| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0469/Э |
| Дугаар | 546 |
| Огноо | 2019-07-02 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 546
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,
Улсын яллагч М.Энхбаатар,
Шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэлэнхүү овогт Ч.Сд холбогдох эрүүгийн 1911007420374 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Гэлэнхүү овогт Ч.С, Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Оюуны тулга хувийн сургуулийн цайны газарт тогооч ажилтай, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 43 дугаар байрны 44 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:.............................................../.
Шүүгдэгч Ч.С /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 55 дугаар гудамжны 645а тоотод оршин суух Г.Даариймаагийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн гэрт нь хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн ЛСД зурагтыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Саас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Уламбаяр, Отгонбаатар нарт манай дүүгийн гэр, би нэвтрэх эрхтэй гэж хэлээд гэр лүү нь орж зурагтыг нь хулгайлж явсан юм. Би тухайн хүмүүстэй хулгайн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан ярьж тохирсон зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-44х/,
Шүүгдэгч Ч.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр хашаа байшин минийх. Даариймаатай гэрээ хийгээгүй мөртлөө түрээсийн мөнгө авна гэж ярьсан. Жил суулгачихаад жилийн дараа мөнгөө авна гэсэн боловч мөнгөө өгөхгүй байсан. Гэрт нь яваад очсон чинь хүн байгаагүй. Би урьд нь тэр хашаа байшинд амьдарч байсан тэр хаяган дээрээ өөрөө явдаг. Урд нь вакум хаалганыхаа нугасыг онгойлгоод түлхүүрээ хаясан үедээ ордог байсан. Тэгээд Даариймаа байхгүй байхаар нь зурагтыг нь аваад 7 буудал дээр очоод ломбарданд 60.000 төгрөгөөр тавьсан. Буцаад бичгийг нь аваад ирсэн чинь цагдаа дуудсан байсан. Цагдаа дуудсан байхаар нь айгаад орж чадаагүй. Уул нь ломбардны бичгийг нь өгөөд мөнгөө өг гэж хэлэх гээд өөрөө маргааш нь аваад өгье гээд буцаагаад аваад өгсөн. Тэрийгээ би хулгай гэж бодоогүй” гэв.
Хохирогч Г.Даариймаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ... гэр лүүгээ явж ороход үүдний өрөөний хаалга онгорхой ...яваад ороход манай гэрт үл таних эрэгтэй хүн сууж байсан. Тухайн үед уг хүнд хандаж “юу хийж яваа юм бэ” гэхэд “Саруулыг хүлээж байна” гэсэн. “Зурагт яасан бэ” гэхэд Саруул ломбарданд тавих гээд аваад явсан гэж хэлсэн ... манайх байшингийн гадна талын амбаарны гадна вакум хаалга болон байшин руу орох модон хаалгаа цоожилж явсан юм. Гэвч манай амбаарны гадна талын вакум хаалгыг нугасаар нь онгойлгож, харин байшин руу дотогш ордог хаалгыг цоожийг нь эвдэж орсон байсан ...” гэх мэдүүлэг /хх-13-14х/,
Гэрч Б.Уламбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Саруул 7-8 жил үнэгүй амьдруулчихсан хуурай дүүгийн гэр байгаа. Эндээс зурагтыг аваад явъя, би өөрийг нь ирэхээр учрыг нь олчихно гэж хэлээд зурагтыг нь Саруул бид хоёр авч явсан. Тэгэхэд нөхөр Отгонбаатар нь байшингийн хаалгыг нь эвдчихсэн, онгорхой учраас би хараад байж байя, болохгүй бол хаалганых нь нугасыг нь хийгээд байж байя гэсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-19-21х/,
Гэрч Б.Энхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Саруул гэх эмэгтэйг хальт танина. Манай эхнэрийн таньдаг, багадаа нэг хашаанд байж байсан гэж хэлсэн. Манай амьдарч байгаа байшин бол Саруулын нөхрийнх нь нэр дээр байдаг юм билээ. Би худалдан авах талаар нөхөртэй нь ярилцаж байгаа. Амьдраад 1 жил болж байна. Дотор нь байгаа эд зүйл бүгд манайх. Ийм учраас тухайн хүн манай гэрийн эд зүйл буюу зурагтыг захиран зарцуулах эрхгүй ...” гэх мэдүүлэг /хх-24х/,
Гэрч Г.Отгонбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Саруул энэ манай байшин байгаам юм. Би түлхүүрээ хаячихаараа ингээд орчихдог юм гээд байшингийн гадна хаалганы вакум хаалганы нугасны хадаасыг тэгшилж хаалгыг эвдэн дотогш орсон ...тухайн айлд саарал хүрээтэй хар өнгийн LCD зурагт байсан. Үүнийг манай найз бүсгүй Саруул хулгайлж авсан ...” гэх мэдүүлэг /хх-25-26х/,
Хулгайлсан эд зүйл болох зурагтыг “Хөх ташуун буян” ХХК-ний барьцаат зээлийн газарт Ч.С нь өөрийн бичиг баримтаар 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 60.000 төгрөгийн барьцаанд тавьсан талаарх баримт /хх-15х/,п
Хулгайд алдсан эд зүйлийг Ч.Саас хураан авч эзэмшигч Б.Энхбаярт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-16-17х/,
Хулгайд алдсан эд зүйл болох 32 инчийн зурагтыг 204.998 төгрөгөөр үнэлсэн, мөн байшингийн үүдний өрөөний вакум хаалганы эвдэрсэн нугасыг 1500 төгрөгөөр үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт /хх-32-36х/,
Шүүгдэгч Ч.Сын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-50х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгч Ч.Сыг 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 55 дугаар гудамжны 645а тоотод оршин суух Г.Даариймаагийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн гэрт нь хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн ЛСД зурагтыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж ирүүлжээ.
Шүүгдэгч Ч.С нь хохирогч Г.Даариймаагийн 32 инчийн ЛСД зурагтыг ломбарданд тавихаар авч явахдаа хамтран амьдрагч Г.Отгонбаатарыг гэрт нь орхиод явсан. Г.Отгонбаатар нь хохирогч Г.Даариймааг ирэхэд гэрт нь сууж байсан.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Ч.С нь хулгай хийх гэсэн санаа зорилго, сэдэлт байгаагүй. Зөвхөн миний шүүхийн шийдвэртэй хашаа байшинд суучихаад 1 жилийн түрээсийн мөнгө төлөөгүй гэх шалтгаанаар гэрт нь орсноос бус хулгай хийх гэсэн субъектив санаа зорилгогүй болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ч.Сд холбогдох гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ч.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ч.Сыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д тус тус зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.