| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2021/04047/И |
| Дугаар | 210/МА2025/00433 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00433
*******-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 101/ШШ2024/05617 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК, ******* ХХК-иудад холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******, *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай 203.2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн замын хажуугийн нүүрэн талын 134.8 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэж өгөхийг хариуцагч нарт даалгах, орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа хэтрүүлсний алдангид 134,800,000 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: ******* нь 2012 оны 06 сарын 23-ны өдөр ******* ХХК-тай 101/001 дугаартай Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хотхоны ******* байрны *******давхрын үйлчилгээний зориулалттай, замын хажуугийн нүүрэн талын 134.8 м.кв талбайтай байрыг 269,600,000 төгрөгөөр худалдан авах, гүйцэтгэгч буюу ******* ХХК нь уг байрыг 2013 оны 2-р улиралд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Захиалагч ******* төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд нь буюу 2012 оны 06 сарын 23-ны өдөр 80,880,000 төгрөг, 2012 оны 08 сарын 14-ний өдөр 43,920,000 төгрөг, 2012 оны 08 сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2013 оны 01 сарын 22-ны өдөр 53,980,000 төгрөг, 2013 оны 06 сарын 23-ны өдөр 53,920,000 төгрөг, нийт 242,640,000 төгрөгийг ******* ХХК-д төлсөн. Харин үлдэгдэл 26,300,000 төгрөгийг гэрээний 2.5-д зааснаар захиалсан байраа хүлээн авахдаа төлөхөөр тохиролцсон. Байрыг 2013 оны 2-р улиралд хүлээн авах байсан боловч хариуцагч тал барилгын зураг төсөлд өөрчлөлт орж байгаа, барилга нэмэгдэн баригдах болсон талаар мэдэгдсэн үүнтэй холбогдуулж талбай нэмэгдүүлэн авах санал тавьж хөнгөлөлт эдлүүлнэ хэмээн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ байрыг хүлээлгэж өгөх хугацааг сунгаагүй. Өнөөдрийг хүртэл ******* захиалсан байраа хүлээж аваагүй, өмчлөгч болоогүй, эзэмшиж ашиглаагүй. Уг үйлчилгээний талбай 2013 онд ашиглалтад өгөх байсан ч 2015 онд баригдаж дуусаагүй боловч комиссоор орчихсон байсан. Бид шаардлага хангахгүй байна гээд олон удаа бичгээр тайлбар санал өгсөн боловч хариу өгөөгүй. Үүнийг татгалзсан мэтээр ******* ХХК хэлж байгаа нь үндэслэлгүй. 2015 оны 04 сарын 08-ны өдөр ******* ХХК-ийн захирал дуудаад өмгөөлөгчтэй очиход байр өгье та яаралтай очиж нэхэмжлэлээ татаж аваач гэхэд нь би нэхэмжлэлээ татаж авсан боловч уулзахгүй зугтааж байсан. Бид 10 хоногийн дараа очиход *******ын нэр дээр талбай шилжчихсэн байсан. 2017 оны 03 сарын 29-ний өдөр ******* ХХК-аас гэрээнээс татгалзах агуулга бүхий 02/309 тоот албан бичигт намайг дээрх гэрээнээс татгалзах хүсэлтийг тус компанид хандан гаргасан мэтээр тайлбарлаж, татгалзах санал, хүсэлтийг хүлээж авлаа гэх агуулга бүхий албан бичиг ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Ийм хүсэлтийг тус компанид хандан гаргаж байгаагүй. Хариуцагч ******* ХХК нь тус албан бичиг ирүүлсний дараа гэрээний дагуу *******ын өмчлөлд шилжүүлэх ёстой Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хотхоны ******* байрны *******давхрын үйлчилгээний зориулалттай, замын хажуугийн нүүрэн талын 134.8 м.кв талбайтай байрыг бусдад түрээслүүлэн ашиглуулж эхэлсэн. Талуудын хооронд 2012 оны 06 сарын 23-ны өдөр байгуулсан 101/001 дугаартай орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээний дагуу 134.8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх *******-д үүссэн. Гэвч хариуцагч нь мөнгийг авсан боловч гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг миний өмчлөлд шилжүүлж өгөөгүй. Байрыг хүлээлгэх өгөх хугацаа болох 2013 оны 06 сарын 30-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 4,798 хоногийн алданги тооцоход 645,187,060 төгрөг болно. Хуульд заасны дагуу гэрээний нийт дүнгийн 50 хувиар тооцон 134,800,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Гэрээний дагуу *******-д шилжүүлэх ёстой үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь *******д шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн хаяг, хэмжээ гэрээнд зааснаас өөрчлөгдсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгө нь ******* ХХК-д шилжсэн тул хамтран хариуцагчаар татсан.
Иймд, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* байрны ******* тоот хаягт байрлах 203.2 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн замын хажуугийн нүүрэн талын 134.8 м.кв талбайн өмчлөгчөөр *******ыг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг *******-д хүлээлгэж өгөхийг хариуцагч нарт даалгаж, хугацаа хэтрүүлсний алдангид 134,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга: Тус компани нь *******той 2012 оны 06 сарын 23-ны өдөр 101/0012 тоот орон сууц үйлчилгээ захиалгаар барих гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хотхоны ******* байрны *******давхрын үйлчилгээний зориулалттай, 134.8 м.кв талбайг ******* захиалж, үнийн дүнгийн 90 хувийг цувуулж төлсөн. Тус барилга 2014 оны 07 сарын 04-ний өдөр ашиглалтад орсон ба ******* нь уг талбайн тааз хэт намхан, олон тооны баганатай, бохирын шугам ил явсан гэх зэргээр гэрээ цуцлах асуудлаар ханддаг байсан. Мөн гэрээнээс татгалзсан агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, өгсөн мөнгөө буцааж, торгууль нэхсэн шаардлагыг 2016 оны 06 сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, энэ хэрэг нэхэмжлэгч нэхэмжлэлээ татаж авсныг баталж, шүүгчийн захирамж гарснаар хаагдсан. Тус нэхэмжлэл гаргах үед манай компани *******-д хандан түүний гэрээнээс татгалзах талаар удаа дараа гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байгаа агуулга бүхий албан бичгийг өгсөн. Улмаар уг хэргийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч маргааныг шүүхийн бус замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж нэхэмжлэлээ татан авсан. Хариуцагч компани нь гэрээнээс татгалзаж байгаа саналыг шүүхийн шатанд тайлбараар хүлээн зөвшөөрч, улмаар зохигчдын хооронд маргаангүй болсон тул маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг 2017 оны 04 сарын 19-ний өдөр иргэн *******ын өмчлөлд шилжүүлсэн тул уг хөрөнгийг ******* ХХК нь *******-д хүлээлгэж өгөх боломжгүй бодит нөхцөл байдал тогтоогдож байна. ******* гэрээнээс татгалзсантай холбоотой урьдчилан төлсөн төлбөрийг буцаан олгох тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч байрыг ашиглалтад оруулах хугацаа хэтрүүлсний торгууль нэхэмжилсэн шаардлагыг өмнө нь шүүхэд гаргасан ба тухайн нэхэмжлэлээ татан авсан нь түүнийг дахин гаргах үндэслэл болохгүй.
Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга: ******* ХХК нь 2022 оны 03 сарын 04-ний өдөр үүсгэн байгуулагдсан. ******* нь тус компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд хувьцааг *******аас 487,200,000 төгрөгөөр худалдаж авсан. Төлбөрийн 438,480,000 төгрөгийг *******наас зээл авч, үлдэгдэл 48,720,000 төгрөгийг ******* өөрөөсөө шилжүүлсэн. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр иргэн *******аас компани шилжүүлж авсан. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу ******* ХХК хууль ёсны өмчлөгч болсон. Байрыг цаашаа захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлсний үндсэн дээр ******* ХХК нь хөрөнгийг шударгаар олж авсан. Нэхэмжлэлийн шаардлага нь энэ 203.2 м.кв обьектийн 134.8 м.кв-ын өмчлөгчөөр тогтоолгох гэх боловч шинжээчийн дүгнэлтэд 94.8 м.кв нь давхцаж байгаа гэж тогтоогдсон байдаг.
Иймд, ******* ХХК нь хууль ёсны өмчлөгч тул үл хөдлөх эд хөрөнгийг өгөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын тайлбарын агуулга: Миний бие ******* ХХК-аас Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хотхоны ******* байрны *******давхрын үйлчилгээний зориулалттай, 203.2 м.кв байрыг 2017 онд орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан, төлбөрийг төлж 2017 оны 04 сарын 19-ний өдөр миний өмчлөлд шилжсэн. Нэхэмжлэгч шүүх хуралдаа ирээгүй гэж хэргийг 2021 оны 08 сард буцаасан бөгөөд миний бие 2021 оны 10 сард мөнгөний хэрэг гарсан тул иргэн *******д худалдсан болно. *******, ******* нар 2021 оны 10 сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг хөрөнгийг *******д шилжүүлсэн. Нэхэмжлэгч ******* энэ байрыг шаардлага хангахгүй, авахгүй гэж гэрээнээсээ татгалзаж маргадаг, тэгснээ шүүхэд хандсан өргөдлөө авчихдаг, үгүй бол шүүхэд хандаад байраа авна гэж байгаад шүүх хуралдаа ирэхгүйгээр хэргээ буцаалгадаг. Миний бие энэ байрыг бусдад зарсан, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө надад байхгүй байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын тайлбарын агуулга: Миний бие 2021 оны 10 сарын 06-ны өдөр *******тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, маргаан бүхий байрыг *******аас 406,400,00 төгрөгөөр худалдан авсан. 2021 оны 10 сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ******* улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тухайн үед уг үл хөдлөх эд хөрөнгө ямар нэгэн эрхийн зөрчилгүй байсан тул худалдан авсан. Хэрэв тухайн үл хөдлөх эд хөрөнгө маргаантай байсан бол худалдан авахгүй байсан. Миний бие тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авсан. ******* нь Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот 203.2 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг ******* ХХК-д шилжүүлж, уг компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *******тоот гэрчилгээ 2022 оны 12 сарын 05-ны өдөр гарсан. *******од гуравдагч этгээд ******* ямар нэгэн өр төлбөргүй. Маргаан бүхий байр ******* ХХК-ийн хөрөнгө болсон учраас *******ын тухайд энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас алданги 134,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай 203.2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн замын хажуугийн нүүрэн талын 134.8 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэж өгөхийг хариуцагч ******* ХХК, ******* ХХК-иудад даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,337,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 831,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
7.1. Гуравдагч этгээд *******, *******, хариуцагч ******* ХХК нарыг шударга эзэмшигч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, тухайн этгээдүүд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой иргэний хэрэг үүсэж, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад, хэргийн оролцогчоор татагдан оролцож байх явцдаа санаатайгаар үл хөдлөх эд хөрөнгийг дамжуулан шилжүүлсэн. Илэрхий санаатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад дамжуулан шилжүүлсэн тодорхой нотлох баримттай үйлдлийг шүүх өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг дамжуулан шилжүүлсэн гуравдагч этгээд нарын үйлдэл бол зориуд санаатай, нэхэмжлэгч болон шүүхэд мэдэгдэхгүйгээр хийсэн үйлдэл. Тэдний энэ үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй.
7.2. Хэрэгт авагдсан баримтаар ******* нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан 386,080,000 төгрөгийг ******* ХХК-д төлсөн гэх анхан шүүхийн шүүхийн дүгнэлт бүхэлдээ үндэслэлгүй. Энэ төлбөр төлсөн гэх баримт зөвхөн бэлэн мөнгөний кассын орлогын ордер юм. Үүнээс өөр ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг төлсөн гэх ямар ч баримт хэрэгт байхгүй. Мөн уг дүнгээр хариуцагч ******* ХХК нь *******д и-баримт олгоогүй. Тиймээс бодитой худалдан авалт ******* ХХК болон ******* нарын хооронд хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу 2016 оноос НӨАТ-ын цахим систем хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн дагуу худалдан авалтыг и-баримтаар баталгаажуулдаг болсон бөгөөд анхан шатны санхүүгийн баримтыг худалдан авалт хийсэн баримтад нэгэнт тооцохоо больсон. Гэтэл шүүх дээрх бэлэн мөнгөний кассын орлогын ордер гэх санхүүгийн анхан шатны баримтад үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан төлбөрийг худалдан авагч төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн бусад гуравдагч этгээд нарын хувьд ч төлбөрийг худалдагч талд төлсөн гэх бодитой баримт байхгүйг тодруулан хэлэх байна.
7.3. Хариуцагч ******* ХХК нь гуравдагч этгээд *******д, ******* нь гуравдагч этгээд *******д, ******* нь хариуцагч ******* ХХК-д шилжүүлсэн үйлдлүүдийг хуулийн дагуу эд хөрөнгийг шударгаар олж авсан үйлдэл гэж дүгнэх боломжгүй. Анхан шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө ******* ХХК-аас гуравдагч этгээд *******д, *******аас гуравдагч этгээд *******д, *******аас хариуцагч ******* ХХК-д шилжсэн үйл баримтуудад хангалттай, үнэн зөв үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.
7.4. Гуравдагч этгээд *******, *******, хариуцагч ******* ХХК-ийг хэрэгт татан оролцуулах болсон шалтгаан нь нэгдүгээрт, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн учраас хэрэгт зайлшгүй татан оролцуулж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байсан. Хоёрдугаарт, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гуравдагч этгээдийг оролцуулж хурлыг хийгээгүй гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож буцаахдаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч этгээдийг хариуцагчаар татан оролцуулж байж өмчлөгчөөр тогтоолгох, даалгах шаардлагыг шийдвэрлэх боломжтой гэсэн дүгнэлт хийсэнтэй холбоотой юм. Тиймээс гуравдагч этгээд *******, *******, хариуцагч ******* ХХК-ийг хэрэгт татан оролцуулах, хариуцагч ******* ХХК-тай холбогдуулан өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэж өгөхийг даалгах шаардлагыг гаргах үндэслэлтэй.
7.5. Уг хэргийг өмнө нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01823 дугаар, 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/05319 дугаар шийдвэрүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 сарын 11-ний өдрийн 1670 дугаар, 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 210/МА2023/00450 дугаар магадлалаар гуравдагч этгээдийг оролцуулж шүүх хуралдааныг хийгээгүй үндэслэлээр хоёр удаа шийдвэрийг хүчингүй болгосон. Гэхдээ давж заалдах шатны шүүхээс өмчлөгчөөр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг үгүйсгээгүй.
7.6. Бид хариуцагч ******* ХХК-ийг нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд заасан үүргийг нь гүйцэтгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг шаардаж өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-ийг гэрээнд заасан үүргээ хэрхэн гүйцэтгэсэн болох, гэрээний төлбөрийг өнөөдрийг хүртэл буцаан олгоогүй, үүргээ санаатайгаар биелүүлээгүй үйлдэлтэй нь холбогдуулан дүгнэлт хийгээгүй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шинээр авч, өмчлөх эрхийг олж авч байгаа ******* ХХК мэдээгүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид энэ эд хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг хориглож даалгасан байхад шилжүүлсэн гэж гомдож байна. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө тухайн үед ******* ХХК-ийн өмчлөлөөс гарч, гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байсан. Кассын орлогын ордероос гадна тухайн жилийн санхүүгийн тайлангууд байгаа. Борлуулалтын орлогын нийт дүнгээр тухайн жилийн тайланд хамаарч байсан. Энэ талаар талууд маргаагүй. Улсын бүртгэлийн асуудлаар болон хариуцагч ******* ХХК, гуравдагч этгээд *******, ******* нарт шилжсэн гэрээний асуудлаар нэхэмжлэгч тал маргаагүй.
Иймд, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Тус компани нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тухайн үед хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр улсын бүртгэлд бүргүүлээд гэрчилгээ авснаар хууль ёсны өмчлөгч болсон. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд нэхэмжлэгч талаас ямар нэгэн маргаан байгаагүй. 2022 оны 12 сарын 05-ны өдөр ******* ХХК нь өмчлөгч болсон. 2023 оны 06 сард хамтран хариуцагчаар татагдсан. Эрх бүхий байгууллагаас өмчлөх эрхийг хязгаарлах шийдвэр гараагүй байсан. ******* ХХК нь шударга өмчлөгч гэж үзэж байгаа. Энэ эрхийн хүрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд түрээслүүлээд, банканд барьцаанд тавьж эрхээ эдлээд явж байгаа.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
10. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: *******ын хувьд маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 10 сарын 06-ны өдөр худалдаж авсан. Тухайн үед худалдаж авахдаа маргаантай үл хөдлөх эд хөрөнгө байсныг мэдэх боломжгүй байсан. ******* маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч гэж үзэж байгаа.
Иймд, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК-иудад холбогдуулан Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай 203.2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн замын хажуугийн нүүрэн талын 134.8 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэж өгөхийг хариуцагч нарт даалгах, орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа хэтрүүлсний алдангид 134,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ХХК нь ...нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдсан... гэсэн үндэслэлээр, хариуцагч ******* ХХК нь ...үл хөдлөх эд хөрөнгийг бусдаас худалдан авсан, шударга өмчлөгч... гэсэн үндэслэлээр тус тус бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Гуравдагч этгээд *******, ******* нар нь хариуцагч талын байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.
3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. ******* ХХК, ******* нар 2012 оны 06 сарын 23-ны өдөр 101/001 дугаартай Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ байгуулж, ******* ХХК нь Баянзүрх дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* байрны *******давхрын 134.8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 2-р улиралд багтаан барьж, ашиглалтад оруулж, өмчлөлд нь шилжүүлэн өгөх, ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 242,640,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу, үлдэх 26,960,000 төгрөгийг түлхүүр гардаж авахдаа төлөхөөр тус тус харилцан тохиролцсон;
3.2. ******* нь гэрээний дагуу 2012 оны 06 сарын 23-ны өдөр 80,880,000 төгрөг, 2012 оны 08 сарын 14-ний өдөр 43,920,000 төгрөг, 2012 оны 08 сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2013 оны 01 сарын 22-ны өдөр 53,920,000 төгрөг, 2013 оны 06 сарын 23-ны өдөр 53,920,000 төгрөг, нийт 242,640,000 төгрөгийг ******* ХХК-д төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн;
3.3. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 07 сарын 04-ний өдрийн 2014/378 дугаартай актаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй барилгыг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн;
3.4. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө 2017 оны 04 сарын 19-ний өдөр гуравдагч этгээд *******ын өмчлөлд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр, 2021 оны 10 сарын 11-ний өдөр гуравдагч этгээд *******ын өмчлөлд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр, 2022 оны 12 сарын 05-ны өдөр хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлд хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн үндсэн дээр тус тус шилжсэн;
3.5. Зураг төсөл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2012 оны 06 сарын 23-ны өдрийн 101/001 дугаартай Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ-ний зүйл болох 134.8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хаяг нь Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* гудамж, *******-р байрны ******* тоот болж, талбай нь 203.2 м.кв болж тус тус өөрчлөгдсөн.
Зохигчид дээрх үйл баримтын тухайд маргаангүй.
4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, ******* ХХК, ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болохыг зөв тодорхойлж, худалдан авагч ******* нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн, худалдагч ******* ХХК гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн биет байдлын доголдолтой холбоотойгоор гэрээнээс татгалзаж, гэрээний эрх, үүрэг дуусгавар болсон үйл баримтыг анхаараагүй байна.
5. Тодруулбал, хэрэгт авагдсан нэхэмжлэгч *******оос хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан 2016 оны 06 сарын 02-ны өдрийн нэхэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 сарын 22-ны өдрийн 102/ШЗ2016/03999 дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг батлах тухай захирамж, тэдгээрийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-тай байгуулсан Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ-нээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 242,640,000 төгрөг, тус гэрээний 3.3-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн торгууль 134,500,000 төгрөг, нийт 377,140,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, улмаар уг нэхэмжлэлээ татан авсан болох нь тогтоогдож байна.
Тэрээр, нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг ...гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, миний захиалсан талбай нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй, хэт намхан, шалнаас тааз хүртэлх өндөр зай 1.77 метр өндөртэй, талбайн голоор бохирын шугам ил явсан, талбай нь дундаа олон баганатай, хана нь олон тооны доголтой, шал нь тэгш бус, талбайн голоосоо довжоотой зэрэг биет байдлын доголдолтой бөгөөд гүйцэтгэгчид энэ талаар мэдэгдэхэд үр дүнд хүрээгүй, мөн зориулалтын дагуу өөрчлөлт хийх боломжгүй тул гэрээнээс татгалзаж байна... гэж тайлбарласан болох нь түүний гаргасан 2016 оны 06 сарын 02-ны өдрийн нэхэмжлэлд тусгагджээ.
6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай байгуулсан 2012 оны 06 сарын 23-ны өдрийн 101/001 дугаартай Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ-нээс биет байдлын доголдолтой, доголдлыг арилгах боломжгүй үндэслэлээр 2016 оны 06 сарын 02-ны өдөр татгалзах хүсэл зоригоо илэрхийлсэн, хариуцагч ******* ХХК уг татгалзлыг бодит үйлдлээр хүлээн авч, гэрээний зүйлийг 2017 оны 04 сарын 19-ний өдөр гуравдагч этгээд *******д худалдсан байна.
Иймд, хариуцагч ******* ХХК-ийн гаргасан ...нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдсан... гэсэн тайлбар, татгалзлыг үндэслэлтэй гэж үзнэ.
7. Талууд 2012 оны 06 сарын 23-ны өдрийн 101/001 дугаартай Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ-нээс татгалзсанаар тэдгээрийн гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг дуусгавар болох тул нэхэмжлэгч ******* нь гэрээний үүргийг хариуцагч ******* ХХК-аас шаардах эрхгүй, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
Энэ тохиолдолд магадлалын 3.4-т дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөний талаар болон гуравдагч этгээд *******, *******, хариуцагч ******* ХХК маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч мөн эсэх талаар шүүхээс дүгнэх шаардлагагүй, энэ нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй.
8. Ийнхүү, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК-ийн хэн альны 2012 оны 06 сарын 23-ны өдрийн 101/001 дугаартай Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ-гээр хүлээсэн эрх, үүрэг дуусгавар болсон байхад анхан шатны шүүх тус гэрээний 3.3-т заасан тохиролцоог үндэслэн хариуцагч ******* ХХК-аас 134,800,000 төгрөгийн алданги гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байх боловч энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул уг шийдлийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.
9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******оос гэрээний дагуу төлсөн 242,640,000 төгрөгийг *******од буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн хүсэл зориг илэрхийлдэг боловч нэхэмжлэгч ******* нь ийм шаардлага гаргаагүй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг тул хариуцагч ******* ХХК-аас дээрх дүнг гаргуулаагүй болно.
10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 101/ШШ2024/05617 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 1,505,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.НЯМБАЗАР