, Л.Эрдэнэцог, Н.Наранбат нар нь бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 6-17 тоотод оршин суух М.Оргилын байшингийн цонхоор орж замаггүй калибрь буу, “самсунг” маркийн тоос сорогч, “нокио” маркийн гар утас, “Делл” маркийн зөөврийн компьютер, хонины мах, 5 кг гоймон, Солонгос улсаас авч ирсэн 2 хайрцагтай шинэ хувцас, 60 000 төгрөг, 120 литрийн усны цэнхэр сав, хар хөх өнгийн цүнх зэрэг эд зүйлс хулгайлж нийт 3.651.000 төгрөгийн буюу бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч М.Оргилын мэдүүлэг, гэрч Б.Оюунбат, Ж.Цэнгэлмаа нарын мэдүүлэг, эд зүйлийг үнэлсэн шинжээчийн үнэлгээ, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, байгаа боловч зарим шүүгдэгч нарт ял шийтгэлийг оногдуулахдаа тэдний гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэм буруугийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж тэдэнд ялыг ялгамжтай оногдуулаагүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч О.Бямбадорж, Л.Эрдэнэцогт нар хохирогч М.Оргилын гэрээс хулгайлсан зүйлээ гэртээ авчираад дахин хохирогчийн гэрт Н.Наранбатыг дагуулан очиж, эд хөрөнгө  хулгайлсан, хулгайлан авсан эд хөрөнгийг зарж борлуулахад Н.Наранбат оролцоогүй зэрэг байдлуудыг нь харгалзан үзээд Н.Наранбатад хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн өөрчилж, тухайн зүйл, хэсэгт заасан өөр төрлийн ял буюу баривчлах ял оногдуулах, мөн Л.Эрдэнэцогтод оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан 3 жилийн хугацааг нь 2 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой бөгөөд энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, харин О.Бямбадоржид оногдуулсан ял түүний гэм бурууд тохирсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн учир учруулсан хохирлыг тэнцүү хариуцаж хохирогчийг хохиролгүй болгох нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч Н.Наранбат давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирлын тал дээр маргах зүйлгүй хохирлыг төлж барагдуулна гэж байгаа тул түүний гаргасан

“...хохирлыг үнэн зөв шийдвэрлэж, ар гэрийн ахуй амьдралын байдлыг харгалзан үзэж ялаас хасаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч О.Бямбадоржийн “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна..., хохирол төлбөрөө төлж барагдуулсан тул оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай.

 

- тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “...Н.Наранбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар...” гэснийг “...Н.Наранбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ялаар...” гэж,

 

-тогтоох хэсгийн 8 дугаар заалтын “...3 жилийн хугацаагаар” гэснийг “...2 жилийн хугацаагаар...” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

 

2. Тогтоох хэсгийн 3 дугаар заалтын Н.Наранбатад холбогдох хэсгийг хасаж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй,

 

3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР  

                                                                                        

            ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА

 

                                                                                                             С.ЦЭЦЭГМАА