| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2024/04162/И |
| Дугаар | 210/МА2025/00449 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00449
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/00401 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: худалдах, худалдан авах гэрээний үүрэг, хохиролд нийт 16,150,000 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь 2023 оны 09 сарын 27-ны өдөр *******оос 6 ширхэг компьютерын хатуу дискийг нийт 3,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл худалдагч талын нийлүүлсэн 6 ширхэг компьютерын хатуу диск нь ашиглалтын хугацаа маш их, мөн серверийн ачаалал, хөргөлтийн тохируулга буруугаас үүдсэн халалтын хатуу дискийн сектор гэмтлүүд, цахилгааны салалтаас үүдэлтэй логик болон физик секторын гэмтэлтэй барааг нийлүүлсэн болох нь хатуу дискийн оношилгооны ******* ХХК-ийн актаар тогтоогдсон. Худалдагч тал барааны доголдлыг арилгах тухай баталгааг 2024 оны 04 сарын 09-ний өдөр өгсөн боловч доголдлыг арилгахгүй гэдгээ 2024 оны 04 сарын 20-ны өдөр утсаар мэдэгдсэн болно. Ийнхүү доголдолтой бараа нийлүүлсэн болон доголдлыг арилгахгүй тухай мэдэгдэл нь худалдан авагч гэрээг цуцлах үндэслэл болсон. Хатуу дискүүд нь секторын гэмтлээсээ болж бүтцээ бүрэн гаргаж чадахгүйгээс мэдээлэл боломжгүй болсон. Үүнтэй холбогдуулан хатуу диск оношилгооны үзлэгт 450,000 төгрөг, эдгээр дискийн засварт 10,000,000 төгрөгийг манай компани төлсөн. Иймд, барааны төлбөр 3,500,000 төгрөг, барааны доголдлыг арилгасан зардал 10,450,000 төгрөг, нийт 13,950,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн манай компани нь ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэсэн ажлаа дээрх 6 ширхэг хатуу дискэнд хуулбарласан байсан боловч диск гэмтэлтэйгээс хийсэн ажлаа файлаар хүлээлгэж өгч чадаагүй. Энэ нь *******ын доголдолтой бараа хүлээлгэн өгсөнтэй холбоотой учирсан хохирол юм. Иймд, ******* ХХК-аас ажлын хөлсөнд авах байсан 2,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.
Иймд, барааны төлбөр 3,500,000 төгрөг, барааны доголдлыг арилгасан зардал 10,450,000 төгрөг, ажлын хөлсөнд авах байсан 2,200,000 төгрөг, нийт 16,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Миний бие 2023 оны 09 сард өөрийн хэрэглэж байсан компьютер буюу сервер компьютерыг зарах зар тавьсан. Нэхэмжлэгч талаас 6 ширхэг хард диск худалдаж авсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Дотроо 6 ширхэг хард дисктэй иж бүрэн компьютер зарсан. Би зар оруулахдаа ...хэрэглэж байсан, хуучин, ямар нэгэн баталгаа байхгүй... гэдгийг өөрийн фейсбүүк хаягтаа тодорхой оруулсан. 2024 оны 09 сарын 24-ний өдөр ******* ХХК-ийн ажилтан ******* гэх хүн чат бичиж холбогдоод, ...таны серверийг авъя, манайд яаралтай хэрэгтэй байна, өнөөдөр хүргэж өгч чадах уу гэсэн. 2024 оны 09 сарын 25-ны өдөр ******* гэх залуу болон өөр 3 хүн байлцаж, хүлээлгэж, угсарч өгөөд, сүлжээг нь тохируулж, бүгдийнх нь нууц үгийг сольж өгөөд явсан. Хүлээлгэж өгөхдөө ...Сүлжээний асуудал чинь удаан юм байна, өөр шаардлага, туслалцаа хэрэгтэй бол туслаад, зөвлөөд өгч болно гэж хэлээд холбогдох дугаараа үлдээсэн. Төлбөрийг 2024 оны 09 сарын 27-ны өдрийн орой шилжүүлсэн. Төлбөр тооцоо шилжээд, серверийг хүлээж авсан, и-баримтыг шивж өгснөөр бидний худалдах, худалдан авах гэрээний харилцаа дууссан гэж би ойлгосон. 2024 оны 04 сард Магнай гэх хүн утсаар ярьж, чатаар ...серверт байгаа файлууд амарч чадахгүй байна, туслаад өгөөч гэсэн. Тэгээд 2024 оны 04 сарын 08-ны өдөр очиж шалгахад ...серверийн диск хандалт өгөхгүй, асуудалтай байна гэж эхний байдлаар оношилсон. Би серверийн дискийг тохиргооны ямар нэгэн асуудал байна хэмээн мэргэжлийн засварын газар аваачиж өгөхийг зөвлөсөн. 2024 оны 04 сарын 09-ний өдөр захирал гэх залуу над дээр ирж ...чи надад эвдэрсэн зүйл зарсан байна. Үүнийгээ буцааж ав, бид мөнгөө авмаар байна гэх шаардлага тавиад "******* ХХК-ийн нэхэмжлэхийг үзүүлсэн. Түүнд гэмтэл, доголдлыг арилгахад гарсан зардал биш, тус байгууллагаас авсан нэхэмжлэх буюу төлбөр төлсөн баримт биш байсан. Түүний дараа би туслах сайхан сэтгэлийн үүднээс "******* ХХК-д очиж уулзахад ..хард диск нь гэмтэлтэй болсон байна. Засаж чадахгүй байж ч магадгүй, ******* ХХК нь оношилгооны төлбөрийг төлөөгүй. Чи дискийг худалдсан хүн тул оношилгооны төлбөрөө шилжүүлчих, засварын мөнгөө ******* ХХК-аас дараа нь нэхэмжилж авах юм байна гэх тайлбарыг надад хэлсэн. Би ******* ХХК-д худалдсан хард дискийг "******* ХХК-д шалгуулахад ...асуудалгүй диск байна гэсэн тул бартерын байдлаар оношилгооны төлбөрийг хард дискээр сольж авсан. Тухайн үед Viber чатаар харьцаад, зургийг нь над руу дарж явуулж байсан. Өмнө нь надаас хүлээж авсан хүн хаачсан бэ гэхэд ...ажлаасаа гарсан, одоо би хариуцаж байгаа гэсэн. ******* гэх хүн надад ...серверийг унтраахдаа хэзээ ч ном ёсоор нь буюу команд өгч салгадаггүй байсан. Цахилгааны тэжээлийг дараад, унтраачихдаг гэж хэлж байсан. Энэ үйлдлийг хэзээ ч хийж болохгүй үйлдэл. Мөн унтраастай байгаа үед буюу ажиллаж байх үед тэжээлээс салгана гэдэг нь эвдрэх үндсэн шалтгаан байдаг. "******* ХХК-ийн оношилгооны актад үүнийг мөн дурдсан. Залгуур хөндийрч, дахин хэвийн болсон эсэхийг бүртгэсэн бүртгэл үйлдсэн байсан. Хэн хэзээ хандсан, хэн хэзээ унтраасан, асаасныг бүртгэдэг боловсронгуй компьютер зарсан. Гэвч асаасан бүртгэл нь байхгүй мөртлөө унтраасан бүртгэл нь байхгүй байсан. ******* гэх хүнээс тодруулахад тогноос нь шууд салгачихдаг гэх хариуг өгсөн. ******* ХХК нь серверийг буруу асааж унтрааж байснаас үүдэн гэмтэл гарсан. Би иж бүрэн сервер зарсан, 6 хард диск нь үүний нэг хэсэг. Би хүлээлгэж өгөөд, төлбөр тооцоо хийх үед миний сервер 100 хувь ажиллагаатай байсан. Ямар нэгэн байдлаар доголдолтой байсан бол дараа оны 4 сар хүртэл хугацаанд асуудал үүсгээгүй. Нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ******* ХХК-ийн ямар нэгэн тодорхойлолт, нотлох баримт байхгүй. Худалдан авснаас хойш 6 сарын хугацаанд өөрсдийнх нь буруутай үйлдлээс болж хард дискүүд гэмтсэн. Гэмтсэн асуудлаа надаар төлүүлэхээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******д холбогдох 16,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
4.1. Анхан шатны шүүх өмгөөлөгч *******ын гаргасан Dell брэндийн 4,000 гигабайт 3,5 инч 6 ширхэг хатуу дискийг ******* XK-aac нотлох баримтаар авхуулах хүсэлтийг шийдвэрлээгүй. Мөн 6 ширхэг эвдэрсэн гэх хард диск дээр шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.
4.2. Хариуцагчийн өөрийн гарын үсэгтэй 2024 оны 04 сарын 09-ны өдрийн дата сэргээх ажил хэр удаан, хэр амжилттай явахаас үл хамааран борлуулсан серверийг буцааж төлбөрийг 100% буцааж компанийн дансанд шилжүүлнэ гэх баталгаанаас дүгнэвэл уг өдрөөс 6 сарын хугацаа тоолоход зардлаа төлүүлэх шаардлагаа гаргах хугацаа дуусаагүй. Мөн 2024 оны 04 сарын 01-ний өдөр ******* ХХК-д уг 6 ширхэг хард дискийг оношлуулахаар өгсөн нь *******" ХХК-ийн оношилгооны актаар тогтоогддог.
4.3. Оношилгооны актаас дүгнэвэл хард диск гэмтсэн гол шалтгаан нь хэт удаан олон жил ашигласантай холбоотой гэж үзэх үндэслэлтэй ба хэрэгт байгаа нотлох баримт болох үзлэг хийгдсэн вайбераар харилцсан захидалд хуучин сервер худалдаж буй талаар тайлбарлаагүй, мэдэх боломжгүй байсан нь батлагддаг.
4.4. ******* ХХК-аас 6 ширхэг хард дискэнд оношилгооны акт үйлдэж, хатуу дискүүд нь секторын гэмтлээсээ болж бүтцээ бүрэн гаргаж чадахгүйгээс мэдээлэл сэргээхэд хүндрэл учраад байгаа талаар тусгасан нь нэхэмжилж буй хохирол үүсэх гол шалтгаан болсон буюу хатуу дискийн гэмтлээс үүдэн мэдээлэл харах боломжгүй болсон нь актаар тогтоогддог. Шийдвэрийн 5-д хийсэн дүгнэлтээр няцаагдана.
4.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2025 оны 01 сарын 02 өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасныг зөрчиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан боловч шүүхээс хангаагүйг дурдах нь зүйтэй.
4.6. Маргааны зүйл 6 ширхэг хард дискийн асуудал мэт боловч, ******* ХХК нь контент бүтээх, дүрс бичлэг хийх зэрэг маш өргөн хүрээнд хийж бүтээсэн ажлаа хадгалах зориулалтаар авсан боловч гэмтэл гарсан. Тухайлбал, Монгол Улсын 21 аймгийн үзэсгэлэнт газруудаар хийсэн зураг бичлэг, түүнийг хийх гэж явсан машин тэрэг, ажиллах хүч, цаг хугацаа зэрэг маш их хөдөлмөр ганцхан хариуцлагагүй чанаргүй, эвдэрхий хард зарсан хариуцагчаас болж олон хүмүүсийн хөдөлмөр үгүй болсон нэхэмжлэгч тал маш гомдолтой байна.
4.7. Тус хард дискүүд нь E-mongolia гэх байгууллагын акталсан хард дискийг ажилтан ******* нь дахин худалдаж хүн хохироосон байж болзошгүй асуудлаар тус байгууллага болон цагдаагийн байгууллагад гомдол гаргасан болно.
Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 6 ширхэг хард дискний үнэд төлсөн 3,500,000 төгрөг, тэдгээрийн доголдлыг арилгахад гарсан зардал 10,450,000 төгрөг, олох ёстой байсан орлого 2,200,000 төгрөг, нийт 16,150,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгч нь хуучин хард диск худалдаж авч байгаагаа мэдсэн, баталгаа гаргахгүй гэдгийг хэлсэн, нэхэмжлэгчийн өөрийн буруугаас болж эвдэрсэн... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон, зохигчид эдгээр үйл баримтын тухайд маргаагүй.
3.1. Талууд 2023 оны 09 сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, ******* нь 6 ширхэг хард диск бүхий серверийг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх, ******* ХХК нь *******д тэдгээрийн үнэ 3,500,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон;
3.2. Улмаар, 2023 оны 09 сарын 27-ны өдөр худалдан авагч ******* ХХК нь 6 ширхэг хард диск бүхий серверийг хүлээн авч, тэдгээрийн үнэ 3,500,000 төгрөгийг *******ын өмчлөлд шилжүүлэн өгсөн;
3.3. Үүний дараа, худалдан авагч талаас ******* гэх хүн 2024 оны 03 сарын 22-ны өдөр худалдагч *******той цахимаар холбогдож ...сервер алдаа заагаад ажиллахгүй байгаа... талаар мэдэгдсэн бөгөөд ...холбогдохгүй болохоор нь гараар унтрааж асаагаад байсан... тухайгаа хэлсэн;
3.4. 6 ширхэг хард диск бүхий серверийг оношлуулахаар ******* ХХК нь 2024 оны 04 сарын 01-ний өдөр ******* ХХК-д хандсан байх ба тус компани нь ...Тухайн хатуу дискүүд нь ашиглалтын хугацаа маш их, мөн серверийн ачаалал хөргөлтийн тохируулга буруугаас үүдсэн халалтын хатуу дискний сектор гэмтлүүд, цахилгааны саатлаас үүдэлтэй /хүчээр унтраах, тог тасрах г.м/ логик болон секторын гэмтлүүд нь RAID (redundant array of independent disks) бүтцийг алдагдуулж нэгдмэл болгосноос үүдэн мэдээллүүдийг харах боломжгүй болгосон байна. Тухайн хатуу дискүүд нь хэт удаан олон жил ашигласан нь мөн гэмтэхэд хүргэх шалтгаан болсон болно... гэж оношилгооны актад дурдагдсан.
4. Нэхэмжлэгч нь ашиглаж байсан (хуучин) 6 ширхэг хард диск бүхий серверийг худалдан авч, хүлээн авснаас хойш зориулалтын дагуу ашиглаж байгаад 6 сар гаруй хугацааны дараа хариуцагчид доголдлын талаар анх мэдэгдсэн, мөн ******* ХХК-ийн оношилгооны актад цахилгааны саатлаас үүдэлтэй буюу хүчээр унтраах, тог тасрах зэргээс болж тэдгээр нь гэмтсэн тухай дурдсан, мөн худалдан авагч тал нь гараар унтрааж асааж байсан тухайгаа хариуцагчид мэдэгдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харьцуулан үзэхэд анхан шатны шүүхийн хийсэн ...нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан; гэж зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан... гэсэн агуулгатай, мөн ...ашиглалтын явцад цахилгааныг шууд залгаж салгасан нэхэмжлэгчийн өөрийн буруугаас болж гэмтсэн... гэсэн агуулгатай дүгнэлтүүд үндэслэл бүхий болжээ.
Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
5. Түүнчлэн, нэхэмжлэгч талын гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
5.1. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор ******* ХХК-ийн оношилгооны актыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Тус оношилгооны акттай хариуцагч тал маргаагүй бөгөөд зохигчдын хэн аль нь уг нотлох баримтыг иш татаж тайлбар гарган мэтгэлцсэн байхаас гадна анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал ...6 ширхэг хард дискийг гаргуулах хүсэлт, шинжээч томилуулах хүсэлтээсээ тус тус татгалзаж байгаа... тухай хүсэл зоригийг илэрхийлсэн байх тул ...шүүх нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
5.2. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлсэн, мөн шүүхээс уг эрхийг эдлэх боломжийг удаа дараа олгож шүүх хуралдааныг хойшлуулсан байх тул ...өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүх хангаагүй... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
5.3. Анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагч тал ...нэмэгдүүлсэн шаардлагыг гардан авсантай холбоотойгоор хуульд заасан хугацаа авах шаардлагагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү... гэсэн хүсэл зоригийг илэрхийлсэн байх тул ...шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасныг зөрчиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гадаад улсаас цахимаар оролцохоор холбогдсон боловч техникийн нөхцөл бололцоог өөрөө бүрдүүлээгүйн улмаас дуу нь сонсогдохгүй байсан тул сүлжээг салгаж, түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/00401 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 238,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР